Банкуудын дампуурлын салхи сэвэлзэх хэнд ашигтай вэ
Дэлхийн санхүүгийн ертөнцөд болсон анхны том газар хөдлөлтийн чичиргээнд өртөж, эмгэнэлтэйгээр зүйл дууссан хөөрхий манай муу жижигхэн банк
Дэлхийн санхүүгийн ертөнцөд болсон анхны том газар хөдлөлтийн чичиргээнд өртөж, эмгэнэлтэйгээр зүйл дууссан хөөрхий манай муу жижигхэн банк „Анод”-ын тухай бүх асуудлууд нэгэнт домог болж, түүний араас дампуурч мэдэх банкаар тодроод байсан “Зоос” банкны талаар Монголбанкнаас албан ёсны мэдээлэл хийж ээлжит түгшүүрийн харанга зүй ёсоор хангиналаа. „Юу болох гээд байна вэ” гэсэн далдын айдсыг хагалж Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарав. Албаны хэлээр өгүүлбэл “Зоос” банкинд Эрх хүлээн авагч томилсон тухай болон “Зоос” банкыг 100 хувь төрийн өмчит банк болгох шийдвэр гарч, түүнийгээ хариуцлагатай эрхмүүд хэвлэл мэдээллийнхэнд зарлалаа. Уг нь тэд “Зоос” банкыг „Хадгаламж”, „Монголшуудан” банкуудын нэгдэлд хамруулах тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө өгч байсан юм. Гэвч энэхүү нэгдлийг “Зоос” банкны хувьцаа эзэмшигч Европын сэргээн босголт банкнаас хүлээн зөвшөөрөөгүй юм байх аа. Хамгийн цэвэрхэнээр хэлэхэд шүү дээ. Бас дээр нь тус банкинд хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн гэх тодотголыг чулуудахаа эрхмүүд мартсангүй. “Зоос” банк одоогоос жил гаруйн өмнөөс эхлэн Банкны тухай хуулийг зөрчин их хэмжээний зээлийг нэг зээлдэгчид олгосон тухай мэдээлэл өнөөдөр албан ёсны болон баталгаажиж, гол буруутнаар алтны магнат Ц.Мянганбаярын нэрийг цохон зарлалаа. Тодруулбал тус банк “Монгол газар” компани болоод түүний холбоотнуудад 60 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгочихоод байгаа бөгөөд энэ нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаарх мэдээлэл нэгэнт ил тод болжээ. Байдал ийм байгаа тул Монголбанк хуулиар ногдсон үүргийнхээ дагуу „Зоос” банкыг төрийн нэрийн өмнөөс хяналтдаа авч байна гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж албан ёсоор мэдэгдсэн юм.
Харин Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас болоод банкууд дампуурах, доголдох байдал үүсээд байгаа юм биш үү? Тухайлбал, “Зоос” банкыг дэмжих талаар төв банк ямар ажил хийсэн бэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад ноён Л.Пүрэвдорж “Зоос” банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн үеэс Монголбанк болон, Монголын төр засгийн зүгээс бололцоотой бүх арга хэмжээг авсныг би онцлон хэлэхийг хүсч байна. Зоос банкинд өнгөрсөн оны эцэс, энэ оны эхнээс 17 тэрбум төгрөгийн зээлийг төв банкнаас олгож туслалцаа үзүүлсэн. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангаас арилжааны гурван банкинд төлбөр түргэн гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө байршуулсны нэг нь “Зоос” банк. Тус сангаас 18 тэрбум төгрөг байршуулснаас гурван тэрбумыг нь төлөөгүй байна. Түүнчлэн алт олборлогч нарт олгох зээлийн 18 сая ам,долларыг ч “Зоос”-оор дамжуулан олгосон. Гэвч энэ бүх арга хэмжээ маань үр дүнгээ өгсөнгүй. Тийм учраас аргагүйн эрхэнд „Зоос” банкыг төр мэдэлдээ авч байна” гэж хариуллаа.
