“Өчигдөр гэж байхгүй яагаад гэвэл   өнгөрсөн учраас, маргааш ч гэж байхгүй яагаад гэвэл ирээгүй учраас. Чи гагцхүү өнөөдөрт л амьдрах боломжтой юм.”

- Будда


Цагийн юмыг цагт нь хийхэд л амьдралын утга чанар оршино.

Яагаад гэвэл бид өнгөрсөнд, эсвэл ирээдүйд амьдарч чадахгүй билээ.   

Иймээс  бид одоо энэ сонгуулийн үр дүнг хүлээж аваад өнөөдөртөө хийж бүтээх тухай бодох хэрэгтэй юм. 

Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавьж маргааш болгон үгүй хийдэг, эсвэл эс үйлдлээр тоохгүй өнгөрөөж өчигдөр болгон үгүй болгодог учир өмнөхалдаа дандаа эргэж давтагдаад байх ажээ.

Жишээ нь; 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонх болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогдож байжээ.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн сонгуульд МАН 62 суудал, АН 11, бие даагч 1, МАХН 1, Электрат эвсэл 1 санал авлаа.

МАН энэ удаад ялах нь илт байсныг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Нэгд тэд хэзээ ч Ардчилсан хүчин шиг салж сарниагүйд (МАХН бол Н.Энхбаяр л салж одсоныг эс тооцвол ) цул хэвээр буй нь эхний ялалтын хүч байх аж. 

Гэтэл Ардчилсан нам сонгуулийн өмнөхөн Ж.Батзандан, Лу.Болд хоёроо хөөж явуулаад тэд Шинэ нам болж санал хуваах нүхээмалтсан (МАН-ын гуравтай нийлж 5 болж байсан хэн нь үлдэж хэн нь алга болов? ) төдийгүй, намд дуртай хүн алгаа , одоо хүнийг л сонгоно  гэх сошиалын цуурхалд итгэсэн 208хүн бие даасан, 2000 оноос олон нам эвсэл болж, түм салж бум бутарсаны хар гай юм.

Гэтэл сонгуулийн дүн гарсны маргаашаас сошиал орчинд нэг ч хүн МАН-ын  төлөө санал өгөөгүй мэт болж бүгд эсрэг давлагаалсан ч гэлээ удалгүй замхарлаа. Нэг бодлын хүн бүр хоёр нүүртэй  ч болсон мэт санагдсанаа нуугаад яахав. Нууцаар өгсөн саналыг хэн ч мэдэхгүй болохоор бүгд л ардчиллалын талд өгчихсөн мэт аашлах ньгайхал төрүүлэх бөгөөд санал өгсөн хувиар харвал МАН-д 1,795,764 санал өгсөн буюу 44.90%гэхээр үлдсэн 56 хувь бусад олон салсан нам, эвсэл бие даагчид тарсан гэсэн үг юм. 

Гэхдээ үнэн  чанартаа МАН ялах нь эртнээс тодорхой байсан.Тэд өнөөдөрт л амьдарч буйгаа сайтар ухаарч яг л одоо тулгараад буй олон асуудлыг хойш тавьж хоосон болгоогүй, хийхгүй царцаад өчигдөр болгоогүй дор дор нь хийсэн бөлгөө.  МАН төр барих 4 жилд сүүлийн 20  жил мөнгөгүй ядуу ард нь хордож, мөнгөтэй баян нэгний “утаагүй зуухаар” мөнгөө үржүүлэх хэрэгсэл болж байсан утааг 50 гаруй хувиар бууруулав. Короно вирусийн   тахлыг дотогшоо алдаагүй цөөн орны нэг болж чадав. Өнөөдөр Шинэ Зеланд, Монгол хоёрын жишээг дэлхий дахинд судалж  байна. 

Сонгогчдын 54 хувь болох эмэгтэйчүүдийн ихэнх нь эхчүүд бөгөөд тэдний хүүхэд бүрт 100 мянган төгрөг тарааж магнайг нь тэнийлгэв. Таван хүүхэдтэй айл сар бүр 500 мянган төгрөг авч байгаа  болохоор тэд бүгд зүгээр л МАН-ыг багаар нь зурсан нь ойлгомжтой юм. Бас нэг тойрогт 30 орчим хүний нэртэй сонгуулийн хуудсаас хамгийн эхэнд МАН-ын дор буй хоёр, эсвэл гурван хүнийг зураад гарах хэнд ч амраас гадна заавал хоёр, эсвэл гурван хүнийг зурахгүй бол санал хүчингүй болно гэх учир өөрийн сонголтоо хийчхээд үлдсэн нэг хоёрыг таньдаг хүнээ (Нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин хоёрыг Монгол хүн бүр танина… ) эсвэл мөнгө өгсөнд, үгүй бол танихгүй ч багаар нь амарчилж зурах нь бүр ч ойлгомжтой гэх мэт олон хүчин зүйл нөлөөлсөн билээ.

Бас нэг зүйл гэвэл ҮАБЗөвлөл анх удаагаа зөрчилгүй хамтран ажиллаж гурван Монгол нэг зүгт нам харгалзахгүйхарж байсан гээд олон сайн тал байсан болоод ийм дүн гарлаа.

