“Тоншуул” ганцхан ажил эрхэлдэг байв. Тэр нь дутагдал засах. Харамсалтай нь засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр ч бүү хэл би өөрийнхөө мууг ч холтолж шалилгүй насыг элээх шив. Монголчууд ардчилал зах зээлд орсноор хүн биш болчихсон юм биш. Социализмд ч “Тоншуул”-ын хэдэд ахадсан гажиг тоймгүй байв. “Тоншуул”-ын хэд гэгчид нь шог хошин гэх марзан юм бичих зурахаас цаашгүй-хэн ч тоодоггүй таван барлаг. Дотроо бол түүхэнд үлдэх том уран бүтээлчид. Цайлган инээд хоолойд тулсан хөнгөмсөг насандаа голдуу хошин юм бичжээ. Насжих тусам инээд холдож, өөрөөр хэлбэл хошин мэдрэмж уугисаар унтардаг болтой.

Намайг нам засгийг магтаж амьдарчихаад одоо шинэ үеийнхэнд долигонож өнгөрснөө мууллаа гэж давшилдаг комментч цөөнгүй. Би магтаж яваагүй. Социализмыг гоёчилсон увайгүй магтаал-ухуулгаас бултаж, шог хошин төрлөөр бичсэн этгээд. Хэдэн халтар цаасанд болж байгаа ч гэх шиг өчүүхэн юм жиргэдэг. Эдүгээ мөнгөний нөлөөнд автахгүй бичихэд тэтгэвэр минь хүрдэг. Энэ нь их тэтгэвэртэй гэсэн үг биш. Настай хүнд юу ч орохоо больдог юм байна. 

Тийм л зоригтой зохиолч юм бол тэр үед нь шүүмжлээд Чойном шиг хэлмэгдэх чинь яасан юм бэ гэж ам асууна. Би Чойном шиг зориглоогүй хулчгар. Хад мөргөж үхэхээс айсан юм. Тэглээ ч үзлээсээ урвасан нэг ч өгүүлбэр миний бичвэрүүдэд байхгүйг хэлье. Миний ботиудаас магадлаарай. Монгол хүнээс аль ч нийгэмд салаагүй залхуу, залхаг, хуулиа сахидаггүй, худалч, хулгайч, эв түнжингүй, матаач зан хөгжил чөдөрлөж буйг “Тоншуул”-д олон жил ажиллахаар хурц мэдэрдэг юм билээ. Бүр хөндүүр үүсэж сүрхий эмзэглэнэ гээч. Тэглээ ч аймхай би гашуун үгнийхээ тунг тааруулж, эрсдэлээс сэрэмжилж явав. Чойном шиг шоронд орж эрхээ хасуулж амиа алдсанаас ингэсэн нь арай ахиуг бичнэ биз дээ. Надад тийм тооцоо байв. Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ.



ДУТАГДЛАА ЗАСАЖ ЯАХ ГЭЭВ?

-Та намайг дуудсан уу?
-Тийм ээ. Хөөе хэн ээ?
-Юу гээв дарга аа.
-Юу юу?.. Нөгөө юу чинь юу юу?
-Юу юм бол доо.
-Би чамд юу хэлэх гэлээ?
-Би яаж мэдэх билээ?
-Чи л болоод мэдэхгүй байна уу.
-Юу хэлэх гэснээ өөрийг тань мэдэхгүй байхад би яаж мэдэх юм бэ.
-За за, чи битгий номчирхоод бай. Чи ер нь яасан хэгжүүн, яасан шазруун, тэгсэн атлаа яасан одоо их,.. Чи ер нь намайг гээв? Чи ер нь сүүлийн үед биеэ их тоож байна шүү. Үг хэлэх бүрд арзагананах янзтай. Ийм одоо том зан чиний хаанаас одоо гардаг байна.
-Та намайг зэмлэж байна. Тэр зөв. Зэмлэлгүй яахав. Харин чухам юу гэж зэмлээд байна аа. Үүнийг л мэдмээр байна.
-Хараач хөөе. Бас мэдмээр байна гэнэ. Ингэхэд чи мэдэж яах гээв?
-Юу гэж зэмлэж байгааг тань мэдэж дутагдлаа засах гэсэн юм.
-Уухай. Ямар зорилгоор чи дутагдлаа засах гээв? Дутагдлаа засчихаад чи дараа нь яах санаатай залуув. Бас их үгтэй, том санаатай амьтан байх нь. Хараач тэр байж байгааг нь. Цаанаа бүр нэг додигор, цаанаа бүр нэг их, цаанаа бүр нэг том, цаанаа бүр нэг тийм. Ингэхэд чи энд миний дэргэд ямар зорилгоор хярчаад явахгүй байна. Юу отоов? Дүү минь арай болоогүй байх аа. Чамд цаана чинь хийх ажил алба гэж байдаггүй юм уу?
-Байлгүй яахав.
-Түүнийгээ хиймээр юм даа.
-Тэгвэл би явах уу?
-Битгий яв гэж хэлсэн хүн энд байхгүй байх шүү.
-Та надад нэг юм хэлэх гэж дуудсан биз дээ?
-Үүнийг л хэлэх гэж дуудсан юм. (1974)


Description: C:\Users\Dell\Desktop\20220426_160434.jpg



ТОЙРОГ

Үдийн хоол идээд Дөлгөөн ажил дээрээ ирж ширээнийхээ ард суув уу үгүй юү дунхалзав. Тэр бээр нисэх онгоц дотор дав дувхийгээд дугхийж чадаггүй атлаа ажил дээрээ хар шил зүүгээд ширээгээ дэрлэн унтахаараа ямар ч айдас хүйдэсгүй үхсэн мэт дугжирна. 

…Дөлгөөн хөнгөн тэргэнд суучихсан хотын Бага тойргоор хурдалж явна. Хорьдугаар зууны хөнгөн хөгжмийн аяар хар зам урсаж, хөнгөн тэрэг гулсаж, сэвгэр салхи үлээж, нимгэн хувцастай хүүхнүүд нүд ирмэнгээ гар даллаж сээтэн хаяна. Дөлгөөн "За нэг юм эцсийн эцэст" гэж уртаар санаа алдаад гоёмсог тэрэгний зөөлөн суудал налахуй биеийн нь хамаг хүлээс алдарч хүсэл нь ханажээ.

Ингэж жаахан жаргаад нүдээ нээвэл өмнө нь таксины мөнгө тоологч шажигнатал ажиллаж байх нь тэр! Төгрөг мөнгө ч гавьяат мастер Хойлогдорж барилдааны эхний үед оноо алдаж буй мэт урсаж үзэгдэнэ. Дөлгөөний дотор палхийж, "Би чинь таксигаар явж байна уу? Яагаад энэ гайхлыг зайдлах болов? Ээж минь дахиад ухаан алдаж унав уу? Үгүй ээ, би ээжийг ухаан алдаж унах бүрд гэрт нь автобусаар очдог бус уу? Дулмаатай Туулын бургасанд уулзъя гэл үү? Тэр өчигдөр салахдаа надтай дахин уулзахгүй гээд уйлж байсан. Эсвэл би галзуурав уу?" гэх мэт эргэцүүллээ. 

Жолоочоос тэр бээр өөрийнхөө хаачиж явааг шууд асууж зүрхэлсэнгүй. Байдлыг жаахан ажихаар шийдэв. Дэгжин малгай духдуулсан буурал санчигтай мөртлөө эхийнхээ сүүнээс гараагүй нялх шиг булбарай цагаан эр урдахь замаа ширтэн жолоо мушгих нь Дөлгөөнд нэг л танил мэт ээ.

Такси Бага тойргийг бүтэн хоёр тойроод гурав дахь тойргоо эхлэхэд Дөлгөөн тэсэлгүй жолоочоос, 

-Би хаачиж явна аа? гэж хулчгардуухан асуув. Жолооч замаас нүд салгалгүй,

-Чи хаачих ч гээгүй. Тойргоор зүгээр л тойрч явна гэлээ. 

Мөнгө тоологч "чаг чаг" гээд яралзах тоонуудаа шажигнатал өсгөж Дөлгөөнийг бачимдуулав. Дөлгөөн өөрийгөө яагаад такси хөлөглөн Бага тойргоор хий дэмий тойрч мөнгөө барж буйн учрыг таах гээд дөнгөсөнгүй гайхшаа тасрахад,

-Жолооч оо, та намайг эрүүл хүн гэж санаж байна уу гэвэл жолооч европ маягаар мөрөө хавчиж хариуллаа.

