Цагаан сарын аатай, адтай, аагтай яриа
Хятадгүйгээр лав нэг сарыг үдчих шиг боллоо. Дахин нэг хоёр сар бол энүүхэнд. Урдаас тасралтгүй юм зөөдөг нь зогссон байх, бүр зогсох ч байх. Урагшаа хүн зорчуулахгүй гэлээ. Болж бүтэж л байх шиг байна. Вирүс арилдаг, хаалт хашлагаа дэлбэ татсан юм шиг манай иргэд урагшаа урсчихгүй байгаасай гэж ерөөе!
-Цагаан сарыг хорьсон үед сөрсөн базаа хийж байгаадаа түмэнтээ хүлцэл өчье!
Энэ жил хөл хорио тогтоогоод Цагаан сарыг хийлгэхгүй болчихлоо. Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг ч гаргачихлаа. Энэ жил өнжиж таарлаа. Өнжүүлэх тухай албан ёсны шийдвэр гарсан ч гарчигт өгүүлсэн санаа оноогоо буулгая.
Мартагдашгүй хамгийн чухал үйл явдал нь Цагаан сарын бөхийн барилдаан байдагсан. Тэр зундаа тохиох Наадмын бөхийн барилдааны том сорилго нь Цагаан сарын бөхийн барилдаан байдаг. Гэм нь энэ жил бөхийн барилдаан хийхгүй. Цагаан сар ч тэмдэглэхгүй. Эхэндээ хүмүүс Төрийн золголт, яамд, албан байгууллагын золголт ч яамай байна, халдварт өвчин хаяанд ирчихсэн үед түүнд харамсах юм алга гэж бодож зөвшөөрч байтал айл өрх, ахан дүүсээрээ бас золгохгүй болж таарлаа. Нөгөө их хөлдөөчихсөн бууз яанаа? Мөнгө үрээд цуглуулчихсан бэлэг яанаа? Сэтгэлдээ хөнөглөчихсөн үй олон ахмадууд, дээл хувцсаа гайхуулах гэсэн үй олон иргэдийг яанаа?
Энэ олон “яанаа”, “яанаа”-гийн дотроос бөх барилдуулахгүй гэдэг л Монголд ёстой гамшиг боллоо. Харамсаж байгаа хүн олон тааралдлаа.Үндэсний бөхийн спорт хөгжүүлэх гэсэндээ биш, Цагаан сараар ах дүү, төрөл садангаараа уулзаж золгоход ярьдаг ганц чухал сэдэв нь алга болчихтой зэрэг энэ жилийн Цагаан сарыг хийлгэлээ ч ач холбогдол, дурсамж нь шалхийтэлдоошоо уначих байлаа. Ярих сэдэвгүй учраас айл хэсэх нь ч багасах байсан биз.
Жил бүрийн Цагаан сараар ахан дүүс, хөгшчүүлийнхээр золгох гэж бид бишгүй явдаг даа. Хөдөөгүүр ч шинэлэж явлаа. Ажиглагдсан хэд хэдэн онцлог явдал байна. Ахан дүүс жилдээ ганц уулзалддаг гэр бүлийн, ураг төрлийн томхон баяр нь юм байна.
Баярлаж хөөрөөд найр наадам болчихдоггүй юм байна. Олон ахан дүүс цуглаж байгаад идэж ууж, буу халдаг, шавайгаа ханатал ярьж авдаг юм билээ. Тийм ярианы эхний сэдэв бол Битүүний өдрийн (оройн) бөхийн барилдаан. Эрчүүд бүгд тэр ярианд оролцоно. Нутгийн, дошны, танилын, зүс мэдэх, алдар цуут, өсөх ирээдүйтэй, тааврын гээд олон бөх барилдаж, нэг нь давж, нөгөө нь үзүүрлэнэ. Тэр болгоныг Шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрвөнд шавайгаа ханатал ярьж авна. Наадам хүртэл үргэлжилнэ. Гэтэл энэ жил тэр яриа, сэдэв байхгүй болчихсон, Цагаан сар ч байхгүй болчихсон. Нууцаар сэмхэн золгох хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ.
Нэгэнт ярих бөхгүй юм чинь дараагийн сэдэв бэлэн зэлэн байж байгаа. Монголчууд, ялангуяа эрчүүд ам мэдэн ярьдаг, таадаг, сэтгэлээ чилээдэг тэр сэдэв бол улс төр юм. Жил бүрийн Цагаан сараар бөх ба улс төр л ярьдаг. Харин энэ жил тэр улс төрөө ёстой нэг ярьж өгөх болов уу гэж тааж, хэд гурван үг санаа нэмэрлэх гэж үзэг цаасаа харшуулж байтал Улсын онцгой комисс хориод, бүр дээрээс зарлиг гаргачихдаг байгаа!
