Нүүрс нь одоогоос 1 саяас 400 сая жилийн өмнө байсан ургамлын чулуужсан үлдэгдэл юм. Одоогоор мэдэгдэж байгаагаар манай гариг дээр 1 ихнаяд орчим тонн нүүрсний нөөц байгаа аж. Энэ бол 10-ын 12 зэрэгт болж байна. Нөөцийн ихэнх нь Австрали, Хятад, Герман, Энэтхэг, Орос, Индонез, Польш, Өмнөд Африк гэсэн хэдхэн оронд ноогддог байна. Антрактид болон Хойд мөсөн далайн дор асар их нөөц бий гэж бас ярьдаг.
Нүүрсийг хүн хэдийнээс түлшинд хэрэглэж эхэлсэн нь мэдэгддэггүй, лав л маш эрт байж таараа. Харин анхны уурхай Хятадад 300 орчим онд нээгдсэн бол Тан улсын үеэс нүүрс нь тэдний гол түлш болжээ. Европчууд XIII зуунаас нүүрсний аж ахуй эрхлэх болж XVII зуунаас англичууд дэлхийн олзворлолтын 80 хувийг дангаараа гарган, энэ үйлдвэрлэлд 200 жил ноёрхсон гэдэг. Одоо Хятад дангаараа 1,2 тэрбум тонн нүүрс жилд олзворлон тэргүүлж байхад Англи үүнээс 12 дахин бага үйлдвэрлэлээр 10 дугаар байр эзэлж байна. Дэлхий даяараа 5-6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж ашигладаг бололтой.

Хэдийгээр цөмийн, дотоод шаталтын, сэргээгдэх зэрэг эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр нээгдсээр буй боловч өнөөдөртөө нүүрс нь голлох үүрэг гүйцэтгэсээр байна. Нүүрсийг нүүрс төрөгчийн агууламжаар нь дөрөв ангилдаг юм байна. Энэ нь чулуун нүүрс, битүм нүүрс, хагас битүм нүүрс, хүрэн нүүрс. 82-87 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай битүм нүүрснээс кокс гаргаж авна. Үүнийг бас коксжих нүүрс ч гэнэ. Кокс гэдэг нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг боловсруулсан түлш. Маш их дулаан ялгадаг. Үүнийг битүм нүүрсийг агааргүй орчинд шатаан гаргаж авна. Байгаль орчинд маш хортой технологи гэх, учир нь энэ процесст хүхэр их хэмжээгээр ялгаран дэгддэг, тэр нь хур тундастай эргэж буудаг аж. Дээрх бүх мэдээллийг нэвтэрхий толиос олж авлаа.
Монгол орон нүүрсээр маш баялаг. 35 орчим тэрбум тонн нүүрсний нөөц илрээд байна гэх юм. Гэхдээ геологийн цаашдын хайгуулаар маш их нэмэгдэх биз. Ингэхээр дэлхийн бүх нөөцийн юутай ч 3-4 хувь нь манайд байгаа юм байна. Гэтэл нүүрсний аж үйлдвэрлэлд олзворлолтоосоо илүү чухал юм нь тээвэрлэлт гэж үздэгээрээ бусад ашигт малтмалаас онц ялгаатай аж. Овор хэмжээнээс болж буй хэрэг, зэс шиг баяжуулах, цэвэрлэх гэх мэтээр хэмжээг нь багасгах аргагүй, олзворлосон болгоноо тэр чигээр нь зөөнө. Дэлхийн ачаа тээвэрлэлтийн 85 хувь нь далайн тээвэр, далайд нэг гарчихвал хол ойрын ялгаа үгүй. Ингэхээр хүн ам шигүү суудаг үйлдвэржсэн район болон эргээс холгүй газрын нүүрсний орд л үнэ цэнтэйд тооцогдоно. Эх газрын гүнд байрлалтай, үйлдвэржээгүй, хүн ам сийрэг, дэд бүтэц ядмаг Монголын хувьд нүүрс нь үнэ цэнэ муутай эд. Хавийн хэдэн аймгаа хангадаг Өвөрхангайн Тээгийн, Говь-Алтайн Чандаганы нүүрсний уурхайн хувьд олзворлолт биш тээвэрлэлт нь хавьгүй илүү бэрхшээл учруулдаг, өртөг нь тэр хэрээрээ өсдгийг хэн хүнгүй мэдэх байх. Ийм л учраас хөрш орны нүүрсээ холоос татдаг газрууд л манайхаас нүүрс сонирхдог. Тухайлбал Дорнодын цаагуур байгаа Хөлөнбөөр аймгийг хэлж болно. Иймээс л тухайн үедээ Тавантолгойн нүүрсийг социалист орнуудад олон арван жил санал болгосон ч цаадуул нь тээвэрлэлт гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй билээ.
