Шинжлэх ухааныг өмөөрөхүй
Юмс үзэгдлийг судлах болон эдгээрийн хоорон дахь холбоосыг тогтоон олж авах мэдлэгийн олонлогийг шинжлэх ухаан гэнэ.
Энд би шинжлэх ухааны тухай биш ялангуяа сүүлийн үед манайд дэндүү хавтгайрч байгаа псевдо шинжлэх ухаан болон шинжлэх ухааны нэр барин далайлгах дилэттант үзэгдлийн тухай ярих гэсэн юм. Нэг үгэндээ шинжлэх ухааныг өмөөрөх гэсэн билээ. Псевдо шинжлэх ухаан болон дилэттант нь тодорхой хүмүүст эрх мэдэл, нэр хүнд, ашиг завшаан болоод байна гэдэг өнцгөөс нь биш;, иймэрхүү солиорол нийгэмд ямар хор холбогдол учруулж байгаа талаас нь ярих гэсэн юм. Шинжлэх ухаанд хүрээгүй оргил, тайлаагүй оньсго үй түм бий. Энэ нь шинжлэх ухаанаар даажигнах нэг шалтаг болж байна. Шинжлэх ухаан тайлбарлах аргагүй, ерөөсөө тайлбарлах бололцоогүй зүйл ч бий. Шинжлэх ухаан алив бодит зүйлийг тал талаас нь судалдаг. Мораль, этик эсвэл үхэх төрөхийг процесс талаас нь хэлнэ үү гэхээс цаад мөн чанарын тухай ярих бололцоогүй. Асуудлын энэ талыг гүн ухаан, шашин, урлаг, утга зохиол хариуцдаг. Энэ сонин зааг нь шинжлэх ухааны нэр баригсдад далим болдог. Зарим хялбар харагдах зүйлийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй явна. Анагаах ухаан гайхамшигт амжилтанд хүрсэн боловч халзрал, ханиад хоёрыг өнөөдөр хүртэл яаж ч чаддаггүй. Энэ бол бас мундаг далим.
Судлаачид нийт шинжлэх ухааныг математик логик, биет, амьд байгалын, нийгмийн гэж дөрөв ангилдаг. Шинжлэх ухааныг ажиглах, ангилах, логик гаргалгаа хийх, турших, таамаглах, тооцоолох, загвар бүтээх гэсэн үндсэн хэдэн аргаар судалдаг. Яг энэ цэг хүртлэхийг шинжлэх ухаан гэнэ, үүнээс цааших нь биш гэсэн нарийн зааг хязгаар байхгүй ч эрүүл хүн галзуу хүн хоёр шиг хоорондоо ялгаатай. Төрөл ангилал олонтой, судлах арга арвинтай, нарийн заагласан хилгүй энэ байдал нь хуурамч “эрдэмтэд” орж ирэн шинжлэх ухааны нэр барьж үймүүлэхэд тааламжтай үүд хаалга болж байгаа юм.
Монголд ХХ зууны турш шинжлэх ухаан хөгжиж, ялангуяа жараад оноос хойш асар том дэвшилд хүрч, нүүдэлчдийн үр хүүхэд шинжлэх ухааны үр шимийг хүртэж зарим нь дэлхийд нэрээ гаргасныг энд огт үгүйсгэх гээгүй. Зөвхөн цөмийн физикт гэхэд бараг зуугаад монгол эрдэмтэн төрсний дотор Чүлтэм, Намсрай, Ганцог нарын бүтээл гадаадад байнга ишлэгддэг. Эзэмших мэргэжил, амьдрах газраа иргэд чөлөөтэй сонгох эрхтэй болсноос хойш шинжлэх ухаанд амжилт гаргаж буй монголчууд цөөнгүй сонстох боллоо. Японд сурч байхдаа генетикийн нээлт хийсэн залуу, Германд нанотехнологиор шинэ технологи гаргасан хүүхэн, францын автомашины компанид шинэ загвар үйлддэг дизайнер гээд цоорсон амжилт гаргагчдаас гадна олон монголчууд гадаадын электроник, биотехнологийн хүрээлэнгүүдэд амжилттай ажиллаж байгаа. Энд монгол хүний хүмүүн бус онцгой генийн тухай ярих гээгүй, хүч хөдөлмөр зараад хичээвэл бид хэнээс ч дутахгүйг л сануулж буй хэрэг.
