Ирэх сард спортынхны дөрвөн жил хүлээсэн  өвлийн цагаан олимп  цас мөсний эх орон Канад улсад болох гэж байна. Дэлхийн бөмбөрцөгийн 45-р өргөрөгөөс хойшхи нутгуудад өвөл болж их бага хугацаагаар цас мөс тогтдог. Байгаль цаг уураа дагаад энэ бүс нутагт гулгаж, тэших тоглоом наадгайнууд үүсч улмаар зуны олимптой адил спортын наадам үүссэн билээ. Нэгэнт олимпийн төрөл бий болсон учир мөнхийн халуун, цас үзээгүй нутгийнхан ч татагдан  тамирчдаа илгээх болсон.


Манай улсын хувьд жилийн талаас илүүг цагаан өнгөтэй өнгөрөөдөг болохоор чухам л энэ чиглэлийн спорт биднийх баймаар.  Өвлийн олимпийн чухал төрөл болох гүйлтийн цаныг анх Монголд үүссэн ч гэж ярьдаг юм билээ. Хорьдил Сарьдагийн нуруунд амьдардаг ойн иргэд буюу одоогийн цаатангууд хавтгай модонд гөрөөсний арьс наагаад гулгаж явдаг байсан. Тэгээд уулын уруу эрчлэн бууж билчиж яваа ан амьтанг бүлж агнах уламжлал  орчин үеийн цанын спортын өвөг эхлэл гэж судлаачид санал дэвшүүлдэг.


Иймэрхүү удам судартай Монгол цаначид маань  өвлийн цагаан олимпод тасралтгүй оролцсоор ирлээ. Өвөл болдог дэлхийн арван хэдхэн орны нэг байж манай тамирчид үргэлж адгийн байр эзлэн "Баян ходоод"-оо дуудуулсаар ирнэ. Санаа зовж ичнэ гэж ер байхгүй. Одоо болимоор юм. Нэг их сонирходоггүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай цана тэшүүрийнхэн олимпийн эрхийг эр чадлаараа ер авч байгаагүй санагдах юм. Царай алдаад яваад байхаар нь Африкийн орнуудтай хамтруулаад "цагаан хуудас" гээч юм л өгдөг. Тэгж явж ирчихээд нэг их олимпт явсан, амжилт үзүүлсэн, хөрөнгө мөнгө нөхцөл бололцоо маш муу байв, харин ч их сайн оролцлоо ч гэх шиг  сүүлд нь  олон юм яринаа.


Одоо болох гэж байгаа Ванкуверийн олимт эрх авахын тулд манай яруу алдарт тамирчид Ази, Европ,Америкийн олон орноор жуулчилж зугаалах шив. Яс үнэндээ бэлтгэл хийсэн ч юм уу бүү мэд. Хийсэн бол яаж бэлдэхээрээ урдаа зуун тамирчин оруулж ардаа нэг цаначин орхисон "амжилт" гаргадаг билээ. Энэ бол тамирчин хүний амьд явахад ч тэсмээргүй гутамшиг доромжлол шүү дээ.  Эднийг ингэж эрхлүүлж байдаг илүүдээ гарсан мөнгө төгрөгтэй ямар хүмүүс, пүүс компани байдаг бол. Ямар ч байсан татвар төлөгч бидний мөнгөнөөс хороосон зардал нь цасанд боогдож зуданд нэврэгдэгсдийн тусламжаас даваад явчихсан байгаа. За тэр мөнгө төгрөг ч дүүрчээ.


Олимпийн нээлтээр стадионд Монголын тамирчид тугаа бариад ороод ирнэ. Битүү үнэг хярс болсон малгай өмсч, нуль ангийн арьсаар өмд цамц гутал болсон нөхдүүд явж байгаа харагддаг. Манай монголчуудтай төсгүй, хойд туйлийн эксимос, чукча, нивх , якутууд яваа мэт сэтгэгдлийг гадаадын соёлтой хээнцэр хүмүүст төрүүлнэ. Зарим нь манай дэлхий дээр хагас зэрлэг хүн одоо хүртэл байдаг юм байна гэж үнэмшин сонирхож зураг хөргөө татуулцгаадаг. Сүүлд сонсохнээ өвлийн олимпт оролцогсдын гол бизнес нь энэхүү ангийн арьсан хувцас юм гэсэн. Тэдэнд тэмцээн чухал биш эдгээр хувцасаа үнэд оруулж зарах гэж явдаг болж таарлаа. Олон оронд "САЙТЕС" гэдэг дэлхийн байгаль хамгаалах байгууллагын конвенцээр хүлээсэн үүргийн дагуу хилээрээ ангийн үнэт арьс оруулахыг хорьсон байдаг.  Үслэг ховор ан амьтны арьсаар хийсэн хувцас цас мөсний оронд их ч үнэ хүрдэг. Тэрнээс болж хорвоо дээр олон амьтан устаж байгаа болохоор хориотой бараа гэгддэг юм билээ. Харин олимпод оролцож байгаа тамирчдад бол хүндэтгэн үзэх шалтгаан бий. Бид үндэснийхээ хувцасыг өмсөөд олимпод оролцож явна гэхээр дээрх арьсан дээлтнүүдэд хил гааль нь  юм хэлж чаддаггүй.


