У.Хүрэлсүхийн хагалсныг Ө.Энхтүвшин эвлүүлсээр өнөөдөр халз тулаанд дуудлаа
МАН-ын даргад нэр дэвшигчид шигшигдсээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар “финаль”-д тунаж байгаа бололтой. Тун сонирхолтой. Учир нь У.Хүрэлсүх Ө.Энхтүвшиний араас “хутгатай гэтсээр” удаж буй.
МАН-ын даргад нэр дэвшигчид шигшигдсээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар “финаль”-д тунаж байгаа бололтой. Тун сонирхолтой. Учир нь У.Хүрэлсүх Ө.Энхтүвшиний араас “хутгатай гэтсээр” удаж буй. У.Хүрэлсүх өөрөө “Намын нэрийг сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагаа хүлээнэ” гэснээрээ 2012 оны долдугаар сард Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намын Удирдах зөвлөлдөө гаргасан. Дараа нь МАН-ын Бага хурлаар 2013 оны тавдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар хуралдахад очиж очиж Б.Бат-Эрдэнэ аваргад ойчоод өгч билээ. Ямар барилдаж байгаа биш дээ. Улс төрөөр бол арай л дээр “цолтойсон”. Ингэхдээ намын дарга Ө.Энхтүвшинг, нарийн бичгийн дарга Т.Гантулгатай нь хамт унагах ажиллагаа зохион байгуулчихаад С.Баяр, У.Хүрэлсүх нар хурлаа таслан ажиглаж суусан. Тэдэнд Ө.Энхтүвшин л биш бол хэн ч байсан хамаагүй байв. Мэдээж Б.Бат-Эрдэнэ аварга сонгуульд ялагдсан. “Өрөөлийн бөхийг зассан” ч, эс зассан ч ялагдах магадлал өндөр байсан. Харин Ө.Энхтүвшин өрсөлдсөн бол өөр л дөө. МАН-ын Бага хурлын олонхийг бүрдүүлдэг У.Хүрэлсүхийн фракци, М.Энхболдын хотын бүлэглэл хаана байв аа? Тэд Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжжээ. Дарга нь “Ө.Энхтүвшинг дэмж” гэж хэлээгүй болохоор тэр. Товчхондоо Ө.Энхтүвшин л даруухан загнаад өнгөрсөн болохоос М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр намынхаа даргынхаа эсрэг ажиллачихсан гэж үзэж болохоор...
Ө.Энхтүвшинг улстөрчийнх нь хувьд олон нийт хэрхэн дүгнэдэг бол. Тэгтлээ “ура” хашгираад туг эргүүлээд байдаггүй ч эгзэгтэй үед үнэнийг хэлж чаддаг нь түүний сэтгүүлч мэргэжилтэй холбоотой ч байж мэднэ. Тэр намдаа У.Хүрэлсүхээс дутахааргүй хайртай. Тиймдээ ч ялсан үед нь бус ялагдсан үед, тэр тусмаа намынхан нь ичээд хил даван одсон цагт ачааны хүндийг үүрч үлддэг. Айхтар зууралдалгүй “нэхсэн” цагт нь хүлээлгэж өгдөг. Сөрөг хүчин байхдаа ч оновчтой шүүмжлэл хэлж чаддаг байсан. Олонх болсон үедээ 65-ын бүлэг Засгийн газраа өөрсдийн хагаралаас болж унагаж байгаад ичиж гутарч байгаагаа ч нуугаагүйг Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаанаас харсан билээ. Иймд түүнд намын Их хурал хүртэл МАН-ын дарга, эсвэл МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудлыг түр хадгалуулах хувилбарыг нөхөд нь сонгосон байж мэднэ. Итгэл хүлээлгэж саналаараа дэмжих хурал нь хараахан болоогүй байна.
Харин У.Хүрэлсүх бол тэгж атгаснаа тавьж амархан өгчих аавын хүү биш. Төдийгөөс өдий хүртэл “аугаа” Н.Энхбаяртай амьдралаараа дэнчин тавьж үзэлцэхдээ тодорч торойсных нь эцэст түүнийг ядаж Ерөнхий сайдын суудал хүлээж байгаа гэдэгт тэр итгэдэг. Тэгээд ч Ц.Нямдорж “ах” нь гарын үсэг зурсан 31 гишүүнийг төлөөлж дараагийн Засгийн газарт ажиллах гээгүй гэж “том дуугарсан”. Гэтэл аль нүүрээрээ намын дарга, Ерөнхий сайдад өрсөлдөх гээд байгаа хэрэг вэ. Ингэхэд түүнийг яагаад энэ суудалд залж болохгүй гэж?
