Цагдаа төрийн үйлчилгээ болохоос “төрийн нохой” биш
Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэн болоод зогсож болохгүй. Энэ асуудлаар УИХ дээр Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо удтал гуйлгаж, гувшуулсны эцэст өнгөрөгч долоо хоногт арай гэж ирцээ бүрдүүлж хуралдав. Тэгсэн ч хуралдаагүй байснаасаа илүү гарахаар үр дүнг үзүүлж чадсангүй. Үндсэндээ өнгөрсөн өдрүүдэд цагдаагийн байгууллага, ажилтнуудаас явуулсан хууль бус ажиллагаа, хүний эрхэнд халдсан олон удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй болов. Харамсалтай уг асуудалд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Олонхи нь зөвхөн дуулгавартай сонсогч, хагас дутуу дамжуулагчийн үүргийг гүйцэтгээд өнгөрлөө.
Уг нь бол Дэд хорооны хуралдаанаар “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх” зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хасуулж, эцэст нь шорон оронд орсон олон залуусын асуудлыг хэлэлцэх ёстой байлаа. Гэтэл ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир “Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг жагсаал цуглаан хийснийх нь төлөө баривчилсан юм биш ээ. Жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчсөн асуудлаар нь хариуцлага тооцсон юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын жагсаал, цуглаан зохион байгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг цагдаагийн байгууллага хүлээн авч, бүртгээгүй. Бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар арга хэмжээ авсан” хэмээн тал еэвэнгийн үлгэр ярьсаар хуралдааныг дуусгасан байдаг юм.
Нөгөө Хүний эрхийн дэд хорооны гишүүд, хууль тогтоогч нар нь бас л цагдаагаасаа дээрдэх юмгүй. Ц.Ням-Очирын ярьсан тал еэвэнгийн үлгэрт толгой нь эргээд “Ерөөсөө хууль муулиа л сайжруулцгаая. Хуулиас л болсон байна” болоод тарцгаасан. Иргэдээсээ долоо доогуур хуулийн мэдлэгтэй. Ийм хоосон толгойтой нөхөд Э.Одбаяр, Д.Монголхүү нарт тусаллаа юу? Харин ч цаадуул нь хуулиа мэддэг учраас цагдаатай тэрсэлдээд, тэсээд, тэмцээд байгаа юм шүү дээ.
Нэгдүгээрт, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлэх буюу мэдэгдэх л үүрэгтэй. Цагдаагийн байгууллага түүнийг нь бүртгэж авах үүрэгтэй. Түүнээс биш “Энэ нөхрийг бүртгэнэ, тэр нөхрийг бүртгэхгүй” гэх, ямар нэг байдлаар ялгаварлах эрх цагдаад байхгүй. Хэрвээ тийм эрх байдаг бол Ц.Ням-Очир дарга түүнийгээ л Дэд хорооны хурал дээр гаргаж ярих ёстой байлаа. Өнгөрөгч аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр АН-аас зохион байгуулсан хорь, гучин мянган хүний жагсаалыг ямар шалгуураар бүртгэсэн бэ? Эсрэгээрээ тавхан залуу өөд өөдөөсөө хараад зогсож байсан Э.Одбаяр, Д.Монголхүү нарын жагсаалыг ямар шалтгаанаар бүртгээгүй вэ? гэдгээ ул үндэстэй тайлбарлах ёстой байлаа. Тэгсэн чинь “Мээрэнтэн намайг хөөгөөд, би мээрэнг хөөгөөд” гэх шиг бөгс, толгой нь нийлсэн хачин юм ярьсаар хуралдааныг дуусгасан.
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг үл хөндөнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УОК-оос баталсан “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” гэгч нь Үндсэн хуулиар олгосон хүний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн үг. Тэгэхээр иргэдийн жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэж аваагүй цагдаагийн байгууллага өөрөө хууль зөрчсөн болж байна. Хариуцлагыг энд л ярих ёстой. УИХ буюу хууль тогтоох байгууллага нь хуулийг батлахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хүний эрхийн хорооны энэ удаагийн хуралдаан ч гэсэн түүний нэг хэлбэр.
Харамсалтай нь энэ парламентын хууль тогтоогч нар хууль бичих байтугай одоо байгаа хуулийнхаа үг, үзэл санааг ч тайлж унших чадваргүй юм байна. Тийм болохоороо л “Энд хуулийн ийм заалт, энэ үзэл санаа зөрчигдсөн байна. Хууль зөрчигч нь энэ юм байна” гэж ярихын оронд “Ерөөсөө хуульд буруу байна. Хуулиа сайжруулъя, барья” гэсгээд тарцгаасан. Хуулиас давсан эрх дарх эдлээд, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаад байгаа цагдаагийн байгууллага, ажилтнуудтай бүр хэн ч юу ч ярьсангүй. Хуулиа уншиж чадахгүй байгаа хүмүүс хуулийг сайжруулна ч гэж юу байх вэ.
