Хөлбөмбөг дөнгөж сонирхож буй нэг найз минь Испаний шигшээ багийн тамирчдыг хараад “Пөөөх! Эд нарт дасгалжуулагчийн хэрэг байгаа юм уу?” гэж уулга алдаж билээ. Үнэхээр энэ цаг үеийн хамгийн “дур булаам” шигшээ бол яахын аргагүй Испани. Ямарч том тэмцээнд түрүүлэх багийн эгнээнд цохиж явдаг ч, үргэлжид азгүйтдэг учир “Мөнхийн азгүй баг”, “Сайн клуб, сулхан шигшээ” гэсэн хоч цаг үргэлжид дагасаар иржээ. Харин 2008 оны Луис Арагонэсийн бүрдүүлсэн баг Европын аварга болсоноор таагүй цол гуншингууд нь бүдгэрч эхэлсэн юм. “Ялагдашгүй” Армада буюу дундад зууны үеийн тэнгисийн цэргийн хүчирхэг флотын нэрээр нэрлэгдсэн нэр нь одоо бол үнэхээр тохирч байна.

    Испаний шигшээ багийн тоглолтын арга барил, тактикыг сонирхоод үзье. Усны долгион яаж хөдлөнө, тэдний тоглолт яг л тийм. Тактикын амин чухал зүйл байрлалаа алдахгүй байж, 4-4-2 байрлалаа алддаггүй. Эсрэгээр тэдний илт довтолгооны хувилбар эсрэг багийн 4-4-2, 4-5-1 гэх мэт байрлалыг дахин дахин бутаргадаг (Барсэлонагийн тоглолт мөн ийм төрлийнх). Хамгаалалтанд тун сайн бэлтгэгдсэн, багаар сэтгэж тоглох өндөр чадвартай хагас хамгаалалтын бүс төвөөс санаачлага маш их гаргадаг. Өрсөлдөгч багийн довтолгооноос хамаарсан уян хатан арын дөрвөлсөн гинжин хамгаалалт нь, хоёр захаар хурдтай тоглолт хийдэг. Багаар хамгаалах болон нэгийн эсрэг нэг хамгаалсан ч үр дүн өндөртэй. Ур чадвартай, хурдтай тоглогчдыг ашиглан богинын болон хагас намын дамжуулалт их хийж, бөмбөггүй тоглогчийг ашигласан тоглолт ихээр хийнэ. Нэхэлтийг (прессинг) тун чадамгай хийдэг. Мэдээж хөлбөмбөгт сул талгүй баг байхгүй. Үүрэг даалгаварын тодорхой хуваарьтай, бүлгээр хамгаалах өндөр чадвартай АНУ-ын шигшээ өнгөрсөн жил Тив хоорондын цомоор Испанийг буулгаж авсан. Мөн тухайн өдрийн тамирчдын сэтгэлзүй, хувийн алдаанууд байсаныг үгүйсгэх аргагүй. Тэр өдөр Испаний довтолгоо АНУ-ын хамгаалалтыг нэвтрэх аргаа үнэхээр олохгүй байсан юм.

 

Испанийн шигшээ багийн, Skytel-ийн картанд дээр тавигдсан зураг.

    Дэлхийн аваргын өмнөх бүрэлдхүүнийг харахад Европын аваргын суурь бараг л хэвээрээ. Хаалгачаар эхний сонголт багийн ахлагч Икэр Касильяс бол, сэлгээнд Ливэрпүүл (Рэйна), Барсэлона (Валдэс), Арсэнал (Алмуниа), Вильярреал (Диего Лопэс) гэсэн том багуудын “манаач” нар очерлож буй. Хамгаалалтын бүс уламжлалт дөрвөн хамгаалагч Сэрхио Рамос, Карлэс Пуйол, Хэрард Пикэ, Хоан Капдэвила нар тоглох нь тодорхой байх. Сэлгээ ч муугуй Марчэна, Арбэлоа, Албиол. Ялангуяа Арбэлоагийн нягт, жигд тоглолт үндсэн багт өрсөлдөөнийг үүсгэж байна. Дасгалжуулагч Дэл Боскэгийн хөдөлгүүр болсон  хагас хамгаалалт сонголт арвинтай. Төвд Шави Эрнандэс, Шаби Алонсо, хоёр талд нь Иниеста, Давид Силва нар тоглох магадлал өндөртэй. Үндсэн багаа ч “улайлгахаар” нөөцтэй бөгөөд Фабрэгас, Бүскэтс, Сэнна, Хуан Мата, Риера, Хэсус Навас, Гранэро, Санти Касорла нарыг дурдаж болно. Довтолгоонд мэдээж Фэрнандо Торрэс, Давид Вильягийн “аймшигтай” хослол тоглох нь ойлгомжтой биз. Гуйса, Льорэнтэ, Нэгрэдо гэсэн сэлгээнүүдтэй зэрэгцээд Барсэлонагийн Боян Кркич, Пэдро Родригэс, Жэффрэн Суарэс гэсэн шижигнэсэн хүүхдүүд нэмэгдэж байна. Бүрэлдхүүн, тактикын хувьд хамгийн тодорхой Испаничууд, дээрх таамаглалыг тийм ч их өөрчлөхгүй болов уу!

        Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй тэднийг, Реал Мадридыг гарамгай удирдаж байсан Висэнтэ Дэл Боскэ дасгалжуулж буй. Дэл Боскэгийн санааг зовоож байгаа асуудал, гол тоглогчдын гэмтэл. Иниеста бэлтгэл дээрээ гэмтэл авч 5 сарын дундуур ирэх бол, Торрэс хэдэн тоглолтонд оролцоод л гэмтэл авч байгаа бол Фабрэгасийн гэмтэл хамгийн ихээр сэтгэл түгшээж байна.

   Өмнөд Африкт хэсгийн сугалааг тун боломжын татсан ч, хасагдах шатнаас чангахан шиг учраанууд хүлээж байна. Гэхдээ хэсгийн тоглолт ч гэсэн эвгүй. Дэлхийн аваргын дэвжээн дээр муу баг тоглодоггүй гэдэг аксиомыг “Ялагдашгүй” Армада сайн мэдэж байгаа. Угаасаа хөлбөмбөгт хэзээ ч тодорхой юм байдаггүй.

Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг   “ Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.