Бид зах зээлийн эдийн засагт ороод хориод жил боллоо. Төлөвлөгөөт эдийн засгийг бодвол хавьгүй ойлгомжтой боловч байнгын реформ шинэчлэл шаардаж байдаг тогтолцоо. Өнгөрсөн хугацаанд зөвхөн хоёр засгийн газар л дорвитой шинэчлэл хийж чадсан нь Бямбасүрэнгийнх, Энхсайханых. Эхнийх нь энэ улсын шилжилтийн эхэн үеийн хамаг хүндрэлийг авч гарсан. Өмч хувьчлах шийдвэр гаргасан нь л гэхэд дангаараа эргэлтийн процесс байлаа. Банкны хоёр шаталсан систем, үнийн чөлөөлөлт, иргэдийн чөлөөт шилжилт гээд богино хугацаанд хийсэн зүйл нь дэндүү аугаа дэндүү багтаамжтай. Ямар их гүтгэлэг, доромжлол, хараал, саад бэрхшээлийг туулав аа? Энхсайханы үед банкны реформ хийж, өмч хувьчлал ба үнэ чөлөөлөлтийг бараг гүйцээж хийсэн. Хийж бүтээж босгож байгааг харлуулж гутааж гүтгэж буцааж нурааж байж нэр төр олдог бизнес ч энэ үеэс эхтэй. Төрийг хүчгүйжүүлж, хийх гэснийг нь зогсоож, машиныг гацааж ард түмэндээ шударгаа гайхуулдаг нэг төрлийн мэргэжил буй боллоо. Хэрэв тэр үед хараалган гүтгүүлэн байж банкны реформ хийгээгүйсэн бол өнөөдөр хичнээн "Хадгаламж" банктай сууж байх байсан бол? Төрийн сүүлчийн арилжааны банк "Сэргээн болсголт"-ыг луйварчид идчихсэнийг илрүүлж дампууруулсны төлөө юу боллоо? Одоо энэ шоронд сууж буй Чимидцэрэн гэгч чинь уг банкыг төлөөлөн МАХН-ын байрны үүдэн дээр очоод суучихсан шудрага үнэнийг мандуулаад явж байсан юм. Банкыг хулгайч нар идчихжээ гэж би зурагтаар яриадахсан чинь маргааш нь намайг оршин суух хаягаар минь Баянгол дүүргийн шүүхэд өөрийг нь гүтгэсэн гээд өгчихсөн зарга манаргаж явсныг санаж байна. Ингэж залуу социалист луйварчдын холбоо анх тулгын чулуугаа тавьж байсныг ч мартаагүй байна.

Тэр үед нэгэнт эхлүүлсэн нийгмийн салбарын хувьчлалыг зогсоогоогүй бол, гаалийн татвар тэгэлснийг буцаагаагүй бол, үнийн чөлөөлөлтийг үргэлжлүүлж дуусгасан бол, гадаадын хөрөнгө оруулалтын либеральчлалыг хэвээр хадгалсан бол, тэгш татварын тогтоцод эртхэн шилжсэн бол, ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсвийг нэмээгүйсэн бол... Монгол орон ямар их амжилтанд хүрэх байсан бол? Хийсэн болгоныг нурааж, хийх гэсэн болгоныг дэгээдэж явсаар шилжилт хийж буй орнууд дотроо арын эгнээнт нэгэнт оржээ. Бүтэлгүйг нь гайхаж байсан Молдав, Болгар, Киргиз хажуугаар сүнгэнээд гараад явчихлаа. Алдаагүй амжилт гэж үгүй. Гэхдээ алдаа дутагдалтай боловч хийж бүтээнэ гэдэг юутай аугаа үйлс вэ? Юутай ч урагшилдаг. Алдаатайгаа оноотойгоо давшиж дэвшдэг. Юу ч хийхгүй байх нь улам бүр технологижин даяаршиж буй өнөөгийн ертөнцөд ухралт төдийгүй мөхөл юм.

