“Шинэ толь” сэтгүүлийн “Геоэдийн засаг ба Геополитик” буланд
25 жилийн тэртээ бичиж байсан өгүүллээ толилуулъя.


Нэгэн жарны тэртээ эхэлсэн нэгэн түүхт гажуудлын ойг энэ онд тэмдэглэж байгаатай холбогдуулан энэ нийтлэлийг бичив. “Ой” гэсэн нь улс хувьсгалын баяр, цагаан сартай адилтгах үйл явдал биш нь ойлгомжтой. Гэвч ой гэж үзэхээс өөр аргагүй. 1945 оны 8 дугаар сарын тэр хоёрхон өдөр Японы хоёр хот атомын бөмбөгөнд үнс нурам болсон хийгээд 1944 онд Варшавын геттод нацистууд еврейчүүдийг хүйс тэмтэрсэнтэй иймэрхүү ойг зүйрлэж болох юм. Энэ балмад явдал эхэлсний өдрийг бүх нийтээрээ эмгэнэж, хүж лаа асааж, энх тайвны хонх дэлдэж өнгөрүүлдэг. 

Яг л тийм ойг энэ өдрүүдэд монголчууд бид тэмдэглэж байна. “Хэлмэгдүүлэлт” буюу орос хэлний “репрессия” гэдэг нь зөвхөн манай хоёр хэлэнд буй нэг ёсондоо зөөлрүүлсэн нэр томъёо юм. Жинхэнэдээ олон улсын хэллэгээр (нийтийн жишгээр) бол төрлөөр устгах гэмт хэрэг буюу геноцид гэнэ. Англиар “holocaust” буюу сүйрэл, ухаан нь 1944 онд Варшавын еврейчүүдийг хядсаныг хэлдэг. Үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ангилан хүйс тэмтрэх, гэр бүлийнхнийг нь хавчих, гадуурхах, эд хөрөнгө рүү нь халдах зэрэг нь иймэрхүү төрлийн гэмт хэрэгт орох ба тэр л 1937 онд Монголд давтагдсаныг хэлж байна.

Энэ утгаар 1922-1937, 1937 оноос 1950-иад он хүртэл Монголд явагдсан геноцид бол мөн чанараараа Варшавын гетто, Зөвлөлтийн Гулаг, нацистын германы бөөнөөр хорих газруудад, хожимдуухан Полпотын Камбожид олон сая хүнийг яргалснаас ялгаагүй юм. Тоо хэмжээ, хэлбэрийн хувьд арай өөр байсныг үгүйсгэхгүй. Энд бичигдсэнээс Зөвлөлтийн Гулаг, манай 1937 он хоёр олон улсын хуулийн цээрлэл үзсэнгүй, бусад нь бүгд Олон улсын шүүхэд шилжжээ. Ялтныг ч цээрлүүлжээ.

Нэг. Геноцидын буруутан

1937 оны тэрхүү их яргаллын гол буруутан хэн байв. Энд асуудал дээр бид арваад жил маргаж мэтгэлцэж байна Анхлан Сталин, сталинизм, тэдний гар хөл болсон Чойбалсан, ДЯЯ гэж дүгнэж байлаа. Олон намын систем хуульчлагдсаны дараа гол буруу MAXН руу эргэв. Япон буруутай гэж үздэг хүмүүс ч байсаар байна. Өөрөөр хэлбэл нийгмийн байгуулал (большевизм, коммунизм), тодорхой бие хүн (Сталин, Чойбалсан), улс төрийн тодорхой нам (МАХН ба Коминтерн), гадны хорон үйлтнүүд (орос, манж, япон гэх мэт), эцэст нь Засгийн газрын бүтэц дэх нэг яам (ДЯЯ) буруутай гэж 5 төрлийн буруутныг илрүүлжээ. Миний бодоход эдний алин ч буруутан биш. Одоо эднээс буруутан хайж суудаг цаг үе нь биш.

