Болд ингээд байхымаа
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж амлаад хэлсэндээ давж хүрсэн юм.
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж амлаад хэлсэндээ давж хүрсэн юм. Айл айлд хамгийн шударгаар нийгмийн баялгийг хүртээх арга энэ байлаа. Хуурамч хүүхэд, жинхэнэ бус хүүхэд гэж байхгүй. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд болгон л шударгаар хувиа хүртэнэ.
МАХН өмнөх сонгуулиар "Хүүхдийн мөнгийг сөргөсөн нэг юм сэтгэх" хэрэгтэй болжээ. МАХН "хүүхдийн мөнгө"-ийг сөргүүлэн "гэрлэвэл 500 мянгаар шагнана" гэсэн мөрий тавьж билээ. Тэд анхнаасаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн энэхүү хэсэгт итгээгүй. Үнэхээр Монголын үрст арав арван мянган төгрөг өгөх гэж байна гэж санаагүй. Зүгээр л сонгуулийн өмнө өөрсөд шиг нь хошгируулж байна гэж бодохгүй юу. Тэгээд сөргүүлэн "гэрлэсний мөрий" маягийн юм бодож олсон нь тэр. Угаасаа гэрлээд байвал шагнаад байна гэдэг нь утга учраар бага тул тоглоом болоод өнгөрнө гэж боджээ. 2004 оны сонгуулиар МАХН-ын амлаж байсан гэрлэсний мөнгө бол өгөх учиргүй мөнгө, зүгээр л "Хүүхдийн мөнгө" гэдэг ойлголтыг замруулах санаа байсан юм. Ухаандаа төрүүлсэн хүүхдэд нь мөнгө өгөх замаар эцэг эх гэр бүлд дэм үзүүлэх санаа нэг нь сэдэж. Нөгөө нь түүнийг маазруулахын тулд "Тэгэхдээ тулбал нэртэйгээр нь хүүхэдтэй болох оролдлого болгоныг шагнавал яасан юм бэ" хэмээн алиалж байсан хэрэг. Ардчилсан намын "хүүхдийн арван мянга" биелэхгүй учраас гэрлэсний мөрий өгөх хэрэгцээ гарахгүй гэж үзэж байж. Гайтай юм шиг Ардчилсан нам засгийг хянах хэмжээний санал авсан төдийгүй, хатуу чанга нэхэн шаардсаар байгаад хүүхдийн мөнгө өгүүлж эхлэх нь тэр. Ингээд эрх баригч МАХН ичсэн нүүрэндээ гэрлэсний мөнгө өгөхөөс өөр замгүй болов. Ямар "тоглосон юм болилоо" гэлтэй биш. Угаасаа өгнө гэж бодоогүй байсан "Авгай нөхөр бололцсоны шагнал" бөөн мундраа дагууллаа.
Ахмад настны тэтгэврийг нэмэх байсан, эмзэг бүлгийн халамжийг сайжруулах байсан мөнгийг навс навс хасаж нэг оронд орсны төлөө гар цайлгах болов.
Төрийн албан хаагчдын цалинг нэмэх байсан, улаан буудайн үнийн зөрүүнд нөхөөс хийж талх, гурилыг хямдруулж болох байсан бум буман төгрөгийг ийш нь татаж нэг хөнжилд унтсаны гавьяаг мялаахаар болов.
Хүмүүс юунд соргог байдаг вэ гэхээр мөнгөнд соргог байдаг. Орон даяар гэрлэх хөдөлгөөн өрнөлөө. Орон бүхний пролетари нар, гэрлэгтүн. Залуус "хоёулаа гэрлээд таван зуун мянгаа хуваах" хөдөлгөөнд орлоо. Дараа үеийнхэн гэрлэнэ гэхэд "урьд нь хүнтэй сууж байгаагүй хүн олохуйяа бэрх" болов. Хүний амьдралын нандин зүйлсийн нэгийг гутаав. Замбараагүй явдалтай ямар ч субъект өөрийгөө "Найз нь мөнгөний хэрэг болоод л хүнтэй гэрлэж байснаас биш уул нь ариун хэвээрээ яваа юм шүү" гэж ярих болох нь. Замбараа алдсан гэрлэлтийг зохицуулах гэж ядсан удирдагчид "Хөгшин хүн гэрлэвэл мөнгө өгөхгүй" , "анхны гэрлэлтийг л нам засаг дэмжинэ", "Хүүхэд гаргачихаад гэрлэвэл хүчингүй" гэхчилэнгийн марзан юм сэдэж үзэв. Өнөөдөр Монголд байгаа жинхэнэ айл өрх, бүртгэлд байгаа айл өрх хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү гарлаа. Дээр үед мал нийгэмчлэхэд тэгсэн юм гэнэ лээ. Нэг айлд төдөн мал үлдээгээд үлдсэнийг нь хураана гэхээр хүмүүс өмчөө хамгаалахын тулд үр хүүхдээ яаран яаран айл болгож, мал идээгээ хувааж байсан гэдэг. Дараа нь картын барааны жилүүдэд "өрхийн хөөсөн өсөлт" болжээ. Хэд хэдэн карт олоод гэр бүлдээ ахиухан гурил, архи авах гэж тэр.
