Баялгийн эх сурвалж
Нэг хүн нэгэн уулын оргил өөд насан турш авирчээ.
Нэг хүн нэгэн уулын оргил өөд насан турш авирчээ. Бүх бэлтгэлээ сайтар базааж, хамаг хүч, хөрөнгөө зарцуулан байж зүтгэсээр нэгэн өдөр оройд нь хүрээд эргэн тойрноо хартал шал өөр уулан дээр гарчихсан байв гэнэ. Яагаад ийм явдал болов гэвэл тэр чиглэл, явцаа буруу багажаар хэмжсэнийх байжээ. Монголчууд бид энэ хүнтэй адилхан болох гээд байх шиг.
Нийгмийн баялгийг зөв багажаар хэмжиж, баялгийн эх сурвалжийг олж тогтоон, түүнийгээ тогтвортой хөгжүүлж, сайжруулж байх нь улс орон бүрийн гол зорилго мөн.
Нийгмийн баялгийг хэмжих хэмжилтийн нэг арга нь одоогийн засаглал төдийгүй социализмын үед ч хэрэглэсээр ирсэн эдийн засгийн оролтоор хэмжих буюу хэчнээн хөрөнгө, байгалийн баялаг, хөдөлмөр оруулснаар үр дүнг тооцох аргачлал юм. Оролтоор удирдлагын үйл ажиллагаагаа ч дүгнэсээр ирсэн. Оролт их байх тусам хэрэглээ нэмэгдэж, нийгэм баяжина гэсэн өрөөсгөл ойлголт бэхжиж, улмаар нийгмийн ухамсарт сөрөг нөлөө үзүүлсээр байна. Байгалийн баялаг арвин, хүн ам ихтэй орнуудыг эдийн засгийн оролтын хүчин зүйлээрээ харьцангуй давуу талтай гэж эдийн засагт үздэг. Тэгсэн хэрнээ тийм орон бүр бас баян байдаггүй.
“Яндаж болдоггүй далай шиг яасаг баян нутаг вэ” гэж эх орноо магтан дуулдаг ч та бидний тал хувь нь нэн ядуу амьдарч, хоногийн хоолоо арай ядан залгуулж байна. Өөрсдийгөө өмөөрөх, тайвшруулах гайгүй юм юу вэ гэхээр ийм ядуу орон нь ганцхан Монгол биш, өөр зөндөө бий, бидэнтэй адил улс үндэстэн Африк, Латин Америкаар дүүрэн л байна. Гайтай нь гэвэл тийм орон үргэлж ядуугаараа үлдэж, боловсролтой нэг нь гадаадад дүрвэж, үлдсэн хэд нь хэсэг бүлэг дарангуйлагчид удтал дарамтлуулж, ядуугийн туйлд хүрэхээрээ төрийн эргэлт хийж, өөрийн талын дарангуйлагчийг гаргаад дараагийн эргэлт хүртэл бүтэн зууныг элээн бардаг ажгуу. Яагаад гэвэл нийгмийн баялгийг зарцуулалтаар нь, оролтоор нь хэмждэг хэрнээ чухам юу бүтээснийг төр засаг нь тайлагнадаггүй. Асуусан хүн төрийн нууцад халдсан гэмт хэрэгтэн болдог билээ.
Нийгмийн баялгийг хэмждэг нөгөө нэг арга бол оролтыг гаралттай нь буюу үр дүнтэй харьцуулах аргачлал юм. Энэ арга оролтын нэгж болгоноор, олборлосон эрдэс баялгийн тонн тус бүрээр, оруулсан хөрөнгө оруулалтын төгрөг бүрээр, хөдөлмөрийг цаг тутмаар тооцож, ямар хэмжээний үнэ цэнэ шинээр бий болгосныг дүгнэдэг. Энэ харьцааг “бүтээмж” гэх бөгөөд энэ хэмжээсийг хэрэглэж байгаа газар бүрт үйл ажиллагаа нь өгөөжтэй, алдагдал, хаягдал бага байснаар эдийн засаг бүхэлдээ эрүүлжиж, нийгмийн ухамсарт бас эергээр нөлөөлдөг.
Нийгмийн баялгийг бүтээмжээр хэмжихийг сайн дураараа, эсвэл ямар нэг хууль тогтоолоор бий болгодоггүй. Бүтээмж бол тодорхой нөхцөлд зайлшгүй гарч ирдэг бодит хэрэгцээ. Тэр нөхцөл нь өрсөлдөөний орчин. Зөвхөн өрсөлдөөн л улс орныг ч, аж ахуйн нэгжийг ч бүтээмжээ нэмэхийг шахдаг. Нэмж чадсан нь ялдаг, чадаагүй нь өвдөг шорооддог.
Өрсөлдөөн бүтээмжийг төрүүлж, бүтээмж улс нийгмийн баялгийг нэмэгдүүлдэг. Энэ дарааллаар цэгнэж харвал манай өнөөгийн нийгэмд өрсөлдөөний оронд хуйвалдаан ноёлж байгаа нь бүтээмжийн оронд хуваарилалтыг төрүүлж, улс орон хөгжиж баяжихын оронд ихэнх нь ядуурч, цөөхөн хуйвалдагчид, хуваарилагчид, тэдний хань хамсаатнууд л баяжиж байна.
Өрсөлдөөн байгаа салбарт холбогдох бүх мэдээлэл бүх оролцогчид зэрэг хүрч, өрсөлдөгчийн давуу тал илт мэдрэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг компаниуд бүх хэрэглэгчдэд нээлттэй, холбогдох бүх байгууллагын үйл ажиллагааны чадвар өндөр, үйлчилгээ нь түргэн шуурхай, дэд бүтэц хүртээмжтэй, тухайн орон нутагт мэдлэг, туршлагатай боловсон хүчин олдоцтой байдаг. Эдийн засагт үүнийг “өрсөлдөх давуу тал” гэж нэрлэдэг.
Аливаа үндэстний бодлого, хууль болон байгууллагууд нь бүтээмж дээр суурилсан бол тэр улс хөгжил дэвшлийн замаар хэлбэрэлтгүй замнадаг. (Сингапур, Финланд хамгийн тод жишээ) Энэ дүгнэлтийг Харвардын их сургууль дэлхийн өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа 80 гаруй орон, тэдгээрийн доторх бүс, мужуудаар 20-иод жил судалгаа хийн байж тогтоожээ.
Бид нийгмийн баялгаа нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгийн салбар бүрт эрүүл өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай байна. Төр засаг энэ бодлогыг дэвшүүлэн тавьж, баримтлах цаг нэгэнт болсон. Төр засаг улс, орон нутгийн аль ч түвшинд өөрөө өрсөлдөгч, тоглогч болох хэрэггүй. Харин тоглоомын дүрмийг нь тогтоож өгөөд түүнийг баримтлахыг шаардах хэрэгтэй.
Төр засаг хувь хүн, хувийн компанийн хийж чадах бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг тэдэнд шилжүүлж, харин тэдний хийж чадахгүй зүйл, түүний дотор улс орны аюулгүй байдал, хувь хүний хөрөнгө, эрх чөлөөг хамгаалахад анхаарах ёстой.
Жинхэнэ өрсөлдөөн бүтээмжийг төрүүлж, улмаар бидний үйл ажиллагаа өгөөжтэй болоод ирэхээр манай нийгмийн баялаг эрс нэмэгдэнэ. Тэр цагт бид мөнөөх зорьсон уулынхаа оргилд будилалгүй гарах билээ.
ардчилал
ардчилал
zochin
Зочин