Өлбөрч үхэх аюулын өмнө Дэлхий чичирнэ
Даян дэлхий өлсгөлөнгийн өмнөх шатанд ирсэн тухай, тэгэх тусмаа бүхэл тивээрээ, бүс нутгаараа хоол хүнсний хомсдол дутагдалд орсон тухай, хэдэн тэрбумаараа өлсөж, хэдэн зуун саяулаа өлсгөлөнгөөр үхэл рүү дөхөж яваа тухай НҮБ-ын индэрт чих халууцуулмаар мэдээ мэдээлэл, зовинол гуниг сонсож ирсэн хүний хувьд би аюулын харанга гэдгийг бичээд буй хэрэг.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы нээлт, ерөнхий санал шүүмжлэл, НҮБ-д явагдсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаас дараахи дүгнэлттэй буцаж ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бүх улс орон даяар 2022 онд эхлүүлсэн “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ үндэсний хөтөлбөр”-ийг би одоо л бүрэн хэмжээгээр ойлгон мэдэрч, ач холбогдлыг нь тэнгэрт өргөмөөр санагдав. Ойрын 5 жилд дотоодын хүнсний хэрэглээг бүрэн хангана гэсэн зорилт ямар их ач холбогдолтойг НҮБ-ын Төв байрнаас мэдэрч ирсэн нь миний буруу бас биш ээ.
Монголчууд бид дэндүү налгар улс. Бүх өгөгдөл нь байгаль дээр байж ирсэн ба түүнийгээ хэрэглэсээр хэдэн мянганыг элээсэн гэдэг түүх рүү хазайхгүйгээр бодсоноо буулгая. Өгөгдөл гэдэг нь Монгол эх орны маань тал хээр, говьд бэлчих 80 сая мал сүрэг, бэлчээр, ус, уул тал, цаг агаар гээд бүгдийг нь нэрлэж буй. Энэ их баялаг дээр аз жаргалтай тухлан суух 3.5 сая хүн ард гээд бичвэл мөн ч их сэдэв байна. Би тэгэх гээгүй.
Тэр жаргалтай ард түмэнд Ерөнхийлөгч маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” тулгадаг нь юу билээ? Яагаад “ХУВЬСГАЛ” гэв? Ардын хувьсгал, Октябрийн хувьсгал, Цагаан морин жилийн хувьсгал гэж байснаас идэш уушны хувьсгал гэж юуг нэрлэв? Нийгмийн байгууллыг орвонгоор нь өөрчилдөг “ХУВЬСГАЛ” гэдэг ойлголт яагаад хүнс тэжээл дээр буув?
2022 оны намар цаг. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын нээлт хийх үед ийм уриа түгэж байсан даа, эргэж санавал. “Хөрс, Хүнс, Хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол Хүнс эрүүл. Хүнс эрүүл бол Хүн эрүүл” гэж.
Энэ бол толгой холбосон шүлэг байгаагүй юм. Аюулын харангыг олж харсан, мэдрүүлсэн, анхааруулсан, хэтдээ хийхээс аргагүй гэдгийг урьдчилан сануулсан хатуу үүрэг амлалт, Монгол Төрийн алсын хараа байсан юм.
Даян дэлхий өлсгөлөнгийн өмнөх шатанд ирсэн тухай, тэгэх тусмаа бүхэл тивээрээ, бүс нутгаараа хоол хүнсний хомсдол дутагдалд орсон тухай, хэдэн тэрбумаараа өлсөж, хэдэн зуун саяулаа өлсгөлөнгөөр үхэл рүү дөхөж яваа тухай НҮБ-ын индэрт чих халууцуулмаар мэдээ мэдээлэл, зовинол гуниг сонсож ирсэн хүний хувьд би аюулын харанга гэдгийг бичээд буй хэрэг.
НҮБ-ын ЕНБД А.Гутерриш маш ноцтой асуудлыг хөндлөө. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдаад 75 жилийнхээ ойг тэмдэглэж байдаг, хүний эрхийн салбарт Олон улсын хамтын нийгэмлэг үлэмж амжилтад хүрсэн боловч хүний үндсэн гол эрх бүрэн хангагдаагүй байна, манай гариг дээр 1.2 тэрбум хүн өлсөж үхдэгийн даваан дээр, ядуурлын доод ангалд аж төрж байна гэж мэдэгдсэн нь аюулын харанга дэгдээх шиг болов.
Уур амьсгалын өөрчлөлт гэхэд л хүний үндсэн эрх рүү халдаж байна. Дэлхийн дулааралтай Олон улсын хамтын нийгэмлэг тэмцээд дийлэхгүй, ирээдүй хойч үед маань маш том аюул болох нь байна. Энд цаг агаарын өөрчлөлтийн тухай бус манай гаригийн аж амьдралыг орвонгоор нь эргүүлэх өөрчлөлтийн тухай ярьж байна. Тэгэхдээ муу тал руугаа. Ажил амьдралын бүх талыг хөндөнө. Тэр ч бүү хүний аминд хүрч, хамтын нийгэмлэгийг маань нураах нь байна. Хэт халсан саруудыг хүн төрөлхтөн амсаж, түүхэндээ байгаагүй халуун зуныг тууллаа. Гэхдээ энэ халалт бол зөвхөн эхлэл юм. Агаарын температурыг 1.5 хэмээс дээш халуулахгүй байх тухай Парисын хэлэлцээр хэрэгжих эсэх нь яг одоо бидний эрс шийдэмгий алхмаас шалтгаална. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, цаг агаарын шударга байдал тогтоохыг хөгжингүй орнуудаас уриалъя. Цаг агаарын өөрчлөлтөөс болж бусад нь хохирч, хор хохирол нь барагдахгүй их гай тарьж байгааг болиулъя хэмээн ноён А.Гутерриш цөхрөлийн үгсээ НҮБ-ыниндрээс цууриатуулж байхыг хоёр чихээрээ сонсов.