Түүний энэ үг төв банкыг удирдах явцдаа зүгээр гараа эвхээд суугаагүй гэдгээ илтгэсэн, басхүү энэ үйл явцын цаана болж байгаа нарийн ширийн асуудлууд руу элдэв анхаарал оруулчихгүй гэсэн сэрэмж тээсэн нь ойлгомжтой харагдаж байна. Тийм ч учраас нөгөө талаасаа хариуцлагатай, сүрхий ил тод мэдэгдэл биш гэж дүгнэж болно.
Тийм ээ. Гунигтайгаар мэдэгдэхэд бодит байдал дээр „Зоос” банк төлбөрийн ямар ч чадваргүй болжээ. Монголын банк санхүүгийн ертөнцөд өөрийн алчуурыг дэрвүүлэнхэн явсан эл банк модоо барьж, үйл ажиллагаа нь эргэлзэх юмгүй доголдож, мотор нь зогссон гэсэн үг. Тэдний найдваргүй зээл банкныхаа активаас даваад явчихжээ.Тоон үзүүлэлтээр 52 тэрбумын найдваргүй зээлтэй болчихсон гэх мэдээлэл одоо нэгэнт ил болж байна. Өрх гэрээ барьж ханаа дугуйлахдаа оршин суугчдын хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, элдвээр тэмцэн байж зоосон өнгөтэй алтадмал өргөө босгож байсан тэдний түүх ийн харамсалтайгаар төгсч байна. Гэхдээ энэ мэдээ монголчуудын хувьд баярлаж хөөрөөд байх мэдээ биш юм. Харин ч зүрх сэтгэл өвтгөж, ядарсан монголын эмгэнэлд хандив болон нэмэгдэж буй муу ёрын л дохио юм. Мэдээж нэртэй нүүртэй явсан нэг сайхан айлын маань л сүйрэл шүү дээ. Ийм үед бид сайн муугаа дотроо ярих л ёстой санагдана. Жишээ нь, эцэг банк маань энэ айлаа авч үлдэхийн төлөө юу хийв ээ гэх асуултыг яагаад бүгд ханцуйндаа шивнээд байна вэ. Яагаад тэдний индрийн цаанаас өндөр дуугаар шидэж байгаа албаны хариултаар амаа таглуулж суух ёстой юм бэ. Цагаан толгойтой ерөнхийлөгч нь гарч ирээд зад загнана гэж айх хэрэг байна уу. Энэ ганцхан түүний асуудал мөн гэж үү.
Уг нь энэ мэт хямралын үед төв банкнаас нь Бэт (Бүрэн эрхэт төлөөлөгч) томилж гал унтраах ажиллагаа явуулдаг жишиг бий. Манайд жишээ нь төв банкны экс ерөнхийлөгч Батсүх „Анод” банкин дээр Бэт томилж байсан. Бараг түүний сүүлийн шийдвэр болсон байх. Бэт томилж ажиллуулна гэж чухам юу болох талаар манай иргэд баахан саармагжсан ойлголттой болчихсон. Уг нь энгийн үгээр тайлбарлавал тэр банкны хэвийн үйл ажиллагааг цааш нь явуулахын тулд хяналтдаа авч, нэг ёсондоо шинэ менежмент оруулж байна л гэсэн үг. Тэгэхээр хуучин ерөнхийлөгч нэг банкаа шууд тавиад туухыг урьтал болголгүй, эцсээ хүртэл авч үлдэх бодлого барьж байсан байжээ гэж одоо ойлгогдож байна. Яагаад энэ жишээг татаж байгааг маань гадарлаж байгаа байх. Учир нь „Зоос” дээр ч гэсэн Бэт томилж болохоор байсан гэж үзэх мэргэжилтнүүд цөөнгүй байна. Цөөнгүй байгаа учраас яагаад „Зоос” дээр Бэт томилолгүй, шууд дампууруулах шийдвэр гаргаж байгаагийн ар талыг ухах шаардлага гарч байна гэсэн үг.
