Угаасаа дипломат албыг онилоод байсан юм биш үү?
“Хэн хаашаа томилогдох нь вэ”, “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд”, “Хэний хүн” гэдэгт түүхэн тайлбар хайж дор ганц нэг түүхэн баримт цухуйлгая.
Дипломат алба, дипломатч гэхлээр чих нь сортойгоод, нөгөөх нь ч хэл аманд өртөмхий, нийгмийн сүлжээнд амин чухал нэг сэдэв байх нь байнаа. Хэн хаашаа томилогдох нь вэ гэдгийг ард түмнээрээ гярхай ажин суудаг мэт ойлголтыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэргээр тараадаг. Бүр дагнасан сэтгүүлч ч байна.
Тэгэх нь ч бас буруу биш. Хэтрүүлчихгүй бол бичиж ярьж шүүмжлэхийг нь хүлцэж болно. Зөв шударга ёсны төлөө дуугарч байгаа бол хүлээн авч л таарна. Ажил сайжруулахын төлөө, үнэн хэрэгтээ ГХЯ-ны ажил сайн сайхан байгаасай хэмээн хэлж ярих, шүүмжлэхийг ялгаж салгах хэрэгтэй. Харин бүх ажил алба нь тунгалаг, ил тод, шилэн байхыг шаардах нь арай хэтэрнэ. Монгол Төрд чинь бас нууцлах, адаглаад тодорхой үед нууцлах юм гэж байлгүй яахав.
Гадаад харилцааны өргөн боломж салхинд хийсчих вий хэмээн бичсэн маань ГХЯ-аар хамаг ажлаа хийлгэж хийлгэчихээд, бүтээлгэчихээд тэр алтан боломжуудыг (ялангуяа гадаад худалдаан дээр) ашиглахгүй байгааг л шүүмжилсэн хэрэг шүү дээ. Арав гаран мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг чинь гаалийн татваргүй, эсвэл нэн хөнгөлөлттэйгээр дэлхийн 40 орчим улсын зах зээлд борлуулаад өгье гэлээ, түүнийг шүүрээд авахын орондөлөв долов хийгээд ГХЯ-ны дотоод тогоо руу өнгийхийг нь ёстой тэвчишгүй.
“Хэн хаашаа томилогдох нь вэ”, “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд”, “Хэний хүн” гэдэгт түүхэн тайлбар хайж дор ганц нэг түүхэн баримт цухуйлгая.
Хөөрхий муу нэртэй социалист нийгмийн (эсвэл сайн нэртэй?) үед ГЯЯ-ыг ар өврийн хаалгагүй, боловсон хүчний гажилтгүй явуулах гэж эрх баригчид бас ч үгүй чинээндээ тултал тэмцдэг байжээ. Хоцрогдсон буйд, хаалттай социалист Монголд дипломатч гэдэг сэрүүн зүүдлээд ч олдохгүй хүршгүй гэрэлт цамхаг. Хосгүй тэр албанд ороод гадаадад явчихсан нь төрөл арилжихна гэж айгаад нам-засгаас хатуухан гараар үздэг байжээ. ГЯЯ-ных нь сайдаар агрономич хүн хөдөө аж ахуйн салбараас хэргээр авчирч тавьсан (Л.Ринчин), НҮБ-ын дэргэд БТГ-т хэл амгүй ажиллаад ирсэн залуу нөхрийг ямар ч шалтгаангүй малчин айлд 45 хонуулж мал маллуулсан (Б.Дашцэрэн), хэл ам татлаад ирсэн дипломатчийг Өмнөговь аймагт сум-нэгдлийн орлогч болгосон (И.Очирбал) гэх мэт чангалсан баримтууд байдаг юм билээ.
Тэр үед ямар ч өө сэвгүй, шударга нийгэм байгаагүй учраас л тэр үеийн эрх баригч ганц нам–МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөс, бүр 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нь гарын үсгээ зурж байгаад ГЯЯ-ны элсэлт сонголт руу ширүүхэн ханддаг байсан баримт олон хуудсаараа ярайж байна. Ганцыг онилъё.
Юу гэвэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (МГИМО) оюутан элсүүлэхдээ ар өврийн хаалга, хууль бус (арай ч хэтрүүлчихэв үү?) бусармаг явдал хэрээс хэтрээд Намын Төв Хороо, түүний Улс төрийн Товчооны сонорт хүрч халуухан юм болж байжээ.
Ардын хүүхэд конкурсээр дамжаад явчихаж болдог Москвагийн ОУХДС-д нь Улс төрийн Товчооны гишүүдийн хөвгүүд, охид, Сайд нарын Зөвлөлийн дарга нарын хүүхдүүд, Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн хөвгүүд охид, Төрийн яамны сайд, Улсын хорооны дарга нарын хөвгүүд охид ёстой цувж өгсөн юм байх. Доозоо хэтрүүлсэн хэрэг л дээ. Төрийн сайд нэгэн гэр бүлийн 4 хүүхдийн 3 нь тэр чухал сургуульд нь жил дараалаад явчихлаар хэл ам татлахгүй яах юм. Бусад нь мэдээж атаархана.