Монголд хамаатай асуудал мөн үү, ЕНБД-ын хөндсөн дээрхи асуудал? Тэр 1.2 тэрбум хүн өлсөж байна, уур амьсгалын өөрчлөлт, Парисын хэлэлцээр, агаарын температур 1.5 хэмээс дээш халахгүй, хүлэмжийн хий зэрэг нь монголчуудад дэндүү алсуур сонсогдож, дасаагүй чихэнд эрс сондгой бууж магад. Тэгвэл би монгол хүн бүрт хамаатуулах санаатай бичиж байна. Тун удахгүй, гэхдээ өнөө маргааш биш ч, бидний үрс, үрсийн үрс дээр энэ бүх аюул чинь зүгээр л буугаад ирэх нигуртай юм билээ.
Монголчууд дэндүү амгалан байна, үнэндээ нойрмог байна. Надад, маньд ямар хамаатай юм гэсэн царайлаад хэнэггүй явцгааж байна. Хязгааргүй тал хээрт цаг наргүй бэлчиж явдаг олон сая мал сүрэг чинь нэг л өдөр хамар хатгах өвсгүй, уух усгүй болчихвол яах вэ? Хуримтлагдсаар хуримтлагдсаар, дөхсөөр дөхсөөр тэр аюул гэв гэнэт Монголыг маань бүрхвэл яах вэ?
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлсэн гадаадын төрийн тэргүүн болгон ямар нэгэн зовлонгийн үгс урсгаж байна. Монголчуудаас дэндүү хол сонсогдох өлсгөлөнгийн аюулыг яг хамар дор хаяа хатгаад ороод ирсэн юм шигээр дүрслэн ярихыг сонсох бүрт би дээрхи зовинолоо монголчууддаа хүргэмээр бодогдож суулаа.
Өнөөдрийн бидний магтан саймшраад байдаг “нүүдлийн соёл иргэншил”-ийн чинь мал аж ахуйн аж төрөл, арга барил тун удахгүй төрөл арилжих тухайд аюулын харанга дэлдээд эхэлчихжээ, эрхэм малчид аа!Малаа алж идсээр байгаад, эсвэл тэр нь ган зудад нэрвэгдээд устгалд ороод замхраад алга болох юм байна. Таван хошуу малын тухай ойлголт ч (тэр дундаа уран сайханжсан нь) мөд өнгө төрхөө өөрчлөх юм байна. Налгар зуны цаг улиран одож эргэж хэзээ ч налгар байхааргүйгээр төрөл арилжвал яах вэ?
Бид хэдийгээр “нүүдлийн соёл иргэншил”-дээ, тэр дундаа нүүдлийн мал аж ахуйдаа хичнээн их хайртай ч тэр маань хөгжлийн хурдны ба дэлхийд нүүрлэх өлсгөлөнгийн аюулын нугачаанд бүдэрч унан бүр орвонгоороо сүйрэх аюулын өмнө ирвэл яах вэ?
Хүссэн ч, эс хүссэн ч (монголчууд хүсээгүй юмандаа туйлаас дургүй!) бид эрчимжсэн мал аж ахуй руу орохгүй бол орвонгоороо сүйрэх аюулын өмнө хүчин мөхсдөнө шүү. Байгаль дээр сул дэл бэлчиж яваа малаа алж идчихээд, хэдэн биендээ худалдчихаад, найрлаад наадамлаад явж байтал гэнэтийн их гай дайрвал (ган, зуд энүүхэнд), эсвэл Дэлхийн хамтын нийгэмлэг бидэнд тулгаж байгаад манай мал сүргээс өлслөнгийн бүс нутаг руу, магадгүй өлсгөлөнд нэрвэгдсэн тив рүү тусламжаар өгсүгэй гэвэл бид ёстой модоо барих болно. Тийм тулгалт ирэхгүй гэх баталгаа алга. Өлсөж байна, өлсөж үхлээ, халуунд шатаж байна, цөлжлөө, уух ус ч алга гээд зовинолын үгсээ урсгаж байгаа улс орнууд манайх руу хандахгүй гэсэн баталгаа байхгүй.
Ийм нөхцөлд Монголыг хэн аврах вэ? “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” л аварна. Өөр хэн ч, юу ч аврахгүй.
Одоо байгаа бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуйн 50%, магадгүй 60-70%-ийг тун яаралтай эрчимжсэн фермерийн аж ахуй болгож, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл болгож, малчидаа хөдөөгийн баян эзэд, хөдөөгийн олигархи болтол хөрөнгөжүүлж, хотын биднийг атаархтал аж төрүүлэхгүй бол оройтох гээд байна. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-аар газар дэлхий, бэлчээрлэх мал, адуулагчба хэрэглэгч хүн гурвыг нэгэн зэрэг хөгжүүлж, эрчимжсэн, смарт шинэ түвшинд гаргах хэрэгтэй юм. Хүнс үйлдвэрлээд зогсохгүй, тасралтгүй үйлдвэрлэж, нөөцлөж, Монголынхоо хэрэгцээг бүрэн хангаад, улмаар гадаад улсууд руу экспортлон, мөнгөн хуримтлал буй болгохыг хэлж байна.
Монгол малчин бол зөвхөн малчин биш, тариалагч, ногоочин, үйлдвэрлэгч, фермерийн эзэн, баян хөрөнгөтөн байх бүрэн боломжтой. Бүх өгөгдөл нь байна.
- Үргэлжлэл бий