Янкуудад би өргүй!
Путин л биш бол хэн ч хэрэггүй гэсэн үхмэл үзлээ гэгээрүүлэх хэрэгтэй. Путины уналтыг дагалдаад амиа хорлочихож болохгүй шүү дээ. Орос орон мөнх, Оросын ард түмэн мөнх үлдэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл саруул, өөр нүдээр олж харж, хоёр орны харилцаанд чадал чинээгээрээ тус болох хэрэгтэй.
Монголын нийгмийн амьдралд оюуны эргэлт гарч байна. Орос-Украины дайн оюуны эргэлт бидэнд аваад ирж. Ёстой гайхалтай. Монголчуудын оюуны хийрхэл хэд хоног ёстой нэг цэцэглэв. Мухар сүсэгтэй, хий юм үздэг, уран сайхандаа живсэн ч гэсэн оюун санааны хувьд үхээнц дорой биш гэдгээ харуулж байгаад баярлаад баршгүй. Эрх чөлөө байнаа байна.
Орос ялагдчихна гэсэн том айдас Монголын нийгмийг нөмрөөд авав уу? Арай ч үгүй юү? Тэр зүг рүү туйлширч байгааг харж байна. “Бүү тэгчихээсэй” гэсэн итгэл (хэрэг дээрээ айдас) нь өөрийнх нь тархийг базчихдэг юм байна, монгол хүн дээр. Тэр өнцөг нь мухар сүсэг болоод тогтчихсон. Мухар сүсгээрээ өөрийгөө зөвтгөөд бусдыг буруутгадаг. Тэр мухар сүсгээ илэрхийлэх элдэв индэр бэлэн байна. Жишээ нь сошиалд комент, пост гэж том талбар байна. Facebook-ээр бол зураг хөрөг, нэр устайгаа шүршиж байна. Сайтуудад хөшигний араас нүүрээ нууж байгаад л хар сумаар шүршээд байх нь тэр.
Хэн ч буруушаах гээгүй. Ийм хүмүүсийг ойлгож хайрла, тэд чинь ардаа түмэн зовлонтой юм гээд нийтлэл бичсэн биш би олон фэнээ цааш түлхэж гэнээ. Дотны нөхөд ч байх шиг. Эртхэн надаас салаад авсан нь дээр л дээ. “Гомдлоо, Таныг ийм хүн гэж бодсонгүй”, “Таныг хүндлэхээ болилоо”, “Итгэж явсансан, даан ч дээ итгэл сэтгэл рүү минь ус цацлаа”, “Таныг дэмждэг. Энэ удаа чадахгүй нээ” ч гэх шиг. Гомдох эрх нь тэдэнд бий учраас би тэдэнд тал засах боломжгүй, надаас холдогтун, харин зурагтаа очоод битгий хага өшиглөчихөөрэй!
Монголчуудын нүүдэлчин ухааны уран сайханлаг, байгаллаг чанар гэж лут юм байнаа. Гэгээтэй ганц нэг зүйлийг нь олж харахыг хичээдэг, түүнийгээ айхтар томруулж ойлгоод өөрийгөө тайтгаруулдаг, гадагшлуулдаг. Сонсохыг хүсэхгүй, үнэмшихийг хүсэхгүй байгаагаасаа болоод эсрэг талын элдэв мэдээнд сэтгэл хямардаг. Тэр нь тэр чигтээ цааш нь түлхэнэ. Явж явж үзэн ядагч болж хувирна.
