Парламент гэдэг нь парлэ гэсэн франц үгээс гаралтай. (Парлэ вю фронсэ?) Энэ нь ярилцах гэсэн утгатай. Маргах, хэрэлдэх, хэлэлцэх, санал солилцох, мэтгэлцэх гээд дуртайгаараа орчуулж болно. Зодолдох гэсэн утгатайг ч өнөөгийн нэг бус парламент харуулдаг. Юутай ч ганц хүн мэтгэлцэж, ярилцдаггүй болохоор олон хүний цуглараан гэсэн давхар санаа байна. Мэдээж нэгэн утгатай шийдвэр гаргахын тулд хоорондоо маргалдаж хэлэлцэж байгаа. Хүний түүхийн ихэнхид төрийн шийдвэрийг ганц хүн л дур мэдэн гаргадаг байжээ. Шийдвэр гаргагчийг хаан, эмир, фараон, император, царь, хуанди, султан гээд газар бүр янз бүрээр нэрлэнэ. Харин олуулаа нийлээд ярилцаж маргаж хэрэлдэж байгаад олонхийн саналаар шийдвэр гаргадаг байгууллагыг францчууд бодож олсон гэж үзээд “парламент” гэсэн өөрийн нэрийг өгч дэлгэрүүлэн хэвшүүлсэн байна. Яс юман дээрээ тулбал тэднээс өмнө англичууд парламенттай байсан. Эртний Ромд “сэнат” гэж шийдвэр гаргагч байгууллага байлаа. Түүнээс өмнө герегчүүд хотынхоо захад гарч байгаад ард түмнээрээ хэлэлцэн шийдвэр гаргадаг байснаа аяндаа багтахаа болиод хэсэг бүлгийг төлөөлсөн хүмүүс амфитеатрт цуглан маргаж мэтгэлцдэг болсон байна. Аристотелийн Улстөр, Платоны Бүгд найрамдах төр зохиолууд ч анхны энэ оролдлогуудын үр дүн болон бүтээгдсэн аж.

    Олон хүн нийлж шийдвэр гаргаж байгаад дарангуйлагч л дургүйцдэг. Олуулаа нийлж шийдвэр гаргах нь хэрэлдэж муудалцах муу талтай байдаг ч энэ нь ядахнаа ганц хүн биш нэлээд олон хүн нийлж ард түмний өмнөөс шийдвэр гаргаж багаагаараа илүү шудрага юм. Дарангуйлагч ганцаараа шийдвэр гаргах гэхээр гол саад нь парламент. Яагаад гэвэл урдаас нь парлэ гээд хэрэлдээд унана. Юлий Цэзарийг хутгалж алсан Брутийг буруутгадаг. Гэхдээ Цэзарь сэнатын өмнөөс ганцаар шийдвэр гаргадаг байсан нь ийм арга ядсан үйлдэлд хүргэжээ. Харин Кромвэль эзэн хааныг ард түмний нэрийн өмнөөс яллаж парламентийн ялалтыг тогтоож байв.

    Парламент бол хүн төрлөхтний нийгмийн дэвшилд гарсан маш том ололт юм. Гэхдээ төлөвшөөгүй ард түмэнд төдий л ойлгогддоггүй. Энгийн хийцтэй тархинд хааны зарлиг маш ойлгомжтой. Харин олон хүн тэгэнэ ингэнэ гээд хоорондоо хэрэлдээд унахаар маш хурдан залхдаг. Иймээс ч манайд УИХ-ыг хоорондоо хэрэлддэг гэж хамгийн их шүүмжилдэг. Ийм шүүмжлэл XIX зууны нялх парламентийн үед “ард түмнээс” маш их гардаг байжээ. Зуу гаруй жилийн хоцрогдолтой л байна даа, бид! Ард түмний дургүйцлийг хүлээн авч онолын хэмжээнд шүүмжлэн “бут ниргэсэн” анхны хүн нь Карл Маркс. Тэрээр төр байхгүй болох арга замыг зааж, ардчилалд “хөрөнгөтний ардчилал” гэдэг хоч өгсөн хүн.

