Өрөг ба сөрөг
Асуудлыг ердөө явцуу тойрог дотроо хараад АН гэсэн хүрээлэл дотор би л ганцаараа байх ёстой гэх дарангуй бодолд идэгдсэн хүн хол явдаггүйг одоо харж байна.
АН-ын бүтэлгүйтэл
Яг өнөөгийн нөхцлөөр сонгууль явуулбал АН гарцаагүй ялагдах байрлалд байна. Эсэргүүцэхээсээ өмнө эрүүл ухаанаар бодоод үзэх хэрэгтэй л дээ...
Нэгд, сонгуулийг сурталчилгаагүй явуулах магадлал өндөр байна. Сонгуулийн үйл явцыг өнөөдөр хууль биш “ковид” тодорхойлно. Хэрэв ингэвэл МАН-аас илүү танигдсан хүмүүсээ дэвшүүлэх чиглэл барьж байна. Ингэвэл сонгогчид Монголын зүйр үгэнд хэлдгээр “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр” гэсэн сонголт хийж нэр дугуйлна. АН мөнгөний босгоор шинэ хүмүүс дэвшүүлэх ба тэд нь танигдаагүй тул сонгогдохгүй.
Хоёрт, МАН хүмүүсээ шинэчилж дэвшүүллээ гэхэд У.Хүрэлсүхээр тугаа хийнэ. Тэр өнөөдөр хамгийн өндөрт мандаж байна. Ялангуяа ковидын тархацын үед олж авсан нэр хүндээ тултал дайчилна. Ковидын эсрэг гадаадын тусламжийг цацна, оны эхэнд тойргуудаа услахаар төсвөө боочихсон. Одоо хэнхэг судлаач Д.Ганхуяг л төсвийн тодотгол шаардаж байгаагаас АН таг. Мэдээж судлаач Ганхуяг АН-ыг бодоогүй, ард түмнээ бодож, айсуй санхүүгийн хямралаас л сэргэмжлүлж байгаа юм. Харин АН-ын туг С.Эрдэнэ. Уг нь өөр туг бий, гэхдээ АН-ын удирдлагууд түүнээс айдаг.
Гуравт, тулаан МАН ба АН гэсэн хоёр улстөрийн хүчний хооронд явагддаг. Энэ удаад МАН ганцаараа нэгдмэл орно. Харин АН араасаа үй олон санал хуваагч, чиргүүлтэй орно. Тиймээс саналын дүн МАН>(АН:х) гэсэн тэнцэтгэлээр хуваагдаж гарна.
АН сонгуулийн хуулийн өөрчлөлт болоод ЗГ-ын алдаатай үйл ажиллагааг засах, иргэдийн оролцоог, ядаж гишүүдийнхээ оролцоог хангах ажлыг өнгөрсөн жил огтхийсэнгүй.
Миний харах нь “МАН ялалтын системээ өөрчлөхгүй, тиймээс сонгуулийн систем өөрчлөгдөхгүй. Жижиг мажоритар системээр сонгууль явбал савалт үүсч ялна” гэсэн найдлага л АН-д байсан. Ялангуяа МАН-ын дотоод зөрчилдөөний улмаас хотын фракцтай холбоотойгоор хотын тойргуудад нэр хүнд, рейтинг нь “0” хувьтай болж унахад “Ялалт ирлээ...” гэж хөөрцөглөж байв. Ялалт өөрөө ирдэггүй юм аа...
МАН-ынхан ч үүнийгээ мэдэж л байсан. Тиймээс сонгуулийн хуулиа томсгосон мажоритар хувилбараар хийчихэв. АН бас л таг чиг... Тэгээд ердөө нэг улиралд АН-ын нэр хүнд “0” хувьтай уначихлаа. Энэ ид шид үү? Шидэт тарни уу?