Битүм буюу коксжих нүүрсний хувьд бусад төрлийн нүүрснээс арай өөр үнэлэмжээр ханддаг. Гангийн үйлдвэрлэл нь энэ нүүрсээс гаргаж авсан коксоор “хооллодог” аж. Америк, Зөвлөлт хоёр энэ салбарт уралддаг байсан үе ард хоцорч, Зүүн Ази ган үйлдвэрлэлээр тэргүүлэх болжээ. Өдгөө коксжих нүүрсний нийт хэрэгцээний 54 хувь нь Япон, Солонгос, Хятад гэсэн хэдхэн оронд ноогдож байна. Дэлхийн нийт нүүрс олзворлолтын 10 хүрэхгуй хувь нь коксжих нүүрс юм байна. Японы хэрэгцээ жилдээ 100 сая тонн, Солонгосынх 25-30 сая. Дэлхийн хамгийн том гангийн компани Поско нь Солонгосынх. Дэлхийг өнөөдөр кокжих нүүрсээр Аляск, Энэтхэг, Индонез, Австрали хангаж байна. Энэтхэгийн энэ үйлдвэрлэл эрхэлдэг Металл зэрэг компани овор хэмжээгээрээ бизнесийн бүх салбарт хамгийн томын нэгд тооцогдож байгаа.
Тавантолгой нь одоо тогтоогдоод байгаагаар 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний дотор коксжих битүм нүүрс нь 1.5 тэрбум тонн ажээ. Энэ тоо ашиглалтын явцад нэмэгдэх биз, бүх нөөцөө тогтоочиж байгаад ашиглаж эхэлдэг мангар юм хаана ч үгүй. Байгаа энэ байдлаараа асар том орд. Үүний гол онцлог нь томдоо байгаа аж. Нэг дороос ийм том ордыг ашиглах нь урт удаан хугацаанд бага зардлаар маш ихийг олзворлоно гэсэн үг. Тавантолгойн хамгийн том давуу чанар энэ. Тэгээд ч чанар сайн, дулаан ялгаруулалт нь өндөр. Таван толгойг 10 хуваагаад хаячих юм бол ямар ч үнэ цэнэгүй болно. Аравны нэг шиг нь орд энд тэндгүй, Монголд ч цөөнгүй бий. Нэг үгэндээ Төвөнтолгойд 10–ын оронд нэг л төмөр зам татах нь. Нөгөөтэйгүүр зөвхөн Номхон далайн эрэг хүрч л байж үнэ цэнэтэй болно. Учир нь гол хэрэглэгч нь тэнд бий. Иймээс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх нь олзворлохоосоо хавьгүй илүү ач холбогдолтой, илүү өртөгтэй, илүү хүнд болой.
