Сэтгүүлч Лодойсамбуу намайг "Улаан бал" нэртэй нэвтрүүлэгтээ орохыг урив. "Ардчиллын тухай та л залууст сайн ярина" хэмээн хошгоруулав. Мэдээж би ардчиллаар шизоорсон учраас зөвшөөрөлгүй яахав. Тэгээд Зүүнбүрэн сумаас өглөө эртлэн гарч давхилаа. Дархан, Улаанбаатарын хоорондын зам засварт ороод хэцүү болсныг хэлэх үү, бүтэн найман цаг сэгсчүүлсээр нэвтрүүлгийн эхлэх цагаас өмнө амжиж ирэв. Нэлээн ядарсан амьтан л нэвтрүүлэгт явж орчхов.

Нэвтрүүлэг эхлээд төд удалгүй Лодойсамбуу миний хэлж буй текст (бичвэр)-ийг деконструкци хийгээд байгааг ухаарав. Яриа гэдэг бол амаар хэлэгдэж буй текст (бичвэр) шүү дээ. "Хаа холоос өөрийгөө деконструкци хийлгүүлэх гээд ирж байдаг мөн ч тэнэг хүн юм даа" хэмээсэн бодол толгойд зурсхийж суулаа. Гараад явалтай биш! 

Лодойсамбуу өөрийнх нь хийж буй үйлдлийг "деконструкци" хэмээн нэрлэдэг болохыг мэдэхгүй байх л даа.

Ер нь энэ ойлголтыг маш цөөхөн философичийг эс тооцвол мэдэх хүн манайд бараг байхгүй. Мэддэг хүн байлаа гэхэд деконструкци гэж чухам юу вэ? гэдгийг онож хэлж чадахгүй.

Деконструкци бол Жак Деррида хэмээх хүний зохиосон шинэ үг бөгөөд мань эр өөрөө тун өргөн утгатай хэрэглэчихсэн учраас энэ үг яг ямар утгатай болох талаар философичид дунд өнөө хэр бөөн маргаан байдаг. Шинэ үг бүхэн философичид дунд маргаан тарьдаг даа!

"Оновчтой зүйрлэл оюун бодлыг гэрэлтүүлдэг" хэмээх Витгенштейний айлдсан мэргэн үгээр зоригжин деконструкцийг тайлбарлах гээд үзье.

ХХ зуунд философид "хэлний хувьсгал" гэж нэрлэгдсэн эргэлт бий болсон. Энэ эргэлтийн үр дүнд философи нь хэл судлал болж хувирсан. Энэ хувьсгалыг манлайлагч нь Витгенштейн, үргэлжлүүлэгч нь Жак Деррида юм. Тэдний санааг компьютерийн хэлээр зүйрлэж илэрхийлбэл илүү ойлгомжтой байх.

Хэл гэдэг бол тухайн хэлийг хэрэглэж байгаа үндэстний оршин тогтнох хугацаандаа зохиосон "софтвер" юм. Жишээ нь, монгол хэл бол монголчуудын түүхийн туршдаа зохиосоор ирсэн софтвер. Одоо ч үргэлжлүүлэн зохион шинэчилсээр байгаа. Цахим сүлжээ, компьютер, софтвер, интернэт, сүгсэлзүүр, олигархи, лалар, хүүк гэх зэрэг шинэ шинэ үгс (тэмдэгтүүд) нэмэгдэн шинэчлэгдсээр буй.

Компьютерийн "оюун ухааныг"-ыг софтвер нь ажиллуулдаг шиг үндэстний ухамсрыг хэл нь ажиллуулна. Монголчуудын ухамсрыг монгол хэл удирдан ажиллуулна. Англи хүний ухамсрыг англи хэл ажиллуулна. Энэ тухай Витгенштейн "миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар мөн" хэмээсэн буй.