Албан ёсныхон Шинжлэх ухааны нэр барьж бусдыг айлган сүрдүүлэхээс авахуулаад хий цэцэрхэх бүх үйлдэл хийдэг эхний бүлэг хүмүүс шинжлэх ухааны албан ёсны байгууллагуудад ховор бус байдаг. Ялангуяа үүнд нийгмийн ухаан салбарынхан гаажтай. Монголд орчин үеийн шинжлэх ухаан орж ирэхтэй зэрэгцэн марксист үзэл суртал давхцсан. Марксизм бүх шинжлэх ухааныг тэр дундаа нийгмийн ухааныг тэр чигээр нь удирдан захирч байв. Нийгмийн ухаан байтугай, генетик, кибернетик зэрэг тодорхой ухааныг ч үзэл сурталжуулан хүчингүйд тооцож байсан юм чинь. Марксизм өөрийгөө шинжлэх ухааны цогц гэж үздэг байсан. Харин Карл Поппер шинжлэх ухаанд шалгуур тавьж үзээд юун түрүүн марксизм нь шинжлэх ухаантай ямар ч холбоогүй болохыг тогтоожээ. Түүний шалгуураар шинжлэх ухаан шалгагддаг байх ёстой, няцаагддаг байх ёстой, тухайн нөхцөл байдалд тохируулан тайлбар нь засагддаггүй байх ёстой гэх мэт.
Нэгэнт марксизм нь ноёлогч хэсгийн үзэл суртлын муна байсны хувьд нийгмийн шинжлэх ухааныг тэр чигээр нь атгаж мөн энэ зорилгодоо ашиглаж байв. Юун түрүүн түүх, философи, социологи, эдийн засаг, утга зохиол судлал бүрэн хэмжээгээр;, сурган, хэл зүй, психологи заримдаг хэмжээгээр зөвхөн үзэл сурталд зориулагдаж байсан учир шинжлэх ухаанлаг утгаа алдсан байсан юм. Судалхууны агууламж, арга зүй, гаргалгаа, дүгнэлт нь эхлээд буй болчихсон;, судлаачид дээрээс тогтоож өгсөн бэлэн хариуг ямар ч утга учиргүйгээр процесстэй тааруулан тайлбарлана. Ийм учраас дээрхи шинжлэх ухааны салбаруудыг шинжлэх ухаан утгаараа манайд бараг огт байгаагүй гэж хэлж болохуйц. Эдийн засагчид эдийн засгийн амьдралд болж буй үйл явдлын мөрөөр судалж ямар учиртайг нь гаргаж ирэхийн оронд урд талд нь гарчихсан яах ёстойг нь номлоно. Тэр байтугай хэл зүйчид хүмүүсийн хэлэлцэж байгааг судлахын оронд яаж хэлэлцэж нэвтрэлцэхийг нь урьдаас зааварлана. Түүхчид дээрээс зааж өгсөн өөрийн гэх бэлэн хариутай, тэрийгээ өнгөрсөн баларсан түүхэн процесст зоргоороо тааруулан ангилна.
Марксизм сүйрснээс хойш манай нийгмийн ухааны эрдэмтдийн зарим нь “хүнээ байж” эхэлжээ. Ярьдаг байсан юмныхаа эсрэгийг суртчилдаг болсныг ойлгож болно. Шашин, мухар сүсэг, мистик, элдэв паранормал үзэгдэлтэй өөрийн “шинжлэх ухааныг” хольж нүд хальтармаар гибрид бүтээгдэхүүн гаргаж авах боллоо. Энэ аймаар юмаа шинжлэх ухаанч арьсаар нөмөрч нийгмийг, ялангуяа залуу үеийг хордуулах болов. Мөөг шиг олширсон дээд сургуулиудаас төрөх тэдний бүтээгдэхүүнүүд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм ярих байтугай хийж явах болсон нь нийгэмд тусаж буй хамгийн хүнд хор нь. Одоо Монголд 130 орчим мянган залуус “дээд сургуульд” сурч буйн дэндүү дийлэнх нь амар гэж үзэж нийгмийн ухааныг сонгожээ. Эд бүгдээрээ шахам эдийн засаг, хуулиар цэнэглэгдэж байгаа. Нарийн дээрээ тулбал адармаатай шинжлэх ухаан шүү дээ. Барьц алдсан физик, математик, химийн эрдэмтэд ч гал үүсгэгч, үзмэрч нарыг тодруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Аянгын онол ч гэх шиг илүүтэй мистик мухар сүсгийн гаралтай “онол” ярьж шинжлэх ухаанжуулж байсныг хүмүүс мартаагүй л байх.
