“ҮНДЭСЛЭЛЭЭ ТАЙЛБАРЛА”
Энд “сэтгүүлч, хэвлэл мэдээлэл” гэсэн нэг ч үг байхгүй. Эрүүгийн хуульд манай салбарыг ажил мэргэжлийнх нь үүднээс тусад нь ангилан онцолж, зүйл заалт зориулан ялласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Анх Засгийн газраас орж ирсэн төсөлд бол байсан юм шүү... Автор нь ч удалгүй өөрөө гараад ирсэн л дээ.
Үндэслэлээ тайлбарла! Өчигдөр би ийм асуулттай тулгарч, өнөөдөр хариултыг нь энд бичихээр шийдээд сууж байна. Үнэндээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ хэмээх сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийн төлөөх байгууллагын тэргүүн Х.Мандахбаярт хандаж надаар дайсан дээрх асуултад би өмнөөс нь хариу өгөх гэж байгаа хэрэг. Өмнөөс нь гэх юу байхав. Бас л миний оролцсон, бүр хариуцсан ажилтай хамаатай асуудал учраас өөрийнхөө зүгээс “үндэслэлээ” тайлбарлая.
УИХ энэ оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 13.14 буюу
“13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах.
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нэмэгдсэн.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн энэхүү заалт сэтгүүлчдэд халтай, хортой эсэх үр дагаварт МСНЭ-ийн удирдлага, тэр дундаа Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч гэх ажлыг хашиж буй миний бие тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл УИХ-д Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Засгийн газраас өргөн баригдаж, улмаар хэлэлцүүлэг өрнүүлэх, санал авах зорилгоор parliament.mn сайтад байршуулснаас нь хойш МСНЭ-ээс санаачлан хэвлэл мэдээллийн салбарынхнаас санал авах ажлыг /10 дугаар сарын 18-нд, дараа нь 11 дүгээр сарын 18-нд хэлэлцүүлэг/ зохион байгуулсан юм. Цаашлаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэг, УИХ-ын ажлын хэсгийн хурал, байнгын хороо, чуулганы хэлэлцүүлэгт ч МСНЭ-ээс төлөөлөн сууж, салбарынхны эрх ашиг, санал байр суурийг дуулган хэрдээ маргалдаж мэтгэлцэж, тамга дардастай албан бичиг шидэлцсэний хувьд хариуцлага ч хүлээх ёстой, өнөөдөр тайлбар ч бичих ёстой.
Анх 2019 оны есдүгээр сарын 17-нд УИХ-д өргөн баригдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дээрх 13.14 гэдэг заалт ямар хувилбараар орж ирснийг дор буулгая:
“13.14 дүгээр зүйл. Гүтгэх
- Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Тайлбар:
-Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй.
-Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.”
МСНЭ болон хэвлэл мэдээллийн салбар дахь мэргэжлийн холбоод, бусад ТББ-ууд хамтран дээрх төслийн заалтыг тойрсон хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулж, тэдгээрийн дараа нэгдсэн санал, байр суурийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хоёр удаагийн албан бичгээр хүргүүлсэн юм. Сүүлийн албан бичигт бид тодорхой саналын томьёолол гарган хүргүүлсэн нь хууль батлагдсаны дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын гараар нийтэд ил гарсан билээ.
Бидний баримталсан байр суурь эхнээсээ тодорхой байсан юм. Албан бичгийн бус, хуулийн техникийн бус, зүгээр нийтлэлийн хэлээр би тэрхүү байр сууриа базаж хэлэх байна.
Хэрэв гүтгэлгийг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, энэ хууль оруулах гэж байгаа бол гэмт хэргийн хэв шинжийг нь тодорхойлохгүйгээр зүгээр л сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний хийдэг ажил мэтээр авч үзэж, ажил мэргэжлийнх нь онцлогийг үл харгалзан эрүүгийн хуулиар яллах гэж байгааг яавч дэмжихгүй гэж бичгээр ч, хэлэлцүүлэг, хурлын үеэр дуу хоолойгоороо ч илэрхийлцгээсэн.
Гэхдээ гарцаагүй нэг зүйл гэвэл Монголын өнөөгийн нийгэмд бусдын ажил, албан тушаал, тэрчлэн бизнесийг булаах зорилгоор гүтгэлэг гэх гэмт хэргийг зохион байгуулах болсон нь үнэн гэдгийг би УИХ-ын нээлттэй хэлэлцүүлэг дээр ч, Ажлын хэсгийн хурал дээр ч хэлсэн. Энэ бол миний итгэл үнэмшил. Та бүхэн санаж байгаа бол тээр жил Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан А.Шоовдор гэж хүнийг олон зуун тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын хэрэгт холбон хэвлэл мэдээллээр ил цагаан зарлаж байгаад АТГ-т хоёр жил шахам хорьж шалгасан. Түүнийг тийнхүү хорьж цагдан шалгасныхаа дараа гэм буруугүй байжээ гээд суллах үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хувьчлагдаад дууссан төдийгүй хөөрхий түүний нэр хүнд гээч зүйл аль хэдийнэ хэрэгтэн, ялтны зэрэгт уначихсан байсан юм. Хэвлэлийнхэн үүнд оролцсон. Гэхдээ бид юуг ч зохиогоогүй. Төрийн эрх бүхий байгууллагуудын хийсэн үйлдэл, хэлсэн үгийг л дамжуулан мэдээлж байсан. Тэр гэм буруугүй байсан юм бол түүний талаарх олон зуун тэрбумын хэрэг нь гүтгэлэг байж таарна. Тэгвэл тэрхүү “гүтгэлгийг” тэгээд хэн зохиосон, хэн зохион байгуулсан, тэр бүхэн нь ямар зорилготой байсан юм бэ? Би мэдэхгүй. Ямартай ч хэвлэлийнхэн, сэтгүүлчид тэр гүтгэлгийг зохиогоогүй гэдгийг л мэдэж байна. Тийм ч учраас “Гүтгэх” гэдэг зүйл ангийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд зориулж Эрүүгийн хуульд оруулж ирж, яллах гэж байгааг шүүмжилсэн. “Хэвлэлийнхэн л гүтгэлэг хийдэг” гэсэн логиктой хууль баталчихаад жинхэнэ “гүтгэгчид” нь сэтгүүлчдийн ард нуугдах гэж байна гэж эсэргүүцсэн. Тийм учраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 “гүтгэх” хэмээх гэмт хэргийг зөвхөн хэвлэл мэдээлэлд зориулах ёсгүй гэдэг дээр олуулаа ярилцаж санал нийлсэн учир МСНЭ-ийн тамгатай баланкан дээр бичгээр үүнийгээ хэвлэж өгсөн. Нэгэнт хэвлэл мэдээллийнхэнд зориулсан заалтыг хасуулах санал өгч байгаа учраас уг заалтад хамаарах “Тайлбар: -Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. -Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй” гэдгийг ч логикийн хувьд шаардлагагүй гэж үзсэн юм. Үүнийг хасуулах санал өгсний чинь “Үндэслэл нь хаана байна?” гэдэг асуултад өнөөдөр хариу бичих гэж оролдож байгаа нь энэ. Үүнд үндэслэл хэлж болох ч үнэндээ бол юун түрүүнд хэнд ч ойлгомжтой логик байсан юм.
Хуулийн санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг, цаашлаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг гээд мэргэшсэн, мэргэжлийн хүмүүстэй мэтгэлцэж, өөрсдийн байр суурь, саналаа хамгаалах амар байгаагүй юм. Тэд өөрсдийн санаачилсан төслөө хамгаалах тактиктай, үндэслэлээ ч гарцаагүй тайлбарладаг юм билээ. Эзэн биегүй соошл аккаунтаас бусдыг гүтгээд доромжлоод түүнийгээ мөнгө төлж бүүстлэн түгээж байгаа хэргийг бид ямар эрхзүйн хүрээнд яаж мөрдөн шалгаж, яаж хохирогчийг хамгаалах юм бэ? Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, нэр төрийг яаж хамгаалах юм бэ? Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг оруулах хэрэгцээ шаардлагыг тэгээд яах юм бэ... гэх үндэслэлээр маргаан бишгүй үүсч байсан ч бид хэл амаар бусдаас дутах биш дээ, эцэстээ дундын хувилбар дээр буусан нь одоогийн хуульд тусгагдаад байгаа 13.14 заалт юм. Та дахиад уншаад үзээрэй https://www.legalinfo.mn/law/details/11634
Энд “сэтгүүлч, хэвлэл мэдээлэл” гэсэн нэг ч үг байхгүй. Эрүүгийн хуульд манай салбарыг ажил мэргэжлийнх нь үүднээс тусад нь ангилан онцолж, зүйл заалт зориулан ялласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Анх Засгийн газраас орж ирсэн төсөлд бол байсан юм шүү... Автор нь ч удалгүй өөрөө гараад ирсэн л дээ.
Дэд сайд асан Б.Энхбаяр өөрийн твийтер хуудаснаа Эрүүгийн хуулийн төсөлд гараа гаргаж хийсэн хамгийн нандин хэсгийг маань Х.Мандахбаяр хасуулчихаж гэх утгатай жиргээнүүдийг нисгэж, УИХ-д хүргүүлсэн МСНЭ-ийн тамгатай албан бичгийг нийтэлсэн юм. Тэр хасагдчихлаа гээд нэхээд байгаа хэсэг нь “Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. -Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй” гэдэг тайлбар юм. Эрүүгийн хуулийн төслийг хараагүй, хэвлэлийнхний дунд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцоогүй, мэдээлэл өмнө нь аваагүй манай салбарын хэсэг нөхөд Б.Энхбаярыг уулгалан дэмжиж, эвлэлийн удирдлагуудыг урвагч, хуйвалдагч хэмээн үзсэн нь ийм учиртай. Хууль санаачлах, хууль батлах эрх бүхий субъектүүдтэй хуйвалдах бүү хэл хэрэлдэж, Х.Нямбаатар гишүүний шордсон шорлосон үгэнд хуулийн зөвлөх бүсгүйнхээ нулимсыг дуслуулан барин мэтгэлцэж байж энэ хүрсэн гэдгийг хэлэх ёстой боллоо. Дараа нь салбарынхантайгаа ч хэрэлдсэн. Хэрүүл дундаа юу гэж хэлсэн бэ гэдгээ би хэлэх үү?
“Улстөрчийн үг бол улстөр шүү дээ. Тэр тусмаа статусгүй болчихсон, сонгууль бодчихсон яваа хүний үгээр үг хийх ч гэж дээ...” гэж би хэлсэн. Одоо ч үүнийгээ хэлье, дахиад ч үг нэмье. Дэд сайд асан Б.Энхбаяр “авторын эрх” шиг зүйл яриад өөртөө өмчилж наагаад буй “Тайлбар”-аа нэхээд байгаа мөртлөө хуульд оруулж ирсэн хоёр хэсэг бүхий заалтаа яагаад ярихгүй байгаа юм бэ?
Дэд сайдаас буугаад нийгмийн сүлжээний од болчихоод яваа тэр хэрвээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нэг “автор” нь мөн юм бол халаас бүртээ буутай этгээд гэдэг шиг нэг гараараа “нийгмийн сүлжээг”, нөгөө гараараа “хэвлэл мэдээллийг” Эрүүгийн хуульд шургуулаад яллах гэж байснаа ярихгүй л байгаа биз дээ?! Хошин шог дээр юу гэдэг билээ. “Эцэг чинь... буц даа” гэдэг шиг хуулийн төслийг буцаагаад хар даа:
“13.14 дүгээр зүйл. Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн төсөл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас орж ирсэн юм шүү. Дэд сайд ажлын хэсгийн ахлагч нь байдаг юм билээ.
Юм үзээгүй юм болохоороо манай Дэмбэрэл баярлаад сүйд гэдэг шиг...Улстөрч, хуульч гэхээр л салбарынхаа мань хэдийн дээр тахиж байгаа нөхдөө харахаар гомдох ч хаашаа юм. Зүгээр л “Би яалаа? Би юу буруу хийлээ?” Гэж боддог юм байна. Тэгээд буруу хийсэн зүйл байхгүй гэдэгтээ итгэлтэй байгаа учраас басхүү түүнийгээ дэд сайд асан Б.Энхбаяраар нотлуулсан учраас бүр ч итгэлтэйгээр үүнийг бичлээ. Жиргээнд “дурак аа” ч билүү, “тэнэг ээ” ч билүү тиймэрхүү үгээр дуудаж байгаад Х.Мандахбаярт хандсан “алдарт” жиргээгээ хийхээсээ хэд хоногийн өмнө таараад “Та нар маш сайн заалт оруулсан байна лээ шдээ. Ялын санкцийг нь буулгаад, бас дээрээс нь бүүр өмнөх Эрүүгийн хуульд байсан заалтаас эрс дээрдүүлсэн байна лээ” гэж надад хэлээд өнгөрсөн хүн бол Б.Энхбаяр юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэд ажлын хэсэгт орж ажилласныг, төслийн заалтыг дээрдүүлснийг мэдсэн л байсан даа... Тийм ч учраас батлагдсан хуульд багтаад цагаан дээр хараар бичигдсэн заалттай түүний нэхээд байгаа “Тайлбар” логикийн хувьд авцалдахгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж таарна. Тэгэхээр манай салбарынхны нэг хэсгийг хатгаж, ятгаад амжсан түүний үг бол зүгээр улс төр.
Эрүүгийн хууль бол нийтийн эрх ашгийг хамгаалах учиртай хууль. Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний нэр төр, алдар хүнд хэмээх үнэт зүйлийг Эрүүгийн хуулиар хамгаалах л болно. Гэхдээ ... Гэхдээ шүү! Мөн Үндсэн хуулиар тунхаглагдсан иргэний /иргэний гэдгийг онцгой анхаарна уу/ үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хэмээх үнэт зүйлийг ч бас хуулиар хамгаалах ёстой. Тэр хууль нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль юм. Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МСНЭ салбарынхныхаа үг, үзэл бодол, байр суурийг нэгтгэхээр ажиллаж байна. Тэрхүү хууль үзэл санааны хувьд хараат бус чөлөөт хэвлэлийг дэмжсэн, хамгаалсан, сэтгүүлчийг үзэл бодлынх нь төлөө цензурдэхгүй, эрүүгийн хуулиар яллахгүй том дээвэр нь болоосой гэж хүсч байгаа. Үүний төлөө арай ч хэрэлдэцгээхгүй биз ээ гэж найдна.
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зочин
Мөөгий
Мөнгөө
Зочин
Май шүү