Г.Равдан: Энэ дотроо тээж яваа юмаа бас нэг хөнгөлж, гадагшлуулж авъя гэж бодсон юм
“Ярилцъя” буландаа та бүхэнтэй театр, киноны нэрт жүжигчин, гавьяат жүжигчин Г.РАВДАНГ уулзуулахаар урилаа.
Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
“Ярилцъя” буландаа та бүхэнтэй театр, киноны нэрт жүжигчин, гавьяат жүжигчин Г.РАВДАНГ уулзуулахаар урилаа.
-Тантай уулзаж ярилцлага авахсан гэж хүсдэг байлаа. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа?
-Энэ том сонин намайг зочноороо урьсанд дотроо их баярлаж байв ч чамд байцаагдана гэхээр жаахан тэвдэж байх чинь.
-Байнга л айлын хойморт тухалж байдаг телевиз, радиогийн ийм том зүтгэлтэн хүнд тэвдэнэ гэсэн ойлголт байдаг гэж үү. Сая таныг оройн мэдээ бичүүлж байхад нэлээн харж суулаа. Бас л амаргүй ажил бололтой?
-Нэг их айж тэвдэх нь юу юм. Хуучны хэллэгээр бол айхтар хариуцлагатай ажил. Өөрийн эрхгүй л би алдаж болохгүй шүү гэсэн хатуу анхаарлаар өөрийгөө шахаж байгаа хэрэг л дээ. Тэр шахалтаасаа болоод жаахан тэвддэг заншилтай болчихсон. Одоо ч бас нас зүс гэдэг маань хуучин шигээ биш болохоор хэт хичээхээр тэрнээсээ болоод өөрийгөө дарамтад оруулчих гээд байдаг болжээ.
-Та залуухнаараа, бас их эрч хүчтэй харагдаж байна шүү дээ?
-Өө, за баярлалаа.
-Равдан гуайтай уулзвал зөвхөн “Сүүдэр” киногоор л амьсгална даа гэж мөрөөддөг байлаа. Соргодогийн Жаргалсайханы “Сүүдэр” киноны дүр бол таны кино урлагт хийсэн нэлээн том ажлуудын нэг байх. Энэ киногоор та дотроо байгаа бүх юмаа гаргаж чулуудсан байх аа. Ийм хэмжээний дүр тохиох бол жүжигчин хүнд хувь тавилан биз дээ?
-Соргодогийн Жаргалсайханы энэ зохиол уг нь анх “Айлын том хүү” гэж тууж байсан юм л даа.
-Тийм?
-1985 онд өмнө нь би Балжинням найруулагчийн “Ацаг шүдний зөрөө” гэж кинонд тоглосон байсан. Кино маань дэлгэцэнд гараад удаа ч үгүй байтал дараагийн киноны санал ирсэн. Анх надад Балжинням найруулагч хэлсэн л дээ. С.Жаргалсайханы “Айлын том хүү” туужаар кино хийхээр боллоо гэж. Ингээд тэр том найруулагчаас хоёр дахь кинондоо тоглох урилгаа хүлээж авч байгаа нь энэ. Эхлээд зохиолоо уншуулахаар өгсөн л дөө. За, чи үүнийг нэг уншаадах. Дотроо сайн бод. Сэтгэлд чинь юу орж ирэх нь вэ, сайн судлаадах гэж байна. Авч яваад уншлаа. Сэтгэлийг өөрийн эрхгүй булгилуулаад ирсэн. Залуу ч байлаа. Ёстой үүнд чинь нэг тогловол тоглоод үзвэл яасан юм гэж бодогдож байсан л даа. Зохиол ч гэж зохиол юм аа. Тэр амт шимт, дүр гэж янзтай. Ингэж тохироо бүрдэж байхад жүжигчин хүн бариад авдаг газар биз дээ. Ингэж л би “Сүүдэр” кинонд тоглосон юм даа.
ХӨДӨӨНИЙ ХЭРСҮҮ ХҮҮХДИЙН БАХАРДАН ХАШГИРСАН ТЭР ҮГ НАМАЙГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДҮРД МААНЬ ГУД ТАТАН ОРУУЛСАН
-Жүжигчин хүнд бол мөрөөдөж үхмээр гоё дүр байх. Дотоод сэтгэлийн иймэрхүү дүрүүдтэй тэр бүр учрахгүй биз дээ?
-Тэр бол мэдээж. Дээр нь хамтран тоглогч хэн байхаас их зүйл шалтгаална шүү дээ. Аз тохиож Долгорсүрэн байж таарсан. Тэр Долгорсүрэн гэдэг чинь та минь ээ, хамтран тоглоход ямар гаажтай жүжигчин гэж санана аа. Хамтран тоглоход цаад партнёрын өгөөж гэж юм байдаг л даа.
-Нэг зиндааны хоёр том жүжигчин нэг талбар дээр тулж таарсан. Монгол кинонд мөнхөрсөн бас нэгэн гайхалтай хослол та хоёрын тоглолт байх?
-Базарваань, Долгорсүрэн бол гайхалтай жүжигчин. Жүжигчин хүн ганцхан өөрийнхөө дүрийг чирээд, өөртэйгөө ажиллаад байхаас илүү дүрүүд хоорондоо харилцан шүтэлцэж байж, уусан нэгдэлцэж байж тэр харилцаан дунд хэн хэнийх нь дүр товойж, хэн нь хэн бэ гэдэг нь тодорч ирэх учиртай байдаг. Долгорсүрэн бид хоёрын тоглолтуудын тэр өгөлт авалт, бие биенийхээ тоглолтыг маш сайн мэдрэлцэж чадсан маань тэр дүрүүдийг амь оруулсон байх. За тэгээд дүрүүдийн бичилт бол үнэхээр гайхалтай л даа. Аргагүй шүү дээ. С.Жаргалсайхан тэр үед үнэн хүчтэй байсан юм чинь. Тэр үед Соёлын яаманд ажиллаж байсан. Зохиолчтойгоо очиж уулзаж танилцахаас л хамаг юм эхэлнэ шүү дээ. Сайхан уулзаж ярилцлаа. Би тэр үед таньдаггүй байсан юм чинь. Насаар надаас хэд дүү хүн байсан. Хожим сайхан найзууд бололцсон.
-“Сүүдэр” бол Монголын кино урлагт боссон нэг том хөшөө л дөө?
-Тэгэлгүй яах юм.
-Долгорсүрэн жүжигчин та хоёр хоёулаа тэр киноноос хойш нэг л ханачих шиг болсон. Та ер нь одоо Дугартайгаа өрсөлдөхүйц дүр хүсдэг үү?