Саяхан болсон Тавантолгойг ашиглах тэндэрт 10 гаруй субьект саналаа өглөө. Хятад, АНУ, Орос, Бразил, Энэтхэг, Австрали, Япон, Солонгос зэрэг орны компаниуд сонирхов. Таван толгойг зарим нэгний тайлбарлаж байгаа шиг хүрзээр 4 метр гүн ухаад л болчихдог эд биш, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан аймшигтай том үйлдвэрлэл. Энд асар их дэд бүтэц шаардахаас гадна техник, технологи, нөхөн сэргээлт, байгаль орчны тэнцвэр хадгалалт гээд олон нөхцөл биелэх учиртай. Нийт хөрөнгө оруулалт олон тэрбум доллар болно, үүнийг одоогоор тогтоох хараахан болоогүй байна, учир нь гол асуудал болох тээвэрлэлтийг хэн хариуцсанаасаа болоод янз бүрээр шийдэгдэх юм. Тээвэрлэлтээ оруулалгүйгээр цахилгаан станц, цементийн үйлдвэрлэл, ус ашиглалт гээд явахаар юутай ч 4 тэрбум доллароос доошгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Цэвэршүүлсэн алтыг унци нь яг тийм үнэтэй гэж хэлж болдог бол нүүрсийг болдоггүй онцлогтой гэнэ. Гангийн үйлдвэр, цахилгаан станцийг боловсруулж хольсон яг тухайлсан нүүрсээр хангадаг, энэ нь хэрэглэгчийн гадаа ирж буулгаснаар эцсийн үнэ тогтдог аж. Тухайлбал Улаанбаатарын IV цахилгаан станцыг яг л Багануурын хүрэн нүүрсэнд зориулж барьсан. Өөр нүүрс таарахгүй. Үлгэрлэвээс Поско компаний IV ган хайлуулах үйлдвэрт яг ингэж боловсруулсан, ийм калоритой нүүрс хэрэгтэй, өөрийг бол болохгүй. Тэр бэлэн бүтээгдэхүүн нь яг тийм үнэтэй, харин Токиогийн IV үйлдвэр шал өөр илчлэгтэй нүүрс хэрэглэж байх жишээтэй, тэр нь өөр үнэтэй. Иймээс жишээ нь Австрали, Энэтхэгийн коксжих нүүрсний уурхайн дэргэд яг тэр үйлдвэрт зориулсан гээд бараг л боож савлах шахсан түлшийг тус тусад нь бэлддэг, тус бүрдээ өөр үнээр борлогдох юм билээ. Голдуу хольж илчлэгийг нь тохируулна. Илчлэгээс гадна өөр олон үзүүлэлт байдаг байх. Ингэхээр Тавантолгойн коксжих нүүрсийг хүрзээр утгаж аваад вогооноор зөөн дэлхийн тогтсон үнээр Японыг шууд хангана гэх нь дэндүү гэнэн хөөрөл, мозамбикчууд ч ийм эргүү юм ч ярьдаггүй. Бүх төрлийн нүүрсний дундачилсан үнэ 2003 оноос дөрөв дахин өссөн, харин хямралаар эргээд хоёр дахин уначихаад байна. Үнийн өсөлтөөс болоод л манай нүүрс сонирхогдож эхэлсэн, өөрөөр хэлбэл тээвэрлэлтээ даагаад цаана нь ашиг гарч байна гэсэн үг.
Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс олзворлогч, хамгийн том хэрэглэгч, хамгийн их нөөцтэй орон. Тэд мөн коксжих нүүрсээр баян. Харин орд нь өмнөд Хятадын Юнань, Хунань мужид байдаг. Төмрийн үйлдвэрлэл нь нөөцөө дагаад Өвөр Монголд байх. Бугат бол дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн нийслэл. Өмнөд мужид олзворлосон коксжих нүүрсийг далайгаар зөөн Тяньжин хотод авчирч боловсруулдаг. Энд Герман-Хятадын хамтарсан коксийн үйлдвэр бий. Бэлэн болсон коксоо төмөр замаар Бугат руу зөөнө, тодорхой хувийг нь далайгаар Герман руу гаргадаг. Ингэхээр Хятад бол кокс экспортлогч орон мөн. Хятадууд Шинжааны Таримын бассейнд маш том коксжих нүүрсний орд нээсэн. 1990 онд Ерөнхий сайд Бямбасүрэн Хятадад айлчлахдаа Ли Пэнд Тавантолгойн нүүрсийг хамтарч ашиглах санал тавихад Таримд асар их нөөц нээгдсэн гэдгээр шалтаглан татгалзсан. Гэвч элсэн цөлд буй энэ ордын тээвэрлэлт олзворлолтын өртөг дэндүү их учир одоо болтол тэнд юу ч хийгээгүй байна. Технологи хямдарч бололцоо гаран Таримын нөөцийг ашиглаад эхэлбэл Таван толгойн ач холбогдол эрс буурах юм. Цаг хугацааны л асуудал. Хэн түрүүлсэн нь хожино!
