ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ГЭДЭГ ТИЙМ Ч САЙХАН ҮГ, САЙН ЗҮЙЛ Ч БИШ. ТОГТОЛЦООНЫ ЗАВХРАЛЫН УГ ЁЗООР НЬ ЮУНДАА БАЙНА?
Үндсэн хуулиар сонгуулийн ганц тогтолцоог зөвшөөрсөн нь тогтолцооны том алдаа. Энэ туйлшрал бол олигархуудын орогнож болох сүүлчийн оромж. Үүнийг өөрчлөх нь олон зүйлд цэг тавина.

Цаашилбал олон намыг тогтолцоогоо яаж жинхэнэ утгаар нь ажиллуулах вэ гэдэг асуудал ургана гарч ирнэ.

Гэтэл сүүлийн 30 жилд гарсан дэвшил, чөлөөт эдийн засаг зэргийг ухралт байсан мэтээр ойлгуулах, ерөөсөө л сүүлийн 30 жил эх орон сүйрлээ гэж улаан цайм давшлах боллоо. Сүүлийн 30 жил дэвшил байсан. Үзэл санаа, эдийн засгийн эрх чөлөө, түүний үр ашгаар бүтээсэн бүхэн маань Монгол Улсад сүүлийн 500 жилийн турш олдоогүй боломж шүү дээ.

Эдүгээ бидэнд тулгарч буй бүхэн үнэндээ социализмын үеэс, номенклатур ангид суурилан, хурган даргаас дээш мэргэн удирдагч хүртэл угсрагддаг хүнд суртлын систем хэвээр байгаагаас болж буй юм. МАН-ын хүнд суртлын систем нь үнэндээ шинэ тутам байгуулагдсан Үндсэн хуульт төрийн байгууллаас хүчирхэг байсан учраас улс төрийн шинэ хүчнүүдийг алгуураар бузарлан өөртөө уусгаж, 30 жилийн дараа ардчилсан арга замаар засаглах чадамжийг бүрнээ устгахын аман дээр ирээд байна.

Н.Багабанди, Н.Энхбаяр, Н.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар бол дарга ангид үлэмж ашигтай улс төрийн завхралын идээ бээр, толгой нь. Тэд бол шинэ Ю.Цэдэнбалтангууд. Шинэ системийг урвуугаар эргүүлж дарангуйлалд хувиргагчид. Тэдэнд Ц.Нямдорж мэтийн шинэ Лувсаншаравнууд, Ч.Хүрэлбаатар мэтийн шинэ гаршсан гүйцэтгэгчид бий. Тэдний ард чанд стратегитай хэдхэн корпораци бий. Солонгост корпорациуд бүтээмж, экспортод суурилан эдийн засгаа босгож ирсэн бол монгол корпорациуд олон нийтийн хөрөнгийг цөлмөн завшаад, олон мөнгөөрөө түүхий нүүрсний экспорт гэх мэтийн үйлдвэрлэлийн бус наймаан дээр тэмцэлддэг. Дэлхийд монголын гэсэн ганц ч бренд бий болгож чадаагүй атал долларын саятнууд төрж, улс төрчидтэйгээ холилдон эх захаа алдсан. Бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж социализмын үеэс төдий л ахисангүй. Энэ нь залуу үеийг ёс суртахууны ноцтой туйлшрал руу хөтөлж, хөдөлмөрийг үнэлдэггүй, хөдөлмөрийн хүмүүжилгүй бүтэн үе төрөн гарч байна. Тэдэнд талбай дээр үзэл бодлоо худалдан жагсах нь нэр төрийн хэрэг болтлоо оюун санаа нь агшин булингартжээ. 

Социализмын үед захиргаадалт, цэргийн хүчээр барьж байсан хүнд суртлын тогтолцоог одоо мөнгө, авлигын хүчээр барьж байна. Хахуулийн тогтолцооны мөнгөний хэрэгцээ хязгааргүй учраас түүнийг тэжээх гэж хязгааргүй их мөнгө үйлдвэрлэх, зээл авч, зээлийг зээлээр дарах ганц л арга үлдсэн. Эцэстээ энэ нь эдийн засгаа татаж унагаж байна.

Энэ мөнгөний бохир эргүүлэг бүх салбарыг төр лүү татаж байгаа. Монголын зах зээлд багтах ямар ч боломжгүй олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол үүний тод жишээ. Агуулга нь яг адилхан мөртлөө амьд байгаад буй нь тэднийг тэжээгч төр, МАН хэмээх мөнгөний машин байгаагийн илрэл.

Бүгд мэдсээр байж мэлзэж амьдарч яваа энэ тогтолцоонд л бид ЦЭГ ТАВИХ ёстой. 

Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ
Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ
Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