Идээд идээд дундардаггүй мөлжүүр сайтай эх орон мину


МИАТ-ынхан бослого гаргажээ. Нам засаг шуурхай арга хэмжээ авсны дүнд бослого дарагдав. Асар их хохирол учирсан гэнэ. Ард түмэн жигшив. Дарга доргыг нь хуйгаар нь солилоо. Энх амгалан цаг ирэв. Зуны улирал эхэлж жуулчин олширч байгаа энэ үед МИАТ-д хийх юм их бий. Ард түмнээ нааш цааш нь амсхийлгүй зөөгөөд л.

Зөвхөн онгоцны техникийн ажилтнууд гэхэд 30 хүний хийдгийг 120-уулаа хийдэг болох нь илрэв. Цалин нь Ерөнхийлөгчийн авдагаас тав дахин их байдаг гэнэ. Аюулгүй байдлын сахилга батыг хавтгайдаа сахидаггүй тоодоггүй гэнэ. Ямар ч мэргэжилгүй хүүхдээр онгоц бариулдаг гэнэ. Үстэй толгой арзаймаар юм. МИАТ-аар нисэлтгүй ээ. Алах нь байна шүү дээ. Си шалгалт гэж байдаг гэнэ. Маш үнэтэй эд, ийм шалгалт давсан онгоц 5 жил нисэх баталгаатай болдог гэнэ. Онгоцны эрэг боолтыг нь хөлдөөгчид хадгалдаг ба хадгалах нөхцөл зөрчигдсөн эд ангийг шууд хог руу хаядаг гэнэ. Тос нь гэхэд ямар ч хүйтэнд хөлддөггүй тусгай бүтээгдэхүүн аж. Энэ үнэтэй шалгалтыг улсын асар их мөнгө хэмнэлээ хэмээн гомдол гаргаад явдаг манай хадандаа гарсан чадварлаг инжинерүүд хэдхэн зоосоор хийж улс орондоо хязгааргүй тус болдог гэнэ. Гэхдээ миний сонссоноор (худлаа л байгаасай даа, биенээ муулж доош нь оруулсан яриа ч байж магадгүй, тийм бол хүлцэл өчье) өнөө хэмнэлт гэдэг нь эрэг боолтыг нь энд  дуурайлгаж гар аргаар зордог, тосыг нь бараг л өөхөн тосоор орлуулдаг гэсэн.

Гээд энэ шуугиан бол тэнд бугшсан идээ бээрний дөнгөж хатигны толгой нь гээд бод доо. Тээр жил МИАТ-ын мэнэжмэнтийг гэрээгээр ирландчуудад хэсэг хугацаагаар хариуцуулав. Тэгэхэд сонин юм илэрч байсан. Миатын төлөөлөгч гэж гадаадад суудаг олон айлыг эх орон руу нь нүүлгэн тэнд нь нутгийн индиануудыг хөлслөн ажиллуулсан чинь жилдээ хагас сая долларын хэмнэлт гарчээ. Нутгийн хүмүүс унаа тэрэг, гэр бүл, орон сууц нэхдэггүйгээр барахгүй ажлаа хийгээд байсан гэж байгаа. Хэн нь ч Монголоос дарга ирлээ гээд дагаад алга болчихдоггүй, Баасан ахын төрсөн өдөр тэмдэглэдэггүй, ажилдаа согтуу ирдэггүй, албаныхаа мөнгийг иддэггүй, хувийн ачаа зөөдгүй – нэг л үгээр хэлэхэд зардлын 500 сая долларын хэмнэлтээс гадна зөндөө ашиг өгөөд эхэлсэн байгаа юм. МИАТ-д ээлжит бослого гарлаа. Монголын цэвэр ариун хөх тамгатай тэнгэрийг муусайн ирландчуудаар бузартуулахгүй гэсэн уриатай аж. Захиалгат нийтлэл нэвтрүүлэг Монголын мэдээллийн хэрэгслэлийг хучив. Тэднийг хамтран хөөх кампанит ажил эрчээ авлаа. МИАТ-ын балансыг аваад үзэхэд түүхэндээ анх удаа ашигтай ажиллаад эхэлсэн аж. Харин ажилтнуудад нь хулгай хийх бололцоо хумигдсан шалтгаантай юм шүү дээ.