1920-иод оноос 1950-иад он хүртэл явуулсан яргалал, геноцидын гол буруутан бол Монголын геополитикийн орчинд гарсан их хувьсгал, түүнд үндэслэсэн Их Оросын стратегийн сонирхол байсан болов уу. Өөрөөр хэлбэл, бамбай халхавч (буфер) улсад ногддог хувь заяа. XVII-XVIII зуунд Төв Ази, Хойд Ази руу нэвтэрсэн Хаант Орос нь Сибирь-Манж Чин улсыг зааглах буфер бүсийг таньж мэдсэн нь Монгол байлаа. Тэгсээр ХХ зууны эх гэхэд энэ буфер бүс Орос, Хятадаас гадна Япон, Британийг Оросоос зааглах стратегийн чухал түшиц газар болжээ. 

Монгол тусгаар тогтнохоос өмнө, Манжийн Чин улс задрахаас яльгүй өмнө 1907 онд Орос, Япон хоёр Гадаад Монгол, Умард Манжуур дахь Хаант Оросын онцгой ашиг сонирхлыг тохиролцов. Эх сурвалж: “Общеполитическое соглашение” буюу “первая российско-японская конвенция”–1907.06.30, гарын үсэг зурсан Оросын Гадаад хэргийн сайд А.П.Извольский, Японы Элчин сайд Мотоно Итиро. Нөлөөний хүрээгээ ийнхүү хувааснаа 1910.07.04-нд Орос-Японы хоёрдугаар конвенцоор (хэлэлцээр) дахин нотлов. 

1913 онд Бээжинд Орос, Дундад Иргэн Улс хоёр Оросын энэ сонирхлыг зөвшөөрсөн тунхаглал гаргажээ. Орос, Япон хоёр 1912 оны конвенцээр Гадаад болон Өвөр Монгол дахь нөлөөний хүрээгээ хуваав. Петербург хотод Хаант Оросын нэртэй дипломатчид-С.Д.Сазонов, В.Н.Коковцов, А.И. Извольский, В.Котвич, цэргийн жанжид-Милютин, Обручев, Куропаткин нарын олон хүн япон, британи, Франц, германы төлөөлөгчидтэй уулзаж “Хятадын эсрэг стратегийн батлан хамгаалах үзэл баримтлал” гэгчээ томъёолсон нь манай Монгол байлаа. Ийнхүү тэртээ 100 гаран жилийн өмнө их гүрнүүд (тэр үеийн империалист) дэлхийг дахин хуваахдаа л Монголын “1937 оны яргаллын” үндсийг тавьсан юм.

1917 оны Октябрийн төрийн эргэлтээр Хаант Оросын энэхүү ашиг сонирхол большевикуудын анхаарлын гадна өөрийн эрхгүй гарчээ. Тэр үеийг Бээжингийн милитаристууд ашиглаж, гамин цэрэг гэгч манайд ирсэн байна. Логик уялдаатай үзэгдэл. Нэг их гүрэн сонирхлоо сулруулмагц нөгөө нь ашиглаж буй хэрэг. Хаант Оросын геополитикийг Ленин геоүзэл суртлаараа сольжээ. Даян дэлхийн пролетaрийн хувьсгалын тухай түүний мөрөөдөл Хятад, Монгол, Манжуур, Шинжааныг ялгасангүй. Энэ бол 1917-1922 оныг хамрах бөгөөд өмнө нь Цагаан хаанд ажиллаж байсан Иоффе, Карахан, Пайкес нарын дипломатууд энэ хооронд Бээжин рүү цувсаар 1924 он гэхэд Гадаад Монголыг ДИУ-д буцааж өгсөн хэлэлцээр байгуулсан түүхтэй. Хэрэв 1927 онд Чан Кайши цэргийн эргэлт хийгээгүй бол, Хятадын хувьсгал ялагдаагүй бол энэ хэлэлцээр тэр чигтээ хэрэгжих байсанд гайхах зүйлгүй. 