Хэсэг давхсаны дараа Дөлгөөн,

-Хэний тушаалаар намайг тойргоор хий дэмий тойруулж байна аа гэж ширүүвтэр асуув. Жолооч энэ удаа харцаа замаас салгаж, Дөлгөөнийг эвгүй хараад,

-Чи намайг тойруулж байна гэх нь үү гэж аягүйцээд, -Тойрох дургүй байвал одоо буу! Надад зорчигч мундсан биш гэв. 

"Тойргоор ингэж дэмий эргүүтэж, мөнгөө үрдэг зорчигч мундахгүй олон байх нь ээ. Энэ чинь юу гэсэн үг вэ" гэж баахан бодлоо. Тэгээд,

-Та намайг буулгана уу яана өөрөө мэд. Ажлын цагаар хөнгөн тэргээр ингэж зугаацахдаа би уйдахгүй. Харин би наадахь мөнгийг чинь төлөхгүй шүү гэж шууд зориглон хэлээд Дөлгөөн жолоочтой зодолдоход бэлтгэв. Энэ үгэнд жолооч ажирсан ч үгүй. Дөлгөөн хэсэг хүлээгээд,

-За тэгээд мөнгөний танагтай дээр намайг буулгана уу яана өөрөө мэдтүгэй гэж ёжлов.

Такси тойроод л байлаа. Жолооч хүний урманд дуугарсангүй. Бага тойрог Дөлгөөний урд хөвөрнө. Тэгтэл жолооч яагаад Бага тойргоор тойрч буйг залхуурах зуураа ингэж тайлбарлав: энэ мөнгийг чамаар төлүүлэх юм биш. Харин ажил тартал хэчнээн төгрөг гарна чамд бүгдийг зүгээр өгөх юм гэнэ. 

-Уухайс даа. Өөр тогломоор юу байна. Би мөнгөнд тийм их шуналтай эр баймаар харагдаад байна уу. Чамгүйгээр олсон хэдийгээ үрж чадна. Тус болох гэсэнд тань баярлалаа гэж Дөлгөөн дүрэлзвэл жолооч яриаг таслан урдахь бяцхан хавхаасаа онгойлгов. Хайрцаг дотор бөөн мөнгө дэвхийж харагдана. Ихэмсэг жолооч Дөлгөөнд,

-Чи хэдийд буумаар байна буугаарай. Харин буухдаа тоолуурт гарсан дүнгээр энэ мөнгөнөөс авахаа мартуузай. Гэхдээ илүү авч болохгүй, бас дутуу авч болохгүй. Надад цаанаа очоод тооцоо гэж нэг юм байдгийм гэнэ.

Такси хотын дотуур тойргийг эргэсээр. Дөлгөөний эргэлзээ арилсангүй,

-Намайг яасан гэж энэ мөнгийг өгч байгаа юм бэ гэвэл жолооч,

-Энэ таксийг сул зогсоолгүй, явуулж байна гэж энэ мөнгийг чамд өгч байгаа юм гэнэ. 

-Би тэгээд хаа хүрэх гэж яваа юм бэ. Арай коммунизмд хүрэх гэж яваа юм биш биз. Жолооч,

-Тойрог тойрсон хүн хаа ч хүрдэггүй юм. Чи мөнгө авахын тулд Бага тойргоор зүгээр л эргэлдэж явна гээд хурдаа нэмлээ.

Хорьдугаар зууны цахилгаан хөгжмийн аянд мөнгө тоологчоор тоо урсах нь барилдааны эцсийн мөчид Хойлогдорж оноо авч буй мэт. Гэвч Дөлгөөн үүнд ханасангүй, суудал дээрээсээ урагш тэмүүлж, "Хотын Их тойргоор тойрох юмсан золиг" гэж бодтол жолооч гэнэт тооромсоглон зогсов. Тэгээд машиныхаа хаалгыг онгойлгон Дөлгөөнд,

-За мөнгөө тоолж аваад буугтүн! гэж тушаав. Дөлгөөн өөрийн мэдэлгүй,

-Яагаад? Би буух болоогүй. Надад эцэс төгсгөлгүй эргэлдэж, авах мөнгөө ахиулмаар байна гэж эсэргүүцэв. Тэгтэл,

-Дөлгөөн. Сэрээрэй. Ажлын цаг дуусчихаж. Харьцгаая гээд тасгийн дарга нь дэгжин малгайгаа духдуулсхийгээд дэргэд нь зогсож харагдана. Дарга нь нойрмог нүдээ нухалж,

-Нам унтчихсан чинь бие аягүй зарайчихаж гээд жихүүцэв. Тасалгааны хананд том цаг "чаг чаг" цохилох нь ямар нэгэн юм тоолох мэт. Дөлгөөн даргынхаа буурал санчиг булбарай цагаан царайг хараад инээмсэглэв. Дарга цэрэг хоёрыг гарахад гудамжинд цасан шамарга хуйларч байлаа. Дарга нь цэрэгтээ,

-Энэ тэнгэрийн байгааг гэж шүүрс алдаад булган захаа босгоход цэрэг нь хариу уртаар санаа алдаад даргаасаа оноо авахаар,

-Дарга минь хотын бид хоёр ч яамай. Харин хөдөө нөгөө хэдэн мал, нөгөө жаахан тариа маань л хэцүүдлээ дээ гээд шогшров. 

Ийнхүү тэр хоёрын нэг өдрийн ажил үүгээр дуусаж, "Маргааш хүртэл баяртай" гэцгээгээд дулаан тохилог гэр гэрийн зүг салж одвой. (1977)


Description: C:\Users\Dell\Downloads\278495004_1098951307721429_543711737593668972_n.jpg



НЭГДЛИЙН АДУУЧ

“Дарга аа” гэж анх удаа дуудуулаад би сүрхий ичсэн боловч зэлүүд хөдөө, бүдүүлэг малчнаас өөр нэг ч хүн дэргэд байгаагүйд бага зэрэг уужрав. Гэхдээ л дарга гэгдсэндээ нүүр халуу оргимоор ч юм шиг эвгүй сэрэл арилахгүй байсанд би дэмий л тэнгэрийн хаяа харж,

-Шуурга шуурах нь ээ гэвэл намайг “дарга” хэмээн гэрийнхээ хажуугийн хөтөл дээр хүндэтгэн үдэж буй хар хүн,

-Шуурах нь ээ гэж ам дагуулаад инээв.

Тэр залуу өөдөөс нь харахаар л сунасан том том шүдээ цөмийг ил гарган зөөлхөн инээх агаад хээрийн хүйтэн салхинд урагдаж улайсан нүдэнд нь дүүрэн ус цийлэлзэх нь өрөвдөл төрүүлнэ. Түүний арчаагүй нүүрийг би удаан харж чадалгүй дахин тэнгэрийн хаяа өөд ширтээд,

-Шуурга шуурахгүй нь ээ гэж бас л дэмий шахуу өгүүлбэл,

-Шуурахгүй нь ээ гээд нөгөө эр инээж буй болтой. Би нүүр өөд нь харж төвдсөнгүй доош газар ширтсэн чигтээ,

-Шуурмаар ч юм уу? гэлээ.

-Шуурмаар ч юм уу гэсэн түүний хүлцэнгүй үгийг зөөлхөн инээд нь дагалдав.

-Лүндэн та яагаад тийм олон адуу үхүүлэв дээ? гэвэл,

-Энэ бас их учиртай. Учры нь олдог хүн бол дор нь л олох явдал. Энэ хавар нэг аюултай шуурга шуурлаа. Шуурганы түрүүчээр би мордож давхиад адуугаа гаднаа авчраад хашчихлаа. Тулгар эхнэр маань төрөх гээд сумын эмнэлэгт хэвтчихсэн цаг. Шуурга нүүр нүдгүй балбасныг хэлэх үү, ганц гэрийг хэлэх үү, би хоёр өөдсөн чинээ хүүхэдтэйгээ ганцаараа гэр сахиж байсныг хэлэх үү, ёстой барьц алдлаа даа. Охин зургаа хүрч яваа санаатай, хүү дөрөвтэй юм. Би ганцаараа зургаан зуун адуу нүдгүй шуурганд хаших гэж нэлээн л юм боллоо. Адуугаа ч хашчихлаа. Шуурга ч галзуурлаа. Шуурганаас өрсөж адуугаа хашсан хүн яахав, галаа өрдөж, өдөржин эзгүй хүйтэн гэрт хоцорсон хоёр муу хүүхдэдээ хоол хийх санаатай мунгинаж байтал гадаа бөөн дуу чимээ хадлаа. Гүйгээд гардаг юм байна. Тэгсэн чинь, байдаггүй ээ, нөгөө олон адуу маань хашаагаа зад татаад шуурга уруудан арилж байх нь тэр! гээд адуучин Лүндэн санаа алдсанаа жавар салхинд час улаан болсон нүдээр намайг хүлцэнгүй харж инээмсэглээд, -Харанхуй шөнө, шуурга гэж морины уяа үзэгдэхгүй шуурч байсан болохоор адууныхаа араас явбал амь ч үгүй, адуу ч үгүй болох байлаа. Аз болж уяатай морь үлджээ. Бузгай ч морь байсан юм. Хоёр хүүхдээ өвөртлөөд хонохчоо аядлаа. Нойр ч хүрсэнгүй.