Энэ нь манай улсын нэр хүнд, хөгжил дэвшилийг олон улсын хамгийн том үнэгүй сурталчилгааны боломжин дээр гутааж шараа болгож орхидог.


Манай засгийн газар спортыг боломжийн хирээр дэмжиж, аль аль талдаа их урамтай яваа. Өнгөрдөг зуны олимпоор анх удаа олимпийн аварга төрцгөөж, залгаад спортын топ төрлүүдээс дэлхийн аварга болцгоосон. Хүүхэд багачуул спортоор хичээллэх нь нэмэгдэж,  манай улсын гадаад нэр хүнд ч танил болжээ. Жудоч, боксчдын сайн нэрний далбаан дор өөрийгөө адилтган спорт анзаардаггүй төрөөс төсөв салгахад амархан болсон бололтой. Ард түмэн ч гэсэн манайхан бас нэг олимпод орж байна гээд Бадар-Ууган, Түвшинбаяраа явуулсан мэт горьдоно. Энэ урмыг мөн ч их хугалж ирнэ дээ. Үүнд басаад мөрийцөөд, хор шарыг нь малтаад байх явдалгүй. Зурагтаар цанын тамирчдын манлайд "Монгол" гэсэн хаягтай нөхөр хальт гарч магадгүй. Хамгийн муу гулгадаг тамирчныг эхэнд гаргаж цасан дээр цанын мөр гаргуулдаг байхгүй юу. Тэрнийг нь жирийн хүмүүс харчихаад "Аа манай тамирчин лаг байна. Бараг түрүүлэхээ алдлаа.Жаахан л бэлтгэл дутчихав уу яав..."


Цана тэшүүрийг харин дотооддоо маш сайн хөгжүүлмээр байгаа юм. Бид чинь нэг үеэ бодвол өвөл цэнгэг агаарт гараад гулгаж тэших амралтын олон сайхан газартай болжээ. Богд уулан дахь Хүрхрээгийн цанын бааз бол хаа ч гологдохгүй тоноглолтой. Хот хөдөөгийн хүүхдүүдийн өвлийн богино өдрийг өнгөрөөх гол тоглоом бол гулгаж тэших. Нийтийн биеийн тамираар хичээллэж эрүүл чийрэг байхад эдгээр спортын төрлүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Спортын талаар төрөөс явуулж байгаа бодлого нь дотоодын тоглоом, хөгжилтэй аялалыг үл огоороод хамаг зардлаа гадаадад явах хэдхэн тамирчинд зориулаад байх шиг санагдах юм. Явж байгаа хэд нь олигтой байдаг бол хамаа алга. Цанын улсын аварга шалгаруулах тэмцээн их л өргөн дэлгэр болдог байсан үедээ ч гадныхныг хэт алдсан байсан. Ная ерээд оны үед Батсүх, Цэрмаасүрэн гэдэг гэр бүлийн хоёр цаначин Хангайтад аж төрдөг байв. Энэ хоёр тоогоо алдтлаа олон удаа улсын аварга болсондоо. Сүүлдээ уйдаад тэмцээнд орохоо больсон байх. Түүнээс залуусыг гүйцэхээ байгаад зодог тайлаагүй болов уу. Цэрмаасүрэн гуай өглөө үнээгээ саагаад сууж байгаа харагддаг. Өдөр нэг завандаа хөлдөө "лийз"-ээ углаад Улсын аварга болчихоод ороод ирдэг гэж ярьдаг. Өвлийн их спортын амжилтийн зөрүүнүүд  хаа газар хэт алсарсан, дэндүү хязгаарлагдмал, цөөн төрлөөр цөөхөн орон оролцдог гэсэн хэл ам байнга явдаг. Өндөр хөгжилтэй эдийн засгаар голлох орнуудад өвөл болдог тулдаа л энэ олимп хаалгүй барилгүй тэсээд байдаг гэцгээдэг. Нийт оролцогчдын нэг хүрэхгүй хувь нь хар арьстангууд байдаг, бөмбөрцөгийн урд хэсгүүд тэмцэлдэх боломжгүй ялгавартай гээд олимп болгоны дараа шүүмж өрнөдөг. Харин нэг удаа Австралиас ирсэн шорт трекийн нэг нөхөр санамсаргүй шууд аварга болчихож билээ.  Хоккейн талбайд тойрч уралддаг нэгэн төрлийн тэшүүрийн энэ төрөлд  бүх тамирчид ташраараа хальтирч унаад тээр хойно ганцаараа сажилж явсан дулаан орны тэшүүрчин ойчсон хүмүүсийн дундуур сүлжиж яваад барианд орчихсон юм.


Энэн шиг л аз таарахгүй бол хэт тасарсан гадаадын тамирчидтай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Цана тэшүүрийн талбай байгуулах нь ашигтай бизнес.Үүн дээр хүмүүсийг тоглуулж идэвхтэй амрааахыг бодлогоор дэмжээд уралдаан тэмцээнийг зогсоомоор байгаа юм. Цаашид их спортын чигтэй  уралдаан тэмцээнд очих нь явдлын гарз. Хэрэгтэй хэрэггүй, чадах чадахгүй энэ олон дайвар спортууд барьцсаар байгаад дэлхийн хэмжээнд өрсөлдөж байгаа топ хэдхэн төрлүүдийг хөлдөө чирчих вий дээ.