Үгүй л дээ. АН өөрөөсөө л болсон юм. Уг нь Америкийн бизнес зарчимд “Хөдлө, даруй хөдлө...” гэдэг. Гэтэл АН огт хөдлөөгүйгээр барахгүй, хөдлөхөөрөө яг эсрэг чиглэлд хөдлөж байсан юм. Энэ үед АН байгаа юу? гэж асуухаар болчихсон юм. Том бодлого стратеги гаргадаггүй юм гэхэд байгаа бэлэн талбар дээрээс улстөрийн бод хожчих ухаан даанч байсангүй, ай хайран.
Ерөнхийлөгчийн сонгуулиас улбаатай МАН-ын дотоод хагарал дээр АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахгүй гэж зүтгэснээр эхний багцаа алдсан. Дараа нь М.Энхболдыг өмөөрч байгаа юм бол У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулахаар МАН-ын 32-ын бүлэгтэй хамтрах байх гэтэл бас таг чиг суусан. Ингээд МАН шиг намд бараг л тохиолддоггүй томоохон хагарлаас ямар ч ашиг олж чадаагүйгээр барахгүй өөрсдөө бүтэлгүйтэж хоёр ч гишүүнээ тавьж туугаад бүлгээ хүртэл тарааж орхисон. Энэ бол хоёр, гурав дахь багц дэмжигчдээ алдсан хэрэг байв. Үүн дээр ЖДҮ-ийн санг луйвардсан шуугиан, сангуудын хэрэг мандахад аанай л ичсэн тарвага мэт таг чиг суусан. Эцэст нь сонгуулийн системийн өөрчлөлтөөр “бараг л найдваргүй” болжээ. Улстөрийн моргны хамгийн сайн эмчийн хувьд Баабар үүнийг батлах биз...
Үүний шалтгаан нь тун өчүүхэн. Ерөөсөө С.Эрдэнэ Ерөнхийлөгчтэй уулзахгүй байна. Хамаатандаа одон гуйхаар өгөөгүй юм уу, Элбэгээ шиг эрхлүүлээгүй юм уу бүү мэд!
Гэвч намын эрх ашиг бол С.Эрдэнийн эрх ашиг биш. Нам олон гишүүнтэй байх тусмаа даргын эрх ашиг жижиг байх ёстой! “АН даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгодог болсон Америк шиг гоё уу?” гэж байсан нь харин хамгийн буруу систем болох нь тогтоогдов. Хамгийн таатай нөхцөлд ч намдаа оноо авч чаддаггүй даргаасаа салах аргагүй болжээ.
Уг нь МАН-ын дотоод дахь хагарал, МАНАН бүлгийг задлахын тулд Ерөнхиилөгч бүхий л боломжоороо үзэж тарсан. Ямарваа асуудлууд 60 гаруй суудалтай, төрийн аппаратыг бүхэлд нь эрхшээж байгаа МАН-д тулаад гацаж байсан. Яг тэр үед АН-ын дуу хоолой, АН-ын хүч, боломж, жагсаж, тэмцэж сурсан дайчин хүч хэрэгтэй байсан юм. Байсан юм.
ЖДҮ-ийн шуугиан дээр л АН гудамж руу гарчих болов уу гэж сонгогчид өчнөөн хүлээсэн. Байхгүй шүү, харин Ж.Батзандан, Л.Болд хоёр түрүүлж гараад санаачлагыг нь булааж аваад АН-ыг ажилгүй болгочихсон. Одоо ШИНЭ намын суурь рейтинг үүн дээр тогтдог. Уг нь АН-ынх байсан юм. Байсан юм.
АН гомдоод л байсан. Яасан эцэс төгсгөлгүй гомдол юм. Тухайн үед маш эмзэг байсан, бараг эмэгтэй хүний хэлүү шиг мэдрэмтгий болчихоод намын дарга нь өөрийгөө энэ сангийн хэрэгт татагдчих вий гэж айж байсныг би харин ч сайн мэднэ. Уг нь тэгэхэд эрсдэл хийгээд зүтгэсэн бол АН өдийд өөр байх байсан юм. Байсан юм.
