Үхрийн сүүлэн дээр настрийн хугарав
Улс нь жилээ дагана гэж үнэн байна шүү. Жилээ ч юу байхав, жилийнхээ нэрлэсэн амьтныг дагадаг болтой юм аа.
-фельетон-
Улс нь жилээ дагана гэж үнэн байна шүү. Жилээ ч юу байхав, жилийнхээ нэрлэсэн амьтныг дагадаг болтой юм аа. “Үхрийн толгой дээр эвэр хугарна, үхрийн сүүлэн дээр хутга хугална” гэж дуулаа л байлгүй. Өнгөрөгч үхэр жилийн эхээр бид чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг мөргөж хөөгөөд жавхлантай нь аргагүй мөрөө гаргасансан. Тэгээд яасан гэхээр бүрэн хөөж чадсан ч юмгүй. Нэр, эвэр хоёроо жаахан, жаахан хугалаад “монгол бол хөрөнгө оруулахад түвэгтэй орон” гэсэн тодорхойлолттой үлдсэн дээ.
Харин жилийн сүүлээр хамаг настрийн хугараад өгдөг байгаа. Ганц муу сармай дээлийг минь хүртэл хятадууд нэр дээрээ бүртгүүлчих юм аа. Одоо дээл эсгэх, оёх, өмсөх, урах, аргал бүтээх, тугал нэмнэх бүх эрх тэднийх болчихлоо. Зуданд доройтсон малаа, хуучин костюм юмуу, үжирссэн пальтогоор л нэмнэх болж байна.
Удахгүй ЮНЕСКО –гоос “дээл хураах комисс” улс ирж биднийг шалдалж өгөх юм байна. Тэр ч байтугаа дээлтэй холбоотой олон үйлдэл, тухайлбал: “дээлтэйгээ дэрийх”, “дээлэндээ хатах”, “дээлийн гол болох”, “дээлээ толгой дээгүүрээ нөмрөх” бүх эрхийг хятадууд дангаараа эзэмших болчоод байна.
Одоо хятадууд хөөмийг авах төдийгүй “шүгэлдэх”-ийг оюуны өв болгон бүртгүүлэх гээд байгаа сурагтай. Хэрвээ чингэвэл бид чинь гудамжинд шүгэлдлээ гэхэд л ЮНЕСКО-гоос хүн ирж торгох нь байна. Нарийн яривал хугархай шүдтэй, сийгүүлж ярьдаг улс ч патентын төлбөр төлөхөд хүрнэ гэж байна.
Ганцхан хятадууд бидний юмыг булаах гээд байгаа юм биш. Морин хуурын эрхийг чинь моринд өгнө гэсэн яриа ЮНЕСКО дээгүүр яваад байгааг манай дарга нар эрхбиш дуулдаг л байлгүй.
Араас нь Түркүүд 40.000 мянган хүргэн явуулна гэж сандаргалаа. “Хүргэн орсон хүн үхэн үхтлээ зовно, үхэр унасан хүн хүрэн хүртлээ зовно” гэж дуулаагүй л юм байх даа.
Орон нутгийн зарим ард хурга хөнгөлдөг тонгорогоо билүүдэж сууна гэсэн. Зөв санаа. Уг нь биднээс сүүхээтэй улс бол тэр хэлсэн дариуд нь (их цасны өмнөхөн иим чимээ гарсан санагдана) хүргэдээ авчраад, зуданд зүтгүүлэх байсан юм. “Манай ёсонд хүргэн болох хүн эхлээд зуданд явдаг, төл бойжуулдаг учиртай” гэж тайлбарлахгүй юу. Тэгэсхийж байтал зуны эхэн сарын шинийн гурваны билигт сайн засааны өдөр болоод ирнэ. Манайхан хүргэдээ хозлох, хургаа хөнгөлөх хоёроо давхар хийдэг гэхэд ислам шашинтай хүн дороо үнэмшинэ. Дараа нь хургаа хозлоно уу, хүргэнээ хөнгөлнө үү, бидний хэрэг. За тэгээд ийм хүргэнтэй байлаа ч яалаа, болилоо яалаа? Тийм үү?
Ингэж сэргэлэнтэйгүйгээсээ болоод түркууд хүргэний оронд 50.000 ам.доллар тусламж болгон өгч байна. Хэдэн дарга хувааж аваад л дошийшог болно доо. Харин 40.000 хүргэнийг бүгдийг нь дарга нар авна гэж байхгүй ш дээ.
Үхэр жилийн сүүл иймэрхүү хугархай настрийнтэй өнгөрлөө. Төмөр бар жил гаруут л толгой дээрээс төмөр унаад эхэлж байх юм. Эхний удаа эвдэрсэн хиймэл дагуул Бүрэн суманд уналаа. Дараа нь бүтнээр унахыг хэн байг гэх билээ? Эргүүлээд хөөргөхөө байг гэхэд, эзэнд зарж болмоор санагдана. Ер нь дараагийн ээлжинд унаж байгаа хиймэл дагуулыг тосгуулан цагаан эсгий дэвсэхээс эхлээд санаж сэдэх хэрэг гарах нь.
Сумын дарга нь унасан биетийн хэлтэрхийг “тэнгэрийн хишиг” хэмээн мөргөөд аваачиж тахисан гэх. Гэтэл хиймэл дагуулын эд анги чинь цацраг идэвхиэс эхлээд,хорт бодис агуулах магадлал өндөр юм байна. Төмөр бар жилийн анхны төмөр сургамж гэвэл “тэнгэрээс унасан болгон тэнгэрийх биш” ажгуу.
Ингэхэд гарч байгаа бар жил маань “тиин урвагч” цолтой. Мөн ч олон улс төрч жилийнхээ цолыг дагаад “тийн урвах” байх даа...
2010.02.23
Swiss
hehehe
feleton
Зочин
Зочин
miin urbagch
Дэндэв
Дэндэв
sanal
bel
jack
kkkk
kkkk
Çîðèãò
Тэмцэл мөн
Фельетон шоглол
hahah
Зочин
Зочин
Зочин
mangar
ha ha ha ha
Зочин
kkk
7
Сайн байна!
Ýíõòàéâàí
Ýíõòàéâàí
zovnigch
ha ha
Зочин
ineelee,yaj iim lag sanaanuud tolgoind ni orj ird
зочин
Японоос
ò¿äýâ
zochin
toroi
bata
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
б