Ёс зүйн ДЕЛО №23. Ам.долларын өсөлтөд А.Энхжин буруутай юу?
-“Чингис хаан” банкийг зоригтойгоор дампууруулаад ажлаа өгсөн нь дээр биш үү, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө!-
“Чингис хаан” банкны хувьцааг худалдан авах сонирхлоо илэрхийлж Монголбанкинд албан ёсоор хүсэлтээ ирүүлээд байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК одоогоос хоёр долоо хоногийн өмнө уг хүсэлтээсээ татгалзжээ. Шалтгаан нь “Чингис хаан” банкны одоогийн хувьцаа эзэмшигчид хэт өндөр үнийг санал болгосонтой холбоотой аж. Энэ ч яахав тэдний хэрэг. Харин манай хэрэг гэвэл “Чингис хаан” банк төлбөр тооцоо гүйцэтгэх чадваргүй 1000 шахам хоночихоод байхад Монголбанк яагаад үүргийнхээ дагуу тус банкинд БЭТ, эрх хүлээн авагч томилохгүй байна вэ? Хэрэв тус банкны хувьцааг Хятадын дээрх компани худалдан авч хөрөнгө оруулалт хийвэл НДЕГ, ЭМДС-аас эхлээд олон байгууллагын хохирлыг барагдуулах хүлээлт байсан. Гэвч ингээд гацлаа.
Дараагийн асуудал, Ц.Даваасүрэнгийн яриад байгаа “Манай дарга нар Чингис хаан банкийг хүндрүүлчихсэн” гэдэг зүйл. Өөрөө тэр үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болохоор “дуугарч чадаагүй” юм даг уу даа. Хэдийгээр тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан руу бухсан ч баримт үзүүлж чадаагүй. Учир нь цагаан дээр хараар бүртгэгдсэн улсын бүртгэлд түүний болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр “Чингис хаан” банкны нэр дээр байхгүй.
Харин миний зүгээс тухайн үед НХХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Чинзориг “Чингис хаан” банк Хөгжлийн банктай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ 12-08-2/705 дугаартай “Мөнгөн хадгаламж байршуулах” гэрээ байгуулж 25 тэрбум төгрөгийг жилийн 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байршуулсан байдаг. Энэ гэрээний 2019 оны 12 дугаар сарын 19-нд хугацаа дуусгавар болоход 19-12/01-2/244 дугаартай “Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ” гэгчийг байгуулж гэрээний хавсралт дахь 19-12/02-2/245 дугаартай гэрээгээр 15 тэрбум төгрөгийг 92 хоногийн хугацаатайгаар мөн 19-12/03-2/246 Мөнгөн хадгаламж байгуулах гэрээгээр 10 тэрбум төгрөгийг 82 хоногийн хугацаатайгаар 2 хувааж, 4 хувийн хүүтэйгээр тус тус байршуулж барьцаанд нь нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүд болон “Хан хиллс” хотхоны 521 дүгээр барилгын нийт 27 гэрээний үүргээ хангах баталгаа болгон гэрээ байгуулжээ. Ингээд өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны “Чингис хаан” банкнаас шүүхээр нэхэмжилж байгаа нийлбэр дүнгээр үндсэн хадгаламж, үндсэн хүү, алдангийн хэмжээ 33.5 тэрбум гаруй төгрөг болсон байдаг юм. Түүний дараагийн сайд Н.Номтойбаярыг улс төрийн шалтгаанаар яллаад С.Чинзоригийг хээрийн салхи ч үлээгээгүй өнгөрсөн ч одоо түүнийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж буй. Ийм баримттайгаар яриарай, Ц.Даваасүрэн гишүүн ээ!
Одоо хуулийн дагуу юу хийгдэх ёстой вэ? Монголбанкинд БЭТ томилохгүй байгаа Б.Лхагвасүрэнд УИХ хариуцлага тооцох ёстой. Хэзээ ч, хэн ч төлөхгүй “Чингис хаан” банкин дахь НДЕГ-ын энэ хохирлыг хэн төлөх вэ? Нийт хэчнээн байгууллагыг “Чингис хаан” банк хохироосон бэ? Сүүлчийн найдвар хятадууд чинь больчихлоо. Одоо үүргээ гүйцэтгэж “Чингис хаан” банкийг зоригтойгоор дампууруулаад ажлаа өгсөн нь дээр биш үү, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө! Энэ бол таны тойрч биш дайрч гарах “тавилан” гэх үү дээ.
Та өөрөө сайн санаж байгаа байх. А.Батсүх Ерөнхийлөгч “Зоос” банкийг, Л.Пүрэвдорж “Анод” банкийг, Н.Золжаргал “Хадгаламж” банкийг, Н.Баяртсайхан “Капитал” банкийг дампуурсныг зарлаад төдөлгүй ажлаа хүлээлгэж өгч байсан. Төдөлгүй төр эрх, үүргийнхээ дагуу хохирогчдын хохирлыг барагдуулж цэгцэлдэг. “Чингис хаан” банкны хувьд энэ ажиллагаа танаас болоод хийгдэхгүй байна.