Өнөөдөртөө Хятадад Тавантолгойн нүүрс маш хэрэгтэй. Мөнөөх л тээвэрлэлт. Монголын хилээс Бугат хүртэл ойрхон. Ингэхээр солилцооны асуудал үүснэ. Тавантолгойгоос авсан нүүрснийхээ оронд Юнанийн нүүрсийг далайд гаргаж өгнө гэсэн үг. Энэ нь хоёр талд хоюуланд нь маш ашигтай. Олон саяыг хэмнэх болно. Мөн Хятад нь монгол нүүрсийг далайд хүргэж өгөх хамгийн дөт замтай. Далайд хүрч байж манай нүүрс мөнгө болно. Энэ нь тээвэрлэлт хийж буй Хятадын талд ч том наймаа. Монголд хөрөнгө оруулах гэсэн сонирхогч нь Шинхуа хэмээх улсын компани. 8 тэрбум тонн нүүрсний нөөц эзэмшдэгээрээ дэлхийд хоёрт ордог том компани. Харамсалтай нь байгуулагдаад дөнгөж 10 гаруй жил болж байгаа туршлага муутай, гол нь коксжих нүүрс огт хариуцдаггүй учраас борлуулалтын асуудал дээр энэ зах зээлийн шинков. Хойд Хятадын нүүрсний салбарыг атгадаг учраас л Монголд “томилогджээ”.
1906 онд байгуулагдсан Транс-Сибирийн төмөр зам, 1976 онд Брежневийн барьсан БАМ буюу Байгал-Амарын төмөр замын ашиглалт маш муу байгаа. Сибирийн мод зөөдөг бараг ганц ажилтай. Нүүрс зөөвөл жинхэнэ ачаатай болж буй нь тэр. Оросууд жараад оны үед Якутад коксжих нүүрсний асар том орд, энэ зуун гарсаар Тувад дутахгүй том орд нээсэн байна. Гэтэл умрын цэвдэг, Саяаны нуруу руу төмөр зам татах хямд технологи одоо болтол олдоогүй, хэрээс хэтэрсэн өртөгтэй болчих гээд буй хэрэг. Технологи сайжран эдгээр орд ашиглагдаад эхэлбэл Тавантолгойн ач xолбогдол бас л муудна. Цаг хугацааны л асуудал. Хэн түрүүлсэн нь хожино! Оросын талаас Тавантолгойн гол сонирхогч нь РЖД буюу Оросын төмөр зам. Иймээс РЖД-ийн дарга Якунин сүүлийн үед наашаа их айлчламтхай болчоод байна. Мэдээж төмөр замынхан нүүрсний орд ашиглалт, олзворлолтыг сонирхохгүй, тэгээд ч Орост тийм их мөнгө үгүй. Тэд Тавантолгойд хувьцаа оруулаад тээвэрлэлтээ баталгаажуулах сонирхолтой байна. Дутагдалтай тал нь Монголын говиос Оросоор дамжин далай хүрэхэд бараг 5 мянган км болж буй учир нүүрсний үнэ ч талийж өгнө дөө.

Тавантолгойг сонирхогч дараагийн компаниуд Солонгос, Японых. Эд бол жинхэнэ хэрэглэгчид. Нийлээд жилд бараг 130 сая тонн коксжих нүүрсний эрэлттэй. Аль ч улс үндэсний аюулгүй байдлын талаасаа амин чухал түүхий эд, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээ аль болох олон талаас хамааралтай болгохыг хичээнэ. Оросын жижигхэн хот Ачинскаас бүхэл бүтэн Монгол улс шатахууны хувьд 100 хувь хамааралтай байдаг, яаж зовдог билээ? Ингэхээр Япон Солонгос хэрэгцээнийхээ 10-15 хувийг Монголоос хамааруулах сонирхолтой байна. Мөн төмрийн ордыг нь түшиглэн Монголд гангийн үйлдвэр барьж болох бололцоог солонгосчууд судалж байна. Чингэвэл бараг тээвэрлэлтгүй, бүх түүхий эд нь эндээ байдаг хямд өртөгтэй үйлдвэрлэл явуулах бололцоо бий. Ийм ийм шалтгаанаар сонирхож буй. Харин уул уурхайн ямар ч туршлага үгүй эдгээр орнууд нүүрс олзворлолтонд оролцохыг хүсэхгүй, хувьцаа оруулснаар худалдан авах баталгаагаа буй болгох гэж байгаа юм. Мөн Оюутолгой, Тавантолгойг дагасан үйлдвэрлэл, дэд бүтцэд оролцох сонирхолтой. Ганц Таван толгойг 500-800 төрлийн бизнес дагалдаад гараад ирнэ гэж байгаа.