Харин яагаад “Ардчилсан хүчин” ингэж хоёр дараалан ялагдав гэдгийг би тайлбарлахаа азнаж нийтлэлч С.Цогтсайхан агсны 2000 онд бичсэн “Уснаас цэвэр гарахгүй” нийтлэлээс ишлэе. Тэрээр өнөөдрийн энэ цуваа ялагдлын учир шалтгааныг  аль 20 жилийн өмнө ийн бичиж байжээ.

“… М.Энхсайхны засгийн газрын унагасан нь ардчиллынхны анхны хагарал байлаа…(Тэрээр одоо шоронд ял эдэлж суугаа. Д.Т) Яагаад МАХН аас бусад нам хүчинд ард түмэн суудал өгсөнгүй вэ гэвэл МАХНаас бусад бүх намыг “Ардчилсан хүчин” гэж ард түмэн ойлгодог юм. Социал демократ, либерал, ардчилсан социалист… гэх мэт мянган сайхан нэр байгаад нэмэргүй. Үнэндээ Монголын түүхэнд МАХН, МоАХ гэсэн хоёр л хүчин байсан. Энэ ойлголт одоо ч гэсэн хүмүүст хадгалагджээ. Ардчилалын лидерүүд буруу зүйл хийвэл тэр бүх бурууг үлдсэн бүх намууд дээр тохдог … Ардчилсан үзэлтэй хэнбугай ч, лидерүүдийн бузарласан уснаас цэвэр гардаггүйг сана! Хэрэв гурав дахь нам гарч ирвэл тэр нь ардчилсан хүчний л саналыг хуваана. Тэр хэзээ ч МАХН-ын саналын хуваахгүй. Өөрийгөө гуравдагч хүчин гэж яриад байгаа нам бол нэгдүгээрт өөрөө хэзээ ч суудал авахгүй (Өнөөгийн жишээ Шинэ нам…Д.Т) хоёрдугаарт ардчилсан нэгдсэн хүчийг хэзээ ч дээш нь гаргахгүй…Гуравдахь хүчин гэж байдаггүй, тэр хэзээ ч бий болдоггүй гэдгийг парламентын арван жилийн хугацаанд батлан харуулсан. МУНН нэг л суудалтай байсан одоо алга. Эрэлийн Эрдэнэбат ганцаараа юу ч хийж чадахгүй, хавчигдан доромжлогдоно. ИЗН нэг суудлаар яах ч үгүй. Ер нь гуравдахь хүчин гэгч аз нь таарвал ганц л суудал авдаг (Өнөөгийн жишээ Та бидний эвсэл буюу МАХН Д.Т)

... Хэт цөөхөн хүн амтай, хэт олон намтай Монголчууд маань хорь биш хоёр л намд хуваагдая. Дор бүрнээ нохойн наадам зохиож байхаар ардчиллаа хүрээлэх нь чухал байна “ хэмээн бичсэн байдаг.

Энэ нийтлэлээс хойш яг хорин жил өнгөрсөн ч түүний бичиж байснаас нэг ч зүйл өөрчлөгдөөгүйгээр барахгүй өөрийнхөө намаас сонгогдсон ерөнхийлөгчийнхээ эсрэг шахуу байсан учир түүнийг сонгосон бүх ард түмний талаас илүү сонгогчид тэдэнд саналаа цөөн өгсөн. АН ын лидер Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Д.Эрдэнэбат,  Э.Батүүлээс… эхлээд бүгд шахуу шүүхээр хэзээ таслагдахаа л хүлээж суугаа гэх мэт хүчин зүйлийг  энд дахин нурших ямар ч хэрэггүй юм.

Өнгөрсөн сонгуульд нам , эвсэл бие даагчийн авсан саналын хувийг харахад хэрвээ МАНаас бусад нам, эвсэл, бие даагчид сонгуулиас өмнө нэгдсэн бол 56 хувийн санал авч ялах байсныг өнөөдрийн сонгуулийн дүн харуулж байна.  

С.Цогтсайхны бичсэнчлэн МАХН(МАН)-аас бусдыг бүгдийг ардчилсан хүчин гэж ард түмэн харсаар байгаа нь одо ч хэвээр бөгөөд сүүлийн хорин жилд  Ардчиллын лидерүүдийн бүр гүнзгий  бузарласан тэр уснаас хэн ч цэвэр гарахгүй нь үнэн ажгуу.

Адольф Хитлер нэгэнтээ “ Нам дагаж амьдардаг баасны ялаануудад хэлэхэд; Герман улс бол нэг нам юм!” хэмээсэн байдаг.

Монгол дотроо хэчнээн хагарна төдий чинээ өөрөө өөрсдөдөө л дайсан болцгоож Монгол хэзээ ч ялахгүй бөлгөө. Гэр хоёр баганатай байдаг шиг Монгол улс С.Цогтсайхны хэлдэгээр хорь биш хоёр л намд харьяалагдмаар … 

Угтаа бол Монгол улс нэг л нам юм!