Яг одоо ямар мэдээнд тэр вэ? Москвагийн ТВ-ийн нэвтрүүлгүүдийг алгасахгүй үздэг, түүндээ сүсэглэчихсэн, дагаж баярладаг, дагаж гуньдаг түг түмэн монгол хүн байдаг байх. Тэдний үзэх үнэмших эрхийг хэн ч хориглоогүй тул тэднийг баалах гээгүй. Сонсохыг хүсэхгүй, үнэмшихийг хүсэхгүй мэдээлэл нөгөө талд нь дэлхийн ТВ-ийн сувгууд, сайтуудыг дүүргэчихлээ. Бүр үнэмлэхүй олонхи нь болчихлоо. Москвагийн ТВ-ийн нэвтрүүлэг Орос, Монгол хоёрт л саадгүй нэвтэрдэг байж магадгүй. Оросыг дагаж намирч яваа монголчууддаа учирлая, юу гэвэл дэлхийн олон (маш олон) ТВ, сайтууд Таны үздэгээс, Таны дүгнэдэгээс шал өөр мэдээ мэдээлэл цацаад болдоггүй ээ. Хоёр нүд, хоёр чихээ таглалтай биш!
Энд би оношлоогүй шүү, дэлхийн хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээний зах зухаас нээж байна. Хоёр нүд, хоёр чихээ таглалтай биш, тийм биз дээ?
Путины эрин үеийн төгсгөл ойртлоо, түүний дараа яах вэ гэдгийг бодож төлөвлөх нь бүү хэл төсөөлөхөөсөө ч айдаг, хэзээ ч тийм юм болохгүй гэсэн итгэлийн зул сэтгэл дотор нь сүүмэлзээд л, айж бэргэсэн, тэгсэн мөртлөө ийш тийшээ үсчсэн, нойргүй хоноцгоож ч байх шиг. Ийм монголчууд байнаа. Гашуун үнэнтэй нүүр тулж чаддаггүй. Орос дайнд ялагдлаа, олон улсын хүчтэй санкцанд нэрвэгдлээ гэхэд дагаад амиа хорлочихож болохгүй шүү дээ, Та минь ээ! Путин л биш бол хэн ч хэрэггүй гэсэн үхмэл үзлээ гэгээрүүлэх хэрэгтэй. Путины уналтыг дагалдаад амиа хорлочихож болохгүй шүү дээ. Орос орон мөнх, Оросын ард түмэн мөнх үлдэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл саруул, өөр нүдээр олж харж, хоёр орны харилцаанд чадал чинээгээрээ тус болох хэрэгтэй.
Дараагийнх нь шинэ Оростой, шинэ оросуудтайгаа хамтран ажиллах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Дайны дараахи Оросын, мөн Украины ард түмний өөдөөс эгцлэн харах нүүртэй байх хэрэгтэй.
Цаг үе эргэчихлээ оросын эсрэг, Путины эсрэг, одоо түүнийг ба түүний дэглэмийг авч хаях үлдлээ хэмээн оросын өөрийнх нь сөрөг хүчнүүд дэлхий даяар цуурхаж байна. YouTube нээхэд л нуль тийм пост. Би яриад буй биш, интернэтийн их далайд ихэвчлэн тийм мэдээ дүүрчихчээ. Ийм явдлыг би уухайлж байгаа юм биш. Хүсэх ч юм биш. Путин бол Монголыг ойлгодог, Монголд элэгтэй Оросын сүүлчийн удирдагч байх вий гэдгээс би үхтлээ айж байна. Яг үнэндээ.
Facebook-д хоёр монгол хэрэлдэж байнаа. Би эшлэе:–Орос улсын ганц зөв зам бол нэг хүний дарангуйллын тогтолцооноос салж, өрнөдийн баримжаатай бүтэн ардчилсан улс болох явдал юм.–Гурван сая хүнтэй Монголд ардчилал гээч гай болж дуусаад байхад 140 сая хүнтэй Орос улсад юу болох нь тодорхойш дээ.
Энэ хэрүүлд гуравдагч этгээд оржээ: Орос ахаа сонгох уу, Хятад ахаа сонгох уу, Аан?