    Марксын онолыг хамгийн түрүүн амьдралд шүүрэн авч хэрэгжүүлэгч нь Италийн социалист Муссолини байлаа. Дэлхийн дайн, эдийн засгийн хямралаас болоод италичууд парламетаас залхчаад байв. Сонгуулиар хэн ч ялж чаддаггүй. Олон намуудын хэн нь ч ядахнаа 30 хувийн санал авч дөнгөдөггүй ээ. Ингэхээр шийдвэр гарч чадахаа болино. Ийм үед хуулиндаа өөрчлөлт оруулан гарцаа олдог. Харин италичууд Муссолинийн дэвшүүлсэн хялбар хавханд орж орхив. Хэн 30 хувь авч чадна тэр нь бүрэн ноёлоно гэсэн хувилбар. Христосын намын дарга Сарлони энэ саналыг уухайн тас дэмжив. Өөрөө 30 хувь авч чадна гэж бодсон хэрэг. Ингэснээр ардчилалын үндсэн зарчмаас ухарч байгаагаа ч ойлгосонгүй. Төмөр мэт сахилга баттай муссолинчууд яаж ийж байгаад өнөөх шидэт 30 хувийг нь шүүрч орхив. Дараа нь яахав дээ, бүх эрхийг авсан Муссолини парламентийг хорт хавдартай зүйрлэж хөөн тараагаад өөрийгөө Дүчэ буюу цорын ганц удирдагчаар зарлав. Италийн ард түмэн уухайлан дэмжлээ. Хэрүүлийн бузар болсон парламент сөнөтүгэй, италичуудыг жаргаах төөрөгтэй манай Дүчэ мандтугай! Муссолини намаа фашист гэж шинээр нэрлэх болсон ба Итали орныг ардчилал гэх мэтийн заваан юмтай дахин хутгахгүй гэж ард түмэндээ тангаргалав. Улс орныг Юлий Цэзарь маягаар удирдаж эртний Ромын төр барих ёсыг сэргээх гэнэ. Түүнийг уухайлан дэмжсэн ард түмэн хожим үүнийхээ төлөө асар их үнэ төлсөн дөө. Хожимдсон гэмшил нь Муссолиниг хөлөөр нь дүүжилж алаад тойрч бүжиглэснээр дууссан.

    Муссолиниг шүтдэг байсан бас нэг социалист болох Ленин мөн л парламентийг үзэн ядна. Дайны үед большевикууд Төрийн Думд цөөнгүй суудалтай байжээ. Ирц бүрдүүлэхгүй бойкотлох замаар Оросын төрийг байнга гацаанд оруулахыг Ленин гадаадаас зөвлөнө. Дэлхийн дайн эхэлсэн хүнд ширүүн үед Оросын нялх ардчилал хэдэн сар жилээр гацаанд орно. Большевикууд энэхүү үүсгэж буй гацаандаа зүүн эсэр зэрэг демагог маягийн жижиг намуудыг ашиглан хамсаатан болгож байв. 2-р сарын хувьсгалын дараа ч Дум улам их гацдаг болж байнгын түгжрэлд таг суух болов. Улс орон эзэнгүйдэж, шийдвэр гаргагчгүй болсон энэ жолоодлогогүй байдлыг Ленин далимдуулан төрийн эргэлт хийсэн юм. Уур нь хүрээд нэрэлж ч чаддаггүй “хөрөнгөтний ардчилал” гэгчийгээ устгасны дараахан хөөрхий зүүн эсэрчүүдийг ч толгой дараалан хядсан. Орос орон парламентийг гацааж хүчгүйдүүлснийхээ шанг далан жилийн хугацаанд 100 сая хүний амиар төлжээ. 2001 онд Орос орон анх удаа 1913 оныхоо хэмжээнд ургац авч хөөр болж байв. Эдийн засаг нь хүртэл ингэж доройтсон гэсэн үг. Харин бахархал нь зэвсэг байлаа. “Модон анжистай Оросыг атомын бөмбөгтэй болгосон хүн” гэж Чөрчилл мань Сталиныг үнэлсэн байдаг. Харин зэвсгийг иддэггүй юм билээ.

    Германы ажилчны социалист намын удирдагч Гитлер бол ёстой новш! Дэлхийн дайн, эдийн засгийн хямралд тамирдсан ардчилсан төрт Германыг сайхан балласан даа. Бүр ардчилсан сонгуулиар шүү. Одоо манайд их дуулдах болсон сонсоход эх оронч боловч цаанаа логик муутай уриа лоозонг харамгүй цацаж илбэтэй хүн шиг гайхамшгийг амалсаар 1932 онд сонгуулиар парламентийн гуравны нэг суудлыг авч дөнгөв. Ингээд л бойкотолж эхэлсэн дээ. Байнга хурал хаяастай. Ерөнхийлөгч Хиндэнбүрг олонхийн бүлгийн фон Паппэнийг канцлераар томилсныг эсэргүүцэж хурлыг огт хөдөлгөхгүй болгов. Ингээд 1933 онд дахин сонгууль явуулахад тэд ялж орхив. Ерөнхий сайдын суудал дээр баттай суух гэсэн Паппэн хямралын галд тос болсон юм. Харин ялсан Гитлер парламентийг Германд ерөөс тохирохгүй гэж зарлаад сөрөг хүчний гишүүдийг хорих лагер руу илгээжээ. Үүний өмнө нээрээ намынхаа байрыг өөрснөө шатаасан байдаг байхаа. Бурууг нь сөрөг хүчинд тохоод ардчилал Герман хоёр нэг гэрт багтахгүйн жишээ болгосон юм. Нацизм Германы албан ёсны суртал, баримжаа, зам мөр боллоо. Харин ороолонгийн эсрэг хүн төрлөхтөн хамтран босч 60 сая хүний амиар арай гэж нэг дарж авсан. Герман үндэстнийг сүйрүүлсэн Гитлерийг ярианы далимд байнга зүхэхийгээ өнөөгийн германчууд бараг л үүргээ гэж үздэг.