Ерөнхийлөгчийн алхам бүрийн ард рейтингийг нь нэмж байсан амжилт бүрийг АН шуудайлах байх гэтэл бас л таг чиг. Асар их нэр хүнд, амжилтууд салхинд хийссэн. Түүгээр Ерөнхийлөгч ер яах вэ дээ, гол нь хүсч зорьсон нь үр дүнгээ өгч л байвал, түүнээс үүдэх нэр төрийг нам нь авна л биз дээ, ганц хүн хэдий удаан түүнээ барих вэ? Энэ зуур У.Хүрэлсүхийн рейтинг алгуур өсч, АН-ынх буурсаар л байсан.
Тэгээд С.Эрдэнэ гэдэг хүн лавхан, бүр лавхан бөлдөгдүүлж дээ гэж хардаг болсон. Харин тэр бөлдгийг нь хэн гэдэг бомбо гартаа эргэлдүүлж байдаг юм бол гэх сониучхан тааварт бүгд живсэн. АН мартагдсан...
Ерөөсөө энэ С.Эрдэнэ гэдэг хүн зүгээр л “Хайсангийн дайван” шиг хүн юм байж. Жалгаа л хардаг, жаахан бүлгээ дарангуйлах сонирхолтой, тэднийхээ нүдэнд уруу дорой харагдахгүйн тулд хоосон ихэрхэж явдаг. “2021 онд Ерөнхийлөгч АН-аас дэвших юм чинь намайг гуйхгүй хаа холддог юм” гэх бодол хамгийн алсынх нь байж магадгүй дээ. Гуйлгахын тулд хүчирхэг байх хэрэгтэй. Гэвч үйл явц бүрийн дараа сул дорой, аймхай, хөшингө бэртэгчнээ харуулж байсан.
Х.Баттулгыг У.Хүрэлсүхтэй, З.Энхболдыг М.Энхболдтой, Н.Алтанхуягийг бүр “Алтан гадас”-тай нь хардаад түүндээ гомдоод явсан. “Найз залуутай юу гэхээр эр хүн ойртуулдаггүй нэг хар юм байдаг юм” гэдэг шиг бүхэнтэй хардсаар өөрөө хэдэн тойрон хүрээлэгчтэйгээ үлдлээ. Улсын хэмжээний нам бол дүүргийн нам биш л дээ...
Засардаггүй нам
АН-ын туг нь яаж ч бодсон Ерөнхийлөгч. АН-аас дэвшиж ялсан, амжилттай явсан. Намаасаа түдгэлздэг ч АН-ын л дэвшигч. МоАХ-ыг хамгийн олон жил удирдсан. С.Эрдэнээс авсан юм, арай түүнийгээ одоо болтол санаад явдаг юм биш байгаа даа?
Асуудлыг ердөө явцуу тойрог дотроо хараад АН гэсэн хүрээлэл дотор би л ганцаараа байх ёстой гэх дарангуй бодолд идэгдсэн хүн хол явдаггүйг одоо харж байна.
Ерөнхийлөгчийг төртэй хардаад яах вэ дээ, хуулиар төртэй л төрлөсөн хүн. Хардаад байхаар нь Н.Алтанхуягийг суллаад явуулсан. Авдаггүй дээ, уг нь ялалтын менежер. Хамгийн хэрэгтэй хүн. З.Энхболдтой хардаад “эхнэр нь юм” гээд шордоод байхаар нь бас л хөөх шахам явуулсан. Уг нь З.Энхболд ЕТГ-ын даргын тушаал дээрээс дэвшээд явж болох л байсан. Уг нь начин шонхор хоёр гэлцээд л явсансан. Бас л аваагүй, бүр нармийтал нь зодож бахаа хангасан. Нөгөөдүүлдээ атаманаа харуулж байгаа юм. Атаман юм аа, атаман юм.