Уг нь намын нэр хүнд эмзэг байгаа энэ цаг үед Сэлэнгэд түймэр унтрааж байна гэчихээд Хэнтийд архидаж байдаг Намын дарга, Ерөнхий сайд хэрэггүй л юмсан. Тэрбээр бүр 2009 онд л МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхаасаа намын залуучуудын байгууллагыг талцуулж эхэлсэн. Э.Мөнх-Очир, У.Барсболд, Ж.Энхбаяр, тэр өөрөө гэхчлэн нэгэн үеийн шижигнэсэн залуус Н.Энхбаярыг “явуулсны” дараа ёстой л “гав гинжээ тас татсан мэт” эрх чөлөөгөө эдэлж, “Одоо л тэдний үе эхлэв үү” гэтэл албан тушаал, эрх мэдлийн төлөөх “дажин”-ы дүнд хүчээ тарамдуулсан билээ.
Хадгаламж банкны хэрэг, УИХ-ын гишүүнийг чуулганы танхимаас чирч гарган олны нүдэн дээр цохиж унагасан гэхчлэн таагүй үйлдлээр намаа “чимсэн”-ээс өөр гавьяаг түүнээс олоход бэрх. Л.Гүндалайг Хөвсгөл далайд төөрөхөд аварсан нь худал байсан нь ч гэсэн Хэнтийд хүртсэн сархадаа тургиж Сэлэнгийн түймрийг унтраасантай нь адил бус уу.
Өнөөдөр “60 тэрбумын хэрэг” гэгчийг, сайд нарт холбогдох мөнгө нь орж ирээгүй ч концесс авсан байдлыг жигшиж бухимдаад байгаа У.Хүрэлсүх нь ерээд оны үед Залуучууд хөгжил сангийн нарийн бичиг байхдаа “Сэргээн босголтын банк”-наас 150.000 ам.долларын зээл авч, тэр сан нь ч, тус банк ч дампуурч байсныг мартлаа гэж үү.
Тэрбээр “таван настай хүү насаараа л аяга угаалаа гэжээ” гэдэгчлэн насаараа 32 жил намд зүтгэсэн. Энэ хугацаанд сайд нар, түүний гэр бүлийн компани концесс авдаг, төрийн өмчийн байгууллагад шахаа хийдэг зэргийг огт мэдээгүй гэнэ. Өнөөг хүртэл төрийн өндөр албан тушаал хашихдаа мөнгө төлөөд л яваад байсан бололтой. Тэгээгүй бол өдийд “Юун 60 тэрбум, тийм мөнгө төлж албан тушаал авна гэж юу байсан юм бэ” гээд “улаан хамгаалагчийн” үүргээ гүйцэтгэж баймаар юм.
Анх удаа УИХ-д сонгогдсоныхоо дараа буюу Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Удирдах зөвлөлийн хурал дээр намынхаа даргын өөдөөс “Намын ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу” гэж хэлээд хөөгдөж гарснаараа тэр “од” болсон.
Тэгвэл Ө.Энхтүвшин ч гэсэн Ерөнхийлөгчтэй, намынхаа лидерүүдтэй зөв тэмцэл хийж үзсэн юм шүү дээ. Харин хөрөнгө мөнгө завшсан, хэн нэгнийг цохиж зодож хүйсээ нотолсон сураг дуулдаагүй. Намбарын Энхбаярыг түүнтэй үерхэж ч, үзэлцэж ч явсныг олон хүн мэднэ. Тэр хоёр нас чацуу, нам нэг, зиндаа өөр ч хатуу үнэнийг Ө.Энхтүвшин л хэлдэг байсан гэдэг. Гэхдээ хүнд хэцүү цагт нь нэлээд хөөцөлдөж байж зөвшөөрөл авч эмнэлэгт эргэж очсон тухайгаа ярьсан байдаг. Өсөрхөж биш өршөөж тэмцэх ялалт гэдэг энэ болов уу.