Өглөө адуундаа явах гэсэн чинь хоёр хүүхэд хормойдож орилоод гаргадаггүй. Охин минь “Аав аа битгий яв. Ээжийг иртэл дүү бид хоёрыг битгий орхи. Эзгүй гэрт бид хоёр даараад өлсөөд бас айгаад байна” гэж уйлаад салдаггүй. Хичнээн төчнөөн аргадаад тайвширдаггүй. Одоо яая гэхэв, амины адуу сан бол дүүрсэн хэрэг үр хүүхдээ бодоод тэнгэр цорхиртол явахгүй байх сан. Хоёр хүүхдээ орилуулж хаячаад адууныхаа араас мордлоо. Хоёр хүүхэд минь хойноос цасан дунд бүдчин гүйж яваа харагдсан. Эгч нь арай түрүүнд дүү нь нэлээд хойно хоцорчээ. Байдаг чадлаараа орилж буй хүүхдийн дуу цасанд дарагдсан дун цагаан талд бүртийх ганц бор гэрийн минь гаднаас их тод сонсогдож байсан. Хүйтэн гэж жигтэйхэн. Би ч эргэж харалгүй хоёр нялх хүүхдээ хаяад адууныхаа хойноос шүд зуугаад зүтгэчихлээ гээд нас залуу авч эрт өтөлсөн аргил бор адуучны хоолой зангирснаа, -Хоёр хүүхдэдээ дулаан дээлий нь өмсүүлж, цай чанаж, хоол бэлдсэндээ гэж бодохоос дотор жаахан уужрав. Манай адуу уруудсаар яваад Цайдамын нуур луу яг л орж дээ. Дотор ч палхийгээд явчихав гэхэд нь би тэсэлгүй,

-Яагаад? гэвэл адуучин,

-Яах юу байхав, хамаг адуугаа нуурын шаварт зоогдож үхсэн гэж бодохгүй юү. Тэгсэн чинь нуурын захын шаварт хориод даага шүдлэн зоогдоод бусад адуу нуурын шавар тойроод цааш урууджээ. Мөр нь тэгж гарлаа. Шаварт шигдсэн хэд хүйтэн шуурганд осгоод хариугүй үхэх гэж байна. Би тэднийг шавраас гаргахаар үзэж тарлаа. Шаварт зоогдсон адууг ганц хүн гаргаж яасан ч дийдэггүй юм байна лээ. Хүйтэн гэж хачин. Хоёр гар дорхноо бээрчихлээ. Хүн чинь даарах тусмаа гэртээ орхисон нялх хүүхдээ бодоод болдоггүй золиг байдаг шүү. Дөнгөж хоёр сарваа шавраас гаргаад би ойролцоо байсан бригадын төв рүү давхилаа. Бригадын даргад бүх явдлыг хэлээд “Та хүн хүчтэй очоод шаварт унасан адууг гарга, би уруудсан адууныхаа хойноос явъя” гэлээ. Дарга ч зөвшөөрлөө.

Адууныхаа араас хоёр өдөр явлаа. Олдоггүй. Хоёр шөнө таарсан айл бараадаж хонолоо. Охин хүү хоёртоо сэтгэл зовоод нойр хүрдэггүй. Тэр хоёр минь яаж шүү байгаа бол. Хоёулхнаа, ганц гэр. Ядаж тэнгэрийн хяхуу арилдаггүй. Хоёр өөдөсхөн минь даарч осгож байгаа бол уу. Гал түлж байж шатаж үхэхгүй байгаа. Хүний чинь дотор элдвийн муу юм л эхэлж ордог юм билээ. Адуугаа эрсээр яваад өөр сумын нутгаас арай гэж цуглуулж, ядарч өлсөж үхэхээ алдан явж нэг юм нутгийн бараа харлаа. Адуугаа туугаад Цайдамын нууран дээр иртэл шаварт зоогдсон арван найман адуу маань тэндээ тэр чигээрээ үхжээ. Миний шавраас гаргасан хоёр сарваа л амьд мэнд сүрэгтээ нийлэв. Хоёр хүүхдэдээ яараад би тэр үедээ бригад орж чадсангүй гэхэд нь би,

-Хоёр хүүхэд чинь одоо бий юү? гэлээ.

-Бий бий. Намайг ирэхэд охин минь, гэрээ шүүрдээд бурхнаа арчихсан сууж байсан. Дүү нь орондоо үстэй дээлэнд шургачихсан хэвтэж байв. Охин минь гэрийнхээ гадаа аавыгаа харуулдаж удаан зогсож байж чихээ жаварт хайруулаад, хүү эгчийгээ бараадаж гадаа зогссоор хөлийнхөө хурууг хөлдөөснөөс ондоо гойд гоц юм болоогүй. Зургаан настай охин маань дүүгээ дагуулаад аргал оруулж, гал түлж дулаацаад, бас хоол цай хийсэн байгаа юм. Ер л ээжийнхээ хийдэг ажлыг хийгээд байсан болтой. Энэ бүгдийг ээжийгээ хийхэд охин минь дандаа дагаж хормойдоод салахгүй явсан нь сургууль болсон юм байлгүй гээд адуучин баясгалантай инээв.

-Тэр адуу чинь таны мал биш нэгдлийн сүрэг биз дээ? Бригадын дарга чинь шаварт ойчсон арван найман адууг яагаад аварсангүйв?

-Хожим сураг сонсвол шаварт зоогдсон манай хэдэн адууг гаргах гэж бригадын дарга Дондог, тоо бүртгэгч Рааш хоёр бригадын төвөөс авгай хүүхэднийлсэн бүх хүнээ дагуулж очоод жаахан оролдож байгаад чадалгүй орхиод буцсан юм гэнэ лээ. Тэгээд л би арван найман адууны төлбөрт унахгүй юу. Бас болоогүй, намайг “нэгдлийн олон адуу үхүүлсэн” гэж аймгийн сонинд муугийн жишээ болгож бичлээ. Бичсэн сурвалжлагч нь надтай үнэндээ хөөрхий минь уулзаагүй ээ. Аймгийн бүртгэл данснаас хэн нийгмийн олон мал хороожив гэдгийг шүүрдээд л миний нэрийг тэнд байж байхаар нь биччихсэн бол уу гэж би таадаг юм. Ийм л юм болсон юм даа сурвалжлагч минь гээд намайг том удирдагч аятай гэрийнхээ ойролцоохь өндөр хөтөл дээр тэр үеийн моодоор хүндэтгэлтэй үдэж буй адуучин Лүндэн хэсэг хулмагнаснаа,

-Та намайг “Тоншуул”-д бичихгүй аргалаач! гээд том нударган дотроосоо шил архи гаргаж барив. Санаандгүй зогссон би,

-Хөөе та чинь яаж байна. Аргалдаг хүн чинь би биш гээд машиндаа орлоо. 

Адуучин машины хаалга хаалгалгүй саатуулж,

-Та ядаж тэгвэл үүнийг аваад яв л даа гээд архиа надад өглөө.

