Уухгүй байж болдоггүй юмуу?
Архи дарс зарахыг хориглох нь архидалт буурахад ямар ч нөлөөгүй бөгөөд харин ч далд архидалт, хууль бус шаг, хортой спиртээр нэрсэн архи нэмэгдүүлнэ /энийг хэлсээр үнэндээ улиг боллоо дөө/.
Архи дарс хориглох нь буруу ш дээ гэхээр өөдөөс “Уухгүй байж болдоггүй юмуу?” гэж ам тагладаг. Бүгдээрээ хариулах гэж үзье. Зөвхөн надаас асуусан бол мэдээж би уухгүй байж болно. Ганцхан Батаагаас, ганцхан Чимгээгээс, ганц хувь хүнээс нь асуусан ч “Уухгүй байж чадна, окэй, асуудалгүй”. Тэр байтугай гудамжны бөбөчин нөхөр дээр очоод “Чи муу одоо уухгүй байж болдоггүй юмуу?” гэж асуухад “Болно, бололгүй яадаг юм” гэж тультран хариулж дөнгөнө, уухгүй байлгаж ч чадна. Нэг согтуу хүн согтоод газарт ойчиж байвал бид газрын татах хүчийг биш архийг буруутгаж болно. Газрын татах хүч бол байгалийн хууль – байгалийн хуулийг хэн ч буруутгадаггүй. Харин нэг сая хүнтэй хотод өдөртөө 100 – 200 хүн согтож унаж байвал түүнд архийг буруутгах ямар ч аргагүй, газрын татах хүч шиг жам ёсны зүйл /архи хориглосон үед хүртэл шүү!/ юм. Нэг сая хүнтэй хотод нэг сард уух архины хэмжээ огт өөрчлөгдөхгүй тогтмол хадгалагдах бөгөөд архи зарахыг хориглосон ч архидалт буурахгүй зөвхөн нэг төлөвөөс нөгөөд шилжих нь “архи хадгалагдах” физикийн хууль мөн. Үүнийг дэлхийн олон улс үндэстэн эмпирик /турших/ аргаар, маш их цаг хугацаа зарцуулан, их үнэ цэнээр олж мэдсэн билээ. Товчхондоо нэг хүний хувьд “Уухгүй байж болдоггүй юмуу?” гэсэн асуултанд “Болно” гэж хариулж болно. Харин нэг сая хүний хувьд “Уухгүй байж болдоггүй юмуу?” гэсэн асуултанд “Болохгүй” биш “Боломжгүй” гэсэн хариулт гарч ирэх нь байгалийн хууль. Хүн байгаа газар архидалт байна – 10 мянган жилийн өмнөх Египтээс эхлээд өнөөгийн соёлт баруунд, аброгеничүүд, амазонкийн ширэнгийн хүний идэшт махчин овгууд ч ямар нэг төрлийн согтууруулах ундаа ямар нэг аргаар нэрж боловсруулан уудаг. Мах иддэггүй омгоос эхлээд хүний мах иддэг омгууд ч дэлхийд бий – харин архи уудаггүй омог гэж байгаагүй юм шүү.