Манайд сүүлийн арваад жилд хэнээр ч юу ч хийлгэхгүй байх бүхэл бүтэн технологи, түүгээр занимаалагсадын бүхэл бүтэн арми буй болжээ. Өнгөц харахад нэг л их болгоомжтой хүмүүс учирч магадгүй аюулыг урьдчилан хараад ч байгаа юм шиг. Үнэндээ монгол хүн хэдий том зарчмын асуудал тавина төдий чинээ амин хувийн жижиг асуудал ард нь нуугдаж байдаг адгийн дүрэм илүүтэй харагдана. Иймээс эсэргүүцэл болгон эзэндээ ашигаа өгдөг "эх оронч" санаачлага болжээ. Ашигт малтмалаа үнэ хүрсэн дээр нь ашиглая гэхээр урдаас тусгаар тогтнол яриад унахаар яахав? Нүүрс ухаад зарахаар бүрэн бүтэн байдал нь алдагдчихдаг тийм хэврэг тусгаар тогтнолтой улс уу, бид? Тусгаар тогтнолын төлөөх гурван үеийн монголчуудын урт тэмцэл зуугаад жил үргэлжилж байж амжилтанд хүрсэн болохоор их л шинэ сэргэг бөгөөд эмзэг сэдэв мөн нь мөн л дөө. Гэхдээ юманд дооз хэмжээ гэж бий, алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаа байгаа юм, ариун худгийг минь ховх сорох ходоод чинь хаа байгаа юм?

Олон улсын өгч авалцдаг шалгарсан жишиг байна, түүгээр байгалийн баялагаа ашиглая гэхээр урдаас ориг монгол ухаан яриад унана. Тийм онцгой арвин туршлага мэдлэгтэй улс уу, бид? Хоёр сая иргэнийг хоёр шаар төлөөлж хорин цаг "янаглахад" л ямар ч сайхан төлөвлөсөн ажил пар гээд л унаж байдаг тийм тогтолцоотой болжээ, бид. Үүнийг тэтгэж байдаг механизм, зах зээл, технологи, аргачлал, сүлжээ нь ч сүрхий хөгжсөн байна. Санасныг бодвол ашиг ч муугүй байдаг бололтой. Энэ ардчилал юм гэж үү? Нийгмийн асуудлыг ардчилсан байдлаар шийдэж байгаа нь энэ үү? Цөөнхийн оршин тогтнох нь баталгаажсан байдлыг ардчилал гэх болохоос цөөн хэдэн хүн нийгмийн тоормос болохыг ардчилал гэхээсээ сульдаа, давжаарал, гацаа, завхрал гэж нэрлүүштэй.

Өнгөрсөн жил үр тарианы үнэ дэлхийд 122 хувь өслөө. Цаашид ч улам их өсөх хандлагатай. Монголд газар тариалан хөгжих жинхэнэ бодит эдийн засгийн бололцоо анх удаа буй боллоо. Га-аас гурав дөрөвхөн центрнэр ургац авахад үнийн хувьд эерэг гарах нь байна шүү дээ. Хэзээ урьд ийм бололцоо байлаа. Үгүй гэнээ. Монгол улс сөнөх юм гэнэ. Тэгэж үхэхээр тээгэлж үхсэн нь дээр гэнэ. Тэрийгээ мэдэж байгаа гэж юүхэв! Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлэгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжилийн ажлийг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн менежмент худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Гэтэл бидэнд өнөөдөр юун түрүүн яаралтай мөнгө хэрэгтэй байна. Дэлхийн жишгээр нэг мэргэжилтнийг 30 мянгаас доошгүй доллароор бэлддэг байхад манайд сая төгрөгөнд багтаагаад халтуурдаж байна. Ийм өртгөөр боловсорсон хүн энэ зэргийн л юм ярихаас өөр яах ч билээ? Сайн боловсрол олохын тулд бидэнд яаралтай мөнгө хэрэгтэй байна. Олдох учиртай тэр мөнгө ийм ядуу тархинуудын маргаан хэрүүлэн завсар алга болчих гээд байна. Оюу толгойн одоогийн гэрээгээр нийт ашигийн 54 хувийг Монголын тал хэрүүл уруулгүй шууд авахаар байгаа. Төлөвлөсөн ёсоор 2004 оноос үйлдвэрээ бариад эхэлсэн бол одоо бид ашигаа хүртээд эхэлчихсэн байх байсан. Энэ ашигаараа сайн боловсон хүчин бэлдчихвэл арай л дээгүүр төвшингийн юм ярьж биш бүтээж суухсан.