Төв банк „Зоос” дээр шууд эрх хүлээн авагч томилчихлоо. Эрх хүлээн авна гэдгийг албан бусаар тайлбарлавал ерөөсөө шууд дампууруулаад төр хүлээж авч байна л гэсэн үг. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Хуулиараа хадгаламж эзэмшигчдийн бүх мөнгийг Монголбанк төлнө. Найдваргүй зээлийг мөн Монголбанк барагдуулна гэсэн үг. Давтан хэлэхэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлнө, найдваргүй зээлийг бол барагдуулна. Хоёр өөр ойлголт гэдгийг уншигч авхай болгоож буй биз ээ. Уг нь монголын банкууд „Бид худалдаад авчихъя аа”, „Энэ банкыг ингэж шууд дампууруулж болохгүй ээ” гэсэн саналыг Монголбанкинд хангалттай тавьсан гэдэг. Өөрөөр хэлбэл „Жаст ойл”-ын Ш.Батхүү „Голомт банк” „Хаан” банк бүгд „Бид нар худалдаад авчихъя аа, нэг банк дампуурах нь банкны ертөнцдөө өөртөө таагүй үр дагавартай. Тийм учраас бид авъя, бид найдваргүй зээлийг нь барагдуулъя, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нь өгье. Тэгээд энэ банкыг сайхан аваад явчихъя” гэж гуйж ядсан гэсэн үг. Тэдний энэхүү хүсэл юуг илтгэж байсан бэ гэдгийг тааж ядах юмгүй. Ерөөсөө л монголын банкны зах зээл тайван, тогтвортой байх ёстой гэсэн үндсэн үзлийн төлөөх эр зориг шүү дээ. Жижиг банкууд дампуурч л байвал бидэнд сайн гэсэн зарчим банкны ертөнцөд үйлчилдэг гэж харах нь хэт гэнэн хэрэг. Тэд банк санхүүгийн ертөнцийн энэхүү хямралын өмнө тулгуур үзэл санаан дээрээ нэгдэж, эрүүл санал санаачилгыг гаргасан гэсэн үг. Гэвч энэхүү саналыг нь Монголбанк хүлээж аваагүй. Яагаад хүлээж аваагүй вэ гэх асуулт зүй ёсоор орж ирнэ. Одоогоор энэ талаар албан бус, гэхдээ баттай эх сурвалжуудын мэдээлэлд суурилсан хариултууд манай хотоор нисч явна. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн зөвлөхүүд гэж өндөр ямбатай гадныхан голдуу нөхдүүд байдаг гэх нэгэн мэдээлэл үүнд хачир нэмж байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт банкнаас ирсэн тэдгээр нөхдүүд өдрийн 1000 еврогийн цалин авдаг гэж барин тавин баталж байгаа эх сурвалжууд ч бас байна. Тэр цалинг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа. Энэ нөхдүүд нь „Үгүй ээ Зоосыг дампууруулах ёстой” гэсэн хатуу байр суурь тулгасан нь үнэн болов уу. Үнэн бол үнэхээр аймшигтай явдал. Уг нь хуулиар олгогдсон эрхээрээ бол Л.Пүрэвдорж өөрөө шийдвэр гаргах чадалтай. Гэтэл энэ хүний тархийг юу базчихав гэх ээрсэн асуултад дээрх баримтууд хариулт болох ч юм шиг. Яагаад гэхээр „Зоос” банкны гол хувьцааг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг. Европын сэргээн босголт банкнаас Л.Пүрэвдоржийн хажууд нэг биш зөвлөхүүд ажиллаж байгаа.Тэд манай нэгэн хөөрхийлөлтэй байдалд орсон банкыг ийнхүү дампууруулж байна гэх. Үүнтэй залгаад ахиад л яагаад гэх асуулт ирнэ. Хариултыг хардалт дээрээ суурилуулж байгаад өгөх гэж оролдъё.
Одоо монголын эдийн засагт Оюутолгой тэргүүтэй ордууд хөдөлгөөнд орсноор асар их мөнгөний урсгал орж ирж байгаа. Тэр мөнгөний урсгалыг монголын банкаар оруулахгүй, барууны банкууд өөрсдөөрөө явуулах сонирхолтой байгаа гэж харж болох ч юм шиг. Тэгэхийн тулд монголын банкуудыг нэг нэгээр нь оршуулж байна гэж хардаж ч болох юм шиг. „Зоос” тэрхүү аймшигт хуй салхиных нь эхэнд дайруулчихаж байгаа ч юм шиг. Золигт гарсан банкныхаа араас мань мэт ийнхүү хардах эрхтэй ч юм шиг.