Тэртээх 1996 онд ч, 2012 оны сонгуульд ч намаа ялагдахад ачааны хүндийг үүрч үлдсэн азгүй ч гэхэд хаашаа юм, сэтгэлийн тэнхээтэй Ө.Энхтүвшин яагаад энэ удаад У.Хүрэлсүхийн алдааг “дахиад” засч болохгүй гэж. 1996 оны зургаадугаар сард тухайн үеийн МАХН УИХ-ын сонгуульд 25-хан суудал авсан. Хоёрхон сарын дараа буюу 1996 оны наймдугаар сарын 26-нд МАХН-ын Бага хурлаар Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр, С.Баяр нар намын даргад өрсөлдөхөд Н.Энхбаяр намын ерөнхий нарийн бичгийн даргаар, Ө.Энхтүвшин нарийн бичгийн даргаар сонгогдов. Дараа нь аравдугаар сард орон нутгийн сонгууль болж, МАХН-ын нарийн бичгийн дарга бөгөөд нийслэлийн МАХН-ын хорооны даргын албыг давхар хашиж байсан Ө.Энхтүвшин намаа сонгуульд удирдалцан орж, ялалт авчрав. Тэр үед МАХН-ыг ерөнхий нарийн бичгийн дарга нь удирдаж, нарийн бичгийн даргын албан тушаал нэг л байсан бөгөөд одоогийн генсекийн үүргийг гүйцэтгэдэг байлаа. Цаашилбал, 2012 онд сонгуульд ялагдахдаа мөн л Ө.Энхтүвшинд ачаа үүрүүлж хаячихаад “эрдэм өвөрлөж ирэхээр” одоцгоосон. Ялагдахад нь У.Хүрэлсүхийн намын нэрийг сольсон хариуцлагаа хүлээнэ гэж онгирсон зэрэг нь нөлөөлсөн л байх. Алсын зарим аймагт “Манай улсын Ерөнхийлөгчийг Н.Багабанди гэдэг” гэж хариулаад сууж байдаг мэдээлэлгүй иргэд саналаа өгөхдөө МАХН нь МАН болсоныг мэдсэн гэж үү. Ичгүүр сонжуургүйгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 2013 оны тавдугаар сард булаагаад л авсан. Ингээд бодохоор ялагдлаа ялалтаа хувиргах ачаа үүрүүлсэн энэ эрхэмд эдүгээ итгэл хүлээлгэх цаг нь болсон биш гэж үү.
Харин энэ удаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг дагаж намирч, Ерөнхий сайдаа тагнаж чагнасан гэх хэрэгт гүтгэж, 65 суудал авсан ялалтаа үл хүндэтгэн Засгийн газраа огцруулах эхлэлийг тавьж намынхаа нэр хүндийг унагаалаа. Түүнийг Бага хурал хүлээж аваа ч уу, үгүй ч үү. 300 гаруй гишүүнтэй Бага хурлын гишүүд 40 гэж өсгөж яриад байгаа гарын үсгээр хөдөлнө гэж үү. Тиймээс ч Ө.Энхтүвшин “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын түвшинд өрсөлдөхөө журмын нөхдөдөө мэдэгдэж байна. Хэрэв би Ерөнхий сайдаар томилогдвол Монголын төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ. Эцэст нь “Эрх баригчид завь мэт, харин ард түмэн их мөрөн лугаа” гэх нэгэн их хүний үгийг бас санацгаая. Их мөрөн завийг урсгаж ч, зогсоож ч, бүр хөмөрч ч чаддаг. Их мөрөндөө ихэд хол явах, үгүй нь та биднээс л хамаарна. Өнөөдөртөө бол сонголт их мөрөнд бус, МАН-ын журмын нөхөд та бидний гарт байна” хэмээлээ. Тэгэхээр журмын нөхөддөө тэр их итгэж байгаа аж. Ө.Энхтүвшин бол намын зарц биш. У.Хүрэлсүхийн алдааг цэвэрлэгч бүр ч биш. Түүнд удирдагчийн ноён нуруу, сөрөг хүчнийхнээр ч дэмжигдэх нөхөрсөг чанар, Ерөнхийлөгч гэлтгүй өөрөөсөө өндөр албан тушаалтантай төрийн ёсоор, “үнэний хэлээр” ярьж чаддаг туршлага бий. Нэр дуулдаад байгаа бусад кандидатад энэ л чанар арай дутах болов уу.