Дэлхийн II дайн эхэлсний 70 жилийн ой тун удахгүй болно. 60 сая хүний амийг авч одсон энэ дайн шиг өртөгтэй, зэрлэг, харгислалыг хүн төрлөхтөн урьд хожид мэдэхгүй билээ. Дайн эхлэхийн өмнөхөн болсон үйл явдлын тухай Эдвард Радзинскийн “Сталин” баримтат бүтээлээс уншигч танаа сонирхуулж байна.

Гитлер гарч ирснээр Дэлхийн хувьсгалыг хэрэгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Сталин зөв үнэлжээ. Гитлер Европыг бужигнуулж, 1938 оны 3-р сард Австрийг эзэллээ. Чехословакын дээгүүр хар үүл хуралдав. Бүх юм Сталины таамаглаж байснаар боллоо: Гитлер үнэхээр Европт дайн өдөөж, европын капиталист тогтолцоог... нураахаар шийджээ. Одоо гагцхүү Гитлерийг араас нь шордоод л түлхээд байх хэрэгтэй.

 

Тоглоомын нөхцөл ер бусын тааламжтайгаар эргэлээ. Нөхцөл ингэж эргэсэн болохоор Аугаа шатарчин маань гадагшаа нүүдэл хийж эхэлсэн хэрэг.

1938 онд Франц, Англитай хамтын аюулгүй байдлын хэлэлцээ хийж эхэлж байхдаа л Сталин маш уран нүүдэл бодож олжээ: хамгийн үл тэвчих дайсан болох Гитлертэй холбоо тогтоох арга саам эрэлхийлэх болсон байна. Берлинээс элчин сайд, жүүд Яков Сурицыг татаж оронд нь орос Мерекаловыг томилов.

Давхцуулаад Франц Англитай хийж буй хэлэлцээгээ улам идэвхижүүлсэн нь түүний ердийн бааш юм. Энэ хэлэлцээ бүтэхгүй гэдгийг тэрээр эхнээс нь мэдэж байсан. Өөрсдийг нь айлгаж жигшээсэн шинэ Чингис хаанд өрнийн ардчилал итгэхгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Тэгэхээр энэ хэлэлцээг Гитлерээр солих хэрэгтэй.

Яг үнэндээ Сталин Өрнөтэй ойртоод эхэлбэл Гитлер СССР-т сээтэн хаях болно. 1938 оноос Германы албаны хүмүүсийн амнаас хараалын үг нь алга болж, хоёр тал биенээ харилцан доромжилдог кампанит ажил намжив.

Энэ хооронд Чехословак Гитлерийн ээлжит золиос болж, Сталин чехуудад цэргийн тусламж санал болгов. Гэхдээ Франц, Англитай адил нөхцлөөр. Энэ бол зориг гаргасан, бас аюултай алхам байв... Тэр ерөөсөө ч туслах гээгүй, үгүй наад зах нь Польш, Румын хэзээ ч зөвлөлтийн цэргийг нутаг руугаа оруулахгүй нь ойлгомжтой. Сталиныг оруулахад амархан, эргүүлж гаргахад... хэцүү гэдгийг цаадуул нь сайн мэдэж байгаа. Тэгээд ч польшууд Гитлерийн хаясан өгөөшийг амархан үмхэж Чехословакын хэсэг жижиг газрыг өөртөө нэгтгэв.

 

Ингэж тэрээр огт эрсдэл гаргалгүйгээр Европын ард түмний талархлыг хүлээх нь тэр. Харин Сталин жүжгээ үргэлжлүүлсээр: Улс төрийн товчоо завсарлагагүй хуралдан боломжит тусламжийн талаар авч хэлэлцэнэ.

Энэ хооронд холбоотнууд гараа угаалаа – тэд Чехословакыг Гитлерт өгчихжээ. Мюнхэнд хэлэлцээр болж өнгөрөв. Англи, Францын ерөнхий сайд нар Чэмбэрлэн, Даладье нар Гитлерийг тайвшруулаад энх тайван тогтоочихлоо гэж итгэсэн хэрэг. Чехийн хүчирхэг хамгаалалт ганц буун дуу гаргалгүй ухарлаа. Байлдах өндөр чадвартай чехийн дивизүүд алга болов. Тун удалгүй өрнийн баталгаа байсан ч Чехословак улс алга боллоо.  

Мюнхэний хэлэлцээрийн тухай 1938 оны 9-р сарын 29-нд Москва мэдлээ. Шөнөжин Улс төрийн товчоо хуралдав (шөнө хуралдана гэдэг асуудлыг ноцтой хүлээж авлаа гэсэн үг). Гадаадад томилолтоор яваад эзгүй байсан Гадаад хэргийн комиссариат Литвиновыг өрнөдийн ардчилалтай холбоотон болох талын хүн байсан мэтээр Сталин буруутгаад элдвээр хараав. Чухамдаа “тийм мэтээр”. Үнэндээ дипломат үйлдэл болгоны цаана үргэлж Сталин ганцаараа л байдаг. Одоо болохоор Литвиновын бодлогын гайгаар Франц Англи улс Мюнхэний хэлэлцээрээр дамжуулан Гитлерийг СССР - рүү турхирч байгаа болоод явчив. Ийм муухай урвалтаас болоод Сталин асуй түрэмгийллээс холдох гарц хайхаас өөр аргагүй болж байгаа дүр зурагтай болоод ирж байна.