Би архийг нь түлхэж кабинаас гаргаад хаалгаа хаав. Хаалга тас хийн хаагдахад арай ч чанга хаачихав уу даа гэж надад бодогдож, гэмших сэтгэл төрсөн шүү. “Тоншуул”-д гардгаа ч гарчээ гэж цөхөрсөн адуучин надад зориулсан архиа цөхрөл гомдолдоо чулуун овоонд хага гуядаад,

-Юмны үнэн учир олдог хүн энэ коммунизмд чинь байна уу? Үхсэн хойно оо, би тэр муу арван найман адууг чинь төлчих аавын хүү шүү гэж бухимдах дуутай зэрэгцээд хээрийн цэвэр агаарт архины үнэр ёстой янзын гоё ханхийв. Архины үнэр авсан би “Хайран архи” гэж сэм дуу алдаж билээ. (1984)


Description: IMG_0006



НИЙГЭМ СУДАЛГАА

Сурвалжлагаар хөдөө явах далимандаа ардуудаас нийгмийн судалгаа авч ир гэж надад баахан хүснэгттэй цаас дайлаа. Нийгэм судалгаа гэдэг хөдөө нутагт огт явагдаагүй цоо шинэ ажил. Би ерөөс нийгмийн судалгаа авч үзээгүй тул эхлээд нутгийнхаа сайн танил Жамбаа гуайгаар туршилт хийхээр элэг барив. Намайг гэртээ ирсэнд бөглүү хөдөөгийн уйдсан өвгөн хөөрч "Нутгийн хүү хот газрын сонин дуулга" гэж шаардлаа. Танимхайрч хөл алдаж байгаа гэж жигтэйхэн. Би анхны дугаарт албаа явуулчихаад дараа нь танимгайрдаг хатуу зарчимтай дарга болохоо Жамбаа гуайд харуулахаар шийдэж,

-Би танд хэдэн асуулт тавих гэж алс холоос зориуд зорьж ирлээ гээд олон асуулт бүхий цаас гаргаад их л албархаг ярвайвал Жамбаа нүдээ цэхийлгэн хэсэг гайхсанаа миний хэзээ ч хувиршгүй хэнхэг хүйтэн царайг гадарлаад, 

-Хөгшин ах чинь яачихсан бэ? Асуугдах хэрэгт орооцолдож орхисон уу? Урьд гэнэн томоогүй насандаа муу дэнхэр Мижирийн хазгар хээрийг,.. хэмээн учиргүй сандрав. Би түүнийг тайтгаруулахаар,

-Таныг хэрэг хийсэн этгээд гэж байцаах юм биш гэвэл,

-Тэр муу хазгар хээр чинь шал хөгшин адуу. Тэгээд ч би Мижирт залуу мориороо аль галвын доогуур төлсөн хүн гэж хоолой чичрүүллээ. 

-Жамбаа гуай минь би танаас нийгмийн судалгаа авах гэж байна.

-Нийгмийн судалгаа гэнэ ээ?.. Би нийгмийн өмчөөс өнчин ишиг ч завшаагүй. Үнэн шүү. Олон түмэн бэлхнээ мэдэж байгаа. Бурхан минь, би нэгдэл нийгэмдээ буруу санаа өвөрлөхгүй. Дэнхэр Мижирийн эцэг-хулгайч Хоовон манай аавыг урьд хүний нутагт явгалчихсан юм гэнэ лээ. 

-Та буруу ойлгоод байна. Би хэрэг зоригоо танд бүрэн тайлбарлая.

-Аав минь надад Мижирийн тухай хар цагаан үг дурсалгүй өөд болсон. Харин эмгэн ээж намайг балчир ахуйд "Дэнхэр Мижир хүн биш, миний хүү ходоодныхоо мухарт санаж яваад том болсон хойноо аавынхаа хариуг аваарай" гэж хэд хэд сануулсан юм. Тэгээд л би цэргээс ирснийхээ жил доголон хээрийг нь юу яачихсан юм. Өөр надад хийсэн нүгэл байхгүй. Насаараа шулуун шударга амьжрахыг хичээж яваа хөгшин толгой. 

-Жамбаа гуай, би таныг байцаах гээгүй, зөвхөн судлах гэж байна. 

-Хөгшин намайг судалж яах нь вэ дарга минь? Том авга маань лам байсан нь үнэн. Түүнийг сайн мэдэхгүй, би нялх байсан. Баригдахдаа намайг үнсээд л явсан. Улс төрийн хэрэгтэнд үнсүүлэхгүй гэж эсэргүүцээгүй маань миний түмэн буруу. Өөр эсэргүү хэрэг надад ёстой алга. 

-Та битгий сандар. Айх хэрэггүй. Одоо чинь цаг өөр болсон, ил тодын үе. Цээжиндээ хадгалж явдаг юу байна, бүгдийг надад дэлгэ. 

-Дэлгэх ээ?.. Гайгүй байлгүй гээд егзөр царайлан зөрүү харав.

-Би танд хэдэн асуулт тавья. Та яг өөрийнхөө бодлоор хариулна шүү. "Нийгмийн судалгаа" гэдэг бол ард олны бодол саналыг цуглуулах зорилготой гэж энэ хүснэгтийн дээд талд бичсэн байна. 

-Цуглуулаад дараа нь яах бол? 

-Хүн бүрийн санаа оноог нийлүүлж судлаад дараа нь анхаарал татсаныг нь шүүж авна. 

-Анхаарал татсаныг нь шүүнэ гэнэ ээ? Тэгнэ ээ тэр. Санал нь шүүгдсэн амьтдыг дараа нь яах бол?

-Тэднийг дараа нь яахыг би мэдэхгүй нам засаг мэднэ. Уг нь зүгээр орхиж болохгүй л чухал асуудал байгаа юм. 

-За тэгнэ дээ, зүгээр орхихгүй нь бүр мэдээж. 

-Ухаалаг санал гаргасан хүмүүсийг хайхрахгүй орхих буруу. Социологийн судалгаа гэдэг чинь шинжлэх ухаан. Ард түмнийхээ аль оновчтой саналыг тунгааж цуглуулаад, түүнийгээ үндэслэн нам засаг мэргэн тогтоол шийдвэрээ гаргадаг. Ингэснээр манай иргэн бүр улс эх орноо зөв удирдах үйлст бодол сэтгэлээ хандивлан оролцож байгаа хэрэг. Миний асуултад хариулсан таны өчиг болгон дээшээ том дарга нарт хүрч шүүгдэх болно. Та одоо ойлгов уу? Би хүнд ойлгогдохоор таниулж чадахгүй байна уу? гэж тунирхав. 

-Дарга та тун сайхан илтгэж байна гэж нутгийн дотно өвгөнөө хуурамч долдгоноход би бага зэрэг зэвүүцээд, 

-Яамай даа, тэгвэл би танд анхныхаа асуултыг тавья гэлээ. 

-Жамбаа гуай нь таваглах бол уу? гэж үнэн голоосоо учирлав. 

-Аймаг сумаас чинь авч явуулж буй арга хэмжээнүүдийг Жамбаа та зөв гэж зөвшөөрч байна уу, буруу гэж шүүмжилж байна уу?

-Ачит нам засаг минь надаас ийм асуулт яагаад асуух болов оо? Хөгшин төгцөг би яасан билээ?

-Та олон юм ярилгүй асуултад шууд хариул!

-Жамбаа гуай нь ийм хэцүү асуултад юу гэж хариулах вэ гээд бүлтэгнэхэд аймаг сумынхаа бодлогыг "зөв" гээд шууд хариулчихгүй байхыг бодоход Жамбаа чинь их шийр толгой байх нь ээ гэж миний гэдэн хөдлөөд явчихав. Тэгээд би, 

-Та аймаг сумынхаа нам, захиргааны бодлогыг зөв үү, буруу юу гэсэн асуултад юу гэж хариулахаа өдий хүртэл банжаагүй л явна уу? Өөрчлөлт шинэчлэлтийг далимдуулаад өөдөөс өвгөн Жамбаа хүртэл нохойтож байх чинь вэ гэж би даргамслаа. Жамбаа гуай,

-Мунхаг толгой би улс төрийн элдэв цуу үг чалчаагүй болтой билээ. Хөгшин намайг юунд ингэж хардаж сэрдэнэ вэ гэж уйлагнахад миний зэвүү хүрч дотроо "Тийм бий вий Жамбаатан. Нийгмийн судалгаанд хариулахгүй гэж адармаатаж байгаа эсэргүүнийг би одоо яахав. "Хариул" гэж шаардвал "Захиргаадлаа" гэж дээш нь матахаар та бүр банжаад суух шив. Ил тодын үе гэхээр их болжээ Жамбаа гуай! Ардчиллын эрин эхэлсэн, асуултад чинь хариулсан ч хариулаагүй ч миний дур гэж байх шив. Тэгнэ байх аа гайгүй" гэж битүү занаад, 

-Нөхөр Жамбаа та нэгдэлжих хөдөлгөөн ялсныг эртэдсэн, оройтсон, таарсан болохын алийг зөв гэж үздэг вэ? Эсвэл нэгдэл байгуулсан нь угаасаа алдаа байв уу? гэж ширүүхэн асуув. 