Бүр ойлгохгүй бол архидалтыг нүүрээ будахтай зүйрлүүлж төсөөлье. Нүүр будалт яг архидалт шиг айхавтар ашиг тустай эд биш ч хүмүүсийн дуртай соёл. Магадгүй зарим нэг нүүрний будалт хүний сэтгэхүйд нөлөөлж, хэт их будсан хүүхнүүд гудманд танхайрч, нэг крэм нүүрэндээ олж түрхэхийн тулд хэнийг ч хайхардаггүй муухай хандлага их олширсон байг л дээ. Тэгээд хэтрүүлж нүүрээ будсан хүүхнүүдийг тусгай машинд хүчээр суулган нэг газар авчраад, адьяал нөмрүүлэн суулгаж тусгай дүрэмт хувцастай хүмүүс нүүрийг нь толийтол сайхан “эрүүлжүүлж” цэвэрлэдэг байна гэж төсөөлцгөөе. Сүүлийн үед зарим нэг эрчүүд ч нүүрний будалтанд донтож, амьдралаа алдах нь ихэссэн байг. Тэр цагт би жишээ нь “Бүх дэлгүүрт нүүрний будаг зарахыг хоригло..” гэдэг шийдвэр гаргахдаа сэтгэл түүртэхгүй бөгөөд нүүрээ будах дуртай зарим нь эсэргүүцвэл “Будахгүй байж болдоггүй юмуу?” гэсэн үгээр тавлаад, нүүрээ хэтрүүлж будах нь арьс гоо сайхан, эрүүл мэндэд маш их хортой талаар зааж зөвлөөд, ганцхан сар нүүрээ будахгүй байчихад үхлээ юу гэх мэт шазууртай үг урсгаад сууж байх болно. Учир нь би нүүр будалтын ашиг тусыг ойлгодоггүй, за яахав дээ нүүрний будаг нарнаас хамгаалдаг /тэгж ярьвал архи ч бас хоол шингээдэг, хамт олныг хөгжөөдөг/. Муслим ертөнцөд хүүхнүүд нүүрээ будах, эрчүүд архи уухыг жишээ нь хориглодог. Гэсэн ч хүүхнүүд нь гивлүүрийн цаана сэмхэн нүүрээ будсаар, муслим эрчүүд хөшигний цаана сэмхэн архи уусаар л байдаг. Товчхондоо зарим нь зүгээр л будах, гоёх дуртай байдаг бол зарим нь архи уухтай дуртай байдаг юмаа, бид л хэтрүүлээд байдгаас биш энэ чинь хүн төрөлхтөний соёл, байгалийн салшгүй нэг хэсэг.
Пиво зарахыг нь хорьчихвол хүмүүс пиво уухаа больчихно доо гэх нь бэлгэвч зарахыг хорьчихвол хүмүүс сээгсдэхгүй болчихно гэхтэй ижилхэн гэнэн бөгөөд аюултай бодол. Архи дарс зарахыг хориглох нь архидалт буурахад ямар ч нөлөөгүй бөгөөд харин ч далд архидалт, хууль бус шаг, хортой спиртээр нэрсэн архи нэмэгдүүлнэ /энийг хэлсээр үнэндээ улиг боллоо дөө/. Мэдээж огцом хориход хүмүүс “техникийн шийдэл” –ээ олж чадаагүй учир ганц хоёр өдөр шоконд ороод л дараа нь техник шийдлээ олж эхэлнэ. Ердийн үед 200 – 300 орчим хүн эрүүлжүүлэхэд ордог ч яг энэ нийтлэлийг бичиж байх хатуу хөл хориотой өдрүүдэд эрүүлжүүлэхдсэн хүний тоо 11/15 –нд 77 хүн, 11/16 –нд 93 хүн, 11/17 –нд 110 хүн болж нэмэгдэж байснаа сүүлийн хоёр өдөр огцом буурчихсан үзүүлэлттэй байна. Зөнд нь орхивол удахгүй 200 – 300 гэсэн ердийн статистик уруугаа ойртох биз. Цагдаагийн хяналт улам чангарч, мэргэжлийн хяналтынхан дэлгүүрүүдийг лацдах зэрэг бүүр их өртөг зардалтай техникийн шийдэл гаргасан бололтой. Дахиад л хүмүүс шоконд орж, техник шийдлээ олтол хэдэн өдөр бодно, тэгээд олцгооно, тэрнийх нь эсрэг бүүр их хүч чармайлт цаг зардал гаргах болно. Юуны төлөө, яг юу шийдэх гэж байгалийн хуулийн эсрэг хэчнээн цагдаагийн, хэчнээн хүний цаг хөдөлмөр дэмий гарздах юм бол? Зөвхөн дайнд л бүхнээ золиослоод дайсны эсрэг тулдаг, харин ковид бол дайн биш мэнэжмэнтийн асуудал. Дайны байдал гэж өөрсдийгөө итгүүлж хийрхэж мангартахаа больмоор юм, тэрэндээ тулбал дайны үед ч Сталин цэргүүддээ 100 грамын норм гаргаж өгсөн юм шүү, Сталин харгис дарангуйлагч байж болох ч ямартай ч хорвоогийн жамыг ойлгодог хүн байж. Зөөлөн градустай пиво, вино ядаж зөвшөөрөх нь энэ их бухимдлыг дарахад жаахан ч гэсэн нэмэртэй байх.