 

Бэлтгэж буй эргэлтээ зөвтгөх ийм арга олжээ. Гитлертэй холбоо байгуулах хайгуул нь шинэ Брест болох учиртай.

Бодож олсон аргынхаа амжилтанд тэр огт эргэлзсэнгүй. Тэрээр Гитлер цаашид яахыг мэдэрч байлаа, фюрер угаасаа л ийм нэгэн. Гитлерийг юу ч цатгана гэж байхгүй. Чехословак бол дөнгөж эхлэл. Улам цаашлахын тулд Гитлер СССР-тэй холбоотон болох ёстой.

Гитлер улам цаашлаад л капиталист ертөнцийг сөнөөх юм бол Сталин түүнд холбоотон болоход бэлэн!


Одоохондоо тэрээр дагнасан алхам хийж байлаа. 1939 оны 5-р сарын 3-нд Литвиновыг Улс төрийн товчоогоор оруулан ажлаас нь хуслаа. Засгийн газрын тэргүүн Молотовт энэ албыг хавсруулах болсон нь гадаад бодлогодоо хэрхэн анхаарч буйг харуулж буй хэрэг юм.


Литвиновыг өөр ямар ч ажилд шилжүүлсэнгүй – энэ бол үхэл гэдгийг ч тэр ойлгож байв. Удтал хүлээсний эцэст Сталинд хандан өршөөл эрсэн захидал бичлээ, хариу байдаггүй ээ. Литвиновыг одоохон баривчлагдана гэж хүлээгээд байдаг, харин түүнд хэн ч гар хүрэхгүй удаад байхаар цөмөөрөө гайхцгаав.

Сталин Гитлертэй холбоотон болох арга саам хайхын чацуу шатрын хөлгөө үргэлжлүүлж байсны нэг баталгаа нь энэ юм. Өрнөдийн ардчилал тийш хандлагын бэлэг тэмдэг болсон Литвинов хожим хэрэг болно. Үнэхээр ч дайн эхэлсэн хойно амь мэнд мултарсан Литвиновыг гадаад харилцааны орлогч камиссариат болгожээ.


Цаашаагаа бүх юм Сталины таамагласнаар хөвөрлөө: Гитлер Польшийн хилд тулангуут Чэмбэрлэн польшуудад түрэмгийлэлд өртвөл туслана гэж амлахаас өөр аргагүй болов.

Сталинтай холбоотон болох нь Гитлерийн хувьд зайлшгүй зүйл боллоо, харин Сталин түүнийг айлгасаар. Ворошилов тэргүүтэй цэргийн төлөөлөгчид Англи, Францтай хэлэлцээнд суусаар.

Одоо Гитлер тэсэхээ байж ажиллагаанд оров: Шүлэнбэрг Молотовтой хэлэлцээ хийж дуусав. Зөвлөлтийн сонингуудын зүхлийн бай Германы Гадаад явдлын сайд Риббэнтоп Германы сонингуудын хараалын бай Москвад айлчлан ирэхэд бэлнээ мэдэгдэв. Фашистууд Европыг хувааж авах саналыг большевик гүрэнд санал болгож байна.

Гитлер яаран адгаж байлаа, учир нь Польш руу довтлохын өмнө бүх юм тодорхой байх ёстой аж. Риббэнтроп Шүлэнбэргт шифрээр цахилгаан илгээж. Тагнуулууд идэвхитэй ажиллана – одоо Сталин фюрерийн адгаж байгааг бүр ч сайн мэдээд авлаа. Сталин тэрнийг гартаа оруулчихжээ.  

8-р сар дундаа орлоо. Гитлерийн тэсвэр барагдаж Сталины тавьсан ямар ч болзлыг үг дуугүй хүлээн авахад бэлэн болжээ.

Сталины хувьд энэ сонголт нь зарчмын асуудал биш юм. Гитлер ч, өрнийн ардчилал ч түүний дайсан, ингэхээр алинтай нь холбоотон болсон ялгаагүй Дэлхийн хувьсгалд хүрэх зам мөн. Гэвч тэр Гитлерийг үзэн яддагаа далдын далд хийснээр бэрсээ шидэж өгсөн хэрэг юм. Гитлерийн холбоотон болчихоод дэлхийн ардчиллын Жолоодогч болно гэдэг хэцүү хэрэг, гээд юутай ч Коминтернийг золигт гаргав. Өгснөө эргүүлж авна гэдгээ тэр сайн мэдэж байв. Юутай ч газар нутгаа өргөтгөх хэрэгтэй...

“Бид ч биенээ овоохон зүхцгээлээ дээ, тиймээ” – ийм үгээр тэрээр Риббонтроптой Кремльд яриагаа эхэлжээ. Гурван цаг ярилцаад тэд санаа бүрэн нэгдэн Дорнод Европыг хувааж авцгаав. Сталины нэмэлт санал болгоныг цаадах нь тэр дороо хүлээж авч байсан. Харилцан үл довтлох гэрээ болон нууц протоколд гарын үсэг зурцгаав. Яг зурахаа болохоор Сталин биш Молотов үзэглэсэн юм.