-Хүсэлгүй яахав. Нэгэнт л би жүжигчин хүн болж заяаснаас хойш мэдээж хэрэг өөрийн дотоод сэтгэлд байгаа бололцоог бүгдийг нь гаргахыг хүсч л таарна шүү дээ. Бас нэг энэ анзааны дүртэй учрах юмсан. Тэрнээс ч илүү миний авъяас билэг, оюун ухаан, ур чадвар шаардсан, бие сэтгэлийн болоод ухааны царыг минь шавхсан дүр таарвал үзээд алдахсан гэж мөрөөдөлгүй яахав. Надад ийм хэмжээний дүр учирдаг бол би ахиад хүчээ сориход бэлэн шүү дээ.
-Дугар бол амьдралын гашуун үнэнд шахагдан дотроо өөртэйгөө үзэлцэж, хамаг сэтгэлийн тэнхээгээ барж байгаа дүр. Нөгөө талаас эр хүний хувьд өөрийгөө яллаж, өөртөө хамгийн гачлантай асуултыг тавьж чадаж байгаа ховорхон чанарыг шингээсэн. Та дүрдээ яг хэзээнээс эхэлж дурласан бэ?
-Киноныхоо үйл явдлаас хөөе. Бас л нэг бодол болоод, өөрийгөө яллаад л морин дээрээ нэг муу юм сажилж явтал алсаас давхиж ирж байгаа хүүхэд харагддаг. Хүүхэд ч тулаад ирдэг. Ээж нь зүгээр үү гэсэн үйлийн үргүй амнаас унаж ирж байгаа асуултын хариуд урдаас “Ээж зүгээр ээ. Та манайд ахиж битгий ирээрэй. Та миний аавыг алсан. Чи миний аавыг санаатайгаар орхиж явсан. Ээжтэй сууж манай юмны эзэн болох гэж чи ирсэн биз дээ” гэж хашгирдаг. Хөдөөний хэрсүү хүүхдийн бахардан хашгирсан тэр үг намайг өөрийн эрхгүй дүрд маань гуд татан оруулсан. Худлаа худлаа гэж хар тэнхээгээрээ хашгираад, мориноосоо бууж очоод нөгөө хүүг эмээлээс нь ховх татаж унагаад өөрийн эрхгүй хашгирч, хий дэмий нухаад байдаг шүү дээ. Тэгээд л хар хурдаараа давхиад, дараагийн кадр дээр модны хажууд “Би алаагүй шүү дээ” гээд цурхирч, хамаг цээжний бөглөөсөө гаргаж, багтраагаа тайлж байгаа хэсэг л юм даа. Тэр хэсэг бол киноны нэлээн чухал хэсэг. Учиг зангилаа тайлагдаж байгаа, жүжигчнээс бас дотоод хүч шаардаж байгаа хэсэг л дээ. Тэгээд манай найруулагч сайн шүү дээ.
-Майхны гадаа тарвага өвчөөд байж байдаг нэг хэсэг бий дээ?
-Тийм.
-Ёстой нэг яахаа мэдэхээ байчихсан байж байтал нөгөө эмэгтэй өөрөө хүрээд ирдэг. Энэ хэсэг бол бас л чамин тоглолттой шүү. Догдолж, түгшиж, гэрэвшиж байгаа атлаа хажуугаар нь эр хүний нэг тийм ялалтыг мэдрээд л... Тэгсэн хэрнээ сэтгэлдээ болж байгаа энэ олон явдлаа гадагшаа нууж ядаад л...?
-Тэгээд нэг шийдэж байгаа юм. Муу гэрээ ахынхаа өвөөлжөөн дээр дарчихаад яваад очъё гэж тэнд л хэлдэг дээ. Өмнө нь ерөөсөө шийдэмгий үг унагаж өгдөггүй шүү дээ. Тэгээд цаг нь болоод хэлсэндээ яваад очъё гэхээр нөгөө дотроос шалдаг асуулт нь зовоогоод, ёстой нэг өөрийгөө тарчлааж байгаа юм л даа.
-Долгорсүрэнгийн тоглолтуудаас таныг өөрийн эрхгүй огшоодог хэсэг бий юу?
-Долгорсүрэн бол үнэхээр амьд тоглолттой. Энгийн мөртлөө үнэн. Тэгсэн мөртөө дотроосоо бугшиж, дотроосоо нэрж, гадагшаа нэг их айхтар дүр үзүүлээд байхгүйгээр зугуухан зүрхнээсээ яргаад гаргаад ирдэг тоглолттой жүжигчин л дээ. Миний тоглолт гайгүй сайн болсон бол тэр нь Долгорсүрэнгийн тоглолттой л их холбоотой. Дээр нь найруулагчийн чадвар. “Сүүдэр” кинон дээр Долгорсүрэнгийн нэг хэсэг бий. Гадагшаа тэсэрч байгаа нэг хэсэг байдаг даа. Шөнө нь бид хоёр нэг шивнэлдэж хонодог шүү дээ. Тэгээд мань хүн өглөө нь аргал хормойлоод гэр рүүгээ алхаж явтал аав нь чив чимээгүй хажуугаар нь өнгөрөхдөө хуйваар нуруун дундуур нь ороолгочихдог. Тэгэхэд тэр тэсэрч байгаа байдал. Бас тэр холбоотой хонь сааж сууж байснаа гэнэтхэн холбоогоо цувж хаяад “Яадаг юм. Би чинь эмэгтэй хүн шүү дээ” гэж ээж рүүгээ хандан бахардан хэлж байгаа хэсэг. Ай мөн ч гаажтай тоглолт гарсан даа.
-Тэр өвгөн их мундаг дүр шүү дээ. Цас будраад л, өвгөн нэг шар гаргачихсан. Тэр хэсгийн зураг авалт нь үнэхээр гоё оо?
-Тэр өвгөнд тоглосон хүн чинь Ховдын театрын жүжигчин Гомбонягаа гэж хүн байсан юм. Сайхан жүжигчин. Өнөө муу Дугарыг хүрээд ирэх байх гэж бодсон. Байдаггүй шүү. Наадахаа сайн татаач дээ, чи. Ус ууж өвс идсэн амьтан уу. Хойтон жилийн идэшнээр өвөө чинь байгаа ч уу, үгүй ч үү... гэж амандаа бөвтнөж байгаа тэр хэсэг үнэхээр амьд тоглолтуудтай л даа.
-Тэр хүү одоо хаана юу хийж явдаг бол?
-Мундаг. Тэр үедээ бол хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийн хүүхэд байсан. Одоо том эр болоо биз дээ. Отгонбаатар гэдэг юм. Манай Архангайн хүүхэд байгаа юм, тэр чинь. Багануурт байгаа болов уу.
