У.Хүрэлсүхэд өгөх зөвлөгөө
Одоогийн нөхцөл байдалд энэ л У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын ч, МАН-ын даргын хувьд хийж чадах ганц зүйл.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод УИХ-ын дарга М.Энхболд нарын өнгөрөгч баасан гаригт хийсэн, ар араасаа цуварсан мэдэгдлүүд амралтын гурав хоногт олон нийтийг бүтэн талцуулж, бараг мухардалд оруулж орхилоо. Энэ янзаараа Засгийн газар ч хариуцлага хүлээхгүй, УИХ-ын дарга ч суудлаасаа буухгүй юм байна. Харин бид л азгүйгээрээ тэдний шидсэн “ясан дээр” зодолдоод үлдэх шив дээ.
Эхлээд У.Хүрэлсүх нь М.Энхболдыгоо “газрын наймаачин” гэж хэлэв. 2007 онд түүнийг МАХН-ын даргаас буулгахдаа ч гэсэн намынхан нь тэгж нэрлэсэн. Тэгсэн ч удалгүй түүнийгээ мартаж орхиод, бүр намынхаа толгойд дахин залаад явсан л даа. Гэтэл одоо юун газрын наймаачин бэ? Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй гэдэг.
Харин 60 тэрбумын асуудал бол өөр. Хуулийн байгууллага энэ хэргийг нотолж чадаагүй ч (эсвэл хүсээгүй) ЖДҮ-ийн зээлийн асуудал бол баримтаар нотлогдсон зүйл. У.Хүрэлсүх өөрөө хэлсэн шүү дээ. Бичлэг үнэн, хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага нотолно гэж. Гэтэл хэрэгжүүлсэн гэдгийг нотлох баримт нь ЖДҮ-ийн зээл байхад Ерөнхий сайд яагаад үүний араас явахгүй, өөр туулай хөөгөөд байна вэ?
Яг үнэндээ М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх бол Ерөнхий сайдын биш, УИХ-ын асуудал. Яагаад гэвэл МАН энэ хүнийг томилоогүй, УИХ томилсон. Тийм болохоор У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-ын даргын хувьд УИХ дахь гишүүдээ базаж чадахгүй бол М.Энхболдтой улаан гараараа барилдаад нэмэргүй. Учир нь М.Энхболдын талд 32 кноп хэзээд байгаа. Ядаж л У.Хүрэлсүх биш, М.Энхболд энэ хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлсэн шүү дээ. Магадгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аа тараах эрх мэдэл бүхий хүчтэй Ерөнхий сайдтай болсон цагт бол өөр хэрэг.
Гэвч өнөөдөртөө тийм боломж байхгүй учраас, нөгөөдүүл нь ч гэсэн угийн муу юмандаа гаршсан юм болохоороо “сөрсөн базаа” хийгээд, өөрийнх нь мэхийг өөрт нь хэрэглээд эхэллээ л дээ. Өмнө нь жагсаалын эсрэг жагсаж, өлсгөлөнгийн эсрэг өлсдөг байсан нам өнөөдөр УИХ-ыг “тараахын эсрэг тарах” гарын үсэг цуглуулж байх жишээтэй.
Тиймээс У.Хүрэлсүх өөрийнх нь хэлсэнчлэн шударга ёсны төлөө “найзыгаа биш, улсаа бодохоор” шийдсэн бол нэг л зам байна. Эхлээд ЖДҮ-ээс зээл авсан сайд нараа чөлөөл. Ичээд байвал “Тэр сайд нь тэрний шахаа шүү” гэдгээ зарлаж байгаад зайлуул л даа. Тэгж байж засгаа авч үлд. Дараа нь зээл авсан УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооц. Гэхдээ “Зээлээ төлөхгүй бол нэр дэвшүүлэхгүй” гэдэг чинь худлаа шүү. Тийм хариуцлага гэж дэлхийд байдаггүй юм.
Хэрэв хуулийн байгууллага нь ажлаа хийдэггүй, УИХ нь шалгуулдаггүй юм бол ядаж л “Намын даргын хувьд би ЖДҮ-ийн зээл авсан энэ энэ хүмүүст улс төрийн хариуцлага тооцож ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Шоронд орохгүй гэвэл зээлээ хурдан төлөөрэй” гээд зарлачих л даа. (Төлөөгүйг нь тэртэй тэргүй сонгуулийн дараа бариад хийчихэж болно) Тэгвэл ядаж ирэх хоёр жилд дахиж хулгай хийх хүн гарахгүй. Дараачийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь ч гэсэн “Хулгай хийх гэж төр лүү зүтгээгүй шүү” гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй орж ирэх хэрэгтэй биз дээ.
Одоогийн нөхцөл байдалд энэ л У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын ч, МАН-ын даргын хувьд хийж чадах ганц зүйл. Тэрнийхээ төлөө харин аминаасаа салдаггүй юм гэхэд албан тушаалаа хаяж чадах зоригтой байх хэрэгтэй л дээ. Үүний дэргэд “Ард түмэн минь дэмжээрэй, сэтгүүлчид минь хамгаалаарай” энэ тэр бол хоосон үг шүү. Ард түмэн, сэтгүүлчид ямар нохойд барьдаг мод юм уу?
Dr. Aditya
Өвгөн бичээч
Отгонбаяр
Бид
Зочин
Балжинням
Зочин
Зочин
Зочин
Зочин
Gan
Зочин
Зочин
Иргэн
zochin
МАН-ыг хагалагчид
Tugs
жигжид
иргэн
санал нэг байна. хий хоосон сүржигнэх биш үйлдлээрээ харуулах тухай зөвлөж дээ, уг нь.