Дараа нь хэдэн зөвлөхүүдээ сайн муу хэлүүлсэн ч хамаагүй АН-д очоод дэвш, ганц хоёр суудал ч гэсэн хэрэгтэй гээд явуулсан. Тэгэхэд АН-ын рейтинг арай ч иймдээ тулчихаагүй, өгөө аваатай байсан юм. Бас л атамандаад томроод аваагүй. Нэг л их 100 сая ярьсан хүн. Уг нь би ойлгох гэж их боддог байсан. Том нам чирч явах яггүй, тиймээс Х.Баттулга, Элбэгээ хоёрын дунд тэнцвэр барьж Эбэгээсээ хэдэн цаас салгаад намын ангайсан үй түмэн амыг тэжээх гэж ядарч яваа эр л гэж бодож байсан юмсан, гэтэл юун тэндээсээ мөнгө авах, гишүүдийн босго 100 саяыг л харж байж... С.Баярцогтыг нь хүртэл дэвшүүлсэнгүй, хөөрхий Б.Дэлгэрмааг яах нь вэ дээ... амбаардаад л. Атаман юм аа, атаман юм, базарваань!
Энэ зуур МАН зальжин ажиллаж байсан. Намынхаа хагарлыг наахын тулд яг С.Эрдэнэ шиг алдаанаас л зайлсхийж чадсан учраас одоо өргийн давуутай болчихсон юм шүү дээ. Түүнээс АН-аас хэцүү хагаралтай байсан юм. Байсан юм.
Хуулиндаа бие даагчдыг урьдчилж бүртгэхээр тусгачихсан. Ийм үед тэхий дундуураа хагарсан парламентын гишүүд, тэн хагас нь бие даагч болчих вий гэж болгоомжлоод энэ заалтыг оруулсан нь оносон байна. Хэрэв бие даагчаар бүртгүүлсэн бол бид дэвшүүлэхгүй шүү! Дэвшүүлэхгүй гэвэл МАХН-аас дэвшинэ дээ гээд Н.Энхбаяр руу гүйх ч санаа байсан. Гэвч МАН нэр дэвшилтээ хамгийн сүүлийн мөчид тодорхой болгоно, нөгөөдүүл нь амжихгүй. Ингээд МАН цул нэгдмэл мэт сонгуульд орно. МАН ч карантийлахдаа гарамгай л даа, харж л байгаа биз!
Харин үүнийг бүр эсрэгээр овжин ашиглаж, ШИНЭ намыг дэмжиж идэвхжүүлснээр АН-аас алдуурагчдыг чихэх бэлэн зэхээний ууттай болж авсан гээч. Ингэхдээ тэднийг МАХН-тай эвсүүлээгүй. Бас зарим нэр хүндтэй хүмүүсийг намаасаа дэвшихийг урьж ч үзсэн. АН-аас л дэвшүүлэхгүй гэж тэр. Ингэхээр АН плитан шалан дээр алдсан таваг шиг бут үсэрнэ биз?!
З.Энхболд эрхбиш дөрвөн аргын тоо мэддэг учраас яг энэ заалтаар “иппон савуулна” гэж мэдээд хуваагчдыг намдаа татаж, ялалтаа голлохыг хичээсэн юм, тэгээд зодуулсан. Зүгээр л утга учиргүй л нүдчихсэн. Аягүй бол нэг зуун саятан тойрог харамлаа даа... Одоо бол 100 сая төлөөд дэвшээгүй нь бага шатна. Илүү өгч дэвшээд, сонгуулийн кампанидаа зарцуулаад шатагсад л хөөрхий, хөөрхий! Ийм учраас мөнгөө тушаачихаад МАН-ынхнаас гайгүй тойрог зааж өгөөч гэж очиж архидаж аргадаж байсан. Эцэстээ мөнгөө төлөгчид дуртай тойргоо авна гэж хоорондоо зөрчилдсөн, бүр гурвалжин дөрвөлжин хэрүүл болж, үүндээ шаралхаад 700 саяыг нэмж өгөх намын удирдлагын шийдвэрийг илчилж хэмлэлдсээр л...
Гэтэл тойрог томсгохдоо ядаж гурвын нэгд байгаа байлгүй дээ гэж найдсан МАН одоо бүгдийг нь хамна л гэлцэн, АН-ыг шоолж сууна. Одоо бол тэд “Намыг хэн хэлж, нохойг хэн саах вэ”-дээ л тулна.