Бас л ориг хариулт. Орос ялагдвал Хятад Монголыг эзэлчихнэ! Үүнээс өөр хариулт олж чаддаггүй. Бид Оросын хүчинд л тогтож байгаагаас биш бид бол арчаагүй, дорой, хамгаалалтгүй хэмээн өөрсдийгөө доош хийж байгаатай яг адил. Дагаж ялагдая гэсэн ухуулга ч юм шиг. Монголчуудын уран сайханлаг, байгаллаг сэтгэлгээ ийм л юм руу түлхэнэ.
Болж буй үйл явдлыг ойлгох сэтгэлийн хаттай монголчуудад хандан хэдэн баримт бичье. Баримт гэх үү, хөрвүүлж болдоггүй дээ, аргумент юм даа. Юу гэвэл “Ялагдашгүй цайз” дотроосоо дэлбэрч байна. Орос орныг Оросын өөрийнх нь удирдагчид энэ удаа ялагдуулах нь байна. Украин руу судалгаа тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр, тагнуулын буруу мэдээллээр халдаж ороод өөрийгөө буцаж гарах аргагүй цуст намганд суулгачихлаа. Сэтгэл хөөрөл буруу мэдээлэл гэдэг нь Оросын цэрэг хил даваад орчихтой зэрэг л амьд цэцгийн баглаа, үндэсний хувцсаар гоёсон украинчууд хот болгонд талх давсаа бариад угтана, ялалтын баярын ёслолын буудлага, О.Газмановын концерт, нацистууд нь хуйгаараа зугтах, эсвэл баригдаж цэргийн шүүхэд явах гэхчлэн. Гэтэл тийм юм болдоггүй ээ. Бүр эсрэгээрээ украинчууд нэг хүн шиг нягтраад эгцлэн босч хот болгонд эсэргүүцэн ёстой галзууртлаа байлдах нь тэр. Эрдэнэт хүний амь үй олноор сүйдэж байгаа учраас би эрэлхэг байлдлаа хэмээн хөөргөхгүй. Гэхдээ болсон үйл явдлын бодит факт тэр. Украинчууд зангидсан гар шиг нөгөө “нацист” эрх баригчдаа тойрч нягтраад байлдаж байна.
Алагдсан хайран сайхан орос залуусын цогцос Украинаар нэг хөглөрч байна. Арван мянгыг давчихлаа. Энэ чинь сайхан юм уу? Харамсаад харамсаад баршгүй. Би ялагдсан украинчуудыг хэзээ ч “болж” гэж тавлахгүй, бас л харамсаж байна. Эрдэнэт хүмүүний амиар ингэж тоглож болдог юм уу?
Орос өөрийгөө хэт дээгүүр үнэлээд Украинаа хэт доогуур үнэлээд чигчий хурууны чилээ гаргахгүй хэмээн итгэж сэтгэж байлдаанд ороод одоо юу болж байна даа? Гашуун үнэнтэй нүүр тулж чаддаггүй монголчууд минь?
Монголчууд буруутны эрэлд мордохдоо гялс манс. Киев дэх “нацистууд” гэгчдийг нэр заан үзэн ядах, хараах зүхэх нь тоймоо алдлаа. Миний сайн найзууд ч тэгж харааж байна. “Би янкуудад өргүй” гэсэн тодотголтой хэсэг монгол хүн АНУ-ыг амны зоргоор хараах аж. АНУ, НАТО хоёр хамгийн гол буруутан бөгөөд яс хаягч гэнэ. Арай Европын Холбоог шүлсдэхгүй байх шиг, одоохондоо.
