Хулхидуулж хашрахгүй монголчууд африкт
Хэрэв Таны мэйлийн хаягаар Таныг баяжуулъя, эсвэл үнэгүй шахуу доктор болгоё гэсэн агуулгатай захидал орж ирсэн байвал Та яах вэ?
Саяхандаа, хуурамч доллар хэвлэхээр Монголд зэхэж байгаад баригдсан нигери иргэний хэрэг, гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна гэсний дагуу харьд одоод дамлагдсан охидын мөрөөр дараахи сэрэмжлүүлгийг толилуулж байна. Энэ бол болсон явлал, гэрч ба эзэд нь одоо Улаанбаатарт байгаа, өөрсдөө үзээд чухам юу гэх бол? Тэр хүмүүсийн нэр төрийг хамгаалах үүднээс дэлгэрэнгүй бичсэнгүйг ойлгох биз ээ.
Хэрэв Таны мэйлийн хаягаар Таныг баяжуулъя, эсвэл үнэгүй шахуу доктор болгоё гэсэн агуулгатай захидал орж ирсэн байвал Та яах вэ? (Ер нь тасралтгүй ирж байгаа даа) Анх удаа авч буй бол баярлаад цовхчоод давхихыг алийг тэр гэхэв. Лав сэтгэл нь догдлоод хэн нэгэнд үзүүлмээр ч юмуу, эсвэл айснаасаа болж нуух, зүрх нь дэлсэх, эсвэл шал тоохгүй байх гэхчлэн олон янзын сэтгэлийн хөдөлгөөн илрэх биз ээ.
Энд нэгэн мэйл байна. Зүв зүгээр байж байхад чинь танд 126 сая ам.доллар данс руу чинь шилжүүлье гэсэн өгөөмөр сэтгэлтэн Өмнөд Африкаас гарч ирж байна. Бас Танд мөнгө өгөх болсон шалтгаанаа их л найрсгаар илэн далангүй тоочжээ. Тэр мөнгө нь бохир мөнгө ухаантай тул нутагт нь банк зөвшөөрөхгүй, бас хариуцаж байсан хүн нь хорвоог орхисон, иймд Монгол руу шилжүүлээд Монголын банкнаас гаргуулж авъя, тэгсний шанд 20 хувийг нь Та авлаа гэхэд 126 сая $-ын 20 хувь шүү дээ, 70 хувь нь тэр эрхэмд, 8 хувийг нь дундаа зарлагадаад 2 хувийг нь бурхандаа буян хийе гэсэн шүү утга бүхий мэйл байна. Энэ солиотой хүний захидлыг бүх агуулгаар нь энд хөрвүүлэх нь даан ч утгагүй тул учир шалтгааны талаас баримт сөхөж гэнэн цайлган монголчуудаа сэрэмжлүүлье.
Өдөрт чухам хэдэн сая хулхи захидал интернэтээр тарж байдгийг тооцоолсон хүн байдаг болов уу? Эрхбиш Интерпол гадарладаг л байх. Чухам ийм захидалд америк, япон, англи, герман, францчууд догдлоод юмуу, хямраад байдаггүй л байх, хакеруудын вирус гэж үзээд нээлгүй шууд устгах биз. Харин шилжилтийн үедээ яваа Орос, Монгол зэрэг хуучин коммунист орнуудад бол арай өөрөөр хүлээн аваад, бүр албан ёсны ажил болгох гэж хөглөсөн түүх барагдашгүй. Ухаан нь нөгөө африк залилагчийн мөнгийг чулуу болгох санаатай хөөцөлдөж нэлээд шатсан эмгэнэлт түүхийн зах зухаас дурдъя.
Монгол Улсын иргэн “А”, “О” хэмээх хоёр эрхмийн хөглөсөн түүх 1990-ээд онд нээгдсэн нээлттэй гадаад харилцааны анхны туршилтын оргил нь байлаа. Энд би төр-засгийн гадаад харилцааг яриагүй, хөлжих баяжих хүслийг нь төр дэмжиж гадаад паспорт, бас боломжоор хангаж өгснийг нь хэлж байна. Миний хоёр танил тус тусдаа Африкийг зорьж амиа хутганы ирмэг дээр тавьсан улс юм.
