Урагшилж, амжилтанд хүрэх ганц зам бол хариуцлагатай уул уурхай
Монгол Улсын Засгийн газар дэлхийн цөмийн салбарт тэргүүлэгч Франц Улсын Төрийн өмчит Орано групптэй “Бадрах Энержи” хамтарсан компанийг үүсгэн байгуулсан. Энэ компани дээр Франц Улсын талыг төлөөлж буй “Орано Групп”-ын ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн бизнес хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, “Орано Майнинг” компанийн гүйцэтгэх захирал Никола Масыг та бүхэнд танилцуулж байна.
- Урилга хүлээн авч ярилцлага өгч буй танд баярлалаа!
- Ярилцлагын өмнө би өөрийгөө танилцуулъя. Намайг Никола Мас гэдэг. Би Орано группын уул уурхайн салбарыг нь тэргүүлэн “Орано Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би ажлын карьераа 20 гаруй жилийн өмнөөс дэлхийн тэргүүлэх цементийн компаниас эхэлж байлаа. Орона группт 11 жилийн өмнө ажилд ороод улмаар 2018 онд уул уурхайн салбараа тэргүүлэн ажиллах үүрэг хүлээсэн.
- Танай байгууллагын цахим хуудас, тайлангуудыг нилээд харсан. Тойрог эдийн засаг (circular economy), тогтвортой хөгжил (sustainable development) гэдэг үгс их тааралдсан. Энэ бүх зүйл яагаад танай компанид ийм чухал зүйл болсон бэ? Энэ орчилд тааруулан бизнесээ хэрхэн удирдаж байгаа нь сонирхол татаж байна. Тулгарч буй сорилт бас шийдэл нь юу байна вэ?
- Манай дэлхийн бүхий л нөөц хязгаартай гэдгийг шинжлэх ухааны салбарынхан хэдийнэ нотолсон. Харин хүн төрөлхтөн энэ хязгаараас давсан хэрэглээтэй гэдэг нь тодорхой юм. Энэ тэнцвэрийг зөв зохицуулахгүй бол та бид маш том асуудалтай тулах нь ойлгомжтой болжээ. Хязгаартай нөөцийн нэг нь шатах ашигт малтмал (Fossil fuel) бөгөөд нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн нэг том хүчин зүйл болоод байна. Манай компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт өнөөдөр маш том өөрчлөлт явагдаж байна. Нүүрс зэрэг шатах ашигт малтмал дээр суурилсан уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэл дэлхий даяар сэргээгдэх болон цөмийн эрчим хүч рүү хурдацтай шилжиж байна. Тухайлбал, халаалт, дулааны систем болон автомашины салбарыг энд дурдаж болж байна. Гэвч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд никель, кобальт гэх зэрэг их хэмжээний метал шаардлагатай болдог. Хязгаарлагдмал нөөцтэй манай дэлхийд тойрог эдийн засаг маш чухал ойлголт бөгөөд энэ нь байгалийн баялаг, нөөцийг дахин ашиглах, дахин боловсруулах тухай юм.
- Зарим хүн энэ шийдлийг, тухайлбал сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлээс илүү өндөр өртөгтэйгээс гадна нийт дүнгээрээ байгаль орчинд илүү халтай гэж маргадаг. Эдгээр хүмүүсийн өнцөг, байр суурийг юу гэж боддог вэ?
- Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн байгууллагууд болох IPCC (The Intergovernmental Panel on Climate Change) зэрэг байгууллага сэргээгдэх болон цөмийн эрчим хүч уламжлалт үйлдвэрлэлээс хамаагүй бага нүүрсхүчлийн хийн ялгаруулдаг гэдгийг нотолсон. Нүүрс, газрын тос дээр суурилсан үйлдвэрлэлүүд орчин цагийн нийгэм, эдийн засаг, улс төрийн хамгийн том сорилт болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үүсч буй эрсдэл, хохирлыг бид уламжлалт эрчим хүчний салбарын өртөг, зардалтай тэр болгон нарийн харьцуулж харж чадахгүй байна. Энэ бол том зургаараа улс төрийн сорилт юм. Хувийн хэвшил энэ шилжилтэнд бэлэн байгаа.
Уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын сөрөг нөлөө ирээдүйд нийгэм, эдийн засагт асар хүндээр тусах болно.
Энэ эрсдэл, хохирлыг явж явж хувийн хэвшил нуруун дээрээ үүрнэ. Иймээс уламжлалт салбараас хэрхэн ногоон буюу шинэ эрчим хүчний эх үүсвэр рүү нийгмээрээ “өвдөлт” багатай шилжих вэ гэдэг нь орон болгоны улстөрчдийн шүдний өвчин болсон. Гэвч нүүрс, газрын тос дээр суурилсан эрчим хүчний эх үүсвэр ирээдүйд улам хүчтэй өвдөлтийг нийгэмд авч ирэх нь тодорхой болсон.
- Та уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж төлөвлөж байгаа вэ?
- Уул уурхайн салбар өөрчлөгдөнө. Нүүрсний хэрэглээ багасна. Энэ хэрэглээг багасгаж чадахгүй бол бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломжгүй. Гэсэн хэдий ч уул уурхайн бусад бүтээгдэхүүний хувьд ирээдүй маш тод харагдаж байгаа.
Сэргээгдэх болон цөмийн эрчим хүч эргээд уул уурхайн салбараасаа ихээхэн хамааралтай.
Тухайлбал, цахилгаан машин, түүний батарей, компьютер, чип, нарны панель, салхин сэнс энэ бүгд уул уурхай, энэ салбарын бүтээгдэхүүн, нөөцөөс хамаардаг.
- “Орано Групп” бол Францын төрийн өмчит компани. Манай улсад ч гэсэн олон төрийн оролцоотой компаниуд бий. Төрийн өмчит компанийг удирдахад гардаг сул болон давуу талуудыг хэлж өгнө үү!
- Манай компанийн 90 хувийг Францын Засгийн газар эзэмшдэг. Үлдсэн 10 хувийг Японы хувийн хэвшлийн хоёр хөрөнгө оруулагч эзэмшдэг. Манай компанийн өдөр тутмын ажил хувийн компаниас огт ялгагдахгүй явдаг. Хөрөнгө оруулагчид эсвэл Засгийн газар бидний өдөр тутмын үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Бид огтхон ч улс төрийн зорилго, нөлөөгөөр компанийн хүний нөөцөө удирддаггүй. Ажилчдаа ур чадвар дээр нь суурилан сонгон авч ажиллуулдаг. Энэ хэрээр компани дээр үр дүн гардаг. Гэхдээ компани болон бизнесийн стратегийн түвшинд ярьвал Засгийн газар манай компанийн хувь нийлүүлэгч байгаа нь давуу тал болдог. Учир нь бусад орны Засгийн газартай яриа хэлэлцээ хийх, олон улсын түвшинд бизнес хийхэд итгэлцэл болон найдвартай байдлын хувьд маш том давуу тал болдог. Үүний нэг жишээ нь Монгол Улстай хамтарсан “Бадрах Энержи” компани юм. Товчхондоо таны асуултанд хариулахад, компанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа хувь нийлүүлэгчдээс тусдаа явж, харин бизнесийн стратегийн хүрээнд хувь нийлүүлэгчидтэйгээ олон улсын түвшинд нягт хамтран ажиллах нь зохистой тэнцвэр болдог.
- Хувийн хэвшилтэй харьцуулбал төрийн өмчит компанийг удирдахад гардаг хүндрэл, сул тал нь юу байдаг вэ?
- Сул тал компанийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд гардаг. Жишээ нь, шинэ төсөл дээр мөнгө босгож, компанийн хөрөнгөө өсгөх шаардлагатай болоход Засгийн газрууд ихэвчлэн тэр хэмжээгээр нэмж мөнгө гаргах хүсэлгүй байдаг. Нөгөө талдаа бид бусад хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох боломж энэ хэрээр хязгаарлагдмал байдаг. Төрийн өмчит компанийн сул тал гэвэл би үүнийг хэлнэ. Гэхдээ Ораногийн хувьд давуу тал нь хавьгүй их байдаг.
- Нэг өдөр танай Ерөнхийлөгч Макрон тань руу яриад миний энэ явуулсан хүнийг ажилд аваарай гэвэл яах бол?
- Би тун эелдэгээр гэхдээ маш итгэлтэй бас тун тууштай татгалзана. Учир нь энэ бол хууль зөрчиж буй үйлдэл. Бид шүүхэд гомдол гаргахаас гадна Авлигатай тэмцэх газарт шууд хандана. Манай Ерөнхийлөгч ийм үйлдэл хийвэл Франц Улсад том скандал үүснэ. Өөрөөр хэлбэл, тэр хүний улс төрийн карьер сүйрнэ гэсэн үг. Иймээс компанийн хүний нөөцийг удирдахдаа мерит болон ур чадвар дээр нь үндэслэн ажиллахаас бус улс төрийн нөлөөнд орж огт болохгүй. Манай компани Монголоос гадна Казакстан, Узбекстан, Нигер, Канад улсад үйл ажиллагаагаа явуулж, энэ бүх улсуудын ялгаатай хууль дүрмийг даган ажилладаг. Компанийн хувьд бизнесийн үйл ажиллагаагаа авилга, хээл хахуультай тэмцэх хууль дүрмийн дагуу, ил тод, нээлттэй мөн бизнесийн ёс зүйн дагуу явуулах амлалт үүрэг хүлээн ажилладаг.
- Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд та бүхэн ямар шийдэл гаргаж, хэрхэн сайн засаглалаа барьж ажилладаг вэ?
- Компанийн бүх түвшиндээ дүрэм, журмаа чанд баримтлан ажиллахаас гадна бид нэн тэргүүнд ажилчдаа маш сайн сургадаг. Энэ хэрээр хүмүүсийн хандлага, соёл эерэг болж өөрчлөгддөг.
Буруу хандлага, зохисгүй үйлдэл гаргаад олон улсын бизнест хол явахгүй гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Иймээс компанийн менежер болон ажилчид дээр дурдсан эрсдэл байгааг мэддэг, ойлгодог мөн компанийн дотоод мөн гадаад талуудаас зохисгүй үйлдэл ирэхэд яах талаар сургалтад хамрагдсан байдаг. Хэрвээ Франц улсыг төлөөлөн ажиллаж буй менежер ажиллаж буй улсынхаа хууль дүрэм, тухайлбал авилга, хээл хахуулиас ангид байх хуулийг зөрчвөл манай компани мөн компанийн удирдлага Францад хариуцлага хүлээхээс гадна тухайн алдаа гаргасан менежер тухайн улсдаа мөн хариуцлага хүлээдэг системтэй.
- Та бүхэн Монголд бизнесээ эхлүүлэх гэж олон жилийн турш тууштай ажиллаж байна. Яагаад Монголыг сонгож, хөрөнгө оруулахаар шийдсэн бэ?
- Сайхан асуулт байна. Дараах хэд хэдэн өнцгөөс би хариулт өгье. Нэгт, “Орано Майнинг” компанийн стратеги бол бизнесээ солонгоруулан, ялгаатай бүс нутгуудад үйл ажиллагаа явуулах юм. Ийм учраас бид дэлхийн нилээд хэдэн улсад үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэрээр компанийн гео улс төрийн дархлаагаа бэхжүүлдэг гэсэн үг. Хоёрт, ураны бизнесийн хувьд Монгол Улсад асар том боломж байгаа гэдэгт бид итгэдэг. Учир нь Монголын ураны орд, нөөцийн үзүүлэлт маш сайн. Гуравт, Монгол Улс гуравдагч хөршийн бодлого баримталдаг. Улс төрийн энэ бодлогоо Франц болон Монгол улсын хооронд бодитой ажил хэрэг болгох боломж нь бидний дундын “Бадрах Энержи” төсөл юм.
Өнөөдрийг хүртэл манай төсөл бүрэн хэмжээгээр эхлээгүй, бид ингэж удаан хүлээж байгаа нь монголын шийдвэр гаргах процесстой үндсэндээ холбоотой. Гэсэн хэдий ч бид энэ дотоод нөхцөл байдлыг нь ойлгодог учраас шийдвэр гаргах үйл явцыг хүндэлдэг. Тун удахгүй Монголын тал маань ураны төслөө урагшуулан хөдөлгөх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
- Одоо талууд хоорондоо хөрөнгө оруулалтын гэрээгээ зурахаар ажиллаж байна уу?
- Тийм ээ. Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээний ажил эхэлж байгаа. Бидний ирэх 30 жилийн хамтын ажиллагааг тодорхойлох “Бадрах Энержи” компанийн гэрээтэй холбоотой энэ процесс нэгээс хоёр жил үргэлжлэх болов уу. Энэ төслийн хүрээнд бид 1000 хүнийг ажлын байраар хангаж, нэг тэрбум ам.долларын татварыг Монгол Улсад төлөхөөр байгаа. Энэ төслөөс орж ирэх үнэ цэнийг талууд харилцан ашигтай, шударгаар хуваалцах ёстой.
- Францын улс төр, эдийн засаг, нийгмийн системийг өнгөц харахаар зүүн төвийн чиглэлтэй байдаг. Монголд эрх барьж буй нам саяхан өөрсдийгөө “Социал демократ” үзэлтэй хэмээн зарлан тунхагласан. Улс орны хэмжээнд аль систем нь зөв юм шиг санагддаг вэ? Залуу захирлын хувьд энэ системийн давуу болон сул талуудыг нь та хэрхэн хардаг нь сонин байна?
- Төрийн өмчит компанийг удирддаг учраас би улс төртэй холбоотой аливаа асуултанд болгоомжтой хариулах ёстой. Улс болгон өөрийн гэсэн өвөрмөц түүх, бусдаас ялгаатай соёлтой. Франц улсын хувьд хэдэн зууны турш төвлөрсөн удирдлага бүхий төрийн системтэй явж ирсэн. Улсын шийдвэр гаргах процесс холбооны улс шиг биш төв Засгийн газар дээр явагддаг гэсэн үг. Иргэд асуудлаа төв Засгийн газартаа хэлж шийдүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Коммунист нам нийт сонгогчдын 46 хувийн саналыг авч Франц Улсын хоёр дахь том улс төрийн нам болсон. Дайны үеэр нацистуудын түрэмгийллийг тууштай сөрж зогссон учраас ард иргэдийн итгэлийг хүлээж чадсан. Төвлөрсөн байдлаар төрийн шийдвэр гардаг энэхүү систем дэлхийн хоёрдугаар дайны дараах нийгэм, эдийн засгийн байдлаас давхар угшилтай гэж хэлж болно. Иймээс манай улс эдийн засаг ба нийгмийн тэнцвэрийг зөв барьж явахыг хичээдэг гэж хэлж болно.
Нүүдлийн соёл, уламжлалтай Монголын нөхцөл байдал манай улсаас өөр. Учир нь асуудлаа улсын хэмжээнд төвлөрсөн байдлаар ярихаас илүүтэйгээр гэр бүл, нутаг нуга, баг сум, аймаг, хотын түвшиндээ илүүтэйгээр хэлэлцэн тохиролцдог. Энэ хэрээр улсын хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд асуудал, шийдлээ тэнцвэртэй гаргах нь сорилт болдог болов уу. Монголд ямар систем тохирох вэ гэвэл би мэдэхгүй. Гэхдээ би юу мэдэж байна вэ гэвэл улс төр, эдийн засгийн хувьд ялгаатай системтэй дэлхийн олон улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагын хувьд хэлэхэд улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засгийн систем үргэлж урагшаагаа хөгжин өөрчлөгдөж байдаг. Бид тухайн орны улс төрийн системд нь тохируулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Гэхдээ аль ч улсад үйл ажиллагаа явуулж байсан ялгаагүй бид нэгт, ажилчид, хамтрагч түншүүдийнхээ хүний эрхийг хамгаас илүү дээдлэн эрхэмлэн ажилладаг. Хоёрт, хөдөлмөрийн шударга үнэлгээ буюу ажилчдынхаа ур чадвар, хариуцлага, үр дүн дээр сурилсан цалин, урамшууллыг өгөх хатуу үүрэг хүлээдэг. Тухайн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр цалинг хүмүүсийнхээ ур чадвар дээр нь суурилан олгодог. Компанийн шийдвэр гаргах процесст манай ажилчид оролцох эрхтэй. Хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудал гарч ирвэл бид ажилчдынхаа дуу хоолойг сонсож байж шийдвэр гаргадаг. Гуравт, компанийн үндсэн үйл ажиллагаанаас гадна орон нутгийн иргэдийн амьдралд бодитой эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог. Зарим уул уурхайн компаниудын хувьд цөөнгүй ажилчид нь гадны мэргэжилтэнгүүд байдаг бол бид орон нутгийн иргэдийг сурган дадлагажуулж хөгжүүлэн үндсэн ажилтнаа болгох бодлого баримталдаг. Монгол дахь төсөл маань бүрэн хэмжээгээр эхлээгүй байгаа ч нэг жишээ хэлье. Нигер улсад үйл ажиллагагаа явуулж буй манай компанид нийт 700 гаруй ажилчин ажилладаг. Тэнд ердөө зургаан франц мэргэжилтэн л ажилладаг. Бусад нь бүгд орон нутгийн иргэд.
Орон нутгийн иргэдийг чадавхжуулах нь бидний хувьд зөвхөн уриа үг биш бодит үүрэг, хариуцлага юм.
- “Орано Майнинг” компанийн алсын хараа, эрхэм зорилго, бизнесийн стратеги нь юу вэ?
- Манай компанийн алсын хараа нь нүүрсхүчлийн хий ялгаруулалгүй цахилгаан үйлдвэрлэгч харилцагчдаа найдвартай уранаар хангах юм. Ингэснээр бид дэлхийн дулааралтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Бидний үйл ажиллагаа эрхэлдэг Нигер, Казакстан, Узбекстан зэрэг улсуудад цөмийн цахилгаан станц байхгүй. Монголд ч гэсэн байхгүй. Гэхдээ бид эдгээр улсад явуулж буй үйл ажиллагаагаараа дамжуулан харилцагчдаа түүхий эдээр ханган нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй эрчим хүч үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулах алсын хараатай ажилладаг.
Компаний маань үйл ажиллагаа бизнесээ солонгоруулах ба хариуцлагатай байх гэдэг хоёр зүйл дээр төвлөрч явагдан, холбогдох бүх шийдвэрүүд энэ хүрээнд гардаг. Франц улсад ураны уурхай байхгүй, бид ураны бүх нөөцөө ашиглаад дууссан. Ийм учраас уран олборлох бизнесээ солонгоруулах, энэ хэрээр гео улс төрийн дархлаагаа бэхжүүлэх, харилцагч ба бэлтгэн нийлүүлэгчийн хэт хамааралд орохгүй байх стратегитай ажилладаг. Энэ нь ч үйлчлүүлэгчдээ удаан хугацаанд, уранаар найдвартай хангах арга зам юм.
Хариуцлагатай уул уурхай гэдэг нь орон нутаг, төр засагтай дээд зэргээр хамтран ажиллаж, хэрэгцээ шаардлагыг нь ойлгон мэдэрч, нутгийн иргэдийн ажил, амьдралд бодитой хөрөнгө оруулалт хийж, соёл, уламжлалыг нь хүндэтгэн, нийгэмд эерэг нөлөө бий болгох билээ. Үүний зэрэгцээ өдөр тутмын ажилдаа хамгийн чухал нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар ханган, байгаль орчноо дээдлэн хамгаалах юм. Уурхай хаагдсаны дараах байгаль орчны нөхөн сэргээлт хийх ажил ч гэсэн энэ хүрээнд заавал багтах ёстой байдаг. “Орано Майнинг” уурхайн дараах байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлд дэлхийд тэргүүлэх туршлагатай компанид тооцогддог. Монголд ч гэсэн уурхайн нөөц дууссаны дараа байгаль орчныг нөхөн сэргээх, орон нутгийн нийгмийн амьдралын шилжилтийг зохицуулах нь бидний хүлээх үүрэг байх болно.
Үйл ажиллагаа явуулж байгаа улс орондоо харилцан ашигтай харилцааг удаан хугацаанд хөгжүүлэхийг зорьж байгаа бол бизнесээ хариуцлагатай хөтлөн явуулах нь хамгаас чухал.
Бид ч ингэж ажиллахыг зорьсоор ирсэн.
- Франц Улс хэдэн цөмийн реактортой вэ?
- Франц Улс нийтдээ 56 цөмийн реактор бүхий 19 цахилгаан станцтай. Зарим цөмийн цахилгаан станцуудад нэгээс илүү реактор байдаг гэсэн үг. Хамгийн том цахилгаан станц зургаан реактортой ажилладаг. Цөмийн эрчим хүчний реакторын тоогоор АНУ дэлхийд тэргүүлдэг. Америкт 100 гаруй реактор ажилладаг. АНУ, Францын дараа Япон, БНХАУ цөмийн реакторынхоо тоогоор жагсдаг.
- Ашигласан цөмийн түлшийг Монголд авч ирж булна гэдэг айдсаас гадна цөмийн зэвсэгтэй холбоотой буруу мэдээлэл манай нийгэмд байдаг. Та бүхний хийдэг бизнесийн нэг чиглэл нь цөмийн түлшийг дахин боловсруулах, хадгалах юм билээ. Хамтын ажиллагааны гэрээнд цөмийн хаягдлыг Монголд булшлах зүйл яригдаж байгаа юм уу?
- Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Яг үнэндээ ийм үйл ажиллагаа хийх нь хүртэл хуулиар хориотой шүү дээ. Монголд ийм үйл ажиллагаа хэзээ ч хийгдэхгүй. Монголоос бид байгалийн уран олборлож экспортлоно. Үүний дараа бид ураныг боловсруулан баяжуулж цөмийн түлш үйлдвэрлэн цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулан ашиглах, эсвэл аюулгүй газар хадгалдаг. Франц, Япон, Голланд зэрэг улсууд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулан ашигладаг. Харин АНУ хадгалдаг. Ашигласан цөмийн түлш нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч компанид хамаарах бөгөөд энэ нь тэдний хариуцах зүйл юм. Түлш үйлдвэрлэхэд ашигласан түүхий эд олборлосон улс руу нь явуулах ямар ч боломжгүй.
Уран олборлосон улс орнууд ашигласан цөмийн түлш хүлээн авах ямар ч үүрэг хүлээдэггүй.
- Дэлхий дээр байдаг хамгийн том цөмийн түлш хадгалдаг газар хаана байдаг юм бол?
- Энэ нь нээлттэй мэдээлэл байдаг. Учир нь ашигласан цөмийн түлшийг хадгалах газрыг сонгон баталгаажуулахын тулд бүх улсууд орон нутгийн иргэдтэйгээ зөвлөлдөн хамтын шийдвэр гаргадаг. Хаягдал хадгалах тухай улс орон болгоны хууль дүрэм ялгаатай байдаг. Зарим улсууд цөмийн цахилгаан станцдаа хадгалдаг байхад зарим улсад ашигласан цөмийн түлшийг үер ус, газар хөдлөлтийн эрсдэлгүй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан газар дорх төвлөрсөн агуулахад хадгалдаг.
- Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байна. Цөмийн хаягдал гаргахгүй бүрэн боловсруулан дуусгадаг шийдэл гарах болоогүй юу?
- Орано групп яг энэ зорилгоор нилээд том судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн ажлуудыг хийж байгаа. Цацраг идэвхтэй цөмийн хаягдлын амьдралын мөчлөгийг мянган жилээс зуун жил рүү оруулан багасгах туршилт, судалгааны ажлууд ид хийгдэж байна. Хэрвээ бид үүнийг зуун жил рүү оруулж чадвал цөмийн хаягдал асуудал байхаа болино. Энэ ажлынхаа үр дүнг бид 10 жилийн дотор үзчих байх аа.
- Францын үндэсний тодотгол юу вэ? Орчин цагийн Франц Улсын үндэстний ялгарал нь юу юм бэ?
- Францад Ерөнхийлөгчийн болон парламентийн сонгууль саяхан болж дууслаа. Тэр утгаараа энэ тун чухал асуулт байна. Өөрийнхөө өнцгөөс таны асуултанд хариулах гэж оролдъё. Миний бодлоор Франц Улсын онцлог ялгарал бол дэлхийн бүхий л улстай гүүр болж холбогдон ажиллах чадвар гэж хэлмээр байна. Бид дурын улстай холбогдон харилцаж, хамтран ажиллаж чаддаг. Өнөө цагт дэлхийн улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа ч Франц АНУ-тай найрсаг, Хятадтай дэвшилтэт харилцаатайгаас гадна Африк, Ойрхи Дорнодын орнуудтай түүхэн харилцаатай. Монгол Улстай эхлүүлсэн харилцаа маань ч зогсолтгүй урагшилж байгаа. Тааламжгүй харилцаатай улсуудыг бид хооронд нь холбон зөөллөх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, хүн хоорондын амьд харилцааг холбохдоо манай улс туршлагатай. Үүнийг би Франц Улсын үндэстний ялгарал гэж хэлмээр байна.
- Дарс, үнэртэй ус, загвар гэдэг үг таны амнаас гарсангүй шүү.
- Өдөр тутмын амьдралтайгаа холбовол таны хэлж буй зүйлтэй санал нийлнэ. Франц дэлхийн үзэсгэлэнтэй байгальтай улсын нэгт зүй ёсоор тооцогддог. Энэ үзүүлэлтээрээ Монгол Францтай хүчтэй өрсөлддөг. Түүнчлэн Франц хүмүүс өв, түүх, соёлоороо бахархдаг. Хүнс, дарсны салбарт жишээ нь аль бүс нутгаас гаралтай гэдгээрээ өрсөлдөж, түүгээрээ имиж нэр хүндээ бүрдүүлдэг. Энэ нь бид орон нутаг, төрөлх хот тосгонтойгоо торгон холбоостой байдгийн илрэл юм.
- Монголчууд өнгөрсөн түүхээрээ маш их бахархдаг. Франц хүмүүс адилхан уу? Эсвэл....
- Бидний түүх бол үндэстний ялгарлын нэг чухал хэсэг яах аргагүй мөн. Учир нь Франц Улсын өнөөгийн засаг захиргаа, боловсролын системийн үндэс суурь Наполеон Бонапартын үед тавигдсан байдаг. Үүнтэй маргах ёсгүй. Зарим хүн Францын эзэнт гүрнээр бахархдаг. Гэхдээ түүхээ анхааралтай эргээд харвал энэ бүх зүйл бидэнд зүгээр нэг үнэгүй ирээгүй. Олон хүний амь нас, ажил, амьдралын золиос “төлбөрт” нь явж байж бидний өнөөгийн нийгэм бүрэлдэн бий болсон гэдгийг мартаж болохгүй. Ийм учраас орчин цагийн нийгэм өнгөрсөн түүх буюу Наполеоны өв, орчин цаг, хамгийн гол нь ирээдүйгээ харьцангүй тэнцвэртэй харж чаддаг болсон болов уу. Өнгөрсөн түүхээсээ бидэнд авах ч юм бий, үлдээх ч юм бий.
- Та Монголд очиж байсан. Манай үндэстний тодотголыг нь юу гэж харсан бэ?
- Франц, Монгол улсууд түүх, соёлын арвин баялагтай гэж таны хэлсэнтэй санал нэг байна. Монголчуудын бусад улс үндэстэнтэй харьцуулбал хоорондоо нэгдэн нягтарч чаддаг байдал. Францад бол би тэр мужийнх, би тэр хотынх байх нь нэг их сонин биш бол монголын нүүдлийн соёлтой холбоотой болов уу, бие биенийхээ нутаг ус, төрсөн газарт өндөр ач холбогдол өгч хоорондоо богино хугацаанд нэгдэж чаддаг мэт санагдсан. Үүнийг хүндлэхгүй байхын аргагүй. Энэ хэрээр орон нутгийн түвшинд голлох шийдвэрүүд гардаг. Гадаад хүний хувьд үүнийг анх шууд ойлгох амаргүй байсан.
Бас нэг анзаарсан зүйл бол монгол хүмүүсийн соёл, уламжлалаа бусадтай хуваалцдаг, бахархан тайлбарлан ярьдаг нээлттэй хандлагыг онцолж хэлмээр байна. Аливаа хүн гадаадын улсууд руу аялж, ажиллан, амьдарч, дэлхийтэй танилцахын хэрээр өөр өөр улсынх хэдий ч хүмүүс та бид хоорондоо ямар том нийтлэг үнэт зүйлтэй гэдгийг мэдэрдэг. Энэ хэрээр бидний бусдаас ялгаатай гэж боддог зүйлсийн тод харагдах нь багасдаг.
- ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал гэж орчин цагийн компаниуд их ярих болжээ. Энэ ойлголт яагаад ийм чухал болчихов оо?
- Уул уурхайн салбарыг онцлон ярьвал орон нутагтай хамтран ажиллахгүй л бол ийм бизнес хаана ч амжилттай явахгүй. Орон нутгийн иргэдийн итгэл, хүндлэлийг хүлээх, тэдний асуудлыг ойлгон мэдрэх, тэдэнд хөгжих шударга бөгөөд тэгш боломжийг олгох, уул уурхайгаасаа үүсч буй нэмүү үнэ цэн, дэд бүтцээс өгөөж хүртэх эрхийг олгох, орон нутгийн хөгжлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцуулах нь маш чухал. Улс төр, эдийн засгийн хувьд мөнгөн өгөөж дээр илүү төвлөрч буй мэт харагддаг хэдий ч том зургаараа орчин цагийн компаниуд ингэж ажилладаг жишигтэй болсон.
- Энэ бүх ажлын зарим нь цэвэр төрийн хийх ёстой ажил, үүрэг юм биш үү? Заримдаа Засгийн ажлыг хувийн хэвшил өмнөөс нь орж хийгээд байгаа мэт санагддаг уу танд?
- Төр энэ бүх экосистемийг хэрхэн хуульчилж зохицуулж буйгаас хамаарна. Нэгэнт батлан мөрдүүлж буй хууль эрх зүйн хүрээнд бүх компани үйл ажиллагаагаа явуулах ёстой. Компаниуд үйл ажиллагааныхаа хүрээнд хуульд нийцүүлэн өөрсдийн бодлого, журмаа гарган ажиллах нь нээлттэй байдаг.
Маш олон оронд авлигатай тэмцэх хатуу хууль журам байдаг ч амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй. Энэ нөхцөлд авлигатай тэмцэх хууль, дүрмийг хатуу мөрдүүлэх нь компанийн үүрэг хариуцлага болж хувирдаг.
Зарим улсад уул уурхайн салбарын зохицуулалт, хяналт хатуу чанга биш байдаг. Энэ тохиолдолд бид сайн засаглалынхаа хүрээнд нийгэм, эдийн засгийн бүхий л стандартыг дээд зэргээр баримтлан тухайн хууль эрх зүйн орчныг нь дордуулах биш улам сайжруулан ажилладаг.
- Монгол залуусын улс. Манай залууст өгөх зөвлөгөө юу вэ? Ер нь таны ажил, амьдрал дээрээ гаргаж байсан хамгийн том алдаа, бас амжилт юу вэ? Түүний шалтгаан нь юу байсан бэ?
- Монгол залууст өгөх миний зөвлөгөө бол боловсрол гэж хамгийн түрүүлж хэлмээр байна. Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, ур чадвар, мэдлэг боловсролоо зогсолтгүй сайжруулж байх ёстой. Хөгжиж буй улсын өмнө маш том ирээдүй хүлээж байдаг. Энэ ирээдүйг гагцхүү боловсролтой, мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй залуучууд л бий болгон бүтээдэг. Залуу хүн болгон өөрийнхөө компанийг байгуулан амжилттай ажиллаж чадахгүй ч ямар нэг мэргэжил, ажлыг хэнээс ч дутуугүй эзэмшин хийж чаддаг. Энэ чадвараа хэзээ ч битгий алдаарай гэж захимаар байна.
Хуваалцахыг хүсч байгаа сургамж маань бизнес хийж байхдаа гаргаж байсан алдаа маань юм л даа. Бидний гаргаж байгаа алдаа эсвэл хийж байгаа амжилт олон тохиолдолд хамт ажиллаж байгаа хүмүүсээ, тухайлбал хамтран ажиллагч, түншүүдээ сонсох, ойлгох чадвар болон хүслээс хамаардаг.
Баг, хамтрагчдаа зөв бүрдүүлж, нэг зорилго дор нэгдэж чадах эсэх нь бизнест амжилт гаргахын үндэс гэдэгт би итгэдэг. Хамтын зорилгоо багаараа нийлж тодорхойлох, үүн дотроо багийн гишүүн тус бүрийнхээ хүлээлтийг ойлгож мэдрэх нь маш чухал. Ингэж ажиллаж чадвал та гайхалтай үр дүнг харах болно.
Ораногийн амжилт дандаа дундынх байдаг. Саяхан бид Нигерт ажиллаж байсан уурхайгаа нөөц нь дууссан тул хаасан юм. Олон жил ажилласан уурхайгаа хаах, орон нутагтай ажиллаж байсан үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг гаргах асар хүнд байдаг. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахын тулд багийнхантай маш сайн бэлдэж, орон нутгийн иргэдийн оронд өөрсдийгөө тавин, тэдний хэрэгцээ, шаардлагыг ойлгож чадсан тул маш сайн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ олон олон боломжийг бүрдүүлж чадсан тул хүнд хэдий ч ард нь амжилттай гарч чадсан.
Бас нэгэн амжилт гэвэл “Бадрах Энержи” компани Монголд туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн явдал юм. Маш олон хүн манай үйлдвэр дээр очиж танилцаж, бодит байдлыг газар дээр нь үзэн ойлгоод эхэлсэн. Монгол-Францын баг хамт олны маань ажлын үр дүн нь энэ, ажилтан нэг бүр мэдлэг туршлага, ур чадвар, амлалт үүргээ оруулан ажилласны үр дүнд манай төсөл ийнхүү шинэ шатанд гарлаа. Энэ амжилтын түүх үргэлжилж, удаан хугацаанд амжилттай ажиллах анхны ураны уурхайгаа Монгол улс эхлүүлэхийг хүлээж байна.
- Их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа!
MONGOLIA NEWS