Яг энэ дайныг далимдуулаад, харин ч хожил олно гэсэн шиг Украинтайгаа барьцаад Гүрж, Молдова хоёр Европын Холбоонд элсүүлж аль гэсэн өргөдлүүдээ өргөн барьчихлаа. Нөгөө Евразийн эдийн засгийн холбоо/Гаалийн холбоог (Москваг) сонгохгүй гэх нь тэр. Төвөөс зайлсхийх хүч үйлчиллээ. Орос хичнээн ч түнш, холбоотон, найрсаг харилцаат орнуудаа өөрөөсөө түлхэж байгааг бүү мэд, хичнээн улс орон Москвагаас зай барихыг бүү мэд? Оросын оройлдог ТУХН, Евразийн эдийн засгийн холбоо/Гаалийн холбоо, ОДКБ, ШХАБ тэлж өргөжих нь бүү хэл энэ дайн ба олон санкцын дараа тэсч үлдэх нь үү?
Европ дахь Оросын сүүлчийн ганц түшиц–Серби гэх холбоотон нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулган дээр Оросыг түрэмгийлэгчээр тодруулсан тогтоолд санал өгч Москвагийн зүрхэнд шар ус хурууллаа. Югославын 1990-ээд оны олон дайны үед Сербийн талд ганц ОХУ л хатуу зогсож байсансан. Сербийг сая тэгнэ чинээ ганц ч орос хүн төсөөлөөгүй явсан байх. Европын Холбоонд элсэхээ зарлах Сербийг бид мөд харна.
Монголчууд буруутны эрэлд АНУ, Өрнөдөөс гадна нөгөө гайхал “ардчилал”-ыг нэр заав. Ардчилал л их буруутай болоод явчихав. Ардчилал, либерализм гэдэг мангасын тухай үлгэрээ цухалдан ярьцгаана. Ардчилал гэхтэй зэрэг л барууны ардчиллын сайн сайхан нь хаана байна гэж ирээд л өөрийнхөө гуйлгачин амьдралыг босгоод ирэх нь тэр. Яг л өөрийнхөөрөө бодно. Өөрөөрөө дүрслэнэ. Гучин жил гуриатаж яваа нь явж явж Америкийн буруу хэмээн ярихыг чихээрээ сонссон шүү. Сошиалд тургиж байгааг ярих ч юм биш. Сайн яваа нэгнээ Америкийг долоогч гээд нэрлэчихнэ. Янкуудад өргүй гэдэгчүүдийн логик гаргалгаа нь ердөө энэ л дээ.
Гомдох эрх чөлөөнд нь би саад хийж чадахгүй гэж дээр хэллээ. Гомдох эрх чөлөө гэх шинэ нэршил гаргаад ирлээ. Монголчууд 1990 онд олж авсан үй олон эрх чөлөөнүүдийн дотор ийм нэг эрх чөлөө амь бөхтэй байна. Хаашаа л харна, нуль гомдол, тэр нь өширхөл болчихсон. Өөрөөсөө бусдад хавтгайд нь гомдож байна. Түүнийгээ хэвлэл мэдээллээр тургиж гадагшлуулна. Яг одоо Орос сөнөвөл Монгол дагаж сөнөнө гэдэг чинь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй хэлбэр мөн л дөө. Ядуугийн ба арчаагүй сэтгэлгээ нь тийм бодол руу хөтөлчихсөн. Эх орондоо, монгол хүндээ, монгол оюун тархиндаа итгэхгүй явсаар бүдэрч унах гэж байгааг чинь “өлөн эрх чөлөө” хэмээн нэрлэе!
“Муу эр дайнд хөөрдөг” үлгэрээр сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй, “Орос ялна”, “Украин ялагдана” гэхчлэн ярьж мэдэгдэж яваа монголчуудыг ойлгож болно. Гэхдээ манай хууль тогтоомжинд “Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл сурталчлахыг хориглоно” гэсэн заалт байдгийг санаж явууштай.
Төгсгөлд нь шал хамаагүй зураг тавья. Үүнийг хүсэгчид, шууд хэлбэл энгэр дүүрэн ингэж явахыг хүсэгчид Монголд маш олон байдаг ба тэд л энэ суртлыг гамбир болтол нийгэмдээ хийж байна. (-Үргэлжлэл бий)