-Дарга минь надаас ийм жигтэйхэн юм асуух болсон учраа шууд хэлчихгүй юү? 

-Жигтэйхэн юм асуугаад байна уу? 

-Жигтэйхэн ч гэж дээ, нэг тийм, дасаагүй аймаар юм тулгаад байхаар чинь ах нь барьц алдаад байна гэхэд нь би "Ерөөсөө Жамбаа гуайгаар нэгэнт туршилт хийж буй хойно гүйцэд даапаалъя. Цаашдаа би олон хүнээс социологийн судалгаа авах тул энэ нь бэлэн гарын авлага, нэг ёсны ажлын дадлага болно" гэх ухаан сийлээд түүний айсан нүүрэнд ууртай нүдээ тулгаад,

-Зөв үү буруу юу хэл гээд тэвдсэн цэхэр нүд рүү нь аюулаас хамгаалахын хилэнт харцаар цоргивол, 

-Юу л даа юу л даа гэж тэр бээр хөхөрсөн уруулаа хөөрхийлөлтэй чичрүүлэн сандарснаагэнэтцочсон мэт "Зөв өө зөв!" гэжхашгирав. 

-Түрүүнээс хойш ингээд л "Зөв өө зөв!" гэж хариулаад байхгүй та юу гэжнохойтоод байсан юм бэ гэж би мушийгаад, яг л Жамбаа гуайн нутгийн итгэлт хөвүүний аашаар түүнийг эрхлэнгүй тэвэрвэл хөөрхий өвгөн, 

-Өө ингээд л хариулаад байх байсан юм уу гэж урамтай дуугарав.

-Ой модоо огтлоод байх нь зөв үү буруу юу? гэвэл,

-Зөв өө зөв. Огтлоод байлгүй яахав гэж байна. 

-Атар газраа хагалаад байх уу? 

-Хагалаад байя. 

-Малаа эрлийзжүүлээд байх уу? 

-Тэгьеэ тэгье. 

-Цагаан зээрээ хядаад байх уу?

-Хядаад байлгүй яахав. 

-Хурга ишгээ нядлаад байх уу? 

-Нядлаад байя. 

-Бидний амьдрал тансаг хангалуун уу? 

-Тансаг хангалуун. 

-Манай улс өндөр хөгжилтэй юү? 

-Өндөр өө өндөр. Их өндөр. 

-Ёо ёо хоёулаа одоо л нэг юм учраа олох шив гээд намайг духныхаа хөлсийг арчихад,

-Тэглээ. Нутгийн дүү минь анхнаасаа ингээд шууд заагаад өгчихгүй мунхаг намайгаа юунд ингэтэл минь айлгаж орхив доо гэж гоморхов. 

-Цааш нь асуугаад байвал хариулаад байж дөнгөх үү?

-Торохгүй хариулъя гэж нутгийн өвгөнийг бардам өгүүлэхэд урам орсон би, 

-За тэгвэл би ч бичээд байя. Албан ажил уг нь урьд ингээд л бүтээд байдаг сан гээд гүн санаа алдав. 

Хөдөө нутагт би иймэрхүү маягаар асуулга явуулж нийгмийн судалгааны бүх асуултыг бөглөчихөөд ирсэн шүү. Дарга нар дамжуулж үзээд "Бидний явуулж байгаа бодлогыг ард түмэн ингэж дэмжиж байна харав уу?" гэцгээн баярлалдаад сонин хэвлэлд ярилцлага өгч томроод сүйд.

Гудамжинд "Цаг үе залуучууд" нэвтрүүлгийн сурвалжлагч Алтай намайг холоос тосч мэндлэв. Мэндлэх нь ч яахав хүндэлж байна гэж саная гагцхүү түүний ардахь залуу жижиг камерынхаа дурангаар намайг нууцхан онилоод авчээ. Телевизээр гарч буйгаа мэдмэгц би Жамбаа гуай шиг тэвдлээ. Миний сандарсныг Алтай далимдуулж улс төрийн талаар үг алдуулах гэжбуй болтой. 

-Доржготов гуай манайд ардчилал бий юү? гэв. 

"Алтайд би ямар гэм хийсэн билээ?" гэж гомдох зайөгөлгүй зураглаач дурангаа нүүрэнд тулгалаа. "Би ярилцлага өгөхгүй.Ийм хачин асуултад намайг онцлон сонгодог чинь хачирхалтай байна. Ардчиллын талаар ах нь сэжиглэгдмээр олноос онцгой харагдав уу? Чадахгүй. Наад дурангаа миний нүүрнээс холдуул" хэмээн толгойгоо дарж зугтаагаад нэмэргүй. "Цаг үе залуучуудынхан" зугтаасан хүнийг тэр чигээр нь дэлгэцээр дуртай яа үзүүлж бүр шившиг болгодог залуус. Хэрхэх билээ? Байхгүй ардчиллыг байна гээд залчихвал уншигч-пенүүдээ би алдана. Монголд ардчилал байхгүй гэвэл МАХН араандаа намайг зууна. "Монголд ардчилал бий юү?" гэсэн асуултад зохиолч санаатай намайг юу гэж хариулахыг ард түмэн овтоно. Хаашаа харж үхдэг билээ? "Ил тод байдал" гэдэгт ер нь итгэх үү, болих уу Жамбаа гуай минь? (1986)


Description: C:\Users\Dell\Downloads\278730768_1381268225712354_8500121359276784861_n.jpgDescription: IMG_0002

-За би үүнийгээ их эзэн Чингис богд гэж нэрлэе.



ҮҮЛТЭР САЙЖИРСАН ҮХЭР СҮРЭГ

Тэр их ууртай байгаа гэнэ. Хаалгыг зөөлхөн нээвэл том танхимын тэртээх бүрэнхий мухарт нүүр нь залгаад мартчихсан цахилгаан пилээтэг шиг дугуй улаанаар цогшоод ойр хавиа төөнөн гэрэлтүүлнэ. Би толгойгоо өрөөнд нь нэгэнт лав шургуулчихсандаа бантаж "Орох уу?" гээтхэв.

Захирал нөгөө бүрэнхий булангаасаа аргил бүдүүн дуугаар "Орох байх хоёроо чи надаар заалгахаа больсон хүн гэсэн биз дээ" гэж томорлоо. Дүүрсэн хэрэг шийдмэг алхалсаар дөхөж очоод,

-Таны дуудсан ёсоор миний бие ирлээ гээд дээгүүр харж өсгий өлмий дээрээ товшлон айгаагүй хүн болж хэвлүүтвэл өчүүхэн миний биеэ тоосон додигор дүрд час улаан пилээтэг хиншүү ханхалтлаа шатаж,

-Чи надаар сэдвээ хянуулахгүй гэж ярьж явна гэв үү? гэсэн хүйтэн үгс халуун нүүрнээсээ шидэв. 

-Үгүй ээ би тэгж яриагүй гэж тэвдэхдээ худал залав. (Уг нь би тэгж ярьсан юм).

Миний дотроо нуусан арчаагүй айдсыг нэвт анзаарсан удирдах ажлын арвин туршлагатай захирлын хилэн дээрэлхүү бардамналаар ашгүй солигдоод,

-Чи ямар гээчийн агуу нээлт хийчээв? гэж басамжлав.

-Хонь ямаан сүргийг өвөл ичдэг болгох гэсэн юм гэлээ. 

-Юу гэнэ ээ? гээд захирлын нүд учиргүй томорсноо, -Ичдэг болгох оо? Тэгээд цааш нь яриач! гээд том ширээнийхээ цаанаас над руу зүтгэв.

-Тийм ээ тарвага шиг ичдэг болгох гэсэн юм. Өвөлжөөндөө нүх ухаж хөрзөнгөөр доторлоод өвсөөр зузаахан ноохой засн гэв. 

Захирал миний солиотой ярианд тулгамдаж нэг хэсэг сүхдүүлсэн үхэр шиг мангартсанаа чангаар,

-Тэр их зузаан ноохойг бэлтгэх зардал чирэгдэл хаанаас гарах болж байна? Чиний бодлоор бол социализмын замаар хөгжиж хөгжчөөд эцэст нь бид үхэр огодой шиг хөх өвс хөндлөн зуугаад хурдалж явах болж байна уу? Монгол хүн хоёр хөлтэй юмсан чиний нээлтээр гэрэлт коммунизмын алтан босгыг дөрвөн хөлөөр давах нь ээ гэж бачимдав.