Хэрэв тэмдэглэсэн бол энэ жилийн Цагаан сар өнгөрөөд бараг УИХ-ын сонгууль залгах ухаантай юм. Ирэх 6 дугаар сард товлочихсон, сонгуулийн хууль нь шинэчлэгдсэн, одоо дээр заларч байгаа МАН ба АН нэр хүндгүй, амны бай, улиг болчихсон, залхаачихсан, цоо шинэ залуу улс төрчид ба шинэ улс төрийн хүчнүүдэд санал өгнө гээд дор дороо бодчихсон үед ярих гол сэдэвгүй (бөх) болгочихсны гайгаар энэ Цагаан сарыг нэг ёсны сонгуулийн сурталчилгааны талбар болгочих болов уу хэмээн би битүүхэн тааж байлаа.
Тэмдэглэхгүй болсон Цагаан сарын дараа монголчуудыг сатааруулах хоёр баяр бас хаяанд ирээд байна. Гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд бүсгүйчүүд, 18-нд нь эрчүүд баярлах нэрээр хамт олноороо бардаак зохиох байх, kоронавирүсийн хориог сунгачихгүй бол. Тэр үед улс төр ярих нь багасах боловч хоёр баяр өнгөрөнгүүт л УИХ-ын сонгуулийн сэдэв залгаад авна. Зурагтаар бараа рекламдах хоёрхон баяр нь тэр хоёр болно. Цагаан сарыг угтуулж баахан бараа, хүнс, боов зарах гэсэн боловч kоронавирүс гэх халдварт өвчний сэдвийн дор тун тааруухан гүйх шиг боллоо. Эмэгтэйчүүд ба эрчүүдийн хоёр баяраар хувийн наймаачдын од нь гийнэ гэж би хэлж чадахгүй. Тэгсгээд тэд минь Наадмынхаа бараа, хүнс, архины рекламд мордох биз ээ.
Цагаан сараар яригдах байсан болов уу гэх ярианы сэдэв рүү оръё. Энэ жил адтай, аатай, аагтай, бараг л цорын ганц жил болох нь гэж ирээд парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд лүндэгдээд байгаа учраас тэдний кандидат, тэдний нэвтрүүлэг, тэмцлийн түүх, хууль зүйн яам, хууль хүчний сайд дарга нарыг тойрсон эх захгүй, эцэс төгсгөлгүй яриа Цагаан сарын цугларалтаар өрнөх байсан байх. Хотын утаа багаслаа гэсэн бас нэг зонхилох сэдэв (түлшний үнэ ба гал түлдэг арга ухааны тухай) яригдаж таарна.
Ер ийм яриа өрнүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөхөөр бэлэн байна. Амьдрал тааруухан, өр ширтэй, мөнгөгүй, улс маань өртэй, МАН амлалтаа яасан нь бүү мэд, ийм үед улс төр ярьж байгааг нь огтоос буруутгаж, тэгэх тусмаа хорьж үл болно. Ахан дүүс, амраг садангууд уулзалгүй жил тойроод нэг дор цугларлаа гэхэд тэр том цугларалт дээр ураг төрлөө, ахан дүүсээ, танил нөхдөө хошуучилдаг “овгор” хөгшчүүлийн амыг дагасхийгээд яриа өрнөдөг дөө. “Овгор” хөгшчүүл гэдэг нь нэр хүндтэй, нас намбатай, нөлөөтэй ямар нэгэн “гавьяат”, “ардын”, “тэргүүний”, эсвэл ахмад дайчин, алдартай бөх (Жирийн бөх ч байж болно. Гол нь бөх байх ёстой), алдарт уяач, улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, аагласан баян, мяндагтай лам гэхчлэн тэр овог ургийнхны нэрийн хуудас болдог хэн нэг бие хүн байж таардаг. Хөдөөд хот айлын дунд нэг егзөр өвгөн байдаг даа, яг тиймэрхүү. Ийм “овгор”-ын гавьяа шагнал, цол хэргэм, ядаж энгэрт гялалзах тэмдэг (маш олон одон тэмдэгтэй байвал бүр сайн) хүртэл ахан дүүсэд нь үнэтэй тусдаг. Монголчууд одон тэмдэг, цол шагналд үхэлдээд байдаг нь ганц хар толгойгоо чимэх гэж биш, овог ургийнхныхаа нэрийн хуудас болох гэж, тэднийгээ баярлуулах бахдуулах гэж хөөцөлддөг юм билээ. Тийм хөөцөлдлөгийг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй.