    Парламентэд өөрийн сул тал бий. Иймээс ч Чөрчилл “Ардчилсан төрийн тогтолцоо маш муу бүтэц, гэхдээ хүн төрлөхтөн үүнээс дээр арга хараахан олоогүй л байна” гэж хэлжээ. Хагас үнэн, хагас бахархал, хагас егөө! Харин энэ сул талыг нь дэвэргэж, нийгмийн ухамсар төлөвшөөгүй газарт дарангуйлагчид өөрийн муу санаагаа хэрэгжүүлж байв. Италийн фашизм, Оросын большевизм, Германы нацизм үүний сонгомол жишээнүүд. Гэхдээ дээрх жишээнээс харахад дарангуйлагчид ард түмний дэмжлэг авахаас гадна парламентаризмыг дэмжигчдээс ч туслалцаа дэмжлэг авч байжээ. Муссолинид Христосын намын дарга, Ленинд зүүн эсэрүүд, харин Гитлерт барууны намын фон Паппэн тусалсан байна. Хожмын үр дүнг харж чадахгүй харалган загнасны гай. Дарангуйлагч болох хүсэлтэн болгон парламентийн өөрийнх нь хямралыг отож суудаг. Гол төлөв хямралыг өөрийн “гоц сонин” хувилбар саналаар баяжуулан өдөөн хатгаж улам хурцатгана. Учир нь ингэсээр өөрийн цаг ирнэ гэдгийг сайн мэдэж байдаг.  

    Өнөөгийн төлөвшсөн өрнийн нийгэмд ийм юм давтагдахгүй. Харин моод Монголоор дуусна гэгчээр шинэ залуу ардчилалтай Африк, Ази, Латин Америкийн орнуудад ижил утгатай шинэ хэлбэртэй загварууд нь байнга гарсаар. Юутай ч Муссолини, Ленин, Гитлер нар нь анхдагчийн хувьд, хүн төрлөхтөнд гашуун сургамж үлдээсний хувьд, хөгжингүй ертөнцийн төлөөлөгчийн хувьд, үлдээсэн гай гамшгийн цар хүрээний хувьд түүхэнд үлдэхүйц “том” хүмүүс. Харин өнөөгийн африк түрүүч, латинос генерал, азийн улстөрч гэгчид бол хөгийн дуураймал жинс. Ингэснээрээ хоцрогдлын бэлэгдлүүд. Гэхдээ дур эзнээ голдоггүй шүү дээ. Саяхан манай Ерөнхийлөгч чуулган дээр “маргаан гараад байгаа тойргуудын дахин сонгуулийг надад хариуцуулчих” гэж авдаг байгаа. Тэр л дутаж! Парламент гацна гэдэг хэрүүл юунаас ч үүссэн бай дарангуйлагч болох хүсэлтэнд л тусалдаг. Тэр байтугай шудрага үнэний төлөө байлаа ч бойкотонд орсон парламент “парлэ” байхгүй болж дураа голдоггүй шаарын гарт л ороод ирнэ дээ. Хуучны өрнө, өнөөгийн африк үүнийг хөдөлбөргүй нотолсон. Иймээс юутай ч хамгийн ардчилсан гэж тооцогддог либералчууд ч ямар ч тохиолдолд парламентийг гацаахыг илт эсэргүүцдэг ажгуу.

    Манай парламентийг гацааж байгаа өнөөгийн учир жанцан 76 шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь спикерийн суудал. Өрсөлдөгч нараа түүж аваад өрсөлдөөнөөс гадуур байлгах гэсэн муу арга. Хоёрдугаар том шалтгаан нөгөө талаас гаралтай. “Би л орж чадахгүй бол хэн ч орохгүй. Би орж байж л бусад нь эрхээ эдлэнэ”. Иймээс ширээний кандидаттай нийлчиж байгаа юм. Эзэд нь танигдаж байгаа биз? Бусад нь ичсэндээ, нэрлэхсэндээ, хорссондоо, өөрийн эрхгүй эв саналаа нэгтгэсэндээ гэх мэтийн жижиг сажиг шалтгаантай. Юутай ч зарчмаа баримталж буй нь цөөхөн л байх шиг. “Алив зүйлд хариулт олдохгүй бол үндсэн зарчмаа барь”. Хэн хэллээ дээ, энэ уг нь их сайхан үг.

    Хулганууд үүрэндээ зодолдож л бай. Муу тусмаа сайн. Үүрэндээ багтахаа болиноо, гайгүй. Үүдэн дээр нь муур сууж байна. Хулгана барьсан муурыг магтдаг биз дээ? “Ямар өнгөтэй нь яахав, хургана л барьж байвал боллоо” гэж нэг онолч нь хэлсэн. Тээр жил Тэнгэрийн амгалангийн талбайд мөн ч олон хулгана барьсан даа!

2008.08.19