-Санаа зоволтгүй. Бэлчээрийн монгол мал аяндаа тарвага шиг инстинктэй болох юм. Харин эрлийз малд тийм онцгой чанар байхгүй. Монгол бог өөрсдөө хөеөгөө бэлтгэнэ. Ичих нүхээ ч мөн өөрсдөө малтана гэж би тайван бөгөөд итгэлтэй хариулав. 

Захирал тэссэнгүй ширээгээ дэлсэн босон харайж,

-Малчид тэгээд юу хийж “хөдөлмөр өдрөө” авах болж байна? гээд над руу тэмүүлснээ аварга цэлгэр ширээн дээгүүрээ бөгтөрч унаад нагдаунд дутуу орсон боксчин шиг хоёр гар нь намайг дэлсэх санаатай агаарт сарваганав. 

Эцэст нь тэр бээр ухамсрын их хүч гаргаж уураа барьсандаа тэнцвэр алдсан маягтай салганасаар өндийж ирлээ. Тэгээд, 

-Хөдөлмөр хийлгээд байхад улам залхуу болоод байгаа малчид хөдөлмөрөөс хөндийрүүлчихээр хэрхэн хүмүүжих болж байна? Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэсэн сургаал маань хүчин төгөлдөр байна уу аль эсвэл чи өөрчлөөд хаячихав уу? Хөдөлмөргүй бол анархизмд нэгдлийн гишүүд аяндаа орох аюулын тухай чиний тархинд буусангүй юу? Тэгээд бас сэдвээ надаар хянуулахгүй энээ тэрээ гэж явна гэнэ ээ чи. Хонь ямаа өөрсдөө ичих нүхээ малтаж, ноохойгоо бас өөрсдөө зөөчихөөр хоньчид өвлийн хэдэн сар зүгээр сууна шүү дээ мал минь! Зүгээр суусан хоньчдод хөдөлмөр өдрийн хөлс олгосон нэгдлийн дарга нар цөм шоронд хатах болж байна уу ичдэг мал аа? Энэ чинь коммунист зарчимд харш хөрөнгөтний үзэл суртал. Хөлс олгохгүй бол хоньчид турж үхнэ биз дээ. Чи наад бөндгөрөө хэдийд гүйцэт ажиллуулж сурах эрдэм шинжилгээний ажилтан бэ гэв.

-Эрлийз малд ичих чадвар байхгүй болохоор малчид тэднийг өвчих ажил эрхлэх юм. Харин монгол бог сөл гандмагц ичнэ. Ногоо цухуйх үед сэрж ичээнээс гарна. Ичээнээс гарсан хонь ямааг хоньчид зун намрын улиралд отроор,

-Тэрийг чинь би муухан мэдэхтэйгээ байна гэж хашгирав. 

Уурсан шатаж буй захирлын халуун улаан нүүрэнд миний зохиосон мангуу ярианд эргэлзсэн тээнэгэлзээ одоо хэр арилаагүй нь гайхалтай.

-Ямаа хонь намар хээл авсныхаа дараа ичнэ. 

-Тэр ямар хамаатай юм бэ.

-Ичнэ гэдэг захирал минь энүүхэндээ ярихад хагас үхнэ гэсэн үг.

-Зүгээр бэлчиж яваа буянт малаа дутуу алах гэж байж гүйцэд унтуулчав даа эрдэмтэн гуай гээд ялимгүй зөөлрөв.

-Өвлийн хэдэн сар хөлдүү нүхний мухарт хагас мажийсан амьтны хэвлий дэх ураг бойждоггүй гэнэ.

-Тэгж таарахгүй хаашаа зайлахав.

-Тийм болохоор ичдэг амьтан бүхэн ноохойноосоо гармагц хөөцөлддөг онцлогтой.

-Өөрөөр хэлбэл орноосоо босмогц л эхэлдэг хэрэг үү?

-Тийм, харин миний хонь ямаа бол,..

-Миний гэнэ ээ. Чиний юм уу? Одоохондоо нийгмийнх гэсэн чинь өлзийтэй байх шүү.

-Тэр зөв, нийгмийн хонь ямаа маань ногооноор нүхнээсээ гарсны дараа хээл авбал төл хэнздэх проблемд ороод байна.

-За тэр! Хэн минь ороогүй байгаа проблемд орох гэж зүтгэхээ больё. Тэгээд ч улс эх орон минь хувьсгалын жилүүдэд орчихсон проблемүүдээсээ гарах гэж чардайгаад өнөөдөр нэгээс нь ч салж чадаагүй нь нууц биш.

-Гэхдээ би ичээндээ унтаж байгаа ямаа хонины хээл хэвлийдээ хэрхэн торних төсөл боловсруулчихсан. Эрлийз мал тэжээлээ хүнээр бэлтгүүлж, ам руугаа хийлгэж, бөөн хөрөнгө үрж байхад монгол хонь ямаа маань аргаль янгир шигээ хүний ямар ч оролцоо, зардал мөнгө гэхгүйгээр өөрсдөө идээшлэхээр барахгүй бас тарвага зурамтайгаа төстэй ичдэг гайхам нөөц чадвартай ажээ. Хонь ямааныхаа биологийг би ичдэг тал руу нь жаахан өгдөөх юм.

Царай нь нэлээд зөөлөрсөн захирал хэсэг тайвширч бодлогоширсноо,

-Зөвлөлтөд энэ талаар гарсан нээлт байна уу? гэнэ.

-Байхгүй.

-За тэр дээ, ашигтай байсан бол ах нар аль эрт хийчихнэ. Ашиггүй дээрээс л сонирхсонгүй. Чи ер нь Зөвлөлтийн хэвлэл хэр ашигладаг нөхөр вэ. Сүүлийн үед юу уншив?

-Хамгийн сүүлд Зөвлөлтийн эрдэмтдийн селекс явуулсан сүргээс хоёр толгойтой найман хөлтэй гажиг тугал гарсан тухай уншсан.

-Хараач хөөе, дөрвөн хөлтэй малыг наймтай болгочихож. Махны нөөцийг ах нар тэгээд л нэмэгдүүлчихэж. Мянган үхрээс дөрвөн мянга, саяас дөрвөн сая хөл мах коммунист намдаа илүү тушаана гэсэн үг гэхэд нь миний гайхаш барагдаад,

-Илүү толгойг нь та тооцоондоо оруулсангүй гэв.

-Нээрэн тийм, нэг үхэр хоёр толгойтой гэж байгаа. Толгой ч гэсэн махны нөөц! гэж хөөрхий захирал минь олзуурхан хашгираад, -Бэлэн ийм туршлага байхад чи ямар гай хайгаад байна. Ах нарыгаа дагасан хүнийг хэн ер нь яаж шоронд хийх юм бэ? Зөвлөлтийн туршлагаар ажилласан гээд л хэвтчих нь шүү дээ. Ах нарын туршлагаар хоёр толгойтой найман хөлтэй үхэр зохиох ажилдаа одоохон ор. Ах нарын өнөөдөр бол бидний нөгөөдөр гэж зааварлав.

Зааврын дагуу би ажилдаа орлоо. Орох ч гэж дээ, намайг шинэ ажлаа эхлээгүй байхад төсөв хөрөнгө нь дээрээс батлагдаад ирсэн юм чинь ажиллахаас өөр яахав, ажиллаж л сууна. (1978)

Description: 20220426_142852.jpg




ҮХЛИЙН ЦЭГ

Малын эмч Цанцал тоншуулын хуучин танил эмэгтэй. 300 гаруй км бартаат харгуй туучсаар бид хуучин танилынхаа өргөөтэй золговол хаалгыг нь том халтар нохой дарж хэвтчихээд оруулдаггүй. Алсаас даарч чилж зүтгэсэн болохоор баргийн нохойг өшиглөөд танилынхаа гэрт шалавхан дулаацмаар. Гэвч банхар халтар зулгааж буй хониныхоо толгойг харамлаад гэрийн нохойн бус хээрийн хөхийн хорслоор архирна. Түүний хоншоор час улаан цус болсноос шүд нь үдшийн бүрийд онцгой цагаанаар гялалзаж, архирах дууны нь доргионд давчхан өвөлжөөний хад цохио чичрэн цуурайтна. “Эмчилгээ тэжээлийн цэг” дээр золбин бишгүй тул гэрийн банхрын давуу эрхээр олж зуусан олзоо нохдод булаалгахаас айгаад хаалгаа дарж хэвтсэн тусгай хангамжит басар юмсанж.