Цагаан сараар тийм “овгор” нэг нөхрийн яриа, үзэл бодол, дүгнэлт мөн ч их жин дардаг юм билээ. Сонгуулийн жил бол тийм нэг овгор нөхрийн нэрлэсэн, дэмжсэн, зааж өгсөнкандидат баараггүй олон санал авч чадна. Тэр гуай гэх тэр нөхрийнхөө амыг бултаараа харна. Үнэн зөвөө ялгуулах гэнэ, зүг чигээ гаргуулах гэнэ.
Энэ жилийн тухайд хот хөдөөгүй улс төрийн гол хоёр намд сэтгэл дундуур болчихоод байх шиг. Хэд хэдэн аймаг, хот, дүүрэгт Электорат хөдөлгөөний хийсэн тандалт судалгаа тэгж гараад байдаг. Эрх барьж байгаа, барилцаж байгаа (УИХ-д сөрөг байгаа) намын рейтинг үсрээд үсрээд 30 хувиас хол ахихгүй байна. Өмнөх УИХ-ын сонгуулиудын үед хоёр намын рейтинг яаж ийгээд 50-70 хувь дотор эргэлдэж байсантай харьцуулаад би тэгж ярьж байна шүү. Тандалт судалгаанд хамрагдсан иргэдийн 70 хувь нь шал өөр шинэ улс төрийн хүчнийг олж үзэх хүсэлтэй гэсэн байх юм.
Энэ тухай л Цагаан сарын үеэр яриа өрнөх байсан байх. Нууцаар тэмдэглэх айл өрхүүд ярилцахболтугай! Тэр энэ бие хүн дээр яриа мэдээж өрнөнө. Цаад нөхөр хэрэг түвэгт орсон, хууль шүүхийн хаалга татсан бол ёстой нэг шаагиж өгнө. Энэ бол монголчуудын гэм биш зан. Хүний мууд дурлах гэдэг ойлголт нь эсрэгээр эргэчихсэн. Цагаан сараар амны бай зугаа болох нэрс ярайж байсан даа. Баяр, Сайханбилэг, Номтой, ЖДҮ-чид, 60 тэрбум, Элбэгдорж, казино тоглосон гурав, Нямдоржба ХЗДХЯ-ны шинэ барилга, баригддаггүй эмнэлэгүүд, прокурор шүүхийнхний авилгын хэрэг, тэр тэр нар гэж ирээд л нэр заасан яриа гол сэдэв болохоор байв.
Халдварт вирүс ба Хятадтай зорчихоо багасгасныг шүүн ярих нь бас мэдээж байв. Хятадад суралцдаг, ажилладаг, адаглаад л биеэ үнэлдэг монгол хүн, тэр яачив, энэ зүгээр үү, ирсэн үү, яасан бэ гээд ярих нь мэдээж.
Хятадгүйгээр лав нэг сарыг үдчих шиг боллоо. Дахин нэг хоёр сар бол энүүхэнд. Урдаас тасралтгүй юм зөөдөг нь зогссон байх, бүр зогсох ч байх. Урагшаа хүн зорчуулахгүй гэлээ. Болж бүтэж л байх шиг байна. Вирүс арилдаг, хаалт хашлагаа дэлбэ татсан юм шиг манай иргэд урагшаа урсчихгүй байгаасай гэж ерөөе!
Урдаас зөөдгөө өөрсдөө хийгээд үздэг ч юм уу, эсвэл хойноос зөөж лангуугаа дүүргэдэг тэр аргад манайхан суралцав уу, яав? Бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна шүү дээ! Ер нь Хятадаас элдэв юм зөөж хэдэн биендээ зардаг энэ худалдаашүү юмаа цэгцлэх, мэргэжлээ солих, лангууны амьдралаа өөрчлөхийг kopoнaвирүс монголчуудад тулгаад, уриалан дуудаад байгаа юм биш үү?
Өмнөд хөршид халдварт өвчний kopoнaвирүс тархаад, манай Цагаан сарыг хориулаад, одоо яалтай билээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин шүү дээ. Хэрэв эдгэрэлт удаан, хөл хорио удаан үргэлжлэх аваас манай улсын энэ жилийн лав эхний хагас жилийн ажил үйлс, амьдрал, хичээл сурлага бүхэлдээ савлагатай байх болно. УИХ-ын сонгуульд ч нөлөөлнө. Хятадаас элдэв юм авчирч сурталчилгаанд ашиглах нь ч бүр өнгөрнө. Гял цал юмаар сонгогчдын сэтгэлийг татах гэж байхгүй болно.
Энэ бүхнийг бодолцсон уу, монголчууд минь?