-Тэр унагасан шараа тэгээд яасан бэ?
-Яах аргагүй л унагах нь унагасан. Цааш нь яасныг мэдэхгүй. Тэр зураг авалт бол тэр чигээрээ оригинал л даа. Амьдралын үнэр тэгж байж л жинхэнэ ёсоор ханхална биз дээ.
ДОЛГОРСҮРЭН ЯАГААД ТЕАТРААС ЯВСНЫГ ХҮҮХЭН ЖҮЖИГЧДЭЭС НЬ АСУУ
-Таны хамгийн хайртай эрэгтэй жүжигчин хэн бэ?
-Чимэд-Осор гуай. Чимэд-Осор гуайн тоглолтуудад би үнэхээр дуртай. Эмэгтэй жүжигчдээс бол Цэвээнжав гуай. Цэвээнжав гуай бол арга байхгүй төрчихсөн амьтан л даа.
-Таны партнёр Долгорсүрэн одоо хаа явна аа. Хайгаад олохгүй байна?
-Эрдэнэтогтох тэр хоёр маань хувиараа л юм хийж байгаа болов уу даа. Тэр сайхан жүжигчин ингээд зэвэрчихлээ. Ид л үзэж байдаг үе нь шүү дээ.
-Театраас яагаад явчихсан юм бол?
-Хэн мэдэх вэ дээ. Тэр хүүхэн жүжигчид л мэдэж байгаа байх. (инээв) Надаас хойшхи явдал шүү дээ. Нэг буцаад театрт ирсэн юм. Тэгж байснаа төд удалгүй явцгаасан. Эрдэнэтогтох ч мундаг жүжигчин шүү дээ.
-Өөрт ногдоогүй бусдад олдсон дүрээс энэнд л тоглосон бол гэж хорхойсдог дүр танд байдаг уу?
-За даа, ер нь нэг их тийм юм байхгүй дээ. Би их хожуу кинонд тоглосон хүн шүү дээ. 1975 онд кино драмын анги төгсөөд, долоо найман жил болж байж найруулагч нарын хараанд өртсөн. Тэр үед бол би кинонд тоглохсон гэж мөн их бодож байсан даа. Сэтгэл гижигдсэн дүрүүдийг хараад байж ядна. “Эх бүрдийн домог” дээр Нямсүрэн ах Догшин хард тоглоод л. Ямар ч сайхан юм. Манай Дорлигжавын кинонууд байна. Цэвээнравдангийн тоглосон кинонууд байна. Тийм дүрүүдэд тоглох юмсан гэж их бодно. Энгийн атлаа, амьдралын дотор байдаг, нэг тийм характерный дүрүүдэд тоглохсон гэж мөн ч их хүсдэг байсан. Гэтэл байгалиас надад оноогдсон юм нь нэг ийм шавилхан бие, гавьтай сайхан биш энэ зүс царай байж байдаг. Ямар нэгэн сүрлэг сайхан баатрын ч юм уу дүрд тоглох боломжгүй. (инээв) Хуучны манай хэд бий шүү дээ. Жишээ нь, муухай Пүрэвээ гуайн тоглосон шиг, Гомбодорж гуайн тоглосон шиг жижигхэн атлаа цаанаа л нэг характерный дүрүүдэд үзээд алдах юмсан гэж хүсдэг байсан. Гайхамшигтай туслах дүрүүд ч бас мундаг шүү дээ.
Түрхэн зуур үзэгдээд өнгөрөхдөө үзэгчдийн сэтгэлд харваад орчихдог дүрүүд байдаг.
-Түүхэн кинонуудад танд боломж олдоогүй юу?
-Байхгүй ээ, байхгүй. “Мандухай” дээр тэр харахгүй юу. Лаваг гээд нэг Юнгэн хатны талын нэг нөхрийн дүр өгсөн. Сүүлд Мандухайг харвачихдаг. Тийм юм л оногдсон. Баатар хүний дүрд чинь бас нэг бие хаа, дүр төрх, сүр хүч их чухал шүү дээ. Мань мэт шиг юмнууд арай л тохирдоггүй юм аа. (инээв) Яагаад ч юм нэг тохирч өгдөггүй. Би тэр баатрын хуяг дуулга энэ тэрийг нь өмч үзсэн. Чөрчийгөөд нэмэргүй юм билээ.
-Жүжигчин хүнийг бие бялдраас илүү авъяас нь, дотор нь авч явдаг биз дээ. Манайхан баатар л гэхээр том биетэй хүн хараад байдаг. Сүүлд Чингис хааны дүрд тоглосон японы жүжигчнийг харсан биз дээ?
-Манайхны ойлголт, хүлээж авдаг төсөөлөл арай өөр. Үүнийг бас бодолцох ёстой. Би дотроо өөрийгөө ингэж л чамлаж явдаг. Түүхэн кинонд тоглооч гэсэн санал ч ирж байгаагүй. Нэг удаа намайг манай нутгийн Л.Эрдэнэбулган найруулагч сорьсон юм уу, яасан юм. “Чин Ван Ханддорж” кинондоо намайг Шанзав Бадамдорж болгосон. Тэр гэхдээ нэг их сайн дүр болоогүй байх аа.
-“Гарын таван хуруу” шиг, “Сүүдэр” шиг амьдралд байдаг бодит үнэн зүссэн талх шиг үнэртэж байдаг, сэтгэлд ойрхон кинонууд үнэхээр гоё шүү. Та бол МҮОНТ-д олон жил ажилласан хүн. Яаж яваад энэ радио телевиз рүү ороод ирсэн бэ?
