Муу хослол
Дэлхийн хөгжиж байгаа зарим орнуудын ард иргэд нутаг омгоороо талцан байлдаж ирсний үндсэн шалтгаан юу вэ?
2010-03-04 10:25:20
Дэлхийн хөгжиж байгаа зарим орнуудын ард иргэд нутаг омгоороо талцан байлдаж ирсний үндсэн шалтгаан юу вэ? Энэ бол нэгэн цагт эхэлсэн чөтгөрийн тойргийн аялал. Энэ орхиж болдоггүй аялал нь тухайн оронд тодорхой үед тохиосон муу хослолоос улбаатай. Энэ бол сул засаглал, их орлогын хослол.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод хүүхдийн томуу өвчин дэгдсэнээс үүдсэн эмнэлгийн салбарын хямрал Монголын засаглал ямар сул болохыг батлав. Төрөхийн байшингууд эмнэлгийн наад захын нөхцөлийг хангаж чадахаа больсноос түрээсийн байр луу бараг л нэгэн зэрэг нүүж, нэг орон дээр гурван хүүхэд унтах боллоо. Ардчилсан орны засаглалын үндсэн үүрэг бол төр нь иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрх чөлөөг хамгаалах явдал. Энэ үүрэг нь шаардлагатай стандартыг нэг бүрчлэн тогтоож, түүнийг ягштал мөрдүүлэх үйл ажиллагаагаар илэрхийлэгдэнэ.
Нэгэнт хууль журам тогтоосон бол тэр нь хүн бүрт адилхан үйлчлэх ёстой бөгөөд үүнийг ягштал хэрэгжүүлж чадахыг “төр төмөр нүүрээ харуулах” ч гэдэг. Гэтэл манай засаг төр хүлээсэн гол үүргээ биелүүлж чадахгүй, олон асуудлыг он жил улиран шийдэхгүй явж ирснээс нийгмийн тодорхой салбаруудад хямрал үүсч ард иргэд амь насаараа хохирох боллоо. Эхний хямрал боловсролын салбарт тохиосон бөгөөд одоо болтол иргэд эх орноосоо дайжин зугтаж, гадаадад боловсрол авах, болж өгвөл тэндээ үлдэх, ажил хайх эрмэлзэлтэй байгаагаар харагдаж байна.
Боловсролын салбарын хямралаас болж хүн үхдэггүй, харин зугтдаг. Харин эрүүл мэндийн салбарын хямралаас болж олон хүн, юуны өмнө нялх, балчир хүүхдүүд амь насаа алдаж байна. Төрөх болон хүүхдийн эмнэлгүүдийн менежмент алга болж, тэнд төлөвлөх, биелэлтийг дээрээс нь хянаж засах, бүх шатны удирдлагатай нь хариуцлага тооцох ажил орхигдсон учир дээвэр нь цөмөрч, бохир усны хоолой нь хагарч, хүн эмнэдэг биш халдвар тараадаг, амь насаар нь хохироодог газар болжээ. Уг нь хүн үхэх гэж биш, эмчлүүлэх гэж очдог газар бол эмнэлэг.
Энэ бүхний хариуцлагыг үүрэх ёстой, улс төрийн намуудаас томилогдсон дарга, сайд нар ажлаа хийхгүй, хийж чадахгүй явсаар, солигдсоор ирсэн. Тэдний бүтээсэн ганц зүйл бол өөрсдөө өвдвөл татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад явж эмчлүүлдэг гажиг тогтолцоо. Энэ бол эрүүл мэндийн салбарын хямрал ямар хэмжээнд хүрч гүнзгийрснийг харуулж байна. Дараачийн хямрал орон сууц, нийтийн аж ахуйн салбарт гарахад бэлэн болжээ. Нийслэл хотын орон сууцнуудын халуун, хүйтэн усны том, бага хоолойнууд бүрэн элэгдэн хагарч, олон хүний эд хөрөнгө амь насанд хохирол учруулахад бэлэн болжээ. Хорин жил болоод солих ёстой цэвэр, бохирын хоолойнуудыг төлөвлөгөөтэйгээр солихоо хотын удирдлага, тэдний хуйвалдан хувьчилсан орон сууцны конторууд санаатайгаар “мартаж” байна. Ажлаа төлөвлөж, урьдчилан харж ажиллахын оронд хямрал гарч, олон хүний амь нас үрэгдсэний дараа ажиллаж, нэмж хөрөнгө мөнгө олж авахыг хичээдэг нь муу засаглалын мөн чанар, нүүр царай. Засаглалын чанар сул, улс, хот, орон нутгийн удирдлага хариуцлага хүлээдэггүй өнөөгийн ийм хэцүү тогтолцоон дээр уул уурхайн баялгаас арвин их орлого орох цаг үе тохиож байна.
Засаглал нь сул орны удирдлагууд байгалийн баялгийн орлогыг зөвхөн хувьдаа ашигтайгаар зарцуулж эхэлдэг бөгөөд ард иргэд нь хоосрон ядуурсаар уурлан босч, төр засгийн эсрэг жагсан байлдаж, Засгийн газраа огцруулан, үр дүнд нь дараачийн бүлэглэл төрийн эрхэнд гардаг. Засаглалын чадвар, чансааг богино хугацаанд тогтоох аргагүй учир нийгэм, эдийн засгийн байдал улам доройтох тул мөнөөх давшин гарч ирэгсдийг ч бас засгийн эрхнээс зайлуулж, өөр нэг бүлэг гарч ирэх замаар “чөтгөрийн тойрог” эхэлдэг. Энэ явцад мөнгө хөрөнгөтэй нь түүнийгээ гадаадад байршуулан, аажмаар дүрвэж, боловсролтой нь эх орноосоо явж, сонголтгүй нь үлдэж, хоорондоо талцан байлдсаар зууныг бардаг. Зарим хэвлэлд үүнийг “байгалийн баялгийн хараал” ч гэдэг.
Монголчууд бид энэ тойрогт орчихгүй байхын тулд төр засгийн менежментийн чадварыг бүх түвшинд сайжруулж, төр засгийн байгууллагуудын институци чадварыг бүрдүүлэх шаардлагатай байна. Төрийн эрх барьж байгаа намууд дээрх хямралуудыг бий болгосон гишүүдтэйгээ хариуцлага тооцож, улмаар өөрсдийн нийгмийг манлайлах үүргээ гүйцэтгэх замаар энэ чухал ажлыг хийх ёстой.
egduutsel
Зочин
ббб
anu
Зочин
bat
ok great
Sain hoslol heregtei
Yaruu nairagch helsen
Oligarhjsan tur
chutgeriin toirogoos
chutgeriin toirogoos
èðýýä¿é
Bodlogo baihgui
Зочин
emzeg
ChingisKhaan
chutgeriin toirog
noname
Zaya
Zaya
naran
Долгор
ЗОЧИН
Algaa
Algaa