ЗОХИОЛЧИЙН ҮГ

Энэхүү номыг сонгон уншиж буй уншигч танд баяр хүргэе! Учир нь таны нүдийг нээсэн номын аялал болно гэдэгт итгэлтэй байна. 

Энд бичигдсэн “сэтгэхүйн төөрөгдлүүдийн” өмнө нүдээ нээх нь таны ажил, амьдралд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирна. “Сэтгэхүйн төөрөгдөл” гэдэг нь бидний бодож, сэтгэх үед тохиолддог үйл явц бөгөөд логиктой, зөв хэм хэмжээтэй, ул суурьтай бодол, цэгцтэй ухаалаг байдлаас хазайсан системчлэгдсэн хазайлт юм. “Системчлэгдсэн” гэдгээр хааяа нэг гаргадаг төөрөгдөл бус харин бидний байнгын гаргадаг алдаа, үүнийгээ үеэс үед давтдаг гэсэн санааг илэрхийлсэн байна. 

Энд бичигдсэн сэтгэхүйн төөрөгдлүүдийн зарим нь хэдэн зууны турш байсаар ирсэн, харин зарим нь сүүлийн хэдэн жилд гарч иржээ. Заримыг нь хэд хэдэн янзаар нэрлэдэг ч энэ номд нийтлэг хэрэглэгддэг нэрсийг нь ашигласан болно. 

Зохиолчийн ажлаа ямар нэгэн эрсдэлд оруулахаас сэргийлэхийн тулд би тэдгээр системчлэгдсэн алдаануудын жагсаалтыг гаргаж эхэлсэн юм. Гэхдээ эдгээр жагсаалтаар хэзээ ч ном гаргана гэж төсөөлж байсангүй. Энэхүү жагсаалтыг би зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглаж байв.

Өөрөө ч анзаарахгүйгээр гаргадаг тэдгээр алдаануудаа нэгтгэн бичиж тэмдэглэж эхэлсэн нь бизнесийн болон хувийн амьдралд маш хэрэгтэй зүйл болон хувирсан юм. Тэрхүү жагсаалтаа бэлдсэний дараа илүү тайван болж, нэг шат ахисан мэт сэтгэгдэл төрж билээ. Би өөрийнхөө гаргадаг алдаануудыг илүү хурдан олж харж, муу үр дагаварт хүрэхээс өмнө засаж залруулж эхэлсэн юм. Түүнчлэн амьдралдаа анх удаагаа бусад хүмүүс тэдгээр системчлэгдсэн алдааг гаргаж буйг мөн анзаарав. Өөрийнхөө жагсаалтын ачаар тэдгээр төөрөгдлүүдийн эсрэг зогсох чадвартай болсноор зогсохгүй бизнес хэлэлцээрүүддээ илүү их амжилт гаргах болов. Бэнжамин Франклины цаасан шувуу нисгэдэг өдрүүдээс хойш аянга цахилгааны давтамж бага, хүч болон дуу нь сул болоогүй – харин тэдний талаар санаа зовох нь багассан. Би өөрийн гаргадаг алдаануудынхаа талаар яг ийм бодолтой болсон.

Найзууд маань ч миний гарын авлагын талаар мэдэж аваад сонирхох болов. Энэ байдал нь Герман, Голланд болон Швейцар зэрэг орнуудын долоо хоног тутмын сонинуудад нийтлэл бичих, ихэвчлэн эмч нар, хөрөнгө оруулагчид, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирлууд болон засгийн газрын төлөөллүүдэд тоолж барамгүй олон илтгэл тавих, эцэст нь энэхүү номыг бичихэд хүргэсэн юм. 

Энэхүү номыг уншиж байхдаа дараах гурван зүйлийг анхааралдаа авахыг уншигч танаас хүсье: Нэгдүгээрт, энэ номд бичигдсэн төөрөгдлүүдийн жагсаалт бүрэн гүйцэд биш бөгөөд шинэ алдаа төөрөгдлүүд гарч ирэх нь эргэлзээгүй юм. Хоёрдугаарт, тэдгээр алдаа төөрөгдлүүдийн ихэнх нь бие биетэйгээ уялдаа холбоотой. Энэ нь тархины бүх хэсгүүд хоорондоо холбоотой бөгөөд бие биенээсээ хамааралтай байдгаас ч үүдэлтэй биз ээ. Гуравдугаарт, миний үндсэн ажил бол нийгэм судлаач биш зохиолч бөгөөд энтрепрёнер билээ. Сэтгэхүйн төөрөгдлүүдэд туршилт хийх хувийн лаборатори болон судалгааны баг надад байхгүй. Энэ номыг өөрийн уншиж судалсан зүйлсээ нэгтгэн, бусдад ойлгомжтой байдлаар тайлбарлан бичсэн учраас би хөрвүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн болно. Сэтгэлгээний алдаануудыг нээж илрүүлсэн нийгмийн сэтгэл судлаачиддаа гүн талархал илэрхийлэх нь зүйтэй. Энэхүү номын амжилт бол тэдгээр судлаачдын хийсэн ажилтай салшгүй холбоотой. 