Бослого амжилттэй өндөрлөж европчууд яваад өглөө. Бээжин, Берлин, Москва, Сөүлд МИАТ-ын ажилтны сүрэг эргэн ирэв. Тэрний охин, энэний хүү, тэрний ах энэний дүү. Тэдний хийдэг гол ажил нь эгчийгээ ирэхээр эмнэлэг дэлгүүрээр дагуулж явдаг юм. Машин барьж чадахгүй, хэл ус байхгүй, компютэр мэдэхгүй амьтас чинь өөр юу ч хийх юм билээ дээ. МИАТ-ын барьсан зочид буудал Энхтайваны гүүрний дэргэд бий. Хэд эргэлдүүлээд сайхан хуссан даа. Буянт Ухаагийн тэнд олон сая доллароор боссон амралт цэнгээний газрыг нь очоод нэг хараарай. Улсын мөнгө ёо ёо гэдэггүй нь л сайхан юм даа. Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн нүдэнд харагдаж байгаа нь л энэ. Мөсөн уулны ил цухуйсан өчүүхэн хэсэг нь. Монгол руу гадаадын олон компани нисэх сонирхлоо илэрхийлдэг боловч тэднийг хүлээж авдаггүй. Учир нь билетийн үнэ буурна, ингэхээр хулгайлах юм багасна. Асиана, ЖАЛ зэрэг компани хөх тэнгэрээ харамласан монгол эх орончдын хариу хамгаалалтанд нэг бус удаа нуга даруулж бууж өгч байсан.

Нам засаг маань сайхан арга хэмжээ авч МИАТ-ыг номхрууллаа. Баяр хүргэе. Харин онцгой арга хэмжээ авсны дүнд тогтох журам дэглэм хэд хонох бол? Хулгай хийлгүүлэхгүй байхыг ажилтан ажилчид нь удаан тэсэх үү? Учир нь энэ чинь улсынх шүү дээ. Учир нь энэ бол хэн дуртай нь эх оронч хэдэн лоозон амнаасаа унагаад л эзэн сууж болдог, хариуцлага болохоор мөн л эх оронч аялагатай ажлын төлөө санаа зовсон үүндээ биенээ буруутгасан халуун сайхан үг хэлээд л мултарч болдог эд. “Сангийн юм сандайлаад байгаарай” гээд нэг шог зураг дээр үед их алдартай байж билээ. Ясан хэдрэг болсон нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг байсан санагдана. Ер нь тэгэж ярьвал яах гэж мэргэжил эзэмшиж, яах гэж тэнд ажилд орсон болж байна?!

Сая МИАТ-ын бослогоор илэрсэн сүйрэл бол нийт МИАТ-ын идээ бээрний дөнгөж хатигны толгой бол МИАТ тэр чигээрээ Монголын төрийн өмчит социалист аж ахуйн үнэн нүүр царайны дөнгөж муу нүдэнд харагдах мэнгэ төдий юм. МИАТ яахав дээ арван грамм хуванцар халбагыг мөн жинтэй алтан халбаганы үнээр шахуулдаг л юм байгаа биз. Эрдэнэтэд тонн жинтэй төмөр бутлагчийг мөн хэмжээний алтан бөмбөлөгний үнээр шахдаг юм шүү дээ. Төмөр замд оросын хуучираад хог дээр хаячихсан л локмотив толгойг будаж янзлаад хэдэн сая доллароор шахаж болдог гэж санана? Лав ингэж авч өгсөн хоюулаа одоо УИХ-д зэрэгцээд сууж байгааг сайн мэдэх юм байна. Тэдний эх оронч яриа орой болгон зурагтаар цуурайтна. Миний эх орон сайхан эх орон, мөлжөөд мөлжөөд дундардаггүй чөмөг сайтай орон. Цахилгаан станцын тоног төхөөрөмж нийлүүлнэ гэж мөнгийг нь авсан нэг луйварчин тээр жил гэртээ хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаж “Ард банк мөнгө зээлэх хүсэлтийг минь хүлээж аваагүй учраас би станцад нийлүүлэхээр авсан мөнгөө төлөхгүйгээр шийдсэнээ баяртайгаар мэдэгдэж байна” гэж авч билээ. Энэ бол ил тод улаандаа гарсан луйвар нь. Харин цаадахыг нь онгичвол нүд хальтраад харж боломгүй. Тэр улаан луйварчин энэ станцад алга болсон мөнгөний саяны нэгийг л гударч чадсан бол их юм.