Дуусаад хүлээн авалт хийв – элбэг дэлбэг хоол ундтай, Кремлийн эзэний дуртай хундаганы үгтэй. Согтохгүйгээр их ууж чадах чадвараараа Молотов зочдыг гайхуулав.

Сталин Гитлерийн эрүүл мэндийн төлөө, харин нацист сайд Сталины төлөө хундага тогтоов. Дараа нь германы төлөөлөгчид гэрээний төлөө, хамтын ажиллагааны шинэ эриний төлөө маш их ууцгаав. Сталин шоглоомт эр гэдгээ харуулж тэнд байсан Кагановичийн эрүүл мэндийн төлөө тогтоохыг уриалснаар Риббэнтроп жүүдийн төлөө хундага татлаа (Каганович мөн Гитлерийн төлөө хундага өргөсөн).

Хэлэлцээ дууслаа. Нууц протоколд Гитлерийн Сталинд төлсөн үнийг бичжээ. “Балт орчимын улсуудад газар нутгийн болон улс төрийн өөрчлөлт хийх”, “Бессарабид өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх” эрх авлаа. Мөн Польшийн хэсэг түүнд ноогдов.

Хэлэлцээрийг үзэглэх ёслолын дараа Сталин Гитлерт бэлэг барив: одоо хорих лагерьт сууж байгаа хуучин Коминтерний үлдэгдэл болох австри, германы коммунистуудыг Германд хүлээлгэж өгөн гестапогийн гарт атгууллаа.


Маргааш нь Ворошилов  англи францын төлөөлөгчдөд мушилзан байж тайлбарласан нь: “Нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэлэлцээг цааш үргэлжлүүлэх бололцоогүй”.


Ард түмэнд зориулж Сталин өөрөө шинэ холбооныхоо тухай тайлбар бодож олжээ.

Хоёр наргиантай гурвалжин зурж орхив. “Чэмбэрлэн юу хүсч байна?” гэж нэг гурвалжингаа нэрлэж. Гурвалжингийн дээд өнцөгт “Лондон”, доор нь “Берлин”, “Москва” гэж бичсэн байна. Чэмбэрлэн биднийг германчуудтай хамт доош нь чихээд өөрөө дээд талд нь гарах гэж байна.

Нөгөө гурвалжинг “Нөхөр Сталин юу хийв?” гэж нэрлэнэ. Энд “Москва” гэсэн үг дээр нь бичээтэй. Лондон, Берлин хоюуланг нь нөхөр Сталин доош нь чихэж чадсан байна.

Улс даяар үүнийг нь нэгэн дуугаар дэмжиж, хүлцэнгүйн ээлжит шалгалтаа сайн өглөө. Үнэхээр тэрээр цоо шинэ нийгмийг буй болгож чаджээ.


Гитлер Польшид халдлаа. Англи, Франц хоёр Германд дайн зарлав. Сталины тоглолт зөв байж: Гитлер Европыг дэлхийн дайнд татан орууллаа. Бүхнийг хамарсан хямрал илэрхий болж, Дэлхийн хувьсгал руу чиглэх зам нээлттэй болов.

    Гэвч шатрын өрөг үргэлжилсээр. Сталин ажиллаж эхэллээ – хувьсгалын дараа Романовын эзэнт гүрний нутгаас алдсаныгаа эргүүлж авав. 9-р сарын 17-нд Улаан цэрэг германчуудтай хавсран Польшид довтлов.

    “Польш улс алга болж байгаатай холбогдуулан тэнд буй украин, белорус цөөнхийн эрхийг хамгаалахын тулд зөвлөлтийн цэрэг Польшид орлоо” – ингэж дотооддоо болон бүх дэлхийд зарлажээ.

    Гитлер үүнийг нь хүлээж авсан төдийгүй зөвлөлт германы хамтарсан мэдэгдэл гаргажээ. Гитлерийн дайнч мэдэгдлийн зэрэгцээ Сталин өөрийн дуртай үзэл суртлын хэллэгээ нэмсэн нь: “энх тайвныг тогтоохын тулд, Польш улс задарснаас үүссэн эмх замбараагүй байдлыг арилгахын тулд, польшийн ард түмэнд туслахын тулд”...

    Товчхон хэлэхэд Польшийн тусын тулд Польшийг эзэлжээ!

    Романовын эзэнт гүрэнд харъяалагдаж байсан Баруун Украин, Баруун Белорус шинэ эзэнт гүрний мэдэлд ирлээ. Тэрээр Литвад том бэлэг барив. Литовчуудын эргүүлж авахыг олон жил мөрөөдсөн Вильнюсыг тэдэнд өгчээ. Харин ухаалаг литвачууд ингэж хэлж байв: Вильнюс биднийх боллоо, харин бид Оросынх боллоо”.

Орос хэлнээс орчуулсан БААБАР