Энэ номоос “ямар ч алдаагүй амьдрах 7 алхам”-ыг та олж харахгүй. Сэтгэхүйн төөрөгдлүүд нь бидний дунд хэт нэвчсэн байдаг учраас үүнээс бүрмөсөн салах боломжгүй. Үүнийг бүрмөсөн үгүй болгоход супер-хүний чадвар шаардагдах бөгөөд ингэх ч шаардлагагүй юм. Сэтгэхүйн төөрөгдлүүд бүгд тийм хортой зүйл биш, зарим нь бүр сайн сайхан амьдрахад зайлшгүй шаардлагатай нь ч бий. Энэ ном нь аз жаргалын түлхүүрийг танд атгуулахгүй ч, азгүй явдлуудыг өөртөө авчрах үйлдэл хийхээс таныг хамгаалах хуяг тань болох юм. 

Бидний өдөр тутамдаа хийдэг үйлдлүүд, шийдвэр гаргалтууд нь амьдралыг маань бүтээж байдаг учраас чухам тэдгээр үйлдэл болон шийдвэр цэгцтэй бөгөөд оновчтой байхын чухлыг энд тайлбарлах нь илүүц биз ээ. Чухамдаа энэхүү номыг бичих болсон шалтгаан нь таны хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдийг тань илүү ухаалаг байгаасай хэмээн хүссэн чин хүсэл маань билээ. Хэрвээ бид бодож сэтгэхдээ гаргадаг томоохон алдаануудаа олж харж, түүнээс зугтаж чадвал хувийн амьдралдаа, ажил дээрээ, мөн цаашлаад улс эх орноо удирдах түвшинд ч үсрэлт хийх боломжтой юм. Бидэнд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол оюун бодлоо цэгцлэх болоод байна.


ЯАГААД “НҮХ” РҮҮ ӨНГИЙЖ
ХАРАХ ЁСТОЙ ВЭ


Амжилтын талаарх төөрөгдөл 

Рик хаашаа ч харсан нүдэнд нь рок одууд харагддаг. Телевизээр, сэтгүүлийн нүүрэнд, концертын хөтөлбөрт, мөн фенүүдийн цахим бүлгэмүүдэд тэдний талаар л ярьдаг. Дэлгүүрт, өөрийнх нь хөгжимд, фитнест гээд тэдний дуу хаа ч явсан түүнийг даган эгшиглэнэ. Маш амжилттай яваа рок одууд хаа сайгүй. Тоолж барамгүй тэдгээр алдартай гитарчдыг дуурайн Рик хамтлаг байгуулахаар шийдэв. Харин тэр амжилт гаргах болов уу? Магадлал бол нойлоос бага зэрэг л дээгүүр. Маш олон тооны хөгжимчдийн адил тэрээр мөн бүтэлгүйтлийн нүхэнд унах өндөр магадлалтай. Тэрхүү “нүх” бол тайзан дээр гардаг хөгжимчдөөс арван мянга дахин их тооны хөгжимчдийг өөртөө унагасан “нүх” юм. Супер одуудын уналтаас бусад төрлийн уналтуудыг сэтгүүлчид сонирхож бичдэггүй учраас тэрхүү “нүх” бусдын нүдэнд харагддаггүй. 

Ялалтыг уналтаас илүү ихээр сурталчилдаг учраас бид өөрсдийн амжилт гаргах магадлалаа хэт өндрөөр үнэлдэг байна. Ингэснээр (Рик-ийн адил) амжилтын магадлал хэчнээн бага гэдгийг огт анзаардаггүй. Рик бол Амжилтын талаарх төөрөгдөл-ийн хохирогч юм. 