Ингээд АН-ын нэр дэвшигчид “үл танигдах нисдэг биет” шиг болоод, харин АН-ын нэр нүүр бологчид бие даагчид болоод тэнцүүгийн тэмдгийн нөгөө тал буюу МАН илэрхий давуу болчихлоо. Энэ бол “0” уналтынх нь эцсийн цохилт байсан юм. Энэ цохилт сонгууль дуустал босгохгүй нь...
Одоо С.Эрдэнийг шүүмжлэхээр нам шүүмжилсэн юм шиг агсагнадаг нөхөд, туршлагагүй онол ярьдаг залуус, өөрийгөө намдаа нөлөөтэй гэж бодоод түүндээ ханачихсан, цааш хардаггүй цүнх барьж бөгс долоогчид өөрийнхнөө химлэсээр сонгуульд дуусгана. МАН-ыг таг мартчихна даа! Эцэст нь МАН бүгдийг хамна. Үүнийг л МАН хүсээд байгаа юм шүү дээ!
Хөнгөхөн толгойтой хүнд биетэй баронууд ойрхи дорнод дахь цорын ганц түшиц Сидон цайзаа мөнгөнөөс болж сүйтгүүлээд загалмайтны аян дайндаа бүрмөсөн ялагдан мөхсөн түүх давтагдана. Үүнийг гайт агшин гэдэг билээ... Гэтэл талийгаач О.Энхсайханы нөхөн сонгуулийн ялагдлын дараа би АН-ын нарийн бичгийн дарга байхдаа “АН бол залуу нам, хааяа ялагдан цэнгэж болно. Харин МАХН бол хөгшин нам, цагийн эрхээр суларна!” гэж хэлж байсандаа харамсаж байна. Тэр чигээрээ дайраад МАХН-ын залуу халааг нь арчиж хаясандаа харамсаж байна, энэ тэнэгүүдийн төлөө шүү дээ! Тэгээд шагналд нь хөөгдсөн юм.
Одоо ч сонгуулийн дараа энэ хөнгөн толгойтнууд яг Сидоныг зарсан тамплиерүүд шиг “Х.Баттулга, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, З.Энхболд, С.Баярцогт... нараас болж ялагдсан” гээд л гүйцээ. Хар домог.
Ийм хүмүүст хийж чадах юм ч байдаггүй, бодож төлөвлөж мэддэггүй, хариуцлага ч байдаггүй, худлаа л олноороо цөөвөр шиг сүрэглэж, таарснаа химлэж явдаг. Хариуцлага байдаггүй... гэснээс ийм үг ойлгох болов уу? С.Эрдэнэд үүнийг ойлгох боловсрол бий юу..? Гэхдээ атаман юм аа... Дагуулууд нь энэ муу мэдэхгүй хачин түүх яриад нам хорлох нь гэлцэх вий дээ... Уг нь би тэр намыг нь бодоод байгаа ухаантай, олон найзууд маань шатах гээд байна! Гол нь жирийн гишүүд, хамт ажиллаж байсан найз нөхөд маань нурах гээд байна.
С.Эрдэнэ бол АН-ын ковид мөн
Хэрэв оны хүн тодруулсан бол МАН нууцаар “Оны хүсэмжит залуу”-гаараа АН-ын даргыг тодруулсан гэж мөрийцөх үү?
Би зүгээр С.Эрдэнэ гэдэг хүнд муу, өс хонзонтойдоо ингээд байгаа юм биш. Зөрүүд мугуйддаа унадгийг нь мэддэг учраас ингээд байгаа юм. Анх яасан, Н.Энхбаяртай үзэлцэж байхад нь эзгүй тойрогт ялна гээд “Тунгалаг тамир”-ын Эрдэнэтэй зүйрлэсэн хөөрхөн реклам хийж өгсөн. Манай Уянга л гүйж явж Элбэгсайхан гуай дөнгөж таалал болсонд харамсаад Равдан гуайгаар рекламыг нь уншуулж билээ. Хоёрхон секундын “Энхбаяраа чи бусдын мөнгөнд цадах болоогүй юу?” гэсэн төгсгөлийг нь хасч цацаад унасан. Хамтдаа гутарч, баахан виски л гударсан. Б.Батбаатарыг гаргаад л ирсэн.