-Сургуулиа төгсөөд би Драмын академик театрт хуваарилагдсан. Театрт ажиллаж байгаад дараа нь кино үйлдвэрт очсон. Театрт би 11 жил ажилласан. Гавьтай ч юм хийж чадаагүй. Ганц хоёр жүжгийн гол дүрд тоглосон уу, яасан. Туслах дүрүүдэд бол нэлээн гарсан. Театрт тэр үед нөгөө мундаг мундаг жүжигчид ид байсан. Отелло ч юм уу, Гамлет надад яаж олдох вэ дээ, энэ чинь. Кино үйлдвэрт очоод дөрвөн жил ажиллаж байтал кино үйлдвэр тарав аа. Дамдинбазар гуай, Дамчаа гуай, Дагийранз гуай, Цэнд-Аюуш гуай нартай хамт ажиллаж, орчуулгын кинонд жаахан дөртэй болсон. Тэр аваргуудаас би их юм сурсан. Тэгж байтал гэнэтхэн л улс тэжээж чадахаа байлаа гээд кино үйлдвэр маань тардаг юм байна. Хэдэн найруулагч, жүжигчин, оператор, зураачид бүгд гудамжинд гарсан. Арга буюу амьдрал хөөх шаардлага гарч ирж, армийн театрт ажилласан. Одоо энэ урлагийн холбооны Тунгалаг гэж бий шүү дээ. Тэр даргаар нь ажиллаж байсан юм. Тэнд бас дөрвөн жил ажилласан. Харин тэнд би нэлээн хэдэн жүжигт тоглосон шүү. Одоо энэ “Х Түц” хамтлагийнхны тавьсан “Аянгын бороо” гэдэг жүжгийг чинь Монголд анх удаа армийн театр тавьж байлаа шүү дээ. Тэнд би гол дүрд тоглосон. Гайгүй хийчихсэн болов уу. Хүмүүс ч тэгж үнэлж байсан. Тэгээд л дараа нь армийн театраас гарсан. Яаж ажилгүй яваад байхав дээ. Радиод орсон. Өмнө нь драмын театрт ажиллаж байхдаа радиотой их холбоотой ажиллаж байсан. Тэгээд л очсон. Наяад оны дундуур намайг радиод ажиллаач гэж санал тавьж байсан л даа. Тэр үед яахав дээ. Кинонд тоглохгүй байж байж гэнэтхэн тоглосон чинь дараалан киноны урилгууд ирсэн. 1985 оноос авахуулаад л жил дараалан 1990 он хүртэл баахан кинонд тоглоод, нэг их хөөрчихсөн амьтан явахгүй юу. Тэгж явахдаа радиогийн саналыг хүлээж авч чадаагүй юм.
-Тэр үед чинь та од байсан биз дээ. Аргагүй шүү дээ?
-Ямар юмных нь од байхав дээ. (инээв) Романууд, туужууд, богино өгүүллэгүүд очиж их уншдаг байсан байхгүй юу. Тэгээд л ирж ажиллаач гэж байсан хэрэг. Ах нь тэр од модны чинь учрыг сайн олдоггүй хүн. Од нь ч юм уу, юу нь ч юм.
СҮҮЛДЭЭ ХАЛАГДАЖ, СОЛИГДДОГ ЗАЯАНДАА ДАССАН
-Танил дуу хоолой, бүгдийн мэддэг дүр төрх гарч ирээд шинэ телевизээр яриад эхлэх дотно санагдаж байна. “Эх орон” телевизээр мэдээллийн хөтөлбөр дамжуулж эхлээд нэлээн хэдэн сар болж байгаа байх?
-Оны өмнө надад санал тавьсан. Би хүлээж аваад залуучуудтай хамтран ажиллаж байна. Радио телевиз хоёр бол хоорондоо их өөр шүү дээ. Урьд нь нэг их ингэж ил гарч мэдээ энэ тэр уншиж байгаагүй. Заримдаа тэвдэнэ шүү. (инээв)
-Телевизийн уран сайхны нэвтрүүлгүүдээр та их л гардаг байсан шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ одоо дээр үеийн тэр сайхан уран сайхны, утга зохиолын нэвтрүүлгүүд байхгүй болсон шүү дээ.
-Тэнд та хэдэн жил ажилласан бэ?
-1995 онд ороод 2007 оны наймдугаар сарын нэгэнд халагдсан гэхээр 12 жил болсон байх шив.
-Халагдсан гэдэг тань юу гэж байгаа юм?
-Халагдахгүй юу. Тушаалаар.
-Яагаад?
-Одоо хөөгдөхгүй юу даа.
-Тийм юм бас болсон юм уу?
-Үгүй одоо болдог л юм байна лээ. Болсон л юм даа. Би ер нь тийм халагдаж явах л учиртай хүн юм шиг байгаа юм. Драмын театрт 11 жил ажиллаад, би бас тушаалаар халагдаж байсан. Энэ нөхөр Равдан бол ёс суртахууны хувьд тэнцэхгүй. Залуу уран бүтээлчдийг буруу үзэл санаагаар уруу татаж, хамт олны уур амьсгалыг эвдэн бусниулж байгаа тул ажлаас халсугай. 14 хоногийн дотор ажлаа ол гэсэн тушаал гарч байсан.
-Ёстой хөгжилтэй юм аа. Яагаад тэр вэ?
-Чи яагаад инээгээд байгаа юм. Болсон явдлыг л ярьж байна шүү дээ. (инээв) Манай Сосорбарам энэ тэр сайн мэднэ. Тэгээд л халагдаж байлаа.
-Тэр чинь хэдэн он билээ?
-1987 он.
-Аан, ардчиллын салхи сэвэлзээд эхэлчихсэн...
-Яахав, энд тэндээс юмны зах сэжүүрээс сонсчихсон. Энэ Со, Цэвээнравдан бид хэд жаахан эсэргүү юм хэлээд байдаг байж л дээ. Тэгээд л халагдчихсан. Тэгээд кино үйлдвэрт очсон. Манай багш нар байлаа. Үнэхээр нэг хэсэг сайхан ажиллаж байсан шүү. Мөн ч их ажиллаж байсан. Ер нь жүжигчин хүн завгүй ажиллаж байх тусам урамтай сайхан байж, улам их эрч хүчтэй ажилладаг л даа. Арьс шиг л элдүүлж байсан үе. Ид сайхан ажиллаж байтал кино үйлдвэрийг тараасан. Ингээд армийн театрт очсон гэж хэлсэн. Армийн театраас бас халагдчихав аа.
-Бас яасан бэ?
-Бас л болохгүй юм хэлэхгүй юу. Бас л таарахгүй байхгүй юу. Би юмыг хэлчих гээд сөрвөгнөөд байдаг зантай хүн л дээ. Ялангуяа дарга нарын өөдөөс. Тэгж хэрээ мэдэхгүй цор цор хийж байж халагдчихдаг. Мэдээж дарга нарт дуулгавартай захирагдаж байдаг. Юм л хэлбэл жаа л гэж байдаг бөхөлздөг улс илүү нийцдэг. Жаахан гэдгэр ааштай, өөдөөс нь юм хэлээд хамт олны дунд нэр хүндийг нь эвгүйцүүлээд байдаг хүн хэрэггүй. Зайлуулахыг л бодно шүү дээ. Ийм юмаар л өөрийгөө халуулах бололцоог бэлдэж өгөөд явдаг хүн байсан. Сая бол яах вэ радио телевизийг шинэчлэх хороо энэ тэр гэж хэсэг нөхдийн хамт тэмцсэн. Тэгж байтал надаас бас нэг жаахан өө гарчихсан. Тэрэн дээр дөрөөлөгдөөд л нэгэн сайхан өглөө Н.Наранбаатар захирлын тушаалаар халагдсан.
