ФХХК дахин мэндэлвэй
Энэ жил ФХХК-ийн 80 жилийн түүхт ой тохиож байна. Яруу алдарт, түүхт ойгоо хөдөлмөрийн өндөр амжилтаар угтах нөр ажил ажил хэдийнэ өрнөжээ.
-Үнэнхүү мэндэллээ
Энэ жил ФХХК-ийн 80 жилийн түүхт ой тохиож байна. Яруу алдарт, түүхт ойгоо хөдөлмөрийн өндөр амжилтаар угтах нөр ажил ажил хэдийнэ өрнөжээ. Юуны ой гэж үү? Юу нь ямар хамаатай юм. Ой л бол ой, архиа баахан ууж, айргаа тааваараа уугты. Юуг нь мэдчихмээр оргиод байна гэжүү? ФХХК гэсэн нь үү? 1928 оны долдугаар сард Ардын засгийн газраас Феодалын хөрөнгө хураах комисс буюу ФХХК байгуулж ажилд оруулсан билээ. Хүний хөрөнгийг хүчээр булаан авах, хөрөнгөтэй юмтай хүнийг үзэн ядах нөр их ажил 63 жил үргэлжлээд 1991 онд өндөрлөв. Тэр жил өмчийг хураахаа болиод эргүүлж өгөх тухай “өмч хувьчлах хууль” батлагдсан ажгуу.
Хүмүүс амь, өмч хоёроо хамгаалуулах гэж анх мөнгөө нийлүүлэн “төр” гээч юмыг байгуулсан билээ. Нийлүүлсэн мөнгийг нь улсын төсөв гэж хэлдэг.Мэдээж хэрэг амь, өмч хоёрын агуулга өргөжсөөр амьд явах, өмчлөх эрх, ардчилал, зах зээл болон хөгжижээ. Гэтэл ХХ зуунд бид амийг аврах бүү хэл авчихдаг, өмчийг хамгаалах нь байтугаа хураачихдаг төртэй нажидаа эдэлсэн билээ.
Гэтэл төрийн ч юм уу, төрийн албан хаагчдын юмуу ой санааны гүнд ФХХК-ын сүнс оршсоор. Ямар ч сайн лам бодийг нь хөтөлж дийлэхгүй нь бололтой. Учир нь манай хууль, журам тогтоогчид сав л хийвэл “ машиныг нь хурааж улсын орлого” болгоно гэсэн заалтыг духан нээрээ наачихсан гарч харагдах юм. Эхлээд хулгайгаар мод тээсэн машиныг хурааж улсын орлого болгодог журам гарсан. Одоо согтуугаар жолоодсон машиныг нь хураахаар журамлах гэж байгаа болтой юм. Хэдийгээр гэмт хэрэг, хууль бус явдалтай тэмцэх өнгө харагдавч цаана нь хувийн өмчийг үзэн ядах санаа нэвт шингээстэй. Өнөөх нь Феодалын хөрөнгө хураах санаа. “Гэмт хэрэг гаргаад байгаа нөхцөл нь хувийн өмч мөн” гэсэн социалист итгэл үнэмшил. Хүний өмчийг хураан нийгэмчлэх үйлстээ өчүүхэн далим болгоныг ашиглах эрмэлзэл төрөөр дүүрэн. Аминдаа машин тэрэггүй,машин авч чадаагүйдээ үнэн гутардаг, тэрнээсээ болоод машинтай бусад хүнийг үзэн яддаг, улмаар бусдыг машин унаанаасаа хагацаан салгахыг харж байж дотор нь онгойдог дон, ин туссан хэдэн хүн л цаанаас нь ийм журам гаргаад байна уу гэмээр.Тэгсэн атлаа морь унаж давхиж очоод хүн алчихсан этгээдийн морийг, адууг хураана гэдэггүй нь бас сонин. Тэгэхээр ардчиллын буянаар монголчуудад бий болсон, шинэ маягийн хувийн өмч рүү бүх юмын үзүүр чиглээд байгаа биз? Гол нь машинд ч байгаа юм биш, машинаар дамжаад хувийн өмчийг өширхөх коммунист үзэл санаа цухалзаад байгаа нь зэвүүтэй.
