Баяртай Ленин!
Миний өмнө “Пионерын үнэн” сонины 1980 оны хоёрдугаар сарын 27-ны лхагва гаригийн нэгэн дугаар дэлгээтэй байна. Тус сониноос зарласан “Ленин бидэнтэй хамт” уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийн зохион бичлэгийг энэ дугаарт нийтэлжээ. Хөөрхөн юм аа, цөмөөрөө уншиж үзэцгээе, гучин жилийн өмнөх тэр үеийн хүүхдийн ертөнцөөр аялцгаая.
Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургуулийн 6 б ангийн сурагч Д.Алтанцэцэг “Ленин багшийн ачаар” зохион бичлэгтээ “Би жаахан байхдаа цэцэрлэгийнхээ багшаас “Багшаа, Ленин гэж хэн бэ?” гэхэд “Ленин гэж энэ хүнийг хэлдэг юм” гээд нэг зураг үзүүлж билээ. Энэ зургийг хараад “өргөн магнайтай хүн ухаантай байдаг юм гэнэ билээ” гэж эмээгийнхээ ярьдагийг санаж “нээрээ л ухаантай хүн болоод бүх дэлхийн багш нь байгаа шүү дээ” гэж бодож билээ. Бидний хичээл сурлагын амжилт бүхэн Ленинтэй холбоотой. Бид өдөр, цаг бүр Ленинтэй хамт байж, Лениний эх орноос ирүүлсэн дэвтэр, үзэг, бэх хэрэглэж, Ильичийн гэрэл сургуулийн танхимд өрөө тасалгааг гэрэлтүүлж байна. Ийнхүү Ленин бидэнтэй цаг мөч бүр хамт байж бидэнд тусалж, ирээдүйн замыг гэрэлтүүлэн заасаар байна” гэжээ.
Дараагийнх нь бүүр жаахан хүүхдийнх, нийслэлийн 13-р сургуулийн 4 а ангийн сурагч Ж.Эрдэнэсоёлын “Лениний ачаар” зохион бичлэг. “Бид тун азтай төрсөн хүүхдүүд. Лениний эх орон – ЗХУ-тай ах дүүс болсон болохоор айх эмээх зовлонгүй аж төрж сууна. Лениний сургаалыг үргэлжлүүлэх хувьтай төрсөндөө бахархаж явдаг. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх – Лениний сургаал мандтугай!”
Одоогийн хүүхдүүд сүрхий ухаантай болсон ч гэлээ Д.Алтанцэцэг, Ж.Эрдэнэсоёл энэ хоёр хүүхэд шиг ийм гүн гүнзгий, улс төрийн утга агуулгатай бичиж чадах болов уу? Үгүй л болов уу. Яаж 4-р ангийн хүүхэд ингэж бичихэв, магадгүй аав ээж, багш нар нь тусалсан байх л даа. Хүн гэдэг угаас тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн бололтой. Зарим нэг цөөн хүмүүс л нийгмээсээ түрүүлж амьдардаг, бусад нь цаг үеийнхээ л өнгийг дагадаг биз ээ. Энэ цаг үеэс нь хойш ердөө аравхан жилийн дараа амьдран буй нийгэм нь шал ондоо тоглоомын дүрэмтэй болно, ардчилсан чөлөөт нийгэм гэдэг маш өөр нийгмийн тогтолцоотой болно гэдгийг энэ хоёр хүүхэд байтугай нь мэдээгүй байсан даа.