Мэйлээ нээмэгц Нигерийн Холбооны Улс гэгчээс ихэвчлэн бизнесийн (мөнгө шилжүүлэх) санал ирсэн байх вий. Миний сайн таних нөхөд ч яг тийм саналд итгэсэн юм. NIGERIA гэхлээр 120 сая хүн амтай Африкийн хамгийн том улс, лут хөгжилтэй, баялаг хангалуун, хүмүүс нь өгөөмөр гэж манайхан боддог байх л даа. За, ийм нэгэн уриалгахан захидалд итгэсэн И овогтой А гэгч миний танил УБ-Москва-Берлиний чиглэлд нисээд тэндээсээ “Люфтханзе” агаарын компанийн онгоцоор Лагосыг зорьжээ. Дээр үед Ардчилсан Герман гэж байхад тэнд дээд сургууль дүүргэсний хувьд сайн герман хэлтэй тулдаа амь гарсан гэж байгаа. Лагос хүртэл овоо зайтай тул онгоцонд явахдаа Нигери дэх ХБНГУ-ын ЭСЯ-ны дипломатчтай танилцаж аяллын учир зорилгоо ярьж, мөнгө шилжүүлэх хэлэлцээ хийхээр яваа, урьдчилгаа хэдэн $-тойгоо ч нуусангүй. Цаад герман өмнөөс нь маш их балмагдаж А-г хувцасыг нь яаралтай солиулж, хар шил зүүлгэн онгоц газардахаас өмнө зүсийг нь хувилгаж дөнгөжээ. Онгоцноос буумагц шууд л ЭСЯ руугаа дипломат номертой машинаараа авч яван, ганц хонуулаад нөгөө онгоцоор нь Берлин рүү буцаасан нь “Энэ чинь зүүд үү? Юу вэ?” гэдэг шиг.
Гэнэн цайлган монгол тэр залуу африк анд нартаа хэдэн ногооноо мултлуулаад амь гарах байсан бол дүүрч, гэм нь тэгдэггүй, эхлээд барьцаалагдана, барьцааны олон сая долларыг Монголоос ах дүүсээс нь нэхнэ, хэрэв мөнгө очихгүй бол дуусаа, хэрчиж хаяад матрын хоол болгох нь тэр. Нигерийн баяжсан түүхийн нэг гарц нь энэ л дээ.
Энэ гашуун түүх мартагдаагүй байтал миний найз Б овогтой О нь нэг нөхрийнхөө хамт Нигерийн “Төв Банкны Ерөнхийлөгч” гэгчтэй хагас жил захидлаар харилцсан туршлага дээрээ баараггүй болж авлаа гэж итгээд нэлээд ногоон ($) өвөртлөн Лагосыг зорьж очжээ. Лагост дурын луйварчин нь Банкны захирагчийн дүрд тоглож болдог юм байна. Мань хоёрыг африк андууд нь маш элэгсэг хүлээн авчээ. Таван одтой буудалд байрлуулж, дайлж цайлан илтгэлийг нь бүр ч олжээ. 400 сая ногоон ($) Монгол руу шилжүүлэх яриа хэлэлцээ маргааш явагдах гэж байдаг. “Нигерийн Төв Банк” гэсэн хаягтай сүрлэг байшинд “Ерөнхийлөгч” гэх нэг хар нөхөр тэр хоёрыг их л ихэмсэг хүлээн авч урьдчилгаа 40 мянган ногоон ($) төлөхийг шаардах нь тэр. Юун 40 мянга, 400 саяыг өгнө гэчихээд. Манай хоёр чихэндээ итгэсэнгүй, цаадуул нь ч итгүүлж өгчээ. Даргатайгаа уулзуулна гэх нэрээр нарийн бичиг болгон 500-700 $ салгана, гудамжаар явж байтал тэдэн рүү дээрэмчид дайрч, бөөн буудалцаан, зарим нэг нь алагдаж ч байх шиг, тэр жүжгийг харуулсныхаа төлөө жолооч хамгаалагчид тус бүртээ 1000 $ татварт авна, +40 хэмийн халуунд буудлын сэрүүцүүлэгчийг цаанаас нь тасалсан, ус тасарсан, идсэн уусан нь өр болж, телефоноор 40 мянган $ байнга нэхээстэй. Тэр хоёрыг хэсэг дээрэмчин хулгайлж явахад нь чөлөөлсөн гээд бас баахан $ авч ч байх шиг. Мань хоёр хэд хоног дэн дун, хагас ухаантай, яршиг үхвэл согтуугаараа үхье гээд өлөнгөөрөө виски ууцгаав…