Энэ бүхнийг орхиод байгаа нөхцөл байдлаа эргэж харъя. Банкны ертөнцийг чичрүүлэн дагжуулсан дампуурлын галт тэрэг хар утгаагаа хаялан нэгэнт хөдөлчихжээ. Одоо зогсооно гэж бараг байхгүй хэмээн мэргэжилтнүүд халаглаж буй ч саармагжуулах тухай оролдлогууд байлгаж болохыг үгүйсгэхгүй байна.
Түрүүн би золигт гарсан „Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг одоо төв банк даана. Найдваргүй зээлийн ил гарсан 52 тэрбумыг ч барагдуулна гэж зүгээр ч нэг золбин үг унагаагүй юм. Одоо манай төсөв алдагдалтай гарчихсан байна. Энэ дээр хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлнө гээд зүгээр л бодож үзье. Юу болох бол. Эцэс нь манай банкууд бүгд чадваргүй болно гэсэн л үг шүү дээ. Чадваргүй болоод сульдангуут нь барууныхан бас оросууд авна. Тэд хөгжим захиална. Тэгээд тэдний урсгалаар манай ордуудын мөнгө орно.
Ганцхан жишээ хэлье. Хятадын хөрөнгө оруулалтын корпорациас 500 сая долларыг монголоос хямдхан нүүрс авахын тулд дэмжлэг болгож манайд өгсөн. Тэр том мөнгийг даллаад аваад ирж байгаа нүүрс нь манайх болохоор манайд орж ирсэн мөнгө гэж „өмчирхөж” байгаа хэрэг л дээ. Бүр тодруулбал China investment corporation (CIC)-аас South gobi sands компанид оруулсан мөнгө юм. Энэ компани бол Айвонхоу майнзын охин компани. Гэхдээ харамсалтай нь энэ мөнгө монголын банкинд ороогүй. Канадын банкинд орсон байна. Энэ бол цаашид бидэнд ирэх бодит төрх. Хүний улс хүрэн бөөртэй. Тэд монголын нүүрсийг хямд төсөр авахын тулд бие биедээ дульдуйдан том том мөнгө „бэлэглэж”, тийнхүү авиглахдаа манай банкны нарийхан жимийг тоож ашиглахгүй байнаа гэсэн үг. Энэ мэт жишгээр стратегийн ордуудын эргэлтээс ирэх мөнгөний урсгалыг явуулах сонирхол тэдэнд байгаагийн илрэл.
Харийнхны ийм тодорхой ааш аяг илэрч байхад төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өөрийн „толгойгүй” гэдгээ илтгэж, мэргэжлийн бус болохоо ийнхүү харуулаад сууж байж болох уу. Цаашид байдал улам хүндрэх дохио хангинаж байна. Төгрөгийн ханш сулрана. Импляци өснө. Хар амлаж байна гэж битгий хараагаарай. Аягүй бол ерээд онд хийж байсан мөнгөний реформыг аргагүй эрхэнд хийх ч болж мэднэ. Амьдрал улам ядуурна. Ядуурлын сүүдэр нэмэгдэх тусам бухимдлын үүл хуралдана. Бухимдлын бараан үүл хуралдаад ирвэл түүгээр шалтаг заагаад тавантолгойн гэрээг хийлгэхгүй байх сонирхол идэвхжихийг үгүйсгэх аргагүй шүү. Хэрэв ийм байдал нүүрлэвэл бид ганцхан Оюутолгой-тойгоо л эргэлдэнэ. Эргэлдээд ч эргэлтийн урсгалаас ирэх мөнгө монголын банкаар орохгүй. Гадны гараар гадны замаар явна. Үр дүнд нь монголчууд бид л хоорондоо зодолдоно. Дорнын булай болсон дотоодын дажин дахиад л эхлэнэ. Харин өрнөдийнхөн баялгийг минь авчихаад, бас мөнгөний урсгалынхаа бүр гольдирлыг өөрсөөрөө дамжуулж эргүүлчихээд, ухсан нүхэн дээрээ тоос манартал зодолдож байгаа биднийг хараад жуумалзаж суух биз ээ.
цээгий