Тэгэхээр хүүхэд хэлд орж төрөлх хэлээ сурна гэдэг бол нийгэм нь түүний ухамсарт софтверээ суулгаж байгаа хэрэг юм. Физикийн шинжлэх ухаанд суралцаж байнаа гэдэг бол "физик" хэмээх нэртэй софтвер суулгаж байнаа л гэсэн үг. Биологийн шинжлэх ухаанд суралцаж байна гэдэг нь "Биологи" хэмээх нэртэй софтвер ухамсарт нь сууж байнаа л гэсэн үг.

Бидний ухамсарт тухайн хэлний софтвер суугаагүй бол тэр хэлийг хэрэглэдэг газар бидний ухамсар ажиллах чадваргүй болно. Жишээ нь, англи хэл огт мэдэхгүй хүн Лондонд очоод юу ч ойлгохгүй таг зогсоно. Математик хэлийг мэдэхгүй хүн Гончигдоржийн хичээлд очиж суугаад юу ярьж буйг яагаад ч ойлгож чадахгүй. Ойлгохгүй байна гэдэг бол оюун ухаан ажиллаж чадахгүй байгаа явдал.

Хүний ухамсарт "хэл" хэмээх софтверийг суулгахдаа текст хэлбэрээр суулгадаг хэмээн Жак Деррида нотолсон. Тодруулбал, хэл хэмээх тодорхой тэмдэгтийн тогтолцоог суулгаж байгаа гэж. Бидний ухамсарт ийм текст суугаагүй бол ухамсар маань ертөнцтэй харьцаж чадахгүй аж. 

"Яриа" гэдэг бол ердөө л чихээр сонсож буй текст гэж мань эр үзсэн аж. Яагаад Деррида хэлийг заавал текст болгоод байгаа юм бэ гэвэл, "хэл" гэдэг бол тэмдэгтээс бүтсэн "софтвер" юм шүү гэдгийг л онцлон тодруулах гэж тэгсэн хэрэг.

Улмаар мань эр, компьютерийн "ухаан" яагаад ч программынхаа гадна гарч, байгаа бодит байдлыг харж чадахгүйтэй адил хүний ухамсар хэчнээн мундаг ч мөн хэлний цаана гарч, бодит байдлыг харж чадахгүй гэж нотолсон. Энэ санаагаа "Текст (бичвэр)-ээс гадна юу ч байдаггүй" хэмээх шуугиан тарьсан бичвэрээрээ илэрхийлжээ.

Нэгэнт л текстээс цааш юу ч үгүй юм бол хэн нэгний хэлсэн текстийг автораас нь салгаад өөрийнхөөрөө утгачилж болно. Яагаад гэвэл текстийг бүрдүүлж байгаа үг буюу тэмдэгт нь өөрөө хэрэглэж байгаа нөхцөлдөө тааран янз бүрийн утга аван хувирч байдаг "урвагч этгээд". Өөрөөр хэлбэл текстийг хэлсэн эзнээс нь салган чөлөөтэй урвуулж болдог гэсэн үг. Ингэж текстийг урвуулах үйл ажиллагааг Деррида "деконструкци" гэж нэрлэжээ.

"Улаан бал" нэвтрүүлгийг хараад байхад Лодойсамбуу деконструкцийг улам бүр чадварлаг хийгээд байгаа. Асуултаар өөрийн цаад санаа руугаа хөтлөөд үгийн алдааг отож дайрах замаар эсрэг этгээдийнхээ хэлсэн текстийн доторх зөрчлийг олзлон авч, асуултын хариу болон ирж буй текстийг өөрийнхөө буланд шахан аваачин эцэст нь урвуулж авдаг аж. Нэг мэдэхэд асуугдагчийн амнаас "ниссэн" текст, Лодойсамбуугийн анхнаасаа тооцоолсон санаа бодлыг илэрхийлсэн текст болон хувирч, зарим үед бүр асуугдагчийн амаар хэлэгдэж дуусна. Жишээ нь би, залуучуудаа ардчилалд хариуцлагагүй хандаж байна гэсэн утгатай гомдол хэлээдэхсэн чинь эргээд ардчиллаа хариуцлагатай авч явж чадаагүйнхээ төлөө харин өөрөө залуусаасаа уучлал гуйсан тексттэй болоод дууссан.