-Нэгэн сайхан өглөө... байхдаа яахав дээ. Та нээрээ хөгжилтэй хүн юм аа. Гурван ч удаа халагдаж үзсэн юм байна. Яг халагдсан өглөөгөө юу хийдэг вэ. Таны амьдралд ийм явдал бас нэг биш тохиолдож?
-Хийх юм их байгаа. Зам яагаа ч үгүй байна л гэж бодож байсан юм чинь.
-Ямар ч байсан хаалгыг нь хааж гараад салхи сөрөөд бүрзгэрдүүхэн алхана биз дээ?
-Үгүй ээ. Хэдэн өдөр л бодож суудаг юм даа. Тэгээд л би халагдчихлаа гээд гутарч гуниад, архи дарс уугаад, агсан согтуу тавиад, уйлж унжаад байхгүй. Бодоод л байдаг юм. Сүүлдээ халагддаг заяандаа бүр дасчихсан.
-Өө, халагдаж үзээгүй биш дээ гэсэн шүү юм бодсон шигээ тууж явах уу?
-Мэдээж шүү дээ.
ТЕАТР БОЛ СЭТГЭЛ ЗҮРХ, ҮЗЭЛ БОДОЛ ХОЁРТ ХАМГИЙН ХАТУУ ЯЛ ТУЛГАДАГ ГАЗАР БАЙСАН
-Амьдарч яваа цаг үеийн хувьд бид азтай хүмүүс биш гэж үү. Хуучин нийгмийг үзлээ. Тэрийг халж, шинэ хувьсгал хийхийг үзлээ. Цоо шинэ нийгмийг цогцлоох үйлсэд гар бие оролцож, амьд гэрчүүд нь боллоо?
-Ёстой л нөгөө гурван төрийн нүүр үзлээ гэдэг шиг... Ээ дээ.
-Ийм том үзэгдэл явагдаж байхад хажууд нь тэр улс орны урлагийнхан гар хөлөө эвхээд, ам нь үдээтэй байж байсан тохиолдол ер нь байдаг болов уу. Манай урлагийнхан яагаад ийм номхон юм бэ?
-Харин тийм.
-Ардчиллын төлөө цохилж, дуу хоолой нь болж, ирээдүй үр хойчийнхоо төлөө салхи сөрөн түүчээлж явсан урлагийн зүтгэлтнүүд хэд бол. Ингээд бодоод үзэхээр ердөө ганц хоёрхон жүжигчин байдаг юм. Манай Д.Сосорбарам ах байна, ерэн оны хувьсгалын түүхэн хүмүүсийн нэг. Та, за тэгээд Ц.Төмөрбаатар ах... Ингээд л зогсч байна даа?
-Дамчаа гуай байна.
-Тийм ээ, алдарт Дамчаа агсан. Нийгмээ далдаас шоолж зүрхэлдэг байсан хэдэн найруулагч бас байгаа байх. Бусад нь бүгдээрээ яруу алдарт намын фон болоод, одон тэмдгээ ярайтал зүүгээд сууцгаачихдаг?
-Сайхан сууцгаана л даа. Ёстой нэг ярайх шиг болно шүү.
-Тэгээд улсаас хөрөнгө мөнгө хаясан, томоохон түүхэн кино энэ тэр хийх болохоор мөнөөх нөхдүүд л хуйгаараа эзэгнэчихсэн заларч байдаг. Ийм нэг хачин юмнууд танайхнаас харагдаад байдаг л даа?
-Одоо яая гэх вэ дээ.
-Та бол үзэл санааныхаа зовлонг дотроо тээж амьдарсан хүн байх. Үзэл санаанаасаа болж амсч ирсэн тэр юмнууд хүний тань хувьд таныг хэн болгосон?
-Сайхан асуулт байна. Үзэл санаа төлөвшиж бүрэлдэх үйл явц, нэг залуу уран бүтээлчийн чадан ядан хөлөө олох гэж явсан тэртээ үе хоёр хамт юм. Миний л багш нар надад хувьдаа нийгмийн шинэтгэлийн давалгаа болгонд уран бүтээлийн сэхээтнүүд урд нь явж байх ёстой. Уран бүтээлч хүн нийгэм, цаг үеэ соргог мэдрэгч байж чадахгүй бол урлагийн албатад тэнцэхээ больжээ л гэсэн үг. Энэ утгаараа биеэрээ ч тэр, сэтгэлээрээ ч тэр. Шууд ч тэр, дам ч тэр, эчнээгээр ч тэр, тэрхүү цаг үеийнхээ бүхий л тэсрэлт, үйл хэрэгт оролцож бай гэж сургадаг байсан. Багш нарын минь ач биз. Энэ биеийн ч үйл биз. Надад цаг үеэ чагнаж мэдрэх, шинэ, соргог үзэл санааг дэмжих, тэрнийхээ төлөө шатах чанар илүү цогцолсон. Шатсан хүн тэсэрнэ. Тэсрээд гадагшаа гаргана. Хамаа намаагүй хэлнэ. Тэгээд хөөрхий өөрийгөө намнуулах өгөөшийг дэвсээд өгөхгүй хаачих вэ дээ. (инээв) Гэхдээ харамсах юм алга.
-Манай урлагийнхан дунд нэг нэгийгээ хяргах, замаасаа зайлуулах, сэтгэлээр нь үхүүлэх далд ажиллагаанууд бүр нарийн түвшинд хийгддэг байж ирсэн юм биш үү?
-Ёстой тэрнийг чинь харж, үзэж явлаа шүү дээ. Дэндүү харгис, дэндүү бурангуй. Жинхэнэ ардчилалгүй орчин бол урлаг гэж ярьдаг. Тэглээ тэглээ гэхэд хааны ордонтой ч зүйрлэмгүй хор найруулгууд театрт илүү явдаг байж мэднэ. Дотоод ёс суртахуун гэж аймаар. Жинхэнэ харгислал явагддаг. Үзэл бодлоороо арай тод ялгараад байгаа нөхөр дээр сүүдэр нь илүү том тусна. Чи дуулж л байсан байх. Алдарч жүжигчин Цэрэнпагмыг ид үед нь. Өчигдөрхөн тайзан дээр тодрон цойлж, үзэгчдийг байлдан дагуулж байсан тэр гайхамшигт жүжигчнийг атаа жөтөөнөөсөө болоод, жаахан далим гарангуут маргааш нь л за, чи үзэгчдийн танхимыг тэр шатнаас тэр шат хүртэл цэвэрлэнэ ээ хө гээд хувин тэврүүлээд, цэвэрлэгч болгочихож байсан шүү дээ. Үзэгчид жинхэнэ тэр жүжигчнээр амьсгалж, алга ташилт нижигнэж байсан үед театр бусад хүүхнүүдийнх нь атаа жөтөө, хорон санааны золиос болгоод татаад унагачихаж л байсан. Өөрсдийн гараар тэр идеалыг нухчин дарж унагаж байна аа даа. Ийм ийм аймаар харгислалуудыг харж, зүрхэн дундуураа зүсүүлж байлаа.