Дэд хорооны гишүүн Ц.Сандаг л гэхэд “Өнгөрөгч 2020 онд иргэд, улс төрийн нам эвсэл, иргэний хөдөлгөөнүүд нийт 237 удаагийн, 2021 онд 214 удаагийн жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн зохион байгуулсан. Иргэдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй” гэж "улин хуцав". Иргэд жагсах цуглах нь иргэний эрх мөн боловч тэр чинь “миний эрх зөрчигдлөө” гэж үзсэний үндсэн дээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр. Харин манай хууль тогтоогч нар дотор үүнийг “эрх ямба” гэж үздэг хэсэг бүлэг байна.
Хуралдааны төгсгөлд Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хууль сахиулагчдын “толгойлогч” нараас жижигхэн шалгалт авсан байдаг юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан “итгэл үнэмшилтэй байх”, “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" гэдэг энэ хоёр эрх юугаараа ялгаатай вэ? Итгэл үнэмшилтэй байх гэдэгт юуг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэдэгт юуг ойлгох вэ? гэдэг асуултад УЕП-ын орлогч М.Чинбат:
-“Итгэл үнэмшилтэй байх гэдэг нь тухайн хүний асуудалд хандаж байгаа хандлага, ямар мэдээлэлд тулгуурлаж өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаагаар тодорхойлогдох байх” гэсэн бол ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:
-“Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулахыг ойлгоно” хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас хальт мөлт, хазгай муруй цаас харж уншаад хэр нь таарав. Манай хууль сахиулах байгууллага болон хууль сахиулагч нарын мэдлэг боловсролын бодит түвшин ийм. Хувь хүний, иргэний эрхийн талаар “А” ч үгүй байж яаж иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах вэ дээ.
Угтаа бол “итгэл үнэмшилтэй байх” гэдэг нь хүний итгэл үнэмшил, үзэл бодлыг төрөөс болон хөндлөнгийн хэн нэгэн ямар нэг хэлбэрээр хааж боож, хавчиж гадуурхаж болохгүй л гэсэн санаа. Саяын тохиолдолд Э.Одбаяр, Д.Монголхүү нар АН-ын, эсвэл МАН-аас өөр намын гишүүн байсных нь төлөө, МАН-аас өөр үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байсных нь төлөө ялгаварлаж, гадуурхагдаж болохгүй гэсэн санаа. Харин “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гэдэг нь тэр үзэл бодол, итгэл үнэмшлээ нөгөө жагсаал цуглаан зохион байгуулахаас эхлээд хэвлэн нийтлэх, хэлж ярих бүхий л хэлбэрээр бусадтай хуваалцаж, түгээн дэлгэрүүлж болно оо гэсэн үг.
Нэг зүйлийг сануулахад, цагдаа бол иргэнд үйлчилдэг төрийн үйлчилгээ болохоос тусгай эрх дарх биш. Харамсалтай нь 2012-2016 онд АН-ын Засгийн газруудын үед хийгдсэн цагдааг иргэншүүлэх, хүчний байгууллага биш, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага, аюулгүй байдлын үйлчилгээ юм шүү гэдгийг ойлгуулах, итгүүлж үнэмшүүлэхийн төлөө явуулсан бодлого, хуулийн шинэчлэл нуран унасан, ухарч буцсан сүүлийн 5-6 жилийн дотор цагдаагийн байгууллага, албан тушаалтны дур зорго, ааш авир хэрээс хэтэрч, төрийн нэрээр хүчирхийлэл үйлддэг байгууллага болж хувирсан. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрөгч сард болсон олон удаагийн баривчилгаа, үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдан хоригдож, ял хариуцлага хүлээж буй залуусын бодит дүр зураг юм.
Эцэст нь хэлэхэд цагдаа бол төрөөс иргэндээ үзүүлж буй аюулгүй байдлын үйлчилгээ. Түүнээс биш төр, төрийн нэр барьсан зандалчдын иргэнийхээ өөдөөс туудаг хотны нохой биш. Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэн болоод зогсож болохгүй. Энэ асуудлаар УИХ дээр Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй.
Odok
Анхаа
bgi
Зочин
15 ны цагдаа
zochin
Зочин