О.Энхсайхан агсны нөхөн дээр Эбэг гуравхан хоногийн дараа авааччих гээд байхад чирч аваачаад түрүүлж “босгоод” барьж чадалгүй алдчихсан. “Хэтэрхий тачаадах дэмий байдаг аа” гээд байхад... Түрүүлж босгочихоод бид давчихлаа гэж утсаар ярихаар нь “Одоо барьж чадахгүй унана” гэж хэлээд хэрэлдсэн, унасан шүү дээ! Бүгдээрээ Хөвсгөлд хаалтын архидалт хийж байхад би ганцаархнаа нам дээр маргаашийн хэвлэлийн хуралд бэлтгэж, самбар дээр яагаад унасан тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлаж зогссон. Бусад нь яахав, ялчихвал ойр харагдах гээд л гүйлдээд явчихсан. Надад уурлаад яах вэ дээ, бүдүүлэг зөрүүд бодлогогүй нь төдий...
Би хэлдгээ хэлдэг, ингээд хэлчих юмсан гэсэн өчнөөн хүн байгаа, гэхдээ одоо атаманаас айгаад алга болсон. Тойрсон долоогчид нь зодуур харж, манъяк царайлаад сонгуулийн хуулийнхаа нюансыг ч олж харахгүй хийрхэж байгаа нь эндээс үнэртэж байхад даа...
Ер нь Уянга бид хоёр энэ намд тус болж явсан уу гэхээс гай болж яваагүй. Яаж ийгээд хэрэлдэж уралцаж байгаад оролцсон сонгуульдаа бид чирээд л гаргадаг байсан. Дараа нь та нар л өвчигнөөд хийдэг ажил, хийсэн нэвтрүүлгийг нь хүртэл явалддаг хүүхнүүддээ авч өгөөд өнөөдүүл нь унтраачихаад аанай л өнөө муухай зангаараа биднийг муулдагтаа найзархаж явдаг болохоос...
Ууж иддэг, улсаа тонодог, бэртэгчин шуналтай дарга нартай нь үзэлцэж явснаас эгэл жирийн гишүүдтэй уралцаж яваагүй, одоо аль ч аймагт очсон АН-ын гишүүн гээд аяганы амсар зуугаад гарах найзуудтай. Жагсахад манай хэд л ирдэг, орон нутагт холбоо байгуулахад манай хэд л хөдөлдөг. Тэд шударга, түүнээсээ болоод бас л шат шатны удирдлагатайгаа таардаггүй. Гэхдээ ганцхан тохиолдолд нам нь ялахаар ядаж хүний нүүр харах бардамналын төлөө тэсч байдаг. Ямарваа улстөрийн ажилд утсаар ч болов яриад заавар зөвлөгөө авч л байдаг, онодог эсэхийг мэдэхгүй ч сэтгэл харамгүй тусалдаг. Үгнээс үнэ нэхэх биш.
Одоо хугацаа бий, Уянгыг АН-аас дэвшүүлэх эсэх хамаагүй, Эрдэнээс болсон уу, Эбигээс болсон уу, тэр ч хамаагүй. Харин адлаж хөөсөн Н.Алтанхуяг нараа, дээрэлхэж хөөсөн Б.Дэлгэрмаа нараа, үүлгэр ч гэсэн Үүлээ дэвшүүлсэн нь дээр дээ,ядаж хүн танина! Яаж олохоороо Дорноговийн ганц хужааг олж ирээд хот, хөдөөгүй ах дүүгээр нь дэвшүүлж байж эднийгээ адлаж чаддаг байна аа? Эдэнгүй бол АН танигдахгүй, угаасаа үе халах шинэчлэл хүмүүсийн нүдэн дээр хийгдээгүй учраас дэвшүүлж байгаа хүмүүсийг чинь ядаж электорат суурь чинь хүлээж авахгүй. Тэгээд таалагдахгүй бол унагана гээд явдаг гишүүдтэй нам.