-Аймаар юм. Бараг хайр сэтгэлийнх нь асуудлаас болж яллаж байсан юм биш үү?
-Ёс суртахууны хувьд ноцтой алдаа гаргасан гэдэг нэг хаяг зүүгээд л түлхэж байгаа юм л даа.
-Театр дээр үед хүмүүсийнхээ сэтгэл зүрхний асуудлыг хүртэл хурлаар авч хэлэлцдэг газар байсан юм билээ?
-Сэтгэл зүрх, үзэл бодол хоёрт хатуугаас хатуу “хууль” үйлчилдэг байсан.
-Таныг театрт байсан цаг үед зарим хүн хэт азтай, зарим нь дэндүү азгүй явсан юм шиг?
-Тийм шүү. Гэхдээ урлагт нэгэнт л тангараг өргөсөн болохоор дэндүү азгүй байгаа юм биш үү гэж сануулах, гомдох эрх байхгүй шүү дээ.
-Хэрвээ та МАХН-ын гишүүн, намын их хурлуудын төлөөлөгч энэ тэр явсан бол нэлээн олон кинонд тоглочих байсан байх л даа?
-(инээв) Урлагийн өмнө бол жүжигчин хүний бүх амьдрал тэр чигээрээ золиосонд гарч байсан ч гомдолгүй, дотогшоо нулимсаа ширгээгээд л ёсолж байх ёстой юм.
-Сэдэд агсантай амьдралынх нь сүүлчийн мөчүүдэд уулзаж хөргийг нь бичиж байсан юм. Сэтгэл дотор минь хамгийн сүрлэг орон зайтай оршиж байсан тэр их жүжигчнийг ханхай өрөөнд, цагаан орны төмөр пуршин дээр дан гудастай хэвтэж байхыг хараад яахаа мэдэхгүй мэлэрч билээ. Бие нь чилээрхсэн сөөнгө хоолойгоор “Ялангуяа ааш зан, авъяас билэг, үзэл санаа нь тод хүн дээр урлагийн тогооноос үсэрсэн шавхай их ирж буудаг юм даа” гэж хэлж байсан. Сэдээ агаад чинь бараг гол дүр өгдөггүй байсан юм биш үү?
-Сүүлд армийн театрт байх үедээ “Дутуу хээтэй тооно”, “Эцсийн тушаал” энэ тэрд тоглосон байх. Хүүхдийн театрт байхдаа “Хярааны хонхорт” жүжигт тоглосон байх.
-Тэднийхээс гараад би Лхаасүрэн агсан дээр очиж уулзаж байсан юм. Нөгөө хөргөө л бичих гээд судалгаа хийж явахгүй юу. Тэгэхэд Лхаасүрэн гуай “Хүүхэд залуучуудын театраас цорын ганц Ардын жүжигчин төрсөн ч миний багш Сэдэд шиг агуу жүжигчин төрөөгүй юм шүү” гэж хэлж байж билээ. Бас л айхтар үг шүү?
-Мундаг үг байна. Аргагүй юм аргагүй л байдаг шүү дээ.
ЭНЭ ТӨРӨЛД БАС ЧАМЛАХААРГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛТОЙ, ҮЗЭЛТЭЙ БОЛЖ ТӨЛӨВШСӨНИЙХ ӨӨРСДИЙН ЗИНДААГ НЭГ ҮЗҮҮЛЬЕ ГЭЖ БОДЛОО
-Багадаа таны радиогоор уншдаг өгүүллэг, туужуудыг их сонсдог байлаа. Одоо ч гэсэн та уран зохиолын бүтээлүүдээс уншсаар л яваа. Цээжлэх чадвар, ой тогтоолтын хувьд онцгой чадавхи байдаг байх аа. Яаж тийм том том юмнуудыг цээжилдэг байна аа?
-Цээжлэх чадвар маань одоо нас ахиад ирэхээр жаахан өөрчлөгдөж байна. Залуу, яг сайхан буцалж явах үеийн юм гэж яаж байхав. Ой тогтоолт чухал л байлгүй яахав. Гэхдээ миний хувьд тэр зохиолдоо өөрөө их автдаг. Өөрөө дурлаж, их татагддаг.
-Унших дуртай өгүүллэгүүдээс тань таны хамгийн хайртай бүтээл хэний ямар зохиол бол?
-Олон доо. Миний хамгийн хайртай, хамгийн анх барьж авч олны хүртээл болгосон өгүүллэг бол Эрдэнэ баавайгийн “Малын хөлийн тоос” л доо. Танай борогчингийн хөндий гардаг.
-Тэгэлгүй яахав?
-Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон ч уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх... (Нүдээ анин дэргэдээс тасран холдож буй юм шиг намуухан уншиж эхлэхэд нь тэртээ нялх багын танил бүхэн сэтгэлд зэрэгцэн ургаж, ахиад цааш нь ажлаа мартан хөвсөлзүүлээд баймаар мөн чиг сайхан )... Ингээд л явахаар сэтгэл өөрийн эрхгүй татагддаг юм даа. Цаад бүтээл нь өөрөө агуу юмнууд юм даа. Би хичээж, хүчилж, механикаар огт цээжилдэггүй. Зохиолоо уншаад л байдаг. Унших тоолон тэр доторхи дүрүүдэд, дүрүүдийн харилцаанд, сэтгэлийн угийг хөндөх тэр нандин хэлхээсүүдэд, уран тансаг увидаст автаж, өөртөө нааж, дотроо юүлж авдаг. Одоо Ц.Доржготов гуайн бүтээл дээр ажиллаж байна.
-Та уран сайхны амт шимтээр аагилсан тансаг өгүллэгүүдийг уншиж байсан. Манай Ц.Доржготов гуай бол тэр чигээрээ асар том үзэл санаа байдаг. Мэдээж энэ сонголт руу таны өөрийн дотоод тэмүүлэл чангааж байгаа байх?
-Ерөөсөө л тэр. Одоо жишээ нь би “Хөгшид хөгжөөнтэй” гэдэг өгүүллэг дээр нь ажиллаж байна. Доржготов гуайн тэр санаа бол нэлээн цаанаас л айхтар юм хэлж ирдэг шүү дээ. С.Пүрэв гуайн олон бүтээлийг би уншсан. Мөн ч ланжгар амьтан шүү дээ. “Утгын чимэг”-т олон удаа уншиж байсан. Радиод хамт ажиллаж байсан хоёр л доо. Яруу найргийн бүтээлүүдийг ч мөн ч их уншсан. Их Нацагдоржоос авахуулаад Эрээнцавын Нямсүрэнг хүртэл бүгдийг нь уншиж байлаа. Сайхан даа. Бэгзийн Явуухулан, Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч гээд их уншсаан.