Алдартай зохиолч бүрийн ард хэзээ ч номоо борлуулж чадаагүй өөр зуун зохиолч нуугдаж байдаг. Тэдний ард мөн номыг нь хэвлэх хэвлэлийн компани олдоогүй өөр зуун зохиолч. Тэдний цаана дахин өөр зуун зохиолчийн гар бичмэл тоосонд дарагдан хаа нэгтээ хэвтэж байдаг. Эдгээр зохиолч нэг бүрийн ард өөр зуун хүн нэгэн өдөр ном бичихийг мөрөөдөж явдаг. Харин та зөвхөн амжилттай яваа зохиолчдын талаар л сонсдог учраас уран зохиолын салбарт амжилт гаргана гэдэг ямар ховор тохиолдол гэдгийг анзааралгүй өнгөрдөг. Зураач, энтрепрёнер, фото зурагчид, тамирчид, нобелийн шагналтнууд, уран барилгачид, телевизийн хөтлөгчид, мөн загвар өмсөгчдөд ч энэ нь хамааралтай. Хэвлэл мэдээллийнхэн тэдгээр амжилт гаргаж чадаагүй хүмүүсийн талаар сонирхдог ч үгүй. Энэ нь тэдний хийх ёстой ч ажил биш. Амжилтын талаарх төөрөгдөл-д автахгүйн тулд та өөрөө тэрхүү “нүх” рүү өнгийж харах хэрэгтэй болдог.

Таны найз шинэ бизнес эхлүүлсэн гэж төсөөлье. Танд тэр бизнест хөрөнгө оруулах боломж байгаа бөгөөд та маш их боломжийг олж харж болох юм. Магадгүй дараагийн Гүүгл (Google) ч юм бил үү. Танд аз таарч ч болох юм. Гэвч бодит байдал ямар байх вэ? Хамгийн их магадлалтай дүр зураг бол тэр компанийн үйл ажиллагаа нь бүр эхлэх ч үгүй. Хоёр дахь өндөр магадлалтай зураглал бол тухайн компани гурван жилийн дотор дампуурна. Эхний гурван жилийг давсан компаниудын ихэнх нь арван ажилтантай компаниас дээш томордоггүй. Старт Ап компаниудын 90 хувь нь дампуурдаг гэсэн статистик тоо байдаг. Тиймээс хүч хөдөлмөрөө шавхан байж цуглуулсан хэдэн төгрөгөө эрсдэлд оруулах хэрэг байна уу? Тэгэх шаардлагагүй биз ээ. Амжилтын талаарх төөрөгдөл-д бид гүн автсан байдаг бөгөөд амжилт гаргах магадлалыг төөрөгдүүлж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Доу Жонсын индексийг авч үзье. Энэхүү индекс амжилттай яваа компаниудын хувьцааны ханшийн мэдээллийг агуулдаг. Харин “нүхэнд” унасан болон жижиг бизнесүүд нийт компанийн ихэнх хувийг эзэлдэг ч тэд хувьцааны зах зээлд орж чадаагүй байдаг. Тиймээс ч хувьцааны индекс нь улс орны эдийн засгийн үзүүлэлт болдоггүй юм. Үүнтэй нэгэн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх хөгжимчдийн талаар ижил хэмжээний мэдээлэл цацдаггүй. Амжилт гаргаж чадаагүй хүмүүс өөрсдийн бүтэлгүйтлийн талаар ном бичиж, лекц уншдаггүй учраас та тэднийг олж хардаггүй.

Таныг “амжилттай” багийн гишүүн болсон тохиолдолд Амжилтын талаарх төөрөгдөл нь илүү их хор хөнөөлтэй болж эхэлдэг. Учир нь та бусад “амжилттай” багийн гишүүдтэй ижил төстэй өөрийнхөө шинж чанаруудыг олж хараад тэднийгээ “амжилтын нууц” гэж тооцож эхэлдэг. Гэсэн хэдий ч хэрвээ та нүхэнд унасан хувь хүмүүс болон компаниуд руу өнгийж харвал тэд ч бас таны тодорхойлсон “амжилтын нууц”-д багтах шинж чанаруудыг агуулсан байхыг олж харах вий. 

Ингэж хүмүүс амжилт гаргах магадлалыг хэт өндрөөр төсөөлдөг. Үүнээс зайлсхийж бодит байдлыг олж харах чадвартай болохын тулд “нүх” рүү өндийн харж тэнд унасан уналтын түүхүүдийг олж мэдэх хэрэгтэй. Магадгүй энэ нь гунигт аялал байх хэдий ч таны сэтгэлгээг цэвэрлэж өгөх нь гарц аагүй.

Өөртөө итгэлтэй урдаа зорилготой байх нь чухал хэдий ч аливаа бизнесийн эсвэл карьерын шийдвэр гаргахдаа хэт сэтгэлийн хөөрлөөр хэн нэгнийг дуурайх нь таныг цаг хугацааны бөгөөд эд хөрөнгийн эрсдэлд оруулах өндөр магадлалтай байдаг. Бодит байдлыг гашуунаар харуулсан статистик тоо, “нүхэн” доторх үнэн түүхүүд нь таныг бууж өг гэж хэлж байгаа биш бөгөөд илүү ухаалаг, илүү шаргуу ажиллах хэрэгтэй гэдгийг л сануулж буй хэрэг юм.