Мөнгө нэхэж шарлаах "гэрлэгчдийн дарамт"-д орж, байгаа мөнгөө тараасан Одончимэд сайд нь төсвийн мөнгө буруу зарсан хэргээр огц үсрэв.
Харин Монголын хүүхэд бүр арав байтугай мянган төгрөгийг хэл амгүй, шударгаар тэгш хүртлээ. Хүүхдийн оронд том хүн орох юм уу, мөнгө авахын тулд хүүхэд болох боломжгүй аж. Бодитой амлалт ба сонгогчдыг хуурах гэсэн хоосон амлалт хоёрын ялгаа ба үр дагавар ийм юм.
Хоёр. Болд ингээд байхымаа
Ардчилсан нам энэ жил ард түмэндээ эрдэнийн хувь хүртээхээ тунхаглалаа. Улс үндэстэнд өөрийн үнэ цэнэ байдаг. Монгол оронд одоо илрээд байгаа байгалийн баялаг нь хүн ардаа элбэг хангалуун амьдруулахад өлхөн хүрэлцэх аж. Ер нь мөнгө, баялаг бол аз жаргалд хүргэх түлхүүр гэхээсээ илүү "жаргаж чадах эсэх"-ийн шалгуур байдаг. Манайхан нэг үетэй мөнгөтэй хүн муухай, мөнгө хүнийг муухай болгодог гэж суртчилж ирсэн билээ. Үнэн хэрэгтээ мөнгө хүнийг муухай болгодоггүй, харин мөнгөтэй болохоороо "хүнээ байж" муухай болчихдог хүмүүс бишгүй байдаг аж. Яг үүн шиг баялагтай болохоороо баларчихдаг улс ч зөндөө аж.
Ардчилсан нам Монгол Улс том шалгуурын өмнө ирснийг харсан юм. Ингээд нэг талаасаа улсынхаа баялаг, ашигт малтмалыг нийт ард түмнийхээ хяналтад байлгая гэж байна. Тэгээд түүнийхээ хувь хишгийг ард олондоо түгээж, нийтэд нь амьдралыг нь тэтгэе гэсэн байна.
2004 онд байгуулагдсан эвслийн Засгийн газарт орсон ардчилсан хүчний цөөхөн хүний нэг Лу.Болд. Манай улсын улс төр, санхүүгийн ертөнцийн томоохон зүтгэлтэн энэ хүнийг Элбэгдоржийн засгийн газар Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар томилжээ. Эх орныхоо эрдэнэс баялгийн савыг дөрвөн жил хариуцан ажилласан энэ зүтгэлтэн "Баян монгол" хөтөлбөр боловсруулжээ. Болдынхоор бол монгол хүн болгон компанийн эзэн болох юм байна. Түүний санаа маш энгийн. Манай орны стратегийн нөөц ордуудыг нийлүүлээд том компани, корпораци болгоно гэнэ. Энэ боломжтой. Тэгээд түүнийхээ өмчийн 51-ээс дээш хувийг бүх ард түмэндээ хувьцаа болгоод өгье гэнэ. Оновчтой санаа. Удирдах зөвлөлийг нь ерөнхийлөгчөөр томилуулахгүй, Их хурлаар батлуулахгүй. Нэг сайн эх оронч инжэнээр энд байна, өөр нэг сайн эдийн засагч тэнд байна гэхчилэнгээр албан тушаалын хорхойтнуудыг цуглуулахгүй. Харин яг парламент шиг аймаг орон нутаг хот хорооноосоо ТУЗ-ийн гишүүдээ сонгоно гэж байна. Шударга арга шүү. Тэгээд өдөр тутмын удирдлага буюу даргалах хэсгийг нь сонгон шалгаруулалтаар тодруулах юм байна. Одоо энэ Сони, Тоёота гээд дэлхийн ланжгарууд өдөр тутмын ажил хэргээ удирдах хүнийг ингэж сонгодог аж. Ингээд компанийхаа ногдол ашгийг хүн бүрт жил бүр өгч байя. Учир нь монгол хүн бүр энэ компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох тул ийм эрхтэй. Эхний жил нь гэхэд монгол хүн бүр хувьцааны ногдол ашиг гэж 1700-гаас доошгүй доллар авах юм байна. Аргагүй шүү дээ. Зөвхөн манай чулуун нүүрсний стратегийн ордуудаа нийлүүлэхэд л дэлхийн хамгийн том гурван компанийг нийлүүлснээс том болж байна. Гэтэл нүүрс бол "Баян монгол" корпорацийн баялгийн зөвхөн нэг хэсэг нь гэж байгаа.
