Зээл авсан гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах нь урт бөгөөд хүнд зам
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үйлдвэрлэгчдэд олдохгүй байгаа зээлийг өндөр албан тушаалтнууд авсан нь гэмт хэрэг мөн үү?
-Энэ маргаан зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. 2011-2012 оны үед ч гэсэн ЖДҮДС-тай холбоотой санал, гомдол явж байсныг санаж байна. Тэр үед ЖДҮ-ийн зээл банкаар дамждаг байсан. Иргэдийн зүгээс “Бид барьцаа хөрөнгө муутай. Гэтэл банк өндөр шалгуур тавиад өөрсдийнхөө найдвартай, уламжлалт харилцагч буюу том компаниудад өгөөд байна” гэдэг гомдол гарч байсан. Мөн тэр үед эрүүгийн хуулийг шинэчлэх явцад уламжлалт албан тушаалын гэмт хэргийг өргөтгөж авлигын гэмт хэргийг иж бүрэн хуульчлах талаар яригдаж байсан. Одоо үйлчилж байгаа 22.1-д заасан албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах гэх гэмт хэрэг хангалтгүй байгаа тухай. Энэ зүйлд байгаа манай уламжлалт албан тушаалын гэмт хэрэг нь албан тушаалтан өөрт байгаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт.
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын авлигын эсрэг концвенц бий. Энэ конвенцид тухайн албан тушаалтан өөрийн албаны эрх мэдлийг урвуулан ашиглахаас гадна албан тушаалын нөлөөгөө ашиглаж өрөөл бусдын албаны эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг ойлголт байдаг. Өөрт нь зээл олгох эрх мэдэл байхгүй ч зээл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтанд нөлөөлөх, албан тушаалын нөлөөгөө ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал олж авах, энэ нь нөгөө талдаа өөр бусад иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулах үзэгдэл авлига, ашиг сонирхлын үзэгдэлд түгээмэл байдаг. Тийм учраас 2012-2013 оны үед “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар авлигын энэ үзэгдэлд хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй нээ” гэх зүйл яригдаад 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 гэдэг зүйл дээр “Албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” гэх гэмт хэрэг нэмж бичсэн юм.
Харамсалтай нь 2017 онд УИХ-д хэт олонхи болсон МАН Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 дахь заалтыг үгүй хийсэн. Одоо 22.1 гэдэг заалтаар албан үүргээ хариуцаж байсан гэдэг үндэслэлээр сайдад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Түүний дор байгаа ЖДҮДС-ийн албан тушаалтнуудад албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага хүлээлгэх байх. Харин зээл авсан УИХ-ын гишүүд дээр одоо хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хариуцлага ярих боломж хязгаарлагдмал байх болов уу. Таван жилийн өмнө ийм маргаан байсан учраас олон улсын конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүгийн хуульд оруулж ирсэн 22.2 дахь заалтыг энэ УИХ алга болгочихсон. Явсан замаараа ахин дахин л явж байна даа.
-УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгсөн энэ явдлыг та ямар учир шалтгаантай гэж бодож байна?
-Зарим нэг нь бол сэтгэл хөөрөл, савсага байдлаар учир шалтгаанаа олохгүй дунд нь хөөрч яваад зээл авсан байх. Зарим нь бол ул сууртайгаар, ухаалгаар бодож төлөвлөж байж хийсэн юм шиг үйлдлүүд харагдаж байгаа. Эрүүгийн хуулиа өөрчилж байгаад, банк өгдөгийг болиулж байгаад авсаныг бодоход.
-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж болохгүй юу?
-Тэр хуулиар тодорхой хэмжээнд хариуцлагын тухай ярьж болно. Гэхдээ сонирхлын зөрчлийг зохицуулдаг хууль урьдчилан сэргийлэх зорилготой хууль болохоос гэмт хэргийг зохицуулдаг хууль биш. Гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг Монгол Улсад зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл энэ үйлдэл зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болчихоод байх шиг. Харамсалтай нь сонирхлын зөрчлийн асуудал нь ёс зүйн алдаа, ёс зүйн зөрчил гэх хэмжээний хариуцлагын тухай ярьж болно. Миний харж байгаагаар гүнзгий хардах хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт гишүүдэд олгогдсон мөнгө нэгэн жигд хэмжээний 950 сая буюу нэг тэрбум төгрөгт эргэлдэж байна. Мэдээлэл нь тодорхой болоод ил гарсан гишүүдийн хувьд зээлийн хэмжээ нэг ижил байгаа нь нэг үйл явцын оролцогч юм биш биз гэсэн хардалтыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөрөө өмнөх Засгийн газрыг огцруулах, одоогийн Засгийн газрыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийн кнопыг худалдаж авсан Засгийн газрын авлига байж магадгүй гэж хардах үндэслэл болж байна. Хоёр дахь нь 65 суудал авсан МАН-ын УИХ дараагийнхаа сонгуульд бэлтгэх, өмнөх сонгуулиар гарсан зардлаа гишүүддээ буцааж төлөхөд зориулсан улс төрийн авлигын схем нь ЖДҮДС болон бусад сангууд болсон юм биш үү гэсэн хардлага байна. Сая УИХ-аар баталсан төсвийн хуулийг хэлэлцэх явцад ч гэсэн эдийн засагчид “Энэ төсөв улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү 76 тойрогт УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, сонгуулийн ажлыг нь санхүүжүүлэх төсөв боллоо” гэж яриад байна.