Бидний чимээнээр нэгэн эмэгтэй гэрээс цухуйж, халтар нохойг хатавчнаасаа зайлуулах гэж ноцолдоод дийлсэнгүй. Нохой зулгааж буй хонины толгойгоо харамлаад эзэн рүүгээ дайрахаар хүчит моторын дуугаар хүржгэнэтэл ярдаглалаа. Эзэн нь биднээс нэрэлхсэндээ нохойныхоо хурц соёоноос халиралгүй банхрын далбагар чихнээс эзэн хүний итгэлээр аймшиггүй сүрхий чангаав. Гэлээ ч нохойгоо босгож чадсангүй. Эцэст нь гэрийн эзэгтэй нохойн амнаас хонины толгойг угз татан булааж хол шидвэл банхар халтар уурандаа бидэн рүү дайрснаа тэртээ хол өнхөрсөн толгойн хойноос арга буюу харайлгав. Хониныхоо толгойг бусад золбин үмхээд зугтчихна гээд сэтгүүлчдийг орхих шиг боллоо.

Бүрэнхий гэрт шигүүн хууз хар сахалтай идэрхэн эр хангинуур сүх ирлээд бидэнтэй үг солих дургүй агаад хурцалж буй сүхнийхээ торгон ирийг эрхийнхээ өндгөөр байн байн болгоомжтой тэмтрээд үлээхэд хангинуурын хурц ир жинхийнэ.

Уулзахаар зорьж очсон малын эмч Цанцал эзгүй. Хаачсаныг Хишиг-Өндөр сумын удирдлага таамаглах гэж тариа гашилгаад ямар ч хариу олоогүй ажээ. Цанцал уг нь баруун аймгийн хүүхэн бөгөөд тэр бээр нутаг явсан ч байж магадгүй гэнэ. Цанцал эмчтэй бид яах гэж уулзах гэсэн бэ гэвэл энэ эмч манай сэтгүүлийн өнгөрсөн оны 12-рт “Эмчилгээ тэжээлийн цэгийн эмч Ц.Цанцал сүүлийн хоёр сард цэгийнхээ малыг эмчлээгүй. Цэг дээр болон сууриудад олон мал хорогдуулсан мөртлөө сар бүрийн цалингаа урьдчилан бөөнөөр нь авдаг” гэж шүүмжлэгдсэн хүн.

Сүхний ир билүүдэж суусан эр энэ цэгт хамаагүй нэгэн гэнэ. Нохой хорьсон эмэгтэй цэгийн санитарчаар түр ажиллаж буй юм байна. Хичнээн малд ямар эм өгч, ямар эмчилгээ хийдгийг бидний ахлагч нам засгийн төв хэвлэл “Үнэн” сонины коллегийн гишүүн гэж өөрийгөө танилцуулах дуртай ахмад сэтгүүлч шалгааж албархахад мэдэх хүн гарсангүй цөм толгой сэгсэрч дэмий л нусаа татцгаав.

-Ямар өвчтэй малд ямар эмчилгээ үзүүлэх тухай эмчийн чинь гаргаж өгсөн бүртгэл байна уу гэвэл нөгөө эмэгтэй тийм журнал байдаггүйгээ хүлээлээ.

-Танай цэгт одоо хичнээн мал байна?

-Мэдэхгүй. Би саяхан энэ ажилд хүний оронд түр орсон хүн гэж Цэвэл гэгч бүрэг эмэгтэй тулгамдахад түүний нөхөр сүх ирлэгч хууз эр,

-Гурван зуугаад малтай гэсэн байх аа гэж эхнэртээ туслав.

Мал эмчилдэг, тэжээдэг байрны эргэн тойронд хагас дутуу өвчөөд хаясан хонь ямааны зовлог-сэг хөглөрч золбин ноход жинхэнэ оодорчээ. Саравчны хаалга татвал өлссөн хонь ямаа бидний хажуугаар гарах гэж ухаан мэдрэлгүй дайрлаа. Өл алдсан хонь ямаа гарч чадаагүйдээ бидний хувцсыг эгээ л ураад идчихсэнгүй. Эмчилгээ тэжээлийн цэг малын там болжээ. Буянт малаа ингэж зовоох гэж. Амины малаа бол ингэж тарчлаахгүй дээ гэх коммунист ухамсар минь огшоод ирлээ. 

-Энэ олон мал өлсөөд хүн рүү ингэж дайрлаж байна уу? 

-Цангаад ийм дор орчихсон амьтад. Цэгийн худаг намраас хойш ажиллаагүй юм гэлээ.

-Моторчин нь хэн бэ? Тэр нөхөр хаана байна?

-Моторчин нь Ганбат. Сумын төвд гэрээрээ суурин суудаг. Бид малдаа цас хайлж өгье гэхээр манай цэгт түлээ байхгүй гэж санитарч өгүүлэв.

Саравчинд амьтай голтой амьтан тогтохын аргаүй хүйтэн агаад хонь ямааны хөлдүү хорголууд хөл дор жижиг төмөр шаариг мэт өнхөрч бид тэшиж унах шахлаа. Ийм хөлдүү дошин дээр ядарсан мал яаж хэвтэх вэ. Эмчилгээ тэжээлийн гэх энэ цэг оёг эмгэгт туйлдсан малын чанга дэглэмтэй гяндан л юм даа. Өлбөрсөн өвчтэй олон малын хөл дор босож чадахаа больсон төлөг борлонгууд энд тэнд хавтгайгаараа тэлчлэхийг хараад “Хоёр гурван сарын өмнө нийтлэгдсэн “Тоншуул” сэтгүүлийн шүүмжлэл эдгээр малд тус болсонгүй дээ” гэж өөрсдийгөө буруутгав. Үзэг бийрнээс өөр зэвсэггүй тоншуулынханд “нийгмийн өмч” гэх буянт сүргээ аврах арга даанч алга. Амины мал болж төрөх, нэгдлийн мал болж төрөх хоёр мөн ч хол зөрүүтэй хувь заяа ажээ. “Эмчилгээ тэжээлийн цэг” гэх “сувилал”-д ирсэн эдгээр хөөрхийс үхсэн ч төлбөргүй учраас хэн ч өрөвдөж хайрладаггүй-амьдаараа тамд унасан сүрэг. Ийм цэг Монгол улсын бүх сум, бүх бригадад бий. (1986)

Description: C:\Users\Dell\Downloads\279184412_1124543655059605_5435360007552578601_n.jpg



“Тоншуул”-ын захиалга өссөн тухай дурсамж

Коммунизм байгуулахад саад бологчдыг Лениний онолоор хүмүүжүүлэх хөтөлбөртэй байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын тав нэмнэ. “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч МАХН-ын санхүүд жилд 500 мянган төгрөг оруулж, бид тав захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай. Захиалга өссөн нь бидний сайных бус. Социализмыг гоёчилсон бүх сонины 70 жилийн бялдууч магтаалд залхсан уншигчид нийгмийн ялзралыг гагцхүү шударга шүүмжлэл эмчилнэ гэж 80-аад оноос горьдоход хүрсэн билээ. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өссөн юм. Нам эвлэл үйлдвэрчин пионерийн гишүүд “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Пионерийн үнэн” сониноо албадлагаар захиалдаг бол “Тоншуул”-ыг сонирхлоороо захина.

Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээд түүхэнд тасраагүй бөгөөд тэд ихэс дээдэст ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Шог зохиолч-нийгмийнбохирын слесарь хүн. Даажинтай хувь заяандаа шог зохиолч гомдох илүү зан л даа. Яагаад гэвэл хорвоод тийм азгүй нэгэн төрөх ёстой агаад тэр тавилан надад оногджээ. Хувийн өмч устаж нийгмийн өмч ноёлмогц угийн залхуу монголчууд биеэ дайчилж чармайхаа цэглээд, лазганах залиар намынхаа онолоос илүүрхэв. Өөрийн гэх үзэлгүй, амины гэх өмчгүй хувхайрсан монголчууд тархиа унтраагаад, зөвлөлтөөр хөтлүүлэн коммунизм байгуулж эхэлсэн түүхтэй. Ингэснээр бид цөм шүдтэй тулам болсон бөгөөд тулманд гар хөл толгой байдаггүй. Ганц том ам л бий. Тэр ам нь дүүрэн шүдтэй нь ичмээр. Адгуус ичдэггүй. Хүн ичдэг. Ичихгүй болох тэнэгрэл.Ичих мэдрэмжийг бөхөөхгүйн төлөө зохиолч хошигнодог. Ичих жигших мэдрэмжээ алдсан нийгэм яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай.