-Б.Сосорбарам гавьяаттай хамтарч удахгүй үгийн урлагийг гайхуулна аа. Энэ тухайгаа манай уншигчдад сонин дуулгаач?
-Бас л насаараа энэ гашуун мөртөө учиртай инээдийн гэгээн агаараар амьсгалж яваагийнх энэ төрөлд бас нэг чамлахааргүй өөрийн гэсэн бодолтой, үзэлтэй болж төлөвшсөнийх өөрсдийн зиндааг нэг үзүүлье. Энэ дотроо тээж яваа юмаа ч бас нэг хөнгөлж, гадагшлуулж авъя гэж бодсон юм. Нийгэм, цаг үеийн маань ерөнхий өнгө төрхтэй ч нэлээн нийцэх байх. Б.Цэнддоогийн фельетонуудаас Б.Сосорбарам маань уншина. Би Ц.Доржготов гуайн өгүүллэгүүдээс уншина. Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-ний өдрүүдэд хуучнаар “Ард” кино театрт болно.
-Сонин “тоглолт” болох нь дээ?
-Ойрхон зуур эргэлдсэн юмнуудаас арай өөр байх аа. Олон юм руу самардаагүй. Нийгэмд товойн оршиж байгаа хоёр том авторын л бүтээлүүдийг уншина.
АМЬДРАЛД БОЛ ХАНАЛАА ДАА ГЭСЭН ЮМ НАДАД ҮЕ ҮЕ БОДОГДДОГ
-Равдан гавьяатын маань багш гэж ямар хүн байна вэ?
-Багшийн сургуулийн соёлын анги анх төгссөн хүн шүү дээ би. Тэр үед миний ангийн багш Бүтэд гэж хүн байсан. Тэрнээс өмнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуульд долоо төгссөн. Одоо энэ алдарт Жанцанноров, Бямбабаяр нарын төгссөн сургууль шүү дээ. Тэнд дуу хөгжмийн багш Очирбат гэж хүн байсан юм. Тэр багш маань л намайг урлагт дөрөөлүүлж өгсөн юм даа. Аз болж долоо төгсөхөд минь Багшийн сургуулийн соёлын ангийн хуваарь ирж би явсан. Тэгээд 1971 онд Багшийн сургууль төгсөх жил бас аз тохиож Багшийн дээдийн кино драмын ангийн хуваарь таарсан юм. Тэр үед дөрвөн жил болоод нэг элсэлт авдаг байлаа шүү дээ.
-Яг төрсөн нутаг бол Архангай байх нь. Малчин айлын хүү юу?
-Өвөг дээдэс маань бол мэдээж малчин. Манай аав бол жолооч хүн байсан. Жолооч хүний л хүү байгаа юм. Аав ээжээс есүүлээ. Есөн хүүхдийн том нь. Дор маань найман дүү байна.
-Өнөр өтгөн айл байж. Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Тэднээс тань жүжигчин болсон хүн бий юу?
-Би таван хүүтэй. Хамгийн бага банди маань МУИС төгссөн. Жүжигчнээр. Одоохондоо биеэ даагаад телевизүүдэд нэвтрүүлэг бэлтгээд явж байгаа. Хэд гурван кинонд бас жижиг сажиг юманд тоглоод, бас хүмүүст анзаарагдсан байдаг юм аа. Тэрийгээ л би жүжигчин болгох гэж урлагийн сургуульд оруулсан. Гайгүй дотортой жүжигчин болж мэдэх л юм.
-Та хэдэн онд гавьяат боллоо?
-2002 онд. Н.Багабанди ерөнхийлөгчөөс гардсан.
-Амьдрал ахуй ямар байна даа. Ардчиллын замаар хориод жил бид алхлаа. Зарим хэсэг нь оройгүй баяжиж, зарим хэсэг нь ёроолд нь ойчсон л гэх юм. Таны хувьд ямар байна?
-За яахав дээ. Барзгар л байна.
-Таныг оюутны байранд амьдарч байна гэж дуулах юм. Асуухаас жаахан халгаад байлаа?
-Юуг нь нуухав. Амьдарч л байна.
-Танд байр үнэхээр олдохгүй байна уу?
-Хөөцөлдөөд л байгаа. Би гэдэг хүн халагдаж солигдож явсаар байгаад тогтвор суурьшилтай ажилласан газраасаа байр авдаг юманд бололцоо хаагдмал. Тэр үед за, би энд л тогтвортой байгаад байна шүү. Тэгвэл байр майр авна ч гэж бодож яваагүй юм байна. За даа, тэгээд над шиг хэл ам таталсан хүнд юу гэж байр өгье гэж тэр дарга нар чинь бодох вэ дээ. Бушуухан зайлуулъя л гэж бодохоос. Сүүлд нэлээн хөөцөлдсөн. Болчих болов уу гээд гүйж л байна.
-Тэр олон зуун оюутны шуугианд тан шиг их ажилтай хүн яаж ингээд амьдраад байх юм бэ?
-Гайгүй ээ. Амьдрал өөрөө тэр чигээрээ шуугиан шүү дээ. Ер нь бол уран бүтээл хийх аятай тавтай нөхцөл бүрдүүлж байна энэ тэр гэж ямбалж явж сураагүй улс шүү дээ мань мэт чинь. Нэгэнт л миний сонгосон зам мөр ийм байж.
-Хүүхдүүд тань тус тусын мөрийг хөөгөөд явчихсан уу?
-Нас биед хүрцгээсэн. Тус тусын мөрийг хөөсөн.
-Нэг хэсэг таны тухай шар хэвлэлээр их гардаг байсан. Өө, нөгөө Равдан 18-тай охинтой сууж гэнэ. Хүүш ээ, Равдан оюутны байранд амьдарч яваа гэнэ гээд л. Тэгснээ, бас нэг нөхрийг алгадчихаж гэнэ ээ гээд л шуугисан. Тэр зэрэг ч яахав. Эр улс нэгэндээ аль шанаа өгөхийг тэр гэхэв. Харин тэр 18-тын тухай яриа...?
-18 гэдэг нь худлаа худлаа.
-Юунд тэгтлээ эгдүүцсэн юм бэ. Болно ш дээ. Хувь төөргийг хаана яаж эргэж, хэрхэн хэнтэй учрахыг хэн таах юм?