Ардчилсан төртэй оронд хувийн өмчид зөвхөн шүүхийн шийдвэрээр халддаг нь тогтсон ёс. Үүнээс бусдаар хүний ширхэг үсийг ч хураан авч болохгүй. Харин аливаа этгээдийн учруулсан хор хохирлыг барагдуулах журмаар шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө, машин тэргийг нь хураан авна гэвэл асуудал харин өөр өө. Машин тэрэгтэй үйлдсэн гэмт хэрэг, явганаар үйлдсэн гэмт хэргийн адил жигшүүртэй бөгөөд үзэн ядууштай.
Гэхдээ л ямар ч ямарч өмчийг зөвхөн шүүх л мэдэж хураан авах нигууртай. Мэдээж иргэд аминдаа атомын бөмбөгтэй, алсын тусгалтай их буутай, цөмийн цэнэгт хошуутай, сөнөөгч бөмбөгдөгч онгоцтой байж таарахгүй. Хамгийн гол нь бусдадаа асар их аюултай байж мэдэх учраас тэр. Бөмбөгөө угааж арчих гэж байгаад дэлбэлчихвэл хавь ойрынхоо амьтныг сүйд хийчиж мэднэ. Гэхдээ өнөөдөр мянга мянган гэмт хэргийн гол хэрэглэгдэхүүн болдог хутга, балиус айл гэрт байх эрхтэй.
Хараад байхад манайд тогтсон жишиг машинаас цаашаа хальж таарна. Улсын ба хувийн өмч эрх тэгшийн нэгэн адил, аливаа өмч хөрөнгө том багаас үл хамааран “эрх тэгш” байж таарна. Өнөөдөр “гэмт хэрэг гарах үед байлцсан” машиныг хурааж байна. Маргааш хэргийн газартаа алхаж очсон этгээдийн хөлийг хураах хэрэгцээ гарна. Даанч удалгүй хэрэг гарсан гэр, байшинг мөн хурааж улсын орлого болгохоос өөр замгүй болно. Адилхан л өмч. Хэрэг үйлдэхдээ өмсөж байсан гутал, малгай дээл бас л хураагдах ёстой. Машин,тэрлэг хоёр эрх тэгш өмч хөрөнгө гэдэг нь маргаангүй. Ингээд цаашлахаар бүр наргиантай болж байна. Ухаандаа хүчингийн хэрэг хийсэн этгээдийн эрхтнийг нэн даруй улсын орлого болгох шаардлага гарч таарна. Машинаа ашиглан уулын модыг хулгайгаар зөөсний нэгэн адил нөгөө гайхал обьектийг ашиглан уг хэргийг үйлдсэн байдаг. Обьектийг эзнээс нь салгаад авчихаар үхчихнэ. Эзэн нь үхэх яах вэ, гэхэд улсад хураагдсан обьект бас үхчихнэ. Улс ийм үхмэл хөрөнгөөр элэнцгээ хийх билээ? Эзэнд нь удаан хугацаагаар түрээслүүлж болох талтай боловч ашиглалтийн горим, тарифийг тогтооход ярвигтай. Гэтэл цаад эзэн нь улсын өмчийг хадгалж хамгаалсныхаа төлөө ихээхэн төлбөр нэхэж болох үндэслэлтэй.
Наян жилийн тэртээ байгуулагдсан ФХХК “хувийн өмч хөрөнгө нь гэмт хэргийн үндэс” хэмээн үзэж хурааж, нийгэмчилж эхэлсэн билээ. Удалгүй тэд хувийн бүх өмчийг ор үндсээр нь устгаж дуусснаа зарласан юм. Энэ нь “социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” хэмээн бичигддэг 1959 он билээ. Харин өнөөдөр манай төр “машин нь гэмт хэргийн үндэс” хэмээн үзэж хурааж болох бүхий л аргыг ашиглаж эхэлж байна. Дараа нь юу руу орно гэж та бодож байна.