1927 оноос засгийн эрх Сталинд бүрэн шилжлээ. Дэлхийн үргэлжилсэн хувьсгалын онолч, Ленинийг залгамжлагч маань өрсөлдөгч Троцкийгоо Хятадын хувьсгалын ялагдлаар далимдуулан хөөж явууллаа. 1904 оноос өмнөх Хаант Оросын геополитикийг Сталин сэргээснээрээ Ленинээс илүү реалист бодлоготон болохоо харуулав. Эзэнт гүрний үндэсний ашиг сонирхлоо дээдэлсэн, алс хэтийн айхтар зорилго бүхий гадаад бодлогыг Коминтернээр дамжуулан Монголд явуулсаар байв. Гэвч 1926 онд Орос, Герман хоёр харилцаагаа хэвийн болгосноор хоёр фронт дээр зэрэг ажиллаж, яваандаа европынх нь давамгайлж, Азийнх түр зогсов. Энэ бол монголчуудад үүлэн цоорхойн нар лугаа амсхийлт, боломж байв. Гэвч хожмын их сүйрлийн эх хэдийнэ тавигдчихаад байсныг бид бодолцсонгүй.

Хоёр. Гурав дахь хөрш мөрөөдөгчдийн үйлийн лай

Монголын тусгаар тогтнол ямар үеүдэд хуваагдах вэ гэдэг нь өнөө ч маргаантай буй асуудал. 1912 онд Орос, Монгол хоёр “Гадаад Монголын автономийг хүлээн зөвшөөрөх тухай” хэлэлцээр байгуулсан нь Монголын статус-кво төлөвшсөн нь тэр байлаа. Тэр бол 1945 он хүртэл үргэлжлэх үе. Энд сонирхлоо үлдээсэн хэрнээ хэтдээ яахыг нарийн тооцсон нь 1924 онд илт болсон. Гэтэл манай дэвшилт феодал ноёд 1895, 1900, 1911 онд Петербург руу элч томилж тэндхийн Дипкорпуст нэвтрэн олон хөршийн тухай сэтгэж байж. Ухаан нь Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нар үүнийг сэдсэн бололтой. Манжийн хамгийн бөглүү нутагт өсч бойжсон нүүдэлчин гаралтай ноёдын толгойд тийм ухаан орж ирсэн нь хосгүй гайхамшиг гэлтэй. Тэдний хойч 1920 онд Богдын тамгатай тусламжийн бичиг өвөрлөн Их Ленинийг зорьжээ. 1921 оны хувьсгалыг гардан хийгчид бол хэтдээ дэлхийн хувьсгалыг мөрөөдөгчид байгаагүй юм. Данзан, Бодоо, Жамсрангийн Цэвээн, Дамбадорж нар бүгд л “Төв Азийн Швейцарийн үлгэрээр” сэтгэлээ зогоож явав. Гэтэл эдний хүслээс гадуур хэдийнэ жийргэвч буфер болчихсон, Кремльд тэс хөндлөн сэтгэж байсны гор 1937 онд л илэрсэн юм шүү дээ.

Хятадын хувьсгал дарагдсаны дараа Хятадаас Зөвлөлтийн сонирхол шахагдаж Монголд ч бодит хөрс байхгүй болов. Гэхдээ буфер хэвээр үлдсэн юм. Монголчуудын дунд “баруунтан” гэж ойлгогддог үйл явдал яг тэр үетэй давхцдаг. Ангийн хийрхэл, өмч рүү довтлох, гадаадын капиталыг шахан зайлуулах явдал намжив. Харин IX богдыг тодруулах, ванчин богдтой холбоо тогтоох гэх мэт хоригдсон зүйлийг сэргээв. Гадаад орчин маань ч манайд ашигтайгаар эргэжээ. Умардад СССР гүрэн манайхаас бодит сонирхлоо татан авч, алс холын Европ бүр Испани руу шилжүүлэн тэнд завгүй байсан тул умардаас аюул үгүй мэт. Өмнөдөд ДИУ дотроо иргэний дайнд татагдан орж, харин Япон нь Манжуур, Өвөр Монголд бэхжиж авчээ. Дорнод Туркестан Хятадынх биш болжээ. Тува гэж өөрийгөө тусгаар гэж зарласан нэгэн жижиг хөрш баруун хойд этгээдэд байв. 