Нэг лут бизнесчин байваа. Хөдөө гадаагүй үйлдвэр завод банк уурхай сургууль хэвлэл гээд түүнд байхгүй юм үгүй. Өөрөө дангаараа л бараг улс гүрэн. Тэрээр нэг удаа нэгэн үйлдвэрийнхээ агуулахаар орж танилцсан байна. Асар том агуулах бараа материалаар пиг чихээтэй. Үүдэнд нь чихэр овоолоотой.

-Энэ чихрээр яадаг байна?

-Мэдэхгүй.

-Хэн авсан юм?

-Хандаа л тээр жил тонн чихэр худалдаж аваад энд байрлуулсан шүү дээ.

-Тэр Хандаагаа дуудаад ир.

-Аль хэдийнээ манайхаас халагдаад явсан.

Агуулах тэр чигээрээ хэнд ч хэрэггүй хогоор дүүрчээ. Авсан эзэд нь шахаагаа хийнгүүтээ ажлаасаа гарчихдаг юм байна. Авсан үнийг нь харахаар өнөө чихэр гэхэд л зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр энэ агуулахад ирсэн байв. Алдарт бизнесчин маань халаглан:

-Манай аж ахуй улсын үйлдвэр шиг болсон байна шүү дээ!

Онцгой байдал зарлуулсан МИАТ засрахгүй ээ. Асуудал тодорхой хүний араншин, ганц хоёр авилгачингийн хэрэг биш. Тогтолцоо нь тийм юм. Хамаг зовлон улсынх гэдэгтээ байгаа хэрэг. Төр муу мэнэжэр гэж ярьдаг. Энэ бол хий хөөргөсөн яриа. Үхснийх нь мэнэжэр байдаг юм, эзэнгүй орхисон юмны хоосон дансны бүртгэсэн эзэн л төр байхгүй юу даа. Тэнд юу дуртайгаа хийж болно. Хоорондоо эвтэй байж чадвал бүгдийг нь гэр рүүгээ зөөсөн ч болно. Бид эвтэй байхдаа хүчтэй! Төрийн өмч дээр гарч буй бүх маргаан хоорондын эв түнжингээс л болдог. Бүгдээрээ даахаараа авч болж байхад чи долоог би долоохныг авлаа гэж биенээ ольдогоос болж байгаа юм. Ингэж байхаар сайхан хуваагаад л аваач дээ. Төрийн юм хулгайлчихлаа гэж хааяа заримдаа бөөн шуугиан үүсч хэвлэл мэдээлэл дуу дуугаа авалцдаг. Үнэндээ өөрснөө тэрүүхнээрээ аваад бидэнд юу ч олдсонгүй гэсэн битүү гомдол явж байгаа болохоос улсын юм сүйрч байгаад гол нь харалдаг тийм тэнэг хүн Монголд байдаггүй.