Саяны хоёр хардалтыг аваад үзэхэд энэ бол яах аргагүй сонирхлын маш том зөрчил. ЖДҮДС гэдэг чинь 5-10, сайндаа л 50 ажлын байр бий болгоод, өөрсдөө амьжиргаагаа авч явах гэж яваа тэр хүмүүсийг эдийн засгийн хувьд дэмжих бодлого. Гэтэл улс төрийн эрх мэдэлтэй, бараг олигархи гэж хэлж болохоор хүмүүс өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр болгочихлоо шүү дээ. Энэ бол нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол хоёр зөрчигдөж байгаа тодоос тод үйлдэл мөн. Сонирхлын зөрчлийн хуульд ч, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд ч энэ зүйлийг хориглосон зүйл заалт цагаан дээр хараар тод бичигдсэн байгаа. Гэмт хэрэгтэн болгоод, ял өгөөд явуулдаггүй юм гэхэд ядаж энэ улстөрчид улс төрийн тавцан дээр байх уу, сайдууд албан тушаалтайгаа үлдэх үү, УИХ-ын гишүүн гишүүнээрээ ажиллах уу гэдгийг энэ хууль, дүрмээр нь ярьж болно. Энэ сонирхлын зөрчил, ёс зүйгүй байдал нь ганц намд хамаарахгүй, нам харгалзахгүйгээр цөөнгүй хүн холбогдох юм шиг байна. Тэгэхээр авлига суурьтай энэ төрийг өөрийг нь цэгцлэхийн тулд намчирхалгүй, зарчмаа бариад, хариуцлага нэхээд, урагшаа алхахгүй бол болохгүй нь дээ.
-Үйлдвэрлэгчид нэгдээд тэмцэнэ гэсэн. Засгийн газар УИХ-д шаардлага хүргүүлж эхэлсэн. Энэ хүмүүс ямар процедураар, ямар хуулийг үндэс болгож явах вэ? Нэг хоёр удаа хэвлэлийн хурал хийж сэвээд мартагдчих вий гэсэн болгоомжлол бас байна?
-Гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт мэдээж хуулийн байгууллагад хандах ёстой. Нэгд сонирхлын зөрчил, хоёрт албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учраас АТГ, прокурор, шүүх гэдэг замаар явж болно. Гэхдээ ингэвэл удна. Хэн нэгнийг хэрэгтэн болгохын тулд хурдан шуурхай шийдэх гээд хүн хэлмэгдүүлж болохгүй учраас бүх зүйлийг хуулийн нарийн дэс дарааллын дагуу шийдэх хэрэгтэй болно. Магадгүй хоёр жилийн хүнд процесс болж хувирах байх. Энэ бол хүнд бөгөөд урт зам. Хоёр дахь зам нь улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, мэдээллийг ил тод болгох, аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг гаргаж ирэхийн тулд УИХ-ын нэг том зэвсэг бий. Энэ бол Өргөдлийн байнгын хороо. ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа иргэд уг санд өгч байсан хүсэлтүүдээ бариад “Бид ийм хүсэлт өгөхөд ийм хариу ирдэг байсан” гээд Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө гаргах ёстой. Санхүүжилт байхгүй ч гэдэг юмуу ямар нэг аргаар л татгалздаг байсан байгаа шүү дээ. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Энэ сангуудынхаа мэдээллийг аваад ир. Энэ сангуудаас чинь хэн хэн мөнгө авсан бэ, яагаад хэрэгцээтэй газраа очддоггүй байсан бэ. Ингэж бодлогын завхрал гарахад ямар албан тушаалтан нөлөөлсөн, хариуцсан албан тушаалтан нь хэн бэ” гээд гэрчийг нь оролцуулаад, албан тушаалтнуудыг нь дуудаад нээлттэй сонсгол хийх ёстой. Тэгвэл иргэд аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг мэднэ. Сүүлдээ үүнийг чинь замхруулж байгаа юм шиг зэрэгцүүлээд сенсаац дэгдээгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр албан тушаалтнуудынх нь амнаас, хохирсон иргэдийнх нь амнаас, баримттай нотолгоотойгоор УИХ дээр, байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийж, мэдээлэл авах ёстой. Үүндээ үндэслээд Ёс зүйн дэд хороогоо хуралдуулаад УИХ-ын гишүүний ёс зүй зөрчсөн үйлдлүүдийг нь үнэлээд хариуцлага тооцчихвол парламентын ардчилал асуудлаа ил байлгадаг, хариуцлагаа тооцож чаддаг гэх итгэлийг олон түмэнд өгөх юм даа. Энэ бол хоёр дахь зам.
Гурав дахь нь У.Хүрэлсүхийн хэлсэн “Хариуцлагын сэлмээ гаргаад төрийн болон нийтийн хөрөнгө рүү хуруу дүрсэн хүн болгонд хариуцлага тооцно. Миний амь нас юу ч биш” гэдэг үг бий. Энэ үнэн бол одоо Ерөнхий сайд ил тодоор, нээлттэйгээр асуудалд оролцсон сайд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох зангарагтай байх ёстой. Энэ бол одоо У.Хүрэлсүхийн үг биш, Ерөнхий сайдын үг биш, эрх барьж буй МАН-ын даргын үг байхгүй юу. Тиймээс хариуцлагатай улс төрийг эхлүүлье гэж бодож байгаа л бол үүнийг хийх эр зоригтой л байх ёстой. Ийм гурван зам байна.
-Ярилцсанд баярлалаа
NTV телевиз