МАСЗХ-ыг унагаж байхдаа би МА(Х)Н-ын ирээдүйг баллачихлаа гэж бодож байсан. Гэвч харин ч тус болж, МАН тэр цагаас цоо шинэ орчин үеийн сэтгэлгээтэй залуусаар эгнээгээ бэхжүүлчихэж. Боов шоовны хэргээр болдоггүй нь мултарч байгаа ч олонх нь урагшилж л байна.
Жилийн өмнө “МАН-ыг Сүх нэртэй хүн байгуулж, Сүх нэртэй хүн сөнөөх” ёртой юм гэнэ билээ гэхэд хүмүүс итгэж байсан, харин одоо II Сүх асар их эрх мэдлийг шинэ Үндсэн хуулиар өөртөө олгоод өндийж байна. Яая гэх вэ, чадаж байгаа юманд арга байхгүй, үүнийг хэлээгүй биш хэлсэн.
Ковидын халдвар дэлхий нийтийг өөрчилж байна. БНСУ манай ардчиллын “ах” учраас тэднийг дуурайж хийнэ гэж АН-ын удирдлага зүтгэж байгааг хараад гайхах юм. Яах гэж байгаа юм, ялагдах тийм дуртай юм уу? Хэрэв тийм бол “дайсан” болсон бид ялуулах гэж шүүмжлээд, дарга нар чинь ялагдуулах гэж зүтгээд байгаа юм биш үү? Зовлонгийн түргэн, эртхэн далдармаар байгаа юм болтэг л дээ!
Сонгууль явах уу?
За яах вэ, сонгууль яваг! АН ялах ялагдах хоёрдугаар асуудал... Ялж ялагддаг л сонгууль. Дахиад дөрвөн жил лааз өшиглөнө биз, зуу зуун сая төлсний хохь л биз. Ямар албадсан ч биш... харин нэгдүгээр асуудал бол!
БНСУ бол үйлдвэрлэгч, технологийн хүчирхэг баазтай улс. Байр бүрийн дор санал авах машин байрлуулаад санал хураачихаж байна. Гэтэл манайх ердөө 2500-хан машинтай. Үүн дээрээ 2 сая сонгогчоо цуглуулж л таарна. Хамгийн идэвхтэй оролцогчид нь манай настнууд.
Либералууд яаж ч дооглож тохуурхсан ард түмний менталитетад “Төрөө хүндэтгэх” гэж нэг юм бий! Харин тэд хамгийн эрсдэлтэй насныхан. Сонгуулийн санал авах байранд дор хаяж 3000 гаруй сонгогч орж гарна. Мөн тэнд нам эвсэл бие даагчдын ажиглагч 20 гаруй хүн байнга сууна. Тойргийн хорооныхныг тооцохгүйгээр шүү дээ!
Ийм нөхцөлд хэдий төрөө гэсэн ч аминаас чухал үйлс мөн эсэх нь эргэлзээтэй учраас үр хүүхдүүд нь хөгшдөө явуулахгүйг бодно. Нэг саналаар нэг хүний амь золих буруу! Хамгийн идэвхтэй давхаргын оролцоо буурахад ирц хүрэхгүй, нэг удаад 570 тэрбумыг салхинд хийсгэнэ. Ковидын үед сонгогчийг саналын байр руу автобус микроор зөөж болохгүй, тэгвэл автобусаараа халдварлах аюултай, гэхдээ нэг рейс ч биш хэд хэдэн рейс. Ганц уушгины аппарaтгүй улсад шүү!