"Улаан бал" нэвтрүүлгийн турш би хэлсэн текстийнхээ эзэн байх гээд, харин Лодойсамбуу текстийг маань өөрийнхөөрөө утгачлан урвуулах замаар өөрийн санаа бодлыг илэрхийлэх гээд, бид хоёрын хооронд нэг ёсны текстээ булаалдах тэмцээн болсон.

Энэ нэвтрүүлгийг үзсэн олон нийтийн хандлагыг сүүлд харвал намайг их өрөвдсөн бололтой. Тэгэхээр би өөрийнхөө текстийг эзэмшиж чадаагүй алдаад байсан хэрэг бөгөөд нэг үгээр хэлбэл Лодойсамбуугийн деконструкци амжилттай болжээ гэсэн үг юм.

Лодойсамбууд ялагдахад надад гомдолтой санагдаагүй. Манай залуус их хэрсүү, бас шаггүй рационал болж байгаа юм байна даа гэсэн бодол төрж, энэ маань надад битүүхэндээ таатай мэдрэмж төрүүлсэн билээ. Ямар ч атугай бид хоёр Ардчилалын үзүүштэй тэмцээн харуулсан. 

Ардчилалаа л алдаж болохгүй шүү, залуус аа! Хязгааргүй мөнхөд орших орчлонд нэг л удаа хүн болох заяатай төрчхөөд, олон сая хойд солонгосын золгүй залуучууд шиг хувь заяаныхаа эзэн байх эрхээ нэг муу дарангуйлагчид алдана гэдэг бол харамсавч баршгүй явдал. Ахиж төрдөг бол яая гэхсэн!




БОЛОВСРОЛ ТӨВТЭЙ УЛС ТӨР

"БОЛОВСРОЛ ТӨВТЭЙ УЛС ТӨР" ТББ-с зохион байгуулж буй Нийгэм, улс төр, хүний эрхийн томоохон төлөөлөгч Профессор Александра Панзареллигийн "ВЕНЕСУЭЛ УЛСЫН АРДЧИЛАЛ ЯАГААД НУРАВ?" сэдэвт лекц 2019.09.30-ны 11 цагт Монгол улсын их сургуулийн номын сангийн 202 тоот хурлын танхимд болно.

Монголчууд бидний дунд Халтар царайт хэмээх киногоороо эчнээ танигдсан тэр орны хямрал уналт доройтлын шалтгаан, эрх чөлөөгөө алдсан нийгэм нь ямар аюул дагуулж болдог талаар өгүүлэх юм.


АЛЕКСАНДРА ПАНЗАРЕЛЛИ

Товч намтар:

Профессор Александра Панзарелли нь Нийгэм, Улс төрийн талаар мэргэшсэн, Вэсэсуэлийн улс төрийн талаар олон тооны судалгаа гаргасан хүний эрхийн томоохон төлөөлөгч эрхэм юм. Тэрээр Caracas Sivitas Venezuela Төрийн бус байгуллагад Хүний эрхийн захирал, Венесуэл дахь Канадын Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх, НҮБ-ын ДОХ / ХДХВ / НҮБ-ын Дэвшил / НҮБ-ын хамтарсан хөтөлбөрт ажиллаж байсан. Венесуэлийн 21-р зуун дахь популизм, рентиеризм ба социализмын зохиолч (Johns Hopkins University Press 2013 ) Венесуэл дахь популизм, сонгуулийн бодлого, нийгмийн хөдөлгөөнтэй холбоотой хэд хэдэн нийтлэл нийтлүүлсэн. Венесуэлийн Universidad Төв Де Венесуэлийн улс төрийн болон захиргааны шинжлэх ухааны чиглэлээр 2009 онд Фулбрайтын тэтгэлгээр Нью Йоркийн их сургуульд улс төрийн чиглэлээр магистр хамгаалсан. Гурван жилийн турш (2011-2014) Венесуэлийн Фулбрайт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Йешива их сургуульд, Нью-Йорк хотын Мэримоунт Манхэттен коллежид Латин Америкийн улс төрийн хичээл заадаг эрхэм юм.