Тэр үеийн хүмүүсийн амьдрах итгэл, урагш чирэх хүч, идеал нь коммунизм, марксизм, ЗХУ, Ленин байсныг үгүйсгэхийн аргагүй үнэн билээ. Буруу юу байхав, юунд хүрэхийг тэмүүлнэ, түүнийгээ туг болгож явах нь нийгмийн ч тэр, хүний ч тэр ёс нь. Тухайн цаг үеийн шаардлага л тэр байлаа. Уг нь Ленин багш бидэнтэй цаг мөч бүр хамт байж бидэнд тусална, ирээдүйн замыг гэрэлтүүлнэ гэсэн. Харин багш маань биднийгээ орхиод одсон, замыг маань ч олигтой гэрэлтүүлсэнгүй, зүй нь бид өөрсдөө л гэрлээ олж өмнөх замаа гэрэлтүүлэх ёстой байсан юм билээ л дээ. Юун бүх дэлхийг бүрхэх манатай, хөөрхий Ленин багш минь өөрөө хоргодох газар ч үгүй боллоо, бид ч огт өөр идеалтай боллоо.
Ерэн оноос хойш бидний үндэсний үзэл сэргэлээ, Чингис хаанаа ч Лениний оронд аваачиж тавьлаа, бараг бүх зүйл байх ёстой тэр байрандаа очжээ. Хичнээн хэрүүл маргаантай ч гэсэн асуудлаа одоо бид өөрсдөө л шийдэцгээж байна. Бид өөрсдийгөө хичнээн тусгаар улс гэж бодож байсан ч гэлээ ердөө хорь гаран жилийн өмнө л Ю.Цэдэнбал даргыг маань Зөвлөлтөд аваачаад албан тушаалаас нь чөлөөлөөд “эмчилгээ” хийхэд нь бид яаж ч чаддаггүй байлаа. Эх орон нь ч хүнээ авах мэдэлгүй, тэдний хэлснээр л явдаг ийм улсыг ямар тусгаар тогтнолтой байсан гэхэв дээ. Одоо манай ерөнхийлөгчийг байтугай энгийн нэг хүнийг маань ч аваад явахад бид бүгдээрээ салаавч өгч чадна.
Уг нь энэ жил Ленин багшийн маань 140 насны сүүдэр ташаарсны ойн жил л дээ, багаасаа цээжилсээр байгаад түүний төрсөн 1870 оныг нь миний хувьд лав үхэж байж л мартах юм шиг байна. Хуучин цагт бол энэ жил түүний үйд зориулсан бөөн бүтээлч ажлын жил л дээ. Дээхэн үед бол түүний яг төрсөн өдөр нь “Коммунист субботник”-ийн өдөр байсан санагдаж байна. Коммунист субботник гэснээс дээр үеийн “сайхан зүйл”-ийг санагалздаг хүмүүс их тааралдах юм аа. За хөгшчүүд ч яахав, миний Лениний төрсөн өдрийг мартаж чаддаггүй шиг урьдын сайхан цаг нь бодогдоод болдоггүй биз.
Харин “Коммунист субботник сайхан зүйл байсан” ч гэх шиг, “Хуучин цагт бүх хүн ажилтай, ядуу хүн байгаагүй” ч гэх шиг сонин сонин зүйл ярьдаг залуучуудыг яах вэ? Бид өөрсдөө л хогоо хаяхгүй бол, эсвэл Сингапур коммунист субботник хийсээр байгаад дэлхийн хамгийн цэвэрхэн улс болоогүй гэдгийг, капиталист нийгэмд ядуурал хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг ойлгоход тийм их ухаан хэрэгтэй гэж үү? Нээрээ ч ард түмэн сайхан л амьдарч байвал иргэн хүнд ямар нийгэмд амьдрах нь хамаагүй байх л даа. Гэхдээ яг одоо байгаа хүмүүсийг л сайхан амьдруулахын тулд хамаг мөнгөө тараагаад идэж уугаад дуусвал эх орон маань ямар ч цаашдын ирээдүйгүй болвол яах уу? Улс төрчдөөс шалтгаалсан шалтгаалаагүй энэ их бухимдал, ядуурал, шударга бус байдал хуучныг хүссэн хүсээгүй санагалзуулдаг бололтой. Одоо бидний харц хойшоо биш урагшаа чиглэсэн байх ёстой цаг үе ирээд байна шүү дээ.