Одоо таны ээлж! “Чингис хаан” банкийг дампуурсныг зарлаад мэргэжлийн ёс зүйгээ дагаад ажлаа өгөөд явахаас өөр замгүй. Та хэчнээн тогтоож торгоосон ч “Чингис хаан” банк үлдлээ гэхэд та энэ албан тушаалдаа үлдэхгүй л болов уу. Өөрийн албан тушаалтай зууралдахын тулд дампуурсан банкны дампуурлыг зарлахгүй эс үйлдэл хийж яаж чадаж байна аа? Яаж ичихгүй ОУВС-ийн хуралд оролцоод байгааг гэдгийг гайхаад байх юм. ОУВС 2017 онд манай урилгаар ирээд валютын нөөц нэмэх асуудлаар ярилцаж байлаа. Тухайн үед валютын нөөц боломжийн, нүүрс өндөр үнээр зарагдаж байлаа. Тэд ч энэ үеэр мөнгө өгсөн. Ингэхдээ “Донор орнуудаараа дамжуулж танайд мөнгө өгнө. Гэхдээ энэ их мөнгө танай санхүүгийн салбарт очно. Санхүүгийн салбарын 94 хувийг 14 арилжааны банк бүрдүүлж байгаа учраас актив чанарын үнэлгээ хийнэ гэсэн. Үнэлгээгээр манай таван том банкны хоёр том нь буюу “Голомт”, Худалдаа хөгжлийн банк, мөн гурван жижиг банк буюу ҮХОБ, “Чингис хаан”, “Капитал” банк муу үнэлгээ авсан. Энэ бүхнийг “цэвэрлэ”, дампуурах ёстойг нь дампууруул гэж үүрэг өгөхөд хамгийн хэцүү байсан “Капитал”-ыг дампууруулсан.
Өнөөдрийн байдлаар ҮХОБ-ны нөхцөл байдал харьцангуй дээрдсэн байна. Үүний өмнө миний бичиж байсанчлан ҮХОБ “Трафигура”-ийн мөнгөөр НДС, ЭМДС-гийн мөнгийг төлсөн. Саяхан ЭТТ-д өрөө төлсөн байна билээ. Одоо тэднийх зөвхөн Эрдэнэт үйлдвэр ХК-д өртэй. Онцлог нь тэдний хөрөнгө арвижиж бэлэн мөнгө байхгүй ч муу зээлийн барьцаанд ирсэн үл хөдлөх хөрөнгө ихтэй байгаа дүр зураг харагдаж байна. Харин “Чингис хаан” банкны хувьд бусдын барьцаагаар буюу барьцаанд байсан орон сууцны түлхүүрээр мянга гаруй харилцагчдынхаа амыг таглаж өдий хүрэв бололтой. Ийм байдлаар цааш явахгүй бөгөөд таныг албан тушаалаа өгөхөөс аргагүй зарим нэг үндэслэлийг Монголбанкны Нөөц удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжинтэй холбоотой үйлдлүүдээр тайлбарлаж болох юм.
Хамгийн том алдаа нь 2020-2022 онд буюу ковидын ид үед валютын ханшийг тогтворжуулах нэрийдлээр хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн. Энэ бол валютаар хийгдэх томоохон хөдөлгөөнүүд ковидын нөлөөллөөр саатчихсан байхад хийх шаардлагагүй үйлдэл байсан. Шийдвэрийг хуулиараа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та болон Монголбанкны Нөөц удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжин та хоёр гаргаж байв. Гэтэл А.Энхжин даргын хөрөнгө орлогын мэдүүлэг айхтар анхаарал татах юм. Наад зах нь жилийн орлого нь 2021 онд 550 сая, энэ оныхоор 330 сая төгрөг, цаашлаад эзэмшдэг компани нь ашиглалтын лицензүүдтэй, мэдүүлсэн компани нь “Синчи газ” гэх мэт. Гэтэл Монголбанк саяхан л шатахууны компаниудад санхүүжилт өгсөн. Аль компанид өгөх сонгон шалгаруулалтыг А.Энхжин захирал хийсэн.
Хардах эрхийнхээ дагуу хардахад түүний найз М.Энхтөр “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа мөртлөө үнэт цаасны компанитай, тэр нь репо санхүүжилтийг банкуудаас багцалж худалдаж авдаг үйл ажиллагаа явуулдаг байх юм. Яахаараа дампуурсан банкны хаалгыг нь гаднаас нь хаачихгүй, ашиглаад компани нээгээд ажиллуулаад байгаа нь сонирхолтой.
Өнөөдөр Монголбанкинд гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байна. Хэзээ банкууд руу гаргах вэ, хэзээ зогсоох вэ гэдгийг та хоёр л шийддэг. Ингэж улсаараа банкууд руу гаргах ам.долларын нийлүүлэлтээ ганц хоёрхон хүний гарт төвлөрүүлчихсэн, тэр нь ашиг сонирхлын зөрчилтэй, хамаарал бүхий ББСБ-тай замбараагаа алдсан улс ганцхан Монгол л байх.
Нэмж хэлэхэд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн” группт их хэмжээний зээл олгох шийдвэрийг гаргалцсан асуудлаараа АТГ-т шалгагдаж улмаар эрүүгийн хэрэгт татагдчихсан. Тэргүүн дэд нь мөн л Хөгжлийн банкны зээл олголтын асуудлаар шалгагдаж буй. Таны хамаарал бүхий этгээд буюу хамаатны дүү “Хадгаламжийн даатгалын корпорац”-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн өөрөө өөрийгөө шагнаж урамшуулсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Энэ мэтчлэн санхүүгийн хүндрэлийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарынхны ашиг сонирхлын зөрчил, хуйвалдаан нэг нийтлэлд багтахааргүй өргөн хүрээнд өрнөж байгаа нь хамгийн ихээр санаа зовоож буйг олон нийттэй хуваалцъя…Ёс зүйн ДЕЛО үргэлжилж байна!