Таминь ээ, үхнэ хатна гэж айлгаад зүгээр цагаан сараа хийж болохоо больчихсон байна шүү дээ. Монголд кино зураг ч авч болохгүй. Кавказад олзлогдогч-ийг бүтээсэн Бодров Чингисийн тухай кино хийхээр боллоо. Тэр киноны зургийг Монголд л лав авахуулахгүй. Казакстаны нэрээр Оскарт дэвшсэн эл кино шидээвэр болжээ. Урьд нь Микалковын Уурга киног манай эндээс бас хөөж явуулж байсан авч Каннын наадамд түрүүлж байлаа. Эзгүй хээр сая гаруй доллароор хашаа барьчихаад онгорхойг нь сүлдээр бөглөх гэсэн нь мөнгө дутчихаад гээд зогсож байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө открийтний мөнгө хэмнэж гийгүүлж байгаа юм гэнээ. Шинэ жилээр биендээ ил захидал явуулна гэдэг чинь уул нь соёл л юм л даа. Дарга нарын жип хурааж авах компанит ажлын үр дүнг сонссон уу? Зүгээр явж байсан машинууд хураагдах сургаар бүрэн талагдсан. Өөрөөр хэлбэл олон жип төмрийн хог боловой. Уул нь бүв бүтэн, зүгээр явж байсан юмсан.

Машин дарга хоёрыг салгадаг ч яахав болдог юм гэж үзье. Төр шашин хоёрыг тусгаарласан явдал нь хүн төрлөхтний нийгмийн байгуулалтын нэг том ололт болсон юм л даа. Манайд эргэж нийлүүлэх гэнэ. Мань шаар л шашин төрийг хослоё гэж бодоод захиалга өгсөн бололтой. Есөн мянган микроб мөнгөө илбэдэж өсгөнө хэмээн хадгаламж зээлдсэний хохирлыг "эх оронч" санаачлагаар гэмгүй хоёр сая хүнээр төлүүлчихэж л байгаа юм даа. Монгол улс зуны цагт шилждэг болоод гучаад жил болж байна. Умартын бүх орнууд ингэдэг, нарны гэрэл илүү ашигладаг учир их л хэмнэлт ч гардаг, хүмүүст ч таатай аж. Гэтэл мэрэг төлөг төөрөөд болохоо больчиж гэнээ. Цаг шилжүүлснээс болоод цай шингэдэггүй толгой өвддөг гэх мэт. Байчихаад тэгэхээс тэгэж байгаа юм шиг Монгол орныг минь өргөрөг уртгаар нь хуваагаад ихэнхийг нь огт гар хүрч болохгүй зооно бүс болгон хувиргах "янаг" хууль дээш өргөгджээ. Харж л байгаарай тун удахгүй төмөр зам ч тавиулахгүй, цахилгаан станц ч босгуулахгүй, онгоцны буудал ч бариулахгүй гээд л босоод ирнэ. Аль ч нийгэмд тэрслэгчид байдаг. Тэдний зөв ч байж магадгүй, буруу ч байж магадгүй. Гэхдээ тэднээр шийдвэр гаргуулдаггүй. Тэд өөрснийгөө юу ч гэж нэрлэсэн, тэрбайтугай иргэний хөдөлгөөн гэж нэрлэсэн ч шийдвэр гаргах эс гаргах нь хуулиар олгогдсон эрх бүхий хэсэг буюу олонхийн төлөөлөлд бий. Чухам эрх бүхий хэсэг л шийдвэрээ ч гаргадаг, хариуцлагаа ч хүлээдэг.

Бид бүгд эх орондоо хайртай (байх?). Гэхдээ үүнээ ингэж янаглах байдлаар хорлон илэрхийлж болохгүй (байх!). Шударгаа гайхдаг буюу гайхуулдаг олон зүтгэлтний жишээргүйг би гайхдаг. Шудрага гэдэг нь харьцангуй ойлголт учир юуны ч хэмжүүр биш. Асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх л хамгийн зөв шалгуур. Шудрага эх оронч байх нь хуулийн хүрээнд багтана, яагаад гэвэл хориглогдоогүй. Гэхдээ үүгээрээ далимдуулж эх орноо хоролбол ял зэм бий юу? Өөрөөр хэлбэл улс орноо шударгаар янаглан хорлох нь хуулийн хүрээнд багтах уу, эс багтах уу?

2008.2.26