Санал авахыг яаж ийгээд хянадаг юм гэхэд сонгуулийн кампанит ажлын үеэр уулзалт зохион байгуулах, нэр дэвшигчийн материал хэвлүүлэх, түгээх, ухуулагчид ажиллах, мөнгө төгрөгөө орой үдшээр, бэлнээр нууцаар тараах гээд хянахын аргагүй хөдөлгөөн үүснэ. Царцаа, голионы ч ажлаа хийнэ. Нэг нэр дэвшигчийн штабт нэг л ковидтой хүн байхад зөвхөн тараах материалаар дамжуулаад дэлхийн ямар ч террористын, бүр бодож ч чадахгүй хөнөөлтэй тараалт хийж чадна. Бүтэн дүүргийг халдварлуулна. Хэвлэх үйлдвэрээс авахдаа халдварлавал бүтэн аймгаар тарна!
Хариуцлагыг хэн хүлээх вэ? Эрх баригчид уу? Ерөнхий сайд уу? СЕХ, УИХ уу? ЭМЯ уу? Онцгой байдлын комисс уу? 570 тэрбум хайран л байх, гэхдээ энэ байтугай мөнгөөр ганцхан хүн “үйлдвэрлэж” чадахгүй! Тиймээс дэлхийн 47 оронд янз бүрийн шатны сонгуулийг хойшлуулсан байна.
Нэг сонгуулиас болоод хагас жилийн карантин, хагас жилийн оюутан сурагчдын хичээлийн тасалдал, хагас жилийн санхүү-эдийн засгийн царцалт, наад зах нь хагас жилийн хүн бүрийн амны хаалтны хэрэглээнд зарцуулсан мөнгө, хагас жилийн ажилгүйдлийн үр дүнг бүрэн баллуурдах уу?
Лав ажигласнаар бол, гэхдээ энэ бол зөвхөн миний л ажиглалт шүү! Ковид дулаан, чийглэг нутгуудад их тархсан. Манайх бариад байсан нь тэнгэрийн минь аврал. Хүйтэн, хуурай өвөл, хавар л авч гарах шиг боллоо! Харин дулаармагц байдал эвгүйтэж байна. Дэлхий даяар дулаарч эхэлмэгц өнөө түрэг-монголчуудад тусдаггүй гэх домог сарниад сэрүүн бүсийн орнууд алийгаа алдаж эхэллээ. Хамгийн сүүлд ОХУ-ын Уул-Алтайд гарав. Ингээд байн байсаар бүх дэлхий ковид боллоо.
Эхний тархалтын үед хүйтэн сэрүүн газрууд руу Хятадын олон иргэн нүүдэллэсэн байна. Санаатай санаандгүй. Тэр үед уур амьсгалаас шалтгаалж дэгдэлт бага байсан манай зүүн хязгаартай залгаа Манжуур одоо хамгийн их дэгдэлттэй байна. Түүнтэй эдийн засаг, худалдааны гүнзгий интеграцитай ОХУ-ын Буриад, Эрхүү орчим хамгийн их дэгдэлттэй болчихож. Дулаарч номхон далайн муссон чийглэг агаар түрмэгц тархалт идэвхжиж байх шиг байна. Харин манайх бас л тэнгэр ивээж өнөөг хүртэл хув хуурай. Түймэр л дэгдэх аюултай! Одоо Манжуур, Хиагтын чиглэлд хориг тавихаас аргагүй болжээ.
Ийм үед чухам манай “үндэсний онцлог” урдаас хянаж чаддаг уламжлал, бас хойноос алдчихдаг туршлага хоёр давтагдах гээд сандаргаж байна. Сонгуулийн үеийн их мөнгөний зарцуулалтыг дагасан импортын идэвхжил бас л халдвар дагуулах аюултай байна. Ийм үед ялах ялагдахын хийрхэлд автах уу?
Тунгаан бодоцгоо, Та минь...
Сонгууль АН-д сөрөг байж болох ч ковидод сөрөг байж чадахгүй л болов уу!
Зочин
а
Юутай гаслантай үнэн гээч вэ...
ИХ-д горилогч
Зочин
Зочин
Хосоо
Зочин
зочин
irgen
Ок
Зочин
Зочин
Баярсайхан
Зочин
ЗОЧИН
Үзмэрч
Зочин
зочин
l
Ганаа
ганбаа
Nyamka
mgl
mgl
pkxny
onom
Зочин
Зочин