АНУ, Австрали, Энэтхэгийн компаниуд мөн өрсөлдөж байна. Эдгээр нь уул уурхайн асар их туршлагатай, өөрийн борлуулж сурсан зах зээлтэй учраас Монголд хандаж байгаа юм. Манайхны хэлээр энэ барааны мэргэшсэн ченжүүд юм даа. Чухам Япон Солонгосын хэрэгцээг энэ гурван орны компаниуд тал талаас нь зөөвөрлөн хангадаг билээ.
Бид хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадах вэ? Коксжих нүүрсний дотоод хэрэгцээ байхгүй учир зөвхөн экспорт л ярина. Гал түлэхээр зуух хайлуулчихдаг илчлэгтэй нүүрс дээ. Баримжаа авахын тулд Эрдэнэт жилдээ 180 мянган тонн баяжмал буюу шороотой зэс гаргадаг гээд бодчих. Оюутолгой ашиглалтанд ороод бүх хүчин чадлаараа ажиллаад дээд тал нь 400-500 мянган тонн “шороо” зөөнө. Гэтэл Өмнөговийн “Тавантолгой” хэмээх орон нутгийн жижиг компани ачааны машинаар урагшаа нэг сая тонн нүүрс гаргаж байна. Зургаан Эрдэнэтийг зөөж буй хэрэг. Машинаар үүнээс илүүг зөөх бараг бололцоогүй юм билээ. Гээд ингэж зөөгөөд зөөгөөд 1,5 тэрбум нөөцийг мянга таванзуун жил тээвэрлэх нь! Нөгөө, хүрзээр ухаад зөөчихдөг чинь энэ! Байгаль орчны бохирдол, бүдүүлэг технологи, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гээд үй түмэн юмыг тооцохоо ч болъё. Ингэж бүдүүлэгтсэний өртөг ч өндөр, хүргэх үнэ нь ч өчүүхэн. Тэр хэддээ л болоод байгаа байх.
Ер нь орчин үеийн уул уурхайд технологийн дэвшил хамгийн гол үзүүлэлт. Британий “Natural Resourсes” лавлах номонд өгүүлснээр Америк, Европын нүүрсний үйлдвэрлэл сүүлийн 30 жилд бүтээмжээ хоёр дахин нэмсэн мөртөө ажиллах хүчнээ хоёр дахин багасгасан гэнэ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Энэтхэг, Хятад хоёр олзворлолтын голыг гараар нугалдаг аж. Энд сонин тоо байна - америкийн нэг нүүрсний уурхайчны жилийн бүтээмж 15 мянган тонн байхад, хятад уурхайчных ердөө 300 тонн байх юм! Хүнээр л зодож байгаа биз? 2006 онд л гэхэд Хятадын нүүрсний уурхайд 6 мянган гаруй ажилчин осолдож нас баржээ. Уурхайн аюулгүй байдал, байгаль бохирдуулалт, ус хомсдуулалтыг Хятадад тооцоолдог ч үгүй учир статистик байхгүй, лавтай аймшигтай дүн гарна гэж уг номонд бичжээ.
Тавантолгойгоос жилд 20 сая тонн тээвэрлэхэд 100 жилийн нөөц байна. Өнөөдөр манай төмөр замын нэвтрүүлэх чадвар хадаад л 10-15 сая тонн. Үүн дээр нүүрс зөөх нэмэлт 20 сая тоннын тээвэрлэлт буй болгохын тулд Монголын төмөр замыг хэд дахин өргөжүүлэх шаардлагатай Одоохондоо үүнээс илүүг гаргах бололцоогүй биз. Энэ нь хэдэн тэрбум доллар болно. Оюутолгой, Тавантолгойг зөвхөн эрчим хүчээр хангахын тулд 3.5 мегаваттын станц хэрэгтэй гэнэ. Монголын одоогийн хэрэгцээнээс тав дахин их. Үүнийг барихад 3,5 тэрбум доллар. Монголын эдийн засгийн жилийн бүх эргэлт саяхан уг нь 4 тэрбум доллар буюу цахилгаан станцын хэмжээнд хүрч байсан юмаа, даанч хямрал болоод ердөө 2 тэрбум ч хүрэхээ болчихлоо, золиг гэж!

2009.2.14