Төр дэндүү их өмчтэй, тэр нь төрийн гүйцэтгэх үүрэгтэй ямар ч холбоогүй байдаг нь манай энэ тогтолцооны гол гажиг. Хувьчлана гэхээр өөрөө л авахгүй бол өрөөлд өгөхгүй, тэрэнд орвол тэндээ ялзраад муудаад зэврээд сөнөг гэдэг бодол хүн болгонд байдаг болохоор хувьчлал явахгүй. Авилгатай тэмцэх газарт найдаад хэрэггүй, харин ч Авилгатай тэмцэх газартай тэмцэх газар байгуулж үзвэл яадаг юм гэхээс. Ингэхээр энэ гажигийг засдаггүй юм гэхэд багасгах ганц арга нь ил тод байдал юм. Сонин дээр хүснэгт дотор ийм албан мэдээ байна гэж саная: “Тэр аймгийн засаг дарга төсвийн мөнгөөр унаагаа солив. 150 мянган км явсан Ланд-80-ыг 75 сая төгрөгөөр авчээ. Нийлүүлэгч нь Аж Богд компани”.  Ингэхээр таньж мэддэгүүд нь шуугиад эхлэнэ. Аж Богд компаний захирал бол эхнэрийнх нь дүү байгаа юм гэх мэтээр. Ингээд л бөөн матаас жирийнэ дээ. Дарга ч бас нүүр нь эрх биш улайрдаггүй юм гэхэд хар царай нь ягаарна. Аягүй бол хагас мөнгийг нь буцааж санд тушаана. Эрдэнэтийн бүх худалдан авч буй бараа үйлчилгээний хэмжээ, үнэ, ямар компани гүйцэтгэсэн, хэний гарын үсгээр арилжаа явагдсан нь албан байдлаар хэвлэгдэхээр мөн ч шуугиан үүснэ. Яагаад гэвэл хүмүүс тэр компани ийм үнээр нийлүүлж байхад надад яагаад ийм гоё юмнаасаа хүртээсэнгүй вэ гэж заргалдацгаана. Хүний энэ мөн чанарыг л дагуулж хуулийг зохиодог учиртай юм гэсэн. Иргэд өөрсдөө улсын хөрөнгийг хянах бололцоотой болно гэсэн үг. Яагаад гэвэл тэр хөрөнгө яв явсаар үнэндээ иргэдийн өөрсдийнх нь юм байгаа юм шүү дээ, уг нь.

Хүн буруутай байж болох ч хамаг гол буруу механизмд бий. Шууд хулгайлахгүй ч утгагүй хуулиар далимдуулан рэкетлэж мөнгө олдог ийм жишээ байна. Одоо зун цаг болж байна, жуулчлалын үе ирлээ, Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээн эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд ресторануудыг намнах кампанит ажил эхэллээ. Нар шингэнгүүт хаалгаа барих ёстой гэнэ. Тийм хууль байдаг, тэрийг нь өөрөө чадахаа больсон хэдэн садистууд хийсэн юм. Үнэндээ ресторанд аллага хядлага хүчирхийлэл гардаггүйг захын цагдаа мэднэ. Орцонд, гэрт, цагдаа нарын айгаад очдоггүй захын хороололд, харанхуй гудамжинд, хөгийн дэн буудалд хамаг гэмт хэрэг гардаг. Бүрий болонгуут ресторан хаахаар залуучууд өөрийн эрхгүй тэрхүү гэмт хэргийн уурхай руу явцгаана. Хууль зохиогчид чухам энэ үед л таашаал авч дотор нь онгойно доо. Хууль журам хэрэгжүүлэгчид мөн энэ үеэр цадна. Хажуугаар нь сайн дурынхан хоол олж идэхээр нэмэлт хүч маягаар дайрна. Цагтаа хаагаагүй рестораныг шөнө болгон сурвалжилж дарамталж явдаг нэвтрүүлэг, мэдээллийн хэрэгслэл сэтгүүлч нарыг бүгдээрээ таньдаг болсон байх. Өнгөн талаас нь харахад нэг л их хууль хэрэгжилтэнд санаа зовсон амьтас. Олон нялх хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр арга барагдаад буудал авсан байсан чинь хаалгыг нь эвдэж орж түмний өмнө бүлтэлзүүлээд л. Одоо дэлхийн аварга эхлэхээр тэд мөн ч их хоолтой залгана даа. Тэгээд дальжиганаад явж байхад нь тааралдвал зодчихмоор санагддаг юм. Асуудал хүмүүс гэмт хэрэг хийгээд байгаадаа биш хууль болон хууль хэрэгжүүлэгчид тэдэнтэй хавсрагч сайн дурын рэкетчид зүгээр байсан хүмүүсийг хууль бус ажиллагаа руу түлхээд байна шүү дээ. Хөл бөмбөгийг ганцаараа гэртээ суугаад зурагтынхаа дууг намсгаж байгаад томоотой үздэг юм бишээ, таашаал авагчид аа. Тэрийг чинь орилж хашгирч шүгэлдэж пиво ууж халж байж үздэг юм. Хүмүүсийг ингүүлэхгүй боож хааснаараа л таашаал авдаг гаж донтонгууд аа!!! 

2010.5.31