Ингэж байж л улсын баялгийг олон түмэнд нялзаана. Ингэж байж л монголчууд ашигт малтмалаасаа юм салгаж үлдэнэ гэж Лу.Болд ярихымаа.
Алтыг хүн харвал авч байж салдаг гэдэг. Манайхан нүдний хор орсон юм гэхчилэн ярьдаг. Манай баялаг дэлхий даяар мэдэгдэж, гайхагдаж байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний "нүдний хор" монгол авдар дээр нэгэнт тусчээ. Энэ баялаг эсэргүүцсэн ч , эсэргүүцээгүй ч ашиглагдах нь зайлбаргүй болсон байна. Өнөө "нэгэнт л гэрлэсэн бол нөхөртэйгөө яахаас зайлах газаргүй" гэлээ гэдэг явган шог шиг. Харин "Яавал олон түмэндээ жаахан юм нааж үлдээх вэ? Яавал хамаг баялгаа зальтай зайтай луйварчингуудад алдаад "хоосон үлий сахисан сар шувуу" шиг хоцрохгүй байх вэ" гэдэг нь асуудал болчихоод байгаа хэрэг. "Хойч үедээ ашиглаагүй уурхай үлдээх" энээ тэрээ бол лөөлөө болсон юм биш үү? Цаана чинь.
Гурав. Үнэн мөнгө ба үнэгэн мөнгө
Ардчилсан нам өгнө гэсэн бол өгдгийг ард түмэн мэдэх болж. Малыг нь өгнө гээд өгсөн, гадаад паасууртыг чинь өгнө гээд өгсөн. Орон сууцыг чинь өгнө гээд өгсөн. Хүүхдийн мөнгө өгнө гээд өгсөн. Тэд өгнө гэсэн бол өгнө. Ардчилсан нам ард түмэндээ "эрдэнийн хувь" өгнө гэлээ.
Харин МАХН-аас эхлээд "Эрдэнийн хувь"-ийг бүдгэрүүлэх, маазруулах, наргианы юм болгож гутаах аянд мордлоо. Энэ аянд нэг нам бус нэлээд нам бүлэглэл нэгджээ.
Өмнөх сонгуулиуд "МАХН ба Ардчилсан хүчнийхэн" гэдэг хоёр бүлэглэлд хуваагдаж ордог байв. Тэгээд нэг талд МАХН зогсож, нөгөө талд буй олон нам ба нэр дэвшигчид Ардчилалд өгөх саналыг хувааж авдаг байсан хэрэг. Харин энэ удаа "Ардчилсан нам МАХН-ынхан" гэсэн байдлаар бүлэглэгджээ. Ардчилсан нам нэг хэсгийн саналыг авна. Харин үлдсэн саналыг МАХН ба бусад нам, бүлэглэл, бие даагч хуваагдах шинжтэй.
Ийм хуваагдлын нөгөө эрэгт гарагсад эрдэнийн хувийг бүдгэрүүлэх аянд хамтран гарч байна. Ингээд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дуудлага худалдаа маягийн зүйл болгоно. Саяыг өгнө л гэнэ. Манай нам сая таван зууг өгнө л гэнэ. Өөрөө сая төгрөгтэй боллоо гэхэд хаданд гарахаар нэг эр монгол хүн бүрт хоёр сая төгрөг өгөх юм гэнэ. Өөртөө ч олигтой хадгаламжгүй нэг нөхөр Монголын иргэн бүрт хадгаламж нээж өгөх юм гэнэ. Хэн дуртай нь юу дуртайгаа амлаж байна. Амлах мөнгөнд хязгаар алга. Хязгаар байх ч учиргүй юм. Учир өгөх гэж байгаа юм биш. Өөр хүнийг юм өгүүлэхгүй гэж байгаа болохоос өөрөө юм өгөх юм биш. Гүйх нохойд саад болж байгаагаас биш өөрөө гүйх гэж байгаа нохой биш. Тийм болохоор аманд багтахаа амлаж болно.
Нэгэн нэр дэвшигч уулзалт хийж байна
-Би сонгогдох юм бол хүн бүрт таван сая төгрөг өгнө
-Тийм мөнгө хаанаасаа олох юм бэ
-Чи битгий сөрөг сурталчилгаа хийгээд бай. Тэгж ярих юм бол "Эрдэнийн хувь" ёстой бүтэхгүй мэдүү
Иймэрхүү янзтай сонгууль болж байна. Үнэн мөнгөний хойноос үнэгэн мөнгө гүйлгэж байна.