Манж-Го, Японы нөлөөн дэх тогтвортой Өвөр Монгол, Зөвлөлтийн нөлөөн дэх Туркестан, Тува, СССР гэсэн 5 хөрш бодитой оршиж байлаа. Төв Азийн Швейцарь болох нөхцөл бүрдсэн гэж манай тэр үеийн улс төрчдөд ойлгогджээ. Гаднаас бодитой дайсан байсангүй. 1937 оноос (яг 10 жилийн дараа) Зөвлөлт, ДИУ хоёр харилцаагаа сайжруулан холбоотны хэмжээнд очсон нь манайдаа нөгөөх яргаллын эхийг тавив.

Испанид геополитик, үзэл суртлын цохилт амссан СССР гүрэн наашаа эргэлээ. Японы эсрэг нэрээр манайд стратегийн болон геополитикийн сонирхлоо эргэж тогтоолоо. Гэвч 1930-аад оны эхээр тогтсон монголчуудын гурав дахь хөршийн мөрөөдлийг хүчээр дарахаас өөр арга байсангүй. Гурав дахь хөршийн мөрөөдөл, олон тулгуурт гэхээр гадаад бодлого томъёологчдыг замаасаа зайлуулсан үзэгдэл бол нөгөөх геноцид юм. Ингэх эрх тэдэнд байлаа. Яагаад гэвэл 1907 оны байр суурин дээрээ байсаар 1941 онд Төвийг сахих Москвагийн гэрээгээр бүр баталгаажуулсан юм. Дотроо иргэний дайнтай, японы дарамтад орсон ДИУ өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэх Гадаад Монголд оросууд яргалал хийхэд саад болж чадахгүй. Тэгээд ч дайсныг нь намнаж өгч байгаа тул талархаж байсан хэрэг. Салан тусгаарлагчид болон дайсан японыг нь зэрэг намнажээ. Сталинчид хоёр дайснаа нэг сумаар зэрэг устгаж эхлэв. Зөвхөн 1938-1939 онд Оросоос Хятадад өгсөн зээл (зэвсэг авахад зориулсан) тэр үеийн ханшаар 250 сая долларт хүрсэн ба Монголын эзэнгүй тал урагш зэвсэг зөөх томхон бааз болжээ. Тэр ч бүү хэл Монголоос хөөрсөн зөвлөлтийн онгоцууд бүр Тайвань арал дээрхи японы баазыг бөмбөгдсөн гэх баримт бий. Халх голын дайны тухай би ярьж байна.

Халх голын дайны шувтрагаар Зөвлөлтийн байр суурь анги намын гэхээсээ геополитик руугаа эргэшгүй оров. Москвад Риббентроп иржээ. Бас Молотов, Москва дахь Японы Элчин сайд Того нарын хооронд хэлэлцээ давхар явж байв. Энэ хэлэлцээ 1940 оны намар гэхэд дэлхийг хуваасан геополитикийн томхон хуйвалдаанаар өндөрлөв. Берлинд Гитлер, Зөвлөлт засгийн тэргүүн В.М.Молотов нар дэлхийг доорхи байдлаар хуваажээ. Зөвлөлтийн нөлөөний хүрээ нь Монгол, Туркестаныг оролцуулан Энэтхэгийн далай хүртэл, Германых бол Европ, Төв Африк байх агаад Италийнх Өмнөд Европ, Умард Африк, Зүүн хойд Африк, харин Японых бол Зүүн Ази бүхэлдээ, урагш Австрали хүртэл байхаар тогтжээ. Үүнийг 1941 оны хавар Москвад Сталин, Японы Гадаад хэргийн сайд Мацуоки дахин нотолжээ. Тэр тохиролцоогоор Зөвлөлт нь Манж-Гог зөвшөөрч, Япон нь Монголыг Зөвлөлтийн нөлөөний хүрээний бүс гэж хүлээн зөвшөөрөв. 1907 онд харилцан зөвшөөрсөн нь хөдөлгөөнгүй үргэлжилсээр энэ хүрэв.