Энэ түүхийг цааш нь үргэлжлүүлэх хэрэг байхгүй, мань хоёрт буцах тийз нь байсан тул шөнө нууцаар Лагосын нисэх буудал руу оргож, хилийн шалганыг өнгөрч тэндээ нойргүй өлөн хоноод Италийн онгоцонд мөлхөөгөөрөө шахуу орж, тэр үлгэр дуусчээ. Тэр хоёрын хувьд лав хагас жил шокноос гараагүй, сэтгэлийн маш их дарамттай элий балай явж байсныг би санаж байна.
Африкийн луйварчид ч яамай. Манай өөрийн луйварчид гэж дуусашгүй хүнд гарууд бий. Лав ойрын 15 жилд луйварчид тасрахгүй. “Хадгаламж, зээлийн хоршоо” гэсэн лут нэртэй, хэдэн арван тэрбумаар идэж уугаад дуусгадаг гашуун жишээ мөд салахгүй. Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа ээлж дараалан дампуурч байна. 10 000 шахам хохирогчтой хэдэн арван хоршоог Улсын мөрдөн байцаах газар шалгахад урьдчилсан тооцоогоор тэд хадгаламж эзэмшигчдэдээ 66 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. “Дэлхийн зөн”-гийн шугамаар эмзэг бvлгийн ядуу амьдралтай айлын хvмvvсийг гадаадад ажиллуулна” хэмээн танилцуулж нийтдээ 50 мянган ам.доллар залилсан хэрэг гэхчлэн дотоодын луйврын хэрэг хөвөрч өгнө.
Луйвар хийх нь яахав, ялыг нь нэг хүн л үүрнэ. Гэвч луйвар хийх хөрсийг “сүү шиг цагаан сэтгэлтэй монголчууд” (их зохиолч Д.Нацагдоржийн онож хэлснээр бол сэтгэл зөөлөн, чанар хөнгөн) өөрсдөө зэхэж өгөөд байгаа бус уу? “Хадгаламж, зээлийн хоршоо” гэгчид мөнгөө өсгүүлэхээр бүр хэдэн зуун саяар нь өгдөг монголчуудыг би хэлж байна. Зүгээр сууж хөрөнгөд хүрэх хорхой, гэнэн цайлган сэтгэл хоёр нь хослоод дотоодын луйварчдыг ташуурдсан нь энэ. Тийм ч улсын виз гаргана, тийшээ суралцахад зуучилна, ийшээ явуулж өгнө гэсэн барагдашгүй, дуусашгүй их зар өдөр бүр хөвөрсөөр. “Виз гаргах” гэдэг бол манайханд л байдаг марзан үг хэллэг. Албан ёсоор бол “виз олгоно” гэж процедур байдаг юм шүү дээ. Визийг тухайн улсын ЭСЯ олгодог болохоос ямар нэг компани юмуу нэг сайн эр олгодоггүй юм.
Хэрэв Та амьдрал ахуйгаа өөд татаж, хөлжиж баяжъя гэвэл эхлээд Та зөвхөн өөртөө итгэ! Танд буян үйлдэхээр ямар ч африк хүн хорвоо дээр мэндлээгүй, Монгол д ч ялгаагүй дээ!
“Бид ингэхэд хэн юм бэ? Непко хэвлэлийн газар, 2007”
номынх нь 302-305 дахь хуудаснаас