Өнгөрсөн жил жүдо бөхийн улсын аваргад залуу бөх С.Мияарагчаа, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг яллаа. Тэр жилдээ бүр гурван удаа ялсан юм. Гэтэл олон улсын тэмцээнд Х.Цагаанбаатар явах нь тодорхой болж, яагаад С.Мияарагчаа явахгүй болсон шалтгааныг тайлбарлахдаа “Гадаадад очоод муу барилддаг юм. Цагаанаа олон улсад илүү барилддаг” гэсэн тайлбар сонсоод маш их гайхав. Үнэхээр Х.Цагаанбаатар олон улсад илүү барилддаг нь үнэн л дээ, гэхдээ энд нэгэн спортын гажууд тогтолцоо яваад байгаа юм. Аль ч улсын спортын төрөлд ялсан, түрүүлсэн нь оролцдог бичигдээгүй дүрэмтэй. Тулааны спортод бүр ойлгомжтой. Хэн сайн байна тэр явж, ялагдсан нь дараагийн удаа ялахын тулд бэлтгэлдээ шамдан ордог. Хэрвээ гадаадад тэр сайн, энэ муу барилддаг гэсэн шалгуур тавибал дээшээ гарч ирэх залууст буруу үлгэр дуурайлалт үзүүлж, би ялсан ч улсынхаа нэрийн өмнөөс барилдах боломжгүй юм байна гэсэн сэтгэгдэлийг төрүүлнэ. Олон улсаас медаль авах боловч цаашдаа ямар олон сөрөг үр дагавар авчирч байгааг, мөн юунаас болж залуу бөх олон улсад ялагдаж буй шалтгааныг одоо болтол олоогүй явна. Ялсан С.Мияарагчаад ямар хэцүү байсан бол. “Би юугаараа дутдаг юм” гээд гараа зангидаж байхыг нь миний бие спортын сэтгүүлч найзаасаа сонсож байсан. Даргаа тэтгэвэрт гартал хүлээдэг нэгэн жишээ хамгийн шударга спорт дээр ажиглагдана. Цагаанаа яадаг ч байсан гадагшаа явдаг болохоор улсын аваргын өмнө бэлтгэл хийлгүй барилдана. Үнэхээр олон улсад сайн барилддаг, улсын аваргаар бие халаалтаа хийдэг байж болох ч ийм сургалт байдгийг би лав сонсоогүй. Ялангуяа манайх шиг бөхийн өндөр хөгжилтэй оронд бүр ч байж боломжгүй зүйл. Харин ч өрсөлдөөнийг ширүүсгэж, олон залуу бөх гарч ирэх үүд хаалгыг нээх хэрэгтэй. Тэгэхээс өнөөдөр олон улсаас медаль авах нь Цагаанаад, бөхийн холбооны даргад хэрэгтэй болохоос бөхийн ирээдүйд ямарч хэрэггүй. Азаар энэ жилийн Дэлхийн аваргад нэг улсаас хоёр бөх орохыг зөвшөөрсөн хэдий ч ард нь яралзсан залуучууд хүлээж байна. 

     2000 онд манайхтай ойролцоо нэгэн жишээ АНУ-ын чөлөөт бөхийн 130 кг (одоогийн 120 кг)-ийн жинд болсон. 1999 оны Дэлхийн аваргад хэний ч танихгүй Америк бөх Стэфан Нил 130 кг-д түрүүллээ. Бүр илт давуу. Гарч ирээд л шидлээд байсан гэхэд хилсдэхгүй. Өмнөд Африкийн бөхийг бүр 5 секундэд далаар нь тавичихсан юм.  2000 оны Сиднэйн Олимпын өмнө Оросууд хүртэл 130 кг-д Америк гарцаагүй аварга авах нь тодорхой гэж ярьж байсан ч оронд нь Кэрри Маккой ирээд тавдугаар байранд орсон. Дэлхийн аварга Нил улсын аваргадаа Маккойг барсангүй. Гэхдээ Америкийн чөлөөт бөхийн холбоо Маккой гадаадад муу барилддаг, Нилийг Олимпт явуулна гэсэнгүй. Яагаад гэвэл тэднийд тийм сургалт, арга барил байхгүй. Сонирхогч багатай хөгжих гээд үзээд байгаа юмыг хаагаад байвал бүр хөгжихгүй шүү дээ. Ингэлээ гээд Америкийн чөлөөт бөх муудаагүй. Харин ч урагшилж, олон залуу бөхчүүдэд үлгэр дууриалал болсон. Оросууд ч тэгдэг. Улсын аварга нь үнэхээр үзүүштэй болж, хэн Олимп, дэлхийн ааргад явах нь уу гэж харж суудаг юм. Тэр жил Сиднэйгээс Оросууд таван алт, нэг мөнгөн медаль хүртэж, Мурад Умаханов, Арсен Гитинов гээд залуу улсын аваргууд ирж шуугиан тарьж байсан. Умаханов алт мөнгийн төлөө үргэлж барилддаг Оросуудын дийлэхгүй байсан 63 кг-д Эльбрус Тедеев, Серафим Барзаков нарийг ээлж дарааллан шидсэн.

     Дараагийн нэг асуудал нь яагаад залуу бөхчүүд гадаад амжилт гаргахгүй байгаа шалтгааныг тайлбарлах гээд үзье. Үүнтэй спортын сэтгэл зүйч гэдэг мэргэжил холбоотой. Анх удаа гадагшаа явж байгаа тамирчины бяр, ур чадвар, мэх нь алга болно, муудна гэж байхгүй. “Гарьд магнай” кинон дээр ч гэсэн Далайцэрэн “Миний бяр дуусчихжээ” гэж хэлэхэд Очир ах нь “Бяр дусна гэж байдаггүй юм аа миний хүү, чи анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна” гэдэгтэй ойролцоо үг хэлдэг. Энэ чинь залуу хүний сэтгэл зүй унадагийн нэгэн жишээ. Хэрвээ Далайцэрэн сэтгэл зүйчтэй байсан бол эхний наадмаа авч болох байсан гээд амьдрал дээр үргэлжилж магадгүй юм.

     Үүнээс болоод олон улсад туршлагагүй бөх хүссэн амжилтаа үзүүлж чадахгүйд хүрч байна. Америк, Япон, Европын ихэнх улсууд спортын амжилтаа сэтгэл зүйчтэйгээ их холбодог. Дэлхийн аваргад очоод шөнөжингөө нойр нь хүрэхгүй байгаа тамирчинд сэтгэл зүйч хань болно уу гэхээс дасгалжуулагч ямарч нэмэр болохгүй.

     Зуугаад жилийн өмнө сэтгэл судлал, анагаах ухааныг шашин орлож байсан гэхэд болно. Харин хорьдугаар зууны үсрэнгүй хөгжил сэтгэл судлал, анагаах ухааныг бие даасан тусдаа салбар болгон хөгжүүлж хүмүүс сэтгэл санаа, эрүүл мэндээ мэргэч төлөгч нарт даатгахаас илүүтэйгээр шинжлэх ухаанд итгэн даатгадаг болжээ. Спортын салбарт бол зайлшгүй байх дагалдах салбар нь болсон. Манай тамирчид өөрсдийн гэсэн сэтгэл зүйчтэй болвол амжилтанд нь эерэгээр нөлөөлж, түүнчлэн оддын гэх өвчний хамрах хүрээг ч хязгаарлаж магадгүй юм.
 
Холбогдох нийтлэл: "Орхидос"