Гурав. Төгсгөлийн оронд

Энэ түүхэн цаг үе, дэлхийг дахин хуваасан хийгээд түүнээс үүдсэн геополитикийн зөрчил, их гүрнүүдийн тулгаралт Монгол дахь яргалалтай яг давхцан явагдаж байв. Эхлээд гурав дахь хөрш мөрөөдөгчид буюу бие даагчдыг хядсан. Тэр бол 1930-аад оны дунд үеэс 1937 оныг хамарна. Дараа нь өөрсдийг нь өөрсдөөр нь буюу гүйцэтгэгчид голдуу хэлмэгдсэн. Дараа нь Коминтерн, нам, Чойбалсанд үнэнч хэсэг нь зайлж одсон, эцэст нь НКВД-ийн гүйцэтгэгчид нутагтаа алуулсан. 1940 он гэхэд амьд гэрч үлдээгүй. Олон үеэр нь ийнхүү хядсаны хүчинд 1937-1941 оны хоорон дахь Их гүрнүүдийн хуйвалдаан, тэр дундаа Зөвлөлт-Япон, Зөвлөлт-Хятадын харилцааны үнэн түүхийг мэдэх ганц ч хүнгүй болж чадав.

Зориудын санаатай, төлөвлөгөөтөй үйлдсэн яргалал, геноцидыг гадаад бодлогын гажуудал төдийхнөөр үзэмгүй байна. Монгол Улсын нам, төр, засаг гадаад бодлогодоо алдсан буюу Москваг хэт шүтсэнээс ийм сүйрэлд хүрээгүй юм. Жижиг улс оронд заяадаг нийтлэг тавилан л ийм үйл лайг авчирсан хэрэг. Их гүрний бодит сонирхол байсаар байх ахул тэр гүрэн ямар дэглэмтэй, ямар улс төрийн хүчин удирддаг зэрэг нь хоёрдугаар зэргийн асуудал юм. Тэр сонирхол л хядлагын гол буруутан билээ.

1937 он хэдийгээр түүх болсон ч түүхэн том сургамж хэвээр үлдэж байна. Аливаа жижиг улсын аюулгүй оршин үлдэх баталгаа нь ямар нэг “ах дүүгийн найрамдал”, нам хоорондын харилцаа, зэвсэгт хүчний бэлэн байдалд байдаггүйг ухаарах цаг болсон. Улс төр-дипломатын аргаар аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах нь цорын ганц зөв зам мөн. Тэгэхдээ цагийг нь хүлээлгүй тунхаглах, яарах, гадаад орчноо зөв таних тал дээр хэлмэгдэгсэд алдсан нь бий. Тэдний буруу биш, дэлхийг өөртөө нээсэн хэмжээ нь тэр. Иймэрхүү сэтгэгчид 1950, 1960-аад онд төрсөн, эргэж хэлмэгдэж явсаар 1990-ээд он хүрсэн билээ. Нэг үгээр хэлбэл монголчуудын хувьд тийм сэтгэлгээ тасраагүй явсаар өнөө хүрсэн.

Аль болох олон гүрнээс хамааралтай болох, тэдний бодит сонирхлыг (эдийн засгийн болон хөрөнгийн баталгаа төрүүлэх) Монголд төвлөрүүлж, тэнцвэржүүлэх, тэгснээрээ дэлхийн хэмжээний интеграц, харилцан хамаарал, глобалчлалд татагдан орох явдлыг улс төр-дипломатын арга гэж товчхондоо хэлж болно. Тэр л дахин энэ нутагт яргалал, геноцид гаргахгүй байх баталгаа, ерөөсөө хөгжил дэвшлийн нөхцөл билээ.