Мөнхийн хөдөлгүүр, философийн чулуу гэх мэтийн шинжлэх ухаан нэг талд нь гарчихсан асуудлыг ч манай эрдэмтэд шүүрэн барьж Нобелийн шагнал горьдох болсон нь ямархуу баримжаа төвшинтэй байгааг илтгэнэ. Хүнд шинжлэх ухаанаас гадна шинжлэх ухааны бус хэрэгцээ ч байдаг бололтой. Тиймдээ ч зөгнөл, хийсвэрлэл, аймшиг, элдэв фантаз, чөтгөр шулмын талаархи яриа элбэг байдаг. Энэ хэрэгцээ нь үзэл сурталд бүрэн захирагдаж хориотой байгаад гэнэт тавигдахаар эрээгээ алдаж үнэн худал хоёр хэр хэмжээнээс хэтрэн холилддог юм болов уу? Шинжлэх ухааны түүх өөрийн адал явдалтай. Амьдаараа шатаагдсан Бруно, тамлуулсан Галиллей, галзуугийн больницод хүргэгдсэн Лобачевскийн домог манай олон эрдэмтдийн хүн ойлгохын аргагүй юм ярьж буйгийнх нь цаад зөвтгөл болдог. Аугаа эрдэмтэд хүмүүст ойлгогдохгүй байсан нь түүх, гэхдээ өнөөдөр хүнд ойлгогдохгүй юм ярих нь аугаагийн шинж биш байхаа. Македоны Александр аугаа баатар байсан нь үнэн, гэхдээ үүний төлөө сандал хугалах ямар хэрэг байна? (Гоголийн үг шүү!)
Шинжлэх ухааны ач холбогдлоор далимдуулан хэр хэмжээнээсээ хэтэрсэн юм нэхэх үзэгдэл урьд ч байсан, одоо бүр ч гаарчээ. Саяхан манай “эрдэмтэд” нанотехнологи судалгаанд 27 тэрбум төгрөг эхний ээлжинд нэхэж байна. Үүнийгээ “ганц хүн казинод тоглоод ийм хэмжээний мөнгө алдсантай харьцуулах юм бол...” гээд шал хачин логикоор тайлбарлаж байх юм. Энэ дэлхий хөдөлмөрийн хуваарьтай. Суурь судалгаа нь хэтэрхий их мөнгө хөрөнгө, технологи, техник, дадлага туршлага, мэргэшил, хүн хүч шаардах мөртөө эдийн засгийн ашиг нь алсдаа гардаг. Иймээс хөгжингүй орнууд япончуудыг суурь судалгаанд мөнгө гаргахгүй, хэт ашиг харж бусдыг паразитлаж байна гэж шүүмжилдэг. Ихэнх орнууд хэрэглээний шинжлэх ухаанд анхаарлаа хандуулдаг нь аргагүй шалтгаантай юм. Компьютэр зүйд бид төдийлөн мөнгө хаяагүй боловч гайгүй хэрэглэгчийн төвшинд очиж байна. Эдийн засагт дивергенци гэсэн ойлголт бий. Иймээс шинээр буй болж байгаа технологийн тогтож буй стандартуудыг ойлгодог, хурдан шилжиж чаддаг, ашигтайг нь өөриймшүүлдэг байх нь бидэнд илүү өгөөжтэй. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Японд, 10 хувь Европт ноогдож байна. Ингэхээр шинжлэх ухааны тэргүүний ололт юун түрүүн өндөр хөгжилтэй оронд ноогддог, бусад нь сайн хэрэглэгч, овсгоотой ашиглагч байхаар хөдөлмөрийн хуваарь тогтжээ.