Биднийг урагшаа харахад нүдийг минь таглаад хуучныг минь санагалзуулаад байгаа энэ олон хүчин зүйлийн нэг нь хуучны хөшөө дурсгалууд. Энэ талаар мөн ч олон хүмүүс бичсэн дээ. Хүүхдийн урлан бүтээх төвийн үүдэнд байх залуу Ульянов, Улаанбаатар зочид буудлын урдхан талд байх Лениний хөшөөг хорь гучин жилийн дараах хүүхдүүд, үр ач нартаа хэн гэж, юу гэж бид танилцуулах вэ? (Нээрээ алдарт “7 сарын 1”-нд хэсэг залуус цагдаад хөөгдөөд бууны сумнаас энэ хөшөөний ард нуугдаж Лениний нөмөр нөөлөг нэг удаа аминд нь орсон гэсэн шүү) Энэ хүнийг дагаад манай улс дээхэн буруудсан юм гэх үү, тэгэж хэлэхийн тулд эдгээр хөшөөнүүд маань арай өөр газар байх ёстой байх. Хүн гэдэг амьтан этгээд юмыг л сонирхдог хойно баян капиталист орнууд хуучны коммунист орнуудаас Лениний хөшөөг нь худалдаж аваад баар савныхаа үүдэнд босгосон ч дуулддаг. Элэг доог болгодог юм уу, яадаг юм хөөрхийг, нэг талаас үйлчлүүлэгчдээ татах маркетинг байх, гэхдээ ч урлагийн бүтээл нь ч бүтээл байх шүү.
Ленин гэдэг нийтлэлчийн, эрдэмтний, хувьсгалчийн нэр хүний түүхэнд ямраар ч гэсэн үлдэнэ, энэ бол үгүйсгэхийн аргагүй зүйл. Гэхдээ бидний урагш харж алхах шинэ цаг үеийн маань идеал биш болжээ. Бидний болж бүтэхгүй зүйлээ буруушааж “хуучны хиймэл сайхан цаг үе”-ийг санагалзуулахад энэ хөшөө нөлөөлсөөр л байх шиг. Дээрээс нь нэмээд хэдхэн жилийн дараа мартагдах улс төрч, Монгол орныг маань Оросын дагуул болгох шахсан хуучин коммунист удирдагчдаа зориулж хөшөө босгосоор л байх уу? Оронд нь хүний сэтгэлийг баясгах жинхэнэ урлагийн бүтээлүүд босговол таатай бус уу.
Миний дээр өгүүлж байсан Д.Алтанцэцэг, Ж.Эрдэнэсоёл хоёрын маань үр хүүхдийн цаг үе өөр болжээ. Тэднийг өнгөрсөн үед Ленин хүмүүжүүлж байсан бол шинэ цаг үеийнхнийг Ленин багш хүмүүжүүлж дийлэхээ байсан байна. Залуучууд одоо урагшаа харахаас хойшоо харах нь үгүй. Өнгөрсөн цаг үеийн бидний алдаа дутагдал, сэтгэлгээний хоцрогдол, таагүй бүхэн энэ хөшөөтэй хамт үүрд алга болох болтугай! Баяртай Ленин!
иргэн
д.сүхболд
Зочин
Зочин
Иргэн-д
Алтанхүү
irgen
Зочин
Sweden
Ой санамжаа алдах гэж буй хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ganbaa
Эрдэнэ
eh oronch philosophy
eh oronch philosophy
eh oronch philosophy
Solongo
Зочин
Зочин
ye
Зочин
baka
Зочин
halzan pank
ANHAA
NB
Зочин
Zuv
zochin
www.freecall.mn
ppp
khaan
heheheh
Зочин
Зочин
Зочин
Лхамхүү
Зочин
Зочин
Мэдлэгсүрэн
Зочинхүү
Зочин
Iim nertei kino
Зочин
Зочин
lenin
С. Лхагвадорж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Лениний жич хүү
Иргэн ба тїїний бодол
Зочин
ыыы
Зочин
bulgaa
kkkk
зочин
mr ha ha
goojuur
Brayan