Варварууд хотыг дахин 4 жил удирдана!
Тэгэхэд варварууд хотыг удирдаж байлаа.Хотын засмал замаар давхихад хөдөөний зам шиг тоос татуулаад л,салхинд хийсэн тэнэх бөгсний цаас хамар аманд наалдчих шахаад л,хөглөрсөн хогондоо дарагдсан гудамжаар золбин нохой хүүхэд барьчих гээд л,үерт туугдан урсах бохирын лаг нь бактерлогийн зэвсэг болчих дөхөөд л.
Тэгэхэд варварууд хотыг удирдаж байлаа.Хотын засмал замаар давхихад хөдөөний зам шиг тоос татуулаад л,салхинд хийсэн тэнэх бөгсний цаас хамар аманд наалдчих шахаад л,хөглөрсөн хогондоо дарагдсан гудамжаар золбин нохой хүүхэд барьчих гээд л,үерт туугдан урсах бохирын лаг нь бактерлогийн зэвсэг болчих дөхөөд л.
Хотын дарга нарт,хот дэндүү их бохиртой,хогтой байна шүү дээ гэхээр зэрэг өөдөөс гайхан хараад,ямар жижигхэн юм ярьдаг нөхөр вэ хэмээн унтууцна.Халдварт өвчин туссан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилдэг халдвартын нэгдсэн эмнэлэгийн яг салхин доор нь өдөртөө 100000 хүн эргэлддэг Нарантуул захыг байрлуулчихсан варварууд бохиртой,хогтой хотын аюулыг ойлгож ядах нь аргаүй.
Варварууд хотыг удирдаж байхдаа Туул голын үерийн далангийн дотор бүсэд хот төлөвлөлтийн зураг боловсруулан батлаад орон сууцны хороолол бариулчихаж байгаа юм.
Тэдгээр далан бол 1966 оны Их үерийн дараа,үерийн усны хэмжээ,эрчмийг хотын оршин суугчидад аюулгүй урсгахаар,инженерийн нарийн тооцоо хийж (андуураагүй бол Болгар улсын инженерүүд зураг төслийг нь гаргасан) барьсан онцгой чухал дэд бүтцийн байгууламж.Хэрэв одоо,66 оных шиг Их үер Хэнтийн нуруунаас орж ирвэл далан доторхи орон сууцны хорооллууд сүйдээд зогсохгүй,цементэн хана хашилтад шахагдаж эрчлээд хуйлрах үер хавь орчноо сүйтгэх эрсдэлтэй.
Варварууд,хотын үерийн далан дотор барилга байгууламж барьж болохгүй гэдэг,хот байгуулалтын шинжлэх ухааны хорио цээрийг даанч үл тоосон ажгуу.Гадны,хот байгуулалтын мэрэгжилтэнүүд үзээд толгой сэгсэрдэг юм.
Улаанбаатар хот шиг агаарын бохирдол ихтэй хотод ногоон байгууламж болон байгалийн онгон бүс маш ихээр шаардлагатай байдаг.Нөгөө талаас,байгалийн бүтээсэн архитектур гэдэг бол хотыг улам чимэж сайхан болгодог.Богд уул,Туул гол Улаанбаатарыг хичнээн онцгой чамин архитектуртай болгож байсан билээ!
Энэ бүхнийг бодолцож л хот байгуулалттай холбогдох хуулиуддаа; Богд уулын байгалийн бүс,Туул,Дунд гол зэрэг голуудын сав газарт орон сууц болон бусад том хэмжээний барилга байгууламж барихыг чандлан хориглосон заалт оруулсан юм.
Гэтэл мөнөөх варварууд газрын наймааны орлогод шунахдаа,хуулийг нулиман Улаанбаатар хотын эко бүсүүдийг барилгын талбай болгож дууссан.Их бага голын савууд хогийн хонхор болов.Яармагийн ногоон дэнж,Зайсангийн цэлгэр уужуу ам ямар ч төлөвлөлтгүй шавааралдан чихцэлдсэн орон сууцны хорооллуудад дарагдсан.