-Надаас залуу хүн болохоор л тэгж бичиж байсан байх. Би олж уншиж байгаагүй. Яахав, би сүүлд өөрөөсөө нэлээн хэд дүү залуу хүнтэй гэр бүл болсон нь үнэн. Алдаж онож туулдаг амьдрал. Алдаа ч юм уу, оноо ч юм уу, бүү мэд. Амьдрах л гэж зүтгэж явна. Алдаа юм шүү, би мөн ч муухай алдлаа даа гээд толгойгоо ганзагалж явсангүй. Таван хүүхэдтэй эхнэрээсээ сэтгэл салсан явдал маань намайг өнөөдрийг хүртэл ингэж зовоож, ороож яваа байх. Өөрийн маань үүрч яваа нүгэл л тэр юм даа.
-Хүүхдүүд тань уучилсан биз дээ?
-Тэр бол өөрсдийнх нь л хэрэг. Заавал уучлуулах хэрэггүй. Яах юм. Өөрсдөө ухаан тэгшрээд ойлгож, тунгаах байх. Ойлгоод намайг зөвтгөөсэй гэж би ерөөсөө боддоггүй.
-Бүтэн амьдралаараа солимоор тийм том учрал юм уу?
-Амьдралд бол ханалаа даа гэсэн юм надад үе үе бодогддог. Гэхдээ ямар одоо ингээд л цэг тавиад дуусгаад хаяна гэж байгаа биш. Зүгээр ерөнхийдөө тэгж бол боддог. Ханалаа. Хангалттай. Одоо өөрийгөө ч нэг их шүүлгээд байх, өрөөлийг ч нэг их шүүгээд байх шаардлага байхгүй.
-За, яахав дээ. Ганцхан танд тохиолдчихсон амьдрал биш. Явмаар л болоод яваа биз. Хаалгаа хаагаад гараа л биз. Дотроо өөрийгөө зэмлээд явж хэрэггүй шүү дээ?
-Ах нь дандаа зэмлэж явдаг. Дандаа...
-Таны дуртай дуу юу вэ. Хааяа найзуудтайгаа дарвиад дуулна биз дээ?
-Дуулна, уйлна. Сая Нэргүйбаатар бид хэд “Дайчин нөхрийн дуу”-г дуулж клип хийлгэлээ шүү дээ. Нэргүйбаатар гэнэтхэн өвчин нь хөдлөөд ерөөсөө хэдүүлээ “Дайчин нөхрийн дуу”-г дуулъя гээд зүтгэчихсэн. Саарал шинелиэ тайлаагүй...буурал найз минь хаа явнаа...гээд л авч өглөө. Богд хаанд тоглодог. Манай Цогоо, манай Равсал Панз, би, Нэргүйбаатар бид дөрөв дуулсан.
-Ямар гоё юм. Зохих ч гэж ванлий байгаа биз дээ?
-Гайгүй байх аа.
-Дараа нь та нар яасан. Сайхан сууцгааж, ууцгаасан уу?
-Үгүй ээ, үгүй. Зүв зүгээр л хийгээд, зүв зүгээр л салцгаасан. (инээв)
-Та хайрын тухай дуу аялдаг биз дээ?
- Хайрын дууг чинь яг тэр хайр гээчид цаламдуулсан, амттай шимтэй үед нь л аялдаг юм шүү дээ. Харин хааяа ээжийн тухай дуу бол дуулна шүү. Дуулаад уйлна. Нас ахиад тэр юм уу. Улам л нулимс нэрэмтгий болж байна. Хааяа нэг хэдэн нөхөдтэйгөө аялна уу гэхээс караоке энэ тэрд ороод л цовхчоод явахгүй шүү дээ.
-Хүмүүс таныг гадуур явж байхад их хүндэтгэнэ биз ?
-Яах вэ, Равдан гуай сайн уу гэцгээдэг юм аа. Та яагаад гоё юмнуудаа радио телевизээр уншихгүй байнаа гэж их асуудаг. Одоо ч реклам, улс төр хоёр л гардаг болж дээ.
-Нутаг их явдаг уу?
-Зундаа нэг явнаа. Танай Дашинчилэнгээр дайруулаад л явж өгнө шүү дээ. Манай Хашаат бол яг танай нутагтай адилхан байгалтай. Хангай говь хосолсон.
-Та манай нутгийг их сайн мэдэх юм аа?
-Дээр үед туж л Дашинчилэнгийн дэн буудлаар дайраад , элсэн тасархайгаар гараад л явдаг байсан юм чинь. Танай нутгийн нөгөө дуулдаг Дондой гуайтай жишээ нь уулзаж учирч л явлаа.
-Өө, тийм үү. Манай сумын ланжгар өвгөчүүдийн нэг шүү дээ. Өөр хэр олон хүн таних вэ?
-Дондой гуай, Амгаа заан, бас чиний нийтлэлээр дамжуулж шар Туяатай танилцлаа даа. Сонинд гарсан өдөр нь уншаад хайчилж авсан. Тэрийгээ тэгээд олон хүнд уншуулсан даа. Шагдарсүрэнд уншуулсан чинь мань хүн уншиж дуусаад таг болчихсон. Тэгж тэгж энүүгээр нэвтрүүлэг хиймээр байна гэсэн. Сосорбарам уншаад уйлсан. Хоёулаа Шар Туяад захиад бичье гэж ярилцсан. Ахын дүү битгий сэтгэлээр унаарай. Хаа газар тийм адгийн юмнууд байдаг юм аа. Бууж өгч болохгүй. Ард нь хоёр ах нь байгаа шүү гэж бичих гээд байгаа юм уу хаашаа юм. Би чиний “Шар Туяа”-г уншваад бичүүлбэл одоо ч бэлэн. Анх уншихдаа олон газар огшиж уншсан шүү. За, тэгээд төгсгөлд нь чиний Шар Туяаг минь хайрлаач гэж норсон элсэн дээр нь хурууныхаа өндгөөр бичмээр... гээд арга тасарч байгаа энэ тэр бол ....Тэр муу Туяа маань одоо хаана байнаа.
Хамаатнаа сураглаж байгаа юм шиг нулимсаа шудран байж тэр надаас ийн сураглав. Амьдрал нээрээ гоё юм аа. Миний мөрөөдлийн зочин нэрт жүжигчин Равдан бид ийн хөөрөлдөв. Хүний амьдралын эрээн бараан, элдэв гоёчлолгүй үнэн түүх. Нэг харахад Мөнгөн эмчтэй яриад байгаа юм шиг. Тэгснээ Дугарын сэтгэлийн ачааг хөнгөлөлцөж өгөөд ч байгаа юм шиг...Сонин...сайхан байлаа.