Явуулсан хөвгүүд охид нь түрүүчээсээ төгсөж ирээд ГЯЯ-нд шууд ажиллана, тэгснээ тэр үедээ хаалттай Монголд хэн ч төсөөлөмгүй тэрхүү гадаад томилолт (хамгийн ховор эд) гэдгийг өвөртлөөд хэдэн жилээр барууны өндөр хөгжилтэй орнуудад ЭСЯ-нд ажиллачихна. Тэднийг би буруутгах гэхгүй. Алба ажлаа хал балгүй хийгээд нэр цэвэр, төлөв төвшин явсан олон нөхдөө би огтоос буруушаах гээгүй байна. Явуулсан эцэг эх, улс орноо төлөөлөөд сайн сайхан ажилласан Элчин сайд, бүр Гадаад хэргийн сайд нар ч хожмоо төрцгөөсөн. Арын хаалгыг зөв ашиглаад өөрийгөө зөв хөгжүүлээд, төлөв төвшин яваад ирсэн, одоо ч амьд сэрүүн олон сайхан нөхөд маань байна.
Ю.Цэдэнбал тэргүүтэй Намын Төв Хороог санаа зовинуулсан ямар асуудал өрнөв гэхлээр тэр үеийн ГЯЯ ба дипломатчид нь тухайн нийгмийнхээ бодит хөрснөөс тасраад, баян хоосны ялгааг (тэгшхэн байх ёстой соц нийгэмд тэгш бус ялгаа) харуулаад, нийгэмдээ атаа жөтөө төрүүлээд, тэр нь хэрүүл болж дээшээ дэгдээд Ю.Цэдэнбал даргын сонорт хүрсэн бололтой юм билээ. Дээр ганц нэгийг жишээлсэн.
Өөрөө толгойлоод сууж байгаа Улс төрийн Товчооных нь хэд хэдэн гишүүний хүүхдүүд нөгөөх Москвагийн лут их сургуульд явчихсныг тэрээр мэдэхийн цаагуур мэдэж байсан учраас хэргээр аав нарыг нь гөлөлзүүлж байгаад гарын үсэг зуруулчихгүй юү. Болсон явдал ердөө л энэ.
Тогтоолын нэр агуулга маш донжтой. “ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах оюутны бүрэлдэхүүнийг зохицуулах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 170 дугаар тогтоол – 1974.V.17; “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд оюутан сургах ажлыг журамлах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 357 дугаар тогтоол – 1979.VI.25 гэснийг үзэхүл тэр 1970-аад он нь ар өврийн хаалга, танил тал тохой оволзож байсан он жилүүд мэт.
Заалт нь бүр ориг. “Нийгмийн бүрэлдэхүүний харьцаа” гэж хүч оруулан бичсэн байгаа юм.Баян хоосны ялгаа гэж арай бичсэнгүй нь зол. Тэр үедээ зөв л дөө. Одоо ч ач холбогдлоо алдаагүй. Одоо УИХ, Засгийн газар, ҮАБЗ анхааралдаа авчихад огт илүүдэхгүй заалт нэг байна.
- Голчлон аймгуудаас элсүүлж, элсэгчдийн 80-аас доошгүй хувийг ажилчин малчны хүүхэд байлгах чиглэл баримтлан ажиллахыг Гадаа явдлын яаманд даалгасугай!
Энэ заалтыг ухаж үзвээс ГХЯ ба дипломатчдын 80 орчим хувь нь ажилчин малчны, адаглаад харц ардын хөвгүүд охид байгаасай гэсэн чин хүсэл оргилсон мэт сэтгэгдэл төрнө.
“80-аас доошгүй хувийг” гэдгийг л өнөөгийн Дипломат албан дээр авчраад наачихаж болдогсон бол хэвлэл мэдээллээр шуугиулаад байдаг “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд” гэх сэдэв алга болчих мэт болхи бодол төрөөд болдоггүй. ГХЯ, нийт Дипломат албаныхаа нэр хүндийг өсгөх санаатай тэгж бичиж байна шүү, хүлцээрэй.
Өнөөдөр Дипломат алба руу үр хүүхэд, ач гуч, бэр хүргэн, ах дүү, жолоочоо хайр найргүй шахаж тулгаж лоббиддог, ГХЯ-ны сайд дарга нарыг нүүр хийх газаргүй болтол дарамталж ноолдог улс төрчид, УИХ-ын гишүүд ба гишүүд аснууд, Сайд дарга, олигархийн төлөөллүүлэд зориулаад УИХ ба Засгийн газраас өнөө цагийн “170” (1974 oн),“357” (1979 он) тогтоол маягийн юм сэдвэл яадаг бол? “Маш нууц” гэж нууцлалгүй, тэр тогтоолоо бүр илээр зарлачихна. Арга ядсан алхам байж болно, тэгэхгүй бол болохгүй болчихоод байна.
Монголын Төр-засаг өмнөх нийгэмд Дипломат албандаа хир халдаачихгүй гэж тэмцэж байсны нотолгоог дээр ганц нэгхэн баримтаар ийн өгүүллээ.
(Үргэлжлэл бий)