Энэ их түрэмгийллийг харсан Улаанбаатарын унаган хүүхэд бүр “сэтгэлээр унаж үхэн” Миеэгийн Энхболд яаж ийм юм хийж чадав аа? хэмээн гайхаш алдарсаар явсан билээ.
Хэрэв зээ;Богд уулын амууд,Туулын далангийн доторхи сав,Яармагийн дэнж зэрэг рүү орсон тэр их хөрөнгө оруулалт,гэр хороолол уу орсон бол өдийд Улаанбаатар утаа,хөрсний бохирдол мэтийг мартсан суухгүй юу!
Варварууд хотыг;идэж уудаг газар,баялгийг тонон шаадаг газар,наргиж цэнгэдэг газар,чамирхаж тансагладаг газар гэж л харна.Варварууд хотыг газрын наймаачны нүдээр л харна.Варварууд хотыг тендерчны ухаанаар л шүүнэ.Варварууд хотыг ихэрхэл аархалын индэр гэж тольддог.
Варварууд хотыг;соёл иргэншил,хөгжил дэвшил гэсэн “генийн хос эрчлээстэй” амьд организм болохыг яагаад ч ойлгохгүй.Соёл иргэншил хөгжил дэвшил рүү чиглүүлж, хөгжил дэвшил нь соёл иргэншлийг урагш түлхэж байдаг.Соёл иргэншил бий болсноор л бүтээн босгох,хөгжиж дэвших гэсэн нийгмийн санаа бодол бий болсон.
Эргээд хөгжиж дэвших тусам соёлжиж иргэншсэн юм.
Соёл иргэншлийн ийм логик варваруудад дэндүү ахаддаг.Амьтанлаг байдлаасаа төдий л холдоогүй учраас!
Варваруудад бүтээн босгох,хөгжиж дэвших гэдэг санааг огтоос мэдэхгүй.Тононо, шаана,идэж ууна,нураана гэдэг л байгалийн инстинктэй.Тэгээд л хот хэмээх соёл иргэншлийг сүйтгэсээр,доройтуулсаар ирсэн түүхтэй.
Орчин цагийн манай варварууд барилга байшин сүйтгээгүй ч Улаанбаатарын хот байгуулалтыг,газрын наймааныхаа төлөө зольж бүрэн нураасан.Үүнээс болоод хот маань улам бүр эрүүл аюулгүй амьдрах аргагүй газар болон доройтсоор ажгуу.
Зүй нь хот байгуулалт гэдэг бол иргэнээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөлөөр хамгийн сайнаар хангахын төлөө тооцож бодсон төлөвлөлт.Улаанбаатар хот болбоос,эхлээд Оросын мэрэгжилтнүүд,дараа нь Японы мэргэжилтнүүд шинэчилж хийсэн маш сайн төлөвлөгөөтэй хот байсан юм шүү дээ!
Нийслэлийн саяын сонгуулиар,хотоо дордуулсан мөнөөх варварууд дахин яллаа. Гэр хорооллын нутаг дэвсгэр дээр“шинэ Улаанбаатар” босгох замаар нийслэлээ доройтолоос авч гарч болно гэдэгт тэдний ухаан хүрдэгүй юм. Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөөний дагуу бүх гол амьдрал нь сунаж тогтсон,цаанаасаа л метро барихад зориулан төлөвлөсөн юм шиг хот гэдэгт тэдний ухаан хавьтдаг ч үгүй.Гэх мэтээр тэдний ухаан хүрдэггүй зүйл Улаанбаатарт олон бий.
Тэд тэнэгтээ тэгээд байгаа юм биш.Сэтгэлгүйдээ тэнэгтээд байгаа юм.Иргэншиж чадаагүй болоод тэнэгтээд байгаа юм.Ийм варварууд нийслэл хотыг маань ахиад 4 жил удирдах болжээ!