Магтаал шүүмж хоёр шувуугаар бол нийгмийн хоёр даль нь юм. Магтаалын гал улаан ганц далавч 70 жил дэвснээр хөгжил нисээгүй. Ганц далавчаар нисдэггүйг Монгол эдэлсэн. Би бээр 18-аас 82 нас зооглотлоо нийгмийн бузрыг нимгэлэх санаатай ганц бяцхан шог хошин далиараа дэвсээр хөдөлмөрийн чадвараа барав. Урамшуулдаг, шүүмжилдэг хос далиар дэвсэн бол зөв байж. Ойлгошгүй гүн ухаатан болох уг нь бохирын слесарь явахаас хялбар. Учир нь өөрөө ч ойлгохгүй юм биччихэд л хэн ч хүрч ухаарахгүй суут сэтгэгч болчихно. Огт утгагүй юмыг хэн ер нь яаж ойлгох билээ. Тийм марзан зам сонгож маяглах гүн ухаан надад азаар заяасангүй. Өөрийн ба өрөөлийн араншингийн буртгийг ариусгах санаатай зохиол оролдож буйгаа би эрих имэрч маани мэгзэм уншиж байна хэмээн өөрийгөө хуурч өвөрт ороод ирсэн үхлээ зөөлрүүлж хэвтнэм.

Ардчиллыг зоргоороо туйлах диваажин гэж мунхагласан Монголд хошигнох оюунлаг торгон авъяас үнэгүйдэж, бүдүүлэг хараал брэнд болов. Зүхүүлсэн зүхсэн хоёр хэвлэлийн хурал хийснээр нэг бол хоёул буруутай, нөгөө бол хоёул буруугүй гээд замхарна. Намуудын шуналын бузраар саажилттай торнисон салга дэн дун монгол ардчилал-юун хошигнох манатай. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Энэ байдал руу авъяасгүй мань түлхсэн биз. Зөрчилд идэгдсэн нийгэм дөжирч цөхрөөд эмзэглэхээ больчихож. Иргэдээ ичдэггүй болгоод хаячихаж нөгөө эрх чөлөө чинь. Хошигнож инээнэ гэдэг ариусал байж. Бузар булайг эрс жигших ёс хаана байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай юмсанж. (2022)



ЭРЛЭГИЙН ЭЛЧ

Намайг хүн уулзъя гэж хэлүүлжээ. Болзсон газар нь очвол жир нэг эр угтлаа. Хэн хаанаас явааг тодруулбал тэр бээр өөрийгөө Эрлэг номун хааны элч-менежер гэж танилцуулав. “Тоглоомтой моньш вэ” гэж би сэм унтууцаад,

-Би хэдий хошин зохиол бичдэг ч наян насанд чамтай марзаганах тэнхээ алга. Дүү минь хэрэг зорилгоо өвөөдөө шууд хэлчих гэвэл тэр янзгүйрхэж,

-Эрлэг номун хааны элчийг очиж очиж эмгэн болж эрийн хийморь гутаадаг хошин шог жүжигчидтэй адилтгаж бүү доош хий. Оноогүй зүйрлэлдээ уйчлалт гуй. Ажил хэрэгч эрлэгийнхэнд марзганах зан харш. Таныг авах гэж ирлээ. Та Цэндийн Доржготов мөн биз дээ? гэж албархав.

Эрлэгийн элч ингээд мануусын дунд явж байна гэхэд миний бие нэг л итгэж өгсөнгүй. Тэр ч байтугай намайг авах гээд тулган шаардаж байдаг. Ная дөхөж үхэх нас тулсан ч нөгөө ертөнцөд гэнэт ингэж ёс төргүй хөөгдсөндөө юу гэж өчихөө мэдэхгүй балмагдсан буурай-намайг хэнхэг шинжтэй элчид өрөвдөх янз алга. Энэ золиг өрөвч сэтгэлээ ор тас орхихоо Эрлэг номун хаанд андгайлж харгис тахар болоо бий. Хувьсгалт намд элсэхэд хар шар феодлуудыг өчүүхэн ч өрөвдөхгүй устгана гэж тангараглаж явснаа гялс санах зуурт “Номун хааныд ажилд ороход бас л өндөр босготой байлгүй” гэж хатуу элчийг зөвтгөв. Тэгтэл,

-За бушуул явъя! Танай хотоос осол, архины хордлогоор Эрлэгт явах гэнэтийн дуудлага Солонгост ажиллах захиалгаас давж, Эрлэг номун хааныхан илүү цагаар ажиллаад ч барахгүй байна гээд нойрмог элч яаравчлахад би,

-Та надтай хүн андуураагүй биз? гэж лавлаж үзэв.

Эрлэгийн менежер гар утсан дахь хүмүүсийн нэрс шүүрдээд,

-Цэндийн Доржготовыг авч явах томилолт энд байна гэнэ.

Бултах гарцгүй болох нь энэ үү гэсэн ёозгүй совин татуут би,

-Таны авч явах хүн Цэндийн Доржготов биш Цэндийн Нямдорж байлгүй гэж зөвлөсөн маягаар нохойтвол нойрмог ядруу элчийн тэвчээр барагдаж,

-Эрлэг номун хааны өмнө чи муу байтугай НҮБ-ын аюулгүйн зөвлөл ч шонгүй. За явъя гэж шавдуулав.

-За би явъяа. Явах нас минь ч болсон. Гомдолгүй. Харин тонилохынхоо өмнө үр дүнгийн нь үзмээр Монголын минь хэдэн төсөл бий. Тэр төслүүдээс нэгийг нь ч атугай биелэхийг харчихаад явахыг минь та зөвшөөрөөч. Тонилох хүн-надад төслийн өгөөж хүртээлгүй ч үлдэх хойч үе минь ашиг хүртэж сэргэх тул санаа амарч шулуудаад юунд ч хорогдохгүй зайлах гэсэн юм.

-Эрлэг номун хаан хүний эрхийг дээдэлдэг тул эцсийн хүсэлт-төслүүдээ тодруул. Хүсэлт чинь зөвхөн өөрийнхөө хар амины төлөө бус үлдэж буй олныхоо тусын тулд бол тийм буянлаг чанарт манай шүүх ач холбогдол өгдөг.

-Миний хүсэлт Монголын ард түмний төлөө юм.

-Сайн байна. Одоо хүсэлтээ хэл. 

-Юуны өмнө хог хаягдлаа боловсруулахыг үзээд үхмээр байна.

-Зүйтэй. Хог хаягдлаа булж шатааж газар тэнгэрээ бузарлалгүй эрчим хүч болгон ашигладаг туршлага танай Улаанбаатраас бусад дэлхийн бүх хотод аль эрт дэлгэрсэн. Харин та хогоо ангилж хаядаг уу?

-Үхэхээсээ өмнө хогоо ангилан хаяж суръя гэж үрчгэр нүүрээ улайлган өчив.

-Та өөрөөсөө л эхлэх нь дээ. Өөр томхон ямар төсөл хэрэгжихийг хүлээж байна? гэнэ.

Энэ агшинд би ноцтой гацсан төсөл хэлж амьд явах хугацаагаа сунгая гэх ухаан сийлээд,

-Орос олигархиуд цахилгаанаа өөрийндөө борлуулдаг өртгөөс 9 дахин өндөр үнээр байнга шахаж байхаар манай муусайн сайд нарыг дарамтлаад эрчим хүчний эх үүсвэр бүрийг маань гацаав. Өвөө нь цахилгаанаа дотооддоо хангадаг өөрийн эх үүсвэртэй болохыг үзээд үхмээр байна гэв.

-Хараач хөөе. Асар урт наслах болзлоо зөнөг өвгөн олчихлоо гээд элч эгдүүцсэнээ, -Дараагийн хүсэлт? гэж соёлтой зөөлөрлөө.

-Овор ихтэй нүүрс, хүдэр, баяжмалаа төмөр замаар зөөж тээврийн зардлаа 4 дахин бууруулж, цэвэр ашгаа 3 дахин нэмэхийг үзээд Эрлэгