Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцад элдэв ноцтой нэртэй зүйл анги төлөвлөж цоллож наасаар, тэдгээр нь шүүх дээр ялагдсаар “финаль”-д түүнийг “Эрүүдэн шүүсэн” гэдгээр л яллахгүй бол “Хүн нь байсаар байтал зүйл анги олдохгүй”-д хүрч “Хонгилынхон” шившгээ дэлгэх гээд байна. Ингээд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2021 оны 3 дугаар сарын 31-нд хаалттай хянан хэлэлцээд түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оноосон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх 60 гаруй хоногийн дотор Улсын Дээд шүүхийн тогтоолыг нууц гээд зөвхөн өмгөөлөгчид нь сонсгоод “хав дарчихжээ”. Шүүхийн тогтоолтой танилцах хүсэлтээ бичиж илгээсээр, гэвч хад мөргөх мэт эзэнгүй. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн тогтоолд Б.Хурцад 1.6жилийн ял өгөхдөө ямар үндэслэл дурдсаныг гэр бүлийнхнээс нь илүү мэдэх цор ганц хүн нь түүний өмгөөлөгч болж таарч байна. Өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн твийтр хуудаснаа 2021 оны 5 дугаар сарын 31-нд “Тогтоолтой танилцав. УДШ Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хууль зөрчөөгүй ч гарч болзошгүй эрсдлийг зөвшөөрснөөр тооцож ял өглөө гэжээ. Тодруулбал, эрүүдэн шүү гээгүй, оролцоогүй, мэдээгүй, гэхдээ эрүүдэн шүүх эрсдэл байсан, хууль ёсны гүйцэтгэх ажил хийх зөвшөөрөл нь эрсдлийг зөвшөөрсөн үг” гэж жиргэж анхны мэдээллийг өгөв. Мөн маргааш нь буюу энэ сарын 1-нд “Б.Хурц нарын хэргийг давах шатнаас анхан шат руу буцаасныг прокурор зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичсэн юм. Тэгснээ Улсын Дээд шүүхийн хуралдаан дээр давах шатны шийдвэр зөв байсан гээд эсэргүүцлийнхээ эсрэг ярьсан. Улсын Дээд шүүхэд эсэргүүцсэн прокурор биш Улсын Ерөнхий прокуророос оролцдог. Тэгэхээр Нийслэлийн прокурорт асуудал байв уу” хэмээн жиргэжээ.

Эхний өгсөн мэдээлэл олон нийтийг хүчтэй цочирдуулсан. “Төрд яаж ажиллах болж байна, албан үүрэг гүйцэтгэсний төлөө ял өгсөөр байвал хэн төрд ажиллах вэ”, “Шүүгч баривчлах зөвшөөрөл өгөхөд, баривчлах ажиллагааны үеэр цагдаа иргэнд гэмт учруулсан бол Шүүгч “болзошгүй эрсдлийг зөвшөөрсөн” гээд ял авах нь ээ”...гэхчлэн хөвөрлөө. Ард түмэн тэнэг биш гэдгийг эндээс харж болно.

Улсын Дээд шүүх яагаад болзошгүй эрсдлийг зөвшөөрсөн тооцож ял өгөв? Б.Хурц бол Тагнуулын ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Г.Эрдэнэбат Улсын Ерөнхийпрокурорын орлогч асан цаг үед хийсэн ажлынхаа төлөө яллагдаж буй нь энэ. Хууль хоёрдмол утгагүй байх ёстой. Улсын Дээд шүүх хуулийн зүйл ангийг ийм аргацаасан үндэслэлээр ял өгсөн гэж үү гэдэгт одоо ч итгэж чадахгүй байна.

Улсын Дээд шүүхийн ял өгсөн зүйл анги буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бөгөөд энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан байна. Үүнд Улсын Дээд шүүх “Хугацаа нь дууссан” хууль хэрэглэснийгээ “Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсан тухайд болон өмгөөлөгчдийн асуулатд огт хариу тайлбар өгөөгүй. Харин субъект биш байхад субъект болгосон хуулийн заалт ашигласнаа “Эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байна” гэж тайлбарласан байдаг.

Үүнээсээ юуг ч нотолж чадаагүйн учир “Болзошгүй эрсдэл” гэдэг гэгчийг “олж иржээ”. Хамгийн түрүүнд ямар кэйсүүд санаанд орсон гээч? Ц.Нямдорж гуайг таван удаа ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаанд хаанахын хорих ангид хэдэн хоригдол амь насаа алдсан болон өөр хоригдлын гарт амь насаа алдсан бол? Одоогийн сайд Х.Нямбаатарыг албан үүрэг гүйцэтгэх хугацаанд хилийн цэргийн ангид халагдахаасаа долоохон хоногийн өмнө амь насаа алдсан 25 настай залуугийн төлөө “Болзошгүй эрсдэл” хэмээн яллаж болох уу? Энэ хоёр сайдын үед л гэхэд одоо олдсон баримтаар найман баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж мэдээлсэн.

Баримт 1:  2018 онд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан.

Баримт 2: 2019 оны 1-р сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч нас барсан.

Баримт 3: 2019 оны 5-р сарын 14. Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд орсон.

Баримт 4: 2020 оны 3-р сарын 3. Дорнод аймгийн хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсон.

Баримт 5: 2020 оны  9-р сар. Хилийн цэргийн 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдтэй дүрмийн бус харилцаж, дэглэсэн бичлэг цацагдсан.

Баримт 6: 2021 оны 2-р сарын 7. Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсон.

Баримт 7: 2021 оны 3-р сарын 30. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож амь насыг ньбүрэлгэсэн.

Салбарын сайдын хувьд болзошгүй эрсдлийг зөвшөөрсөн үйлдэл мөн үү? Дээрх амиа алдсан цэргүүд амьд байхдаа амиа хамгаалахын тулд харсан зүгтээ зугтах эрх байсан уу? Сайд төрийн ажлаа хийж байсан. Гэсэн ч цэргүүд амиа алджээ. Олон нийтийн өмнө өнөөдөр тэд зөвдөө ч үгүй, буруудаа ч үгүй. Хариуцлага огт хүлээгээгүй гэсэн үг. Найман халуун амь. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар яагаад амьд мэнд төдийгүй Монгол Төрийн гурван шатны шүүхээр буруутгагдаж яллагдсан хүний төлөө “Болзошгүй эрсдлийн” ял гэгчийг АНХ УДАА хүртэв? Үүнийг улс төр оролцоогүй гэх үү? Улс төрийн шалтгаанаар биш юм бол яагаад Ц.Нямдорж яагаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг МАН-ын бүлгийн хурал дээр хоёр удаа танилцуулсан гэв? Улс төрийн намын, тэр тусмаа эрх баригч намын бүлгийн хурал дээр хэргийн явцтай танилцдаг билээ?

Цаашилбал эрүүдэн шүүх зөвшөөрөл өгөхөд нэг төлөвлөгөө баталсан гэж яриад байгаа юм. Тэр нь бас л нууц. Тэдний яриад байгаа төлөвлөгөө гэгчид эрүүдэн шүүх, зодож тамлах асуудал тусгагдчихсан юм уу? Тийм бол тэр төлөвлөгөөгөө ил болгох хэрэгтэй. Тэгж байж Б.Хурцыг хэлмэгдүүлээгүй гэдгээ Шүүх нотолно. Хуулийн салбарын сайд асан болон одоогийн сайд Ц.Нямдорж, Х.Нямбаатар сайд нарын үед ч төлөвлөгөө баталж байгаа. Гэхдээ энэ төлөвлөгөө хилийн цэрэгт цэргийн амь нас эрсдэх, даргадаа алуулах зэрэгт болзошгүй эрсдэл гэж тооцогдох уу. Шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой учраас энэ тохиолдолд дээрх хоёр сайд “Болзошгүй эрсдлийг зөвшөөрсөн” гээд ял явах болж байна шүү. Улсын Дээд шүүхийн тогтоол л ингэж гарсан байна шүү. Шүүхийн өмнө тэгш эрхтэй шүүгдэх ёстой, тийм үү, Ц.Нямдорж сайд аа! Х.Нямбаатар сайд аа!

Дашрамд сануулах бус хамгийн ноцтой гэмт хэрэг болох нууцыг задруулсан хэрэгт эрхэм сайд Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарт хэзээ, хэн хариуцлага тооцох вэ? Монголын ард түмэн удаа дараа нууц задруулахыг нь харсан, сонссон. Эмэгтэй хүний хувийн нууцыг задалсан, түүний судсаар ямар нэртэй мансууруулах бодис шахсаныг, эсвэл тийм зүйл огт байгаагүй юу гэдгийг хоёр сайдаас өөр хэн ч мэдэхгүй. Уг хар тамхи гэгчээ хэрэглэсний дараа тухайн эмэгтэйд хүч хэрэглэсэн гэх нь хэрхэн нотлогдсоныг ч бас өөр хэн ч мэдэхгүй атал бичлэг гэгчийг олон нийтэд үзүүлж цочирдуулсан. Хэн хариуцлага хүлээх вэ? Хууль зүйн сайд хууль зөрчиж болно гэсэн зүйл анги олж баталцгаах уу?

Ингэхэд нууцын зэрэглэлээс яг ямар нууцыг гаргасан юм бэ? Хэн, хэзээ үзэж танилцаж болох юм бэ? Зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй гэж үзсэн хэсгээ л бичлэг үзүүлмээр санагдахаараа буюу хүссэн үедээ зарим сайд үзэж болохыг “Нууцаас гаргалаа” гэх юм уу? Ер нь НУУЦААС ГАРГАХ тогтоол хэрэгжих юм уу? Яагаад энэ бүхэн худлаа санагдаад байгааг одоо тайлбарлая. ХЗД-ийн сайд Х.Нямбаатар энэ оны 4 дүгээр сарын 3-нд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлсэн албан бичигтээ “Иргэн Ү.Сарнаагаас миний нэр дээр ирүүлсэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийн материалыг ил болгох шаардлагыг харьяаллын дагуу танд шилжүүлж байна” гэжээ. 

Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд нь 2021 оны 4 дүгээр сарын 19-нд иргэн Ү.Сарнаагийн гомдолд хариу өгөхдөө “Төрийн нууцыг ил болгох асуудлыг зохицуулсан хууль, тогтоомж болон Прокурорын тухай хуулиар Монгол Улсын Ерөнхий прокурор нууцыг ил болгох шийдвэр гаргах талаар зохицуулсан хэм хэмжээ тусгагдаагүй тул таны өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ. 


ХЗДХ-ийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын газар хоёр Б.Хурцын гэр бүлийн хүн Ү.Сарнаагийн өргөдөлд ингэж ханджээ.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж 2021 оны 4 дүгээр сарын 9-нд ХЭГ/ 968 тоотоороо ямар хариу өгсөн гээч? “Иргэн Ү.Сарнаагаас ирүүлсэн шаардлагыг шилжүүлж байна. Шаардлагад дурдсан асуудлыг судалж зохих хариуг хүргүүлэхийг хүсье” гээд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хаяглаад явуулчихаж. 

Түүний хайнгахан өгсөн хариу иргэн Ү.Сарнаагийн тавьсан асуудлыг яаж шийдвэрлэсэн юм бэ? Жишээ нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хариуг харцгаая. Тэрбээр 2021 оны 5 дугаар сарын 28-ны 1/2030 тоотоор хариу өгөхдөө “Аливаа хэрэг маргааныг нууцын зэрэглэлээс гаргах эрх” Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид оногдоогүй болохыг танд мэдэгдье гэжээ.

Иргэн Ү.Сарнаа ийм хариу авахаа мэдээд, хуулиа уншаад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хүсэлт гаргаагүй юм. Нууцаас хэн гаргахыг мэдээд Засгийн газрын тогтоолтой учраас ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн сайдад өргөдлөө гаргасан. Хаяг андуурсан хүүхэд биш шүү дээ, ингэж доромжилж болж байгаа юм уу, Ц.Нямдорж сайд аа! Улсын Ерөнхий прокурорын газраас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн бичгийн дараа иргэн Ү.Сарнаад хариу өгөхдөө “2021 оны 4 дүгээр сарын 19-нд хариу мэдэгдэх хуудсаараа хариу өгсөн” гэдгээ дурьдаад “Харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн” гэжээ. 

Аргагүй шүү дээ, яг долоо хоногийн дараа яаж дахиад хариу өгөх юм бэ? Ой санамжаа алдсан биш Ү.Сарнаа дахиад ийм хариугаар яах юм бэ. Прокурорын байгууллага ч ганцхан хүний тухайд ажиллаж байгаа биш дахин дахин нэг асуудлаар бичиг өгөх нь зохимжтой бус шүү дээ, Ц.Нямдорж дарга аа! Одоо иргэн Ү.Сарнаа Тагнуулын ерөнхий газрын дарга байсан нөхөртөө холбогдох хэргийн учрыг олж гэр бүлээ аврахын тулд Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргаас “С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаж өгөөч”, “Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлээч” гэж гуйх уу? Энэ бол маш доромжлол мэт санагдахгүй байна уу?

Нөгөөтэйгүүр Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Б.Хурц нарын хэргийг давахаас анхан руу буцаасныг прокурор зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичсэн юм. Тэгснээ УДШ-ийн хуралдаан дээр давахын шийдвэр зөв байсан гээд эсэргүүцлийн эсрэг ярьсан. УДШ-д эсэргүүцсэн прокурор биш УЕПГ-ын прокурор оролцдог. Тэгэхээр Нийслэлийн прокурорт асуудал байв уу” гэж жиргэж мэдээлсэн нь анхаарал татсан.

Ямартай ч ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцад эрүүдэн шүүсэн гэдэг ял тулгасан ч нотолж яллаж чадсангүй. Улсын Дээд шүүх “Болзошгүй эрсдэл” гэгч Засгийн газрын бүх сэйд, төрийн болон төрийн тусгай албан хаагчид үүргээ гүйцэтгэхээс ч аймаар хачин шийдвэрээр 1.6 жилийн ял оноочихоод хорьж байна. Гэр бүлийн хүнийх нь шударга ёсны төлөө хуулийн дагуу олж авах гэсэн мэдээлэлд нь ямар гэгчийн хариу өгснийг иргэд та бүхэндээ харууллаа. 

“Хонгилынхон” хаана байгааг харцгаав уу? Шүүх тогтолцоог хэн “цэвэрлэж”, “хонгилын” түлхүүрийг хэнд атгуулахаа Та, Бид “5” хоногийн дараа шийдэх гэж байна!