Шинжлэх ухаан хоцрогдолд байгааг манай олон мэргэжилтнүүд техник технологитой холбож тайлбарладаг. Гэтэл асуудал үнэндээ тийм биш. Хай тек хэмээх тэргүүлэгч техник технологитой харилцахын тулд маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. Эм Ар Ай, томограф зэрэг багажгүй бол Монголын анагаах ухаан сөнөж байна гэсэн “онол” газар авсан. Гэтэл энэ хай текийн гаргаад ирсэн зургийг унших чадвартай хүнгүй бол ийм үнэтэй хогоор юу хийнэ! Эм Ар Айгаар авсан зургаар олон хүн тархины хавдартайгаар оношлогдсон инээдтэй явдал тохиолдсон. Гадаадад очоод шалгуулахаар өвчтөн болгон зүгээр гараад байдаг. Явж явж аппаратны дуранд юм наалдчихсан болох нь хожим илэрсэн гэнэлээ. Хоцрогдол техниктээ биш хүндээ юм биш үү?
Сайн дурынхан. Өдгөө шинжлэх ухаан төрөлжин хэдэн арван мянгад хүрсэн ба тодорхой нээлтэнд хүрэх явдал нь хэдэн мянган эрдэмтдийн хамтын чармайлтын үр дүн болжээ. Нобелийн нэг шагналтны ард түүнийг энэ амжилтанд хүргэсэн 40 мянган эрдэмтэн зогсож байдаг гэсэн тооцоо бий. Иймээс Архимед шиг усанд орж байснаа гэнэт “эврика” гэж орилон гүйх шалтаг өнөөдөр олдохоо больжээ. Ломоносов голлох арваад шинжлэх ухааны салбарт ажиллаж олон арван ШБОС бүтээсэн гэдэг, өдгөө ийм универсализм огтоос бололцоогүй. Юутай ч шинжлэх ухаан сонирхогч сайн дурын уран сайханчдад ямар ч нүх үлдээгүй. Өнөөгийн шинжлэх ухаан асар их хөрөнгө мөнгө, технологийн дэвшил, нарийн методлоги, өндөр мэрэгшил шаардана.
Математик сонирхогч залуу хүн бүр Фермагийн теоремыг батлахаас ажлаа эхэлдэг. Энэ ч яахав харахад амар юм шиг болохоор нь бүгд л оролддог. Үүнтэй төстэй, тухайлбал Паскалийн гурвалжин маягийн наргиантай юмыг хэн ч тоо үржүүлж хувааж суугаад олчиж болно. Ухаан нь гутлынхаа размерийг хоёроор үржүүлээд сууцныхаа талбайг гаргаж ирэх ба үүнээсээ хоёр дахин язгуур гаргахад пи тогтмол гараад ирж байх жишээтэй. Ингээд л хоорон дахь холбоосыг нь хайж эхлэх ба хамгийн хачирхалтай нь олж орхино. Юм нээхэд аймаар хялбар байгаа биз? Тухайн шинжлэх ухаанд системтэй сургалтаар дамжин очоогүй бол юун амжилт гаргах байтугай баримжааг нь авч чаддаггүй. Гутлын размер 38 байна гэдэг юуг ч эс өгүүлнэ. Метрийн системээр энэ нь 25, англи тооллоор 6 болж орхино. Хоёроор үржүүлэхээр гэрийн чинь талбай гарч байгаа нь энэнд ямар хамаа байна? Тэр квадратыг футээр, эсвэл тохойгоор хэмжвэл шал өөр үр дүн гарна. Гэтэл энэ бүхэн зөвхөн аравтын систем. Хэрэв өдгөө тоон системд хэрэглэдэг хоёртын системээр тооцвол дахиад л шал өмнөө болно. Пи, фи гэх мэтийн физик тогтмолуудаас гадна шинжлэх ухаанд өөр олон тогтмолууд бий. Үүний мөн чанар амьд организмтай ямар ч холбоогүй.
Өнөөдөр анагаах ухаан урьд хэзээ ч байгаагүй туйлдаа хүртэл хөгжжээ. Энд тэндээс элдэв ургамал бодис нийлүүлж цуглуулаад хорт хавдар, ДОХ зэргийг эмчлэх бололцоогүй. Анагаах ухаан ийм тохиолдлын шинжтэй үеэ хэдийнээ өнгөрөөсөн. Хорт хавдар гэхэд л өөрийн гентэй, уурагтай, сэрэх орчинтой болох нь тогтоогдсон. Энэ өвчинтэй тэмцэх асуудал молекуляр биологи, генетик, генийн инженерийн асуудал болсон. Хүний тусах янз бүрийн өвчний тэн хагас нь шинжлэх ухааны аргаар, үлдсэн хагас нь хүний өөрийнх нь сэтгэл санаагаар эмчлэгддэг гэдэг юм билээ. Иймээс элдэв бариач, үзмэрч, ид шидтэнийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тэд ид шидээр гэхээсээ өвчтөний сэтгэл зүйд сайн нөлөөлснөөр эмчлэх тохиолдол элбэг. Гэхдээ үүндээ эрдээд элдэв хор хөнөөлтэй бодис, аргачлал, хорхой шавьж руу орж хорлоод хаях нь илүү элбэг харагдана. Ангинад сайн гээд хүүхдэд адууны гуур идүүлээд хоолойгоор нь нэг хорхой үүрлүүлчихсэн тохиолдол саяхан гарч байх жишээтэй.
Нийгмийн шинжлэх ухааныг дураараа тайлбарлаж болдог, барих барьцгүй, худлаа дэлссэн ч баригддаггүй юм шигээр ойлгох хандлага сайн дурынханд их тархжээ. Гэтэл нийгмийн амьдрал нь дэндүү олон оролт гаралттайдаа л яг таг тогтоож болдоггүй гачлантай. Туршилтаар баталж болдоггүй зовлонтой. Фашизм, нацизм, коммунизм зэрэг балмад туршилт шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахаасаа илүүтэй хүн төрлөхтөнд гамшиг зовлон авч ирдэг. Хэдийгээр тоо томшгүй оролт гаралттай ч гэсэн нийгмийн ухаан нь өөрийн судалхуун, предмет, методлоги, гаргалгаа, логиктой шинжлэх ухаан мөн. Харин ч тодорхой шинжлэх ухааныг бодвол илүү хүнд гэж хэлж болохуйц зүйл юм. Тухайлбал үгийн гарал зүй судалдаг этомологи гэх ухаан байна. Дуртай үгээ дураараа тайлбарлаж хүн болгон чадах учраас Америк гэдэг бол “амь эрэг” гэсэн монгол үгнээс гаралтай гээд залахад хэсэгтээ л хэн ч юу ч гэж чадахгүй. Гэхдээ үүнийг судалж тогтооно гэдэг тийм амар зүйл биш. Тухайн нэршил үүссэн байх маш өргөн талбар бий, цаг хугацаа орон зай зэрэг дэндүү олон хүчин зүйл бас нөлөөлнө. Ингэхээр бодсон шиг амар юм биш л дээ. Тогтоочихсон ч хүлээн зөвшөөрөгдөх нь тодорхой шинжлэх ухааныхаас илүү хэцүү. Нэг л үгэндээ шинжлэх ухаанд сонирхогчдын зай завсар байхгүй. Түүхийн баримтад буй ганц үг авиа олон түүнээ хөгжүүлж бүхэл бүтэн салбар ухаан үүсгэчихсэн яваа сайн дурын уран сайханч “сартваахи” мөн ч олширч дээ. Бишгүйдээ л нэг хүний толгой дээр алим унасан. Бүгдийнх нь толгой дээр булдруу л үлдээсэн бол, чухам Ньютоны толгой дээр унасан алим л бүх ертөнцийн таталцлын хуулийг нээжээ. Харин Ньютон сайн дурын уран сайханч биш, гоц мэргэжилтэн байсан юм шүү.
Жич: Энэ сэдвээр бичиж эхэлтэл сонины талбайд багтахын аргагүй сунжирч байна. Шинжлэх ухааны нэрийг барьж нийгэмд гай тарьж байгаа луйварчид, сэтгэцийн эмгэгтнүүд болон энэ бүхний цаад эх сурвалж болсон манай боловсролын тогтолцоо, нийгмийн сэтгэлгээний төвшингийн талаар дараагийн долоо хоногт үргэлжлүүлье. Санал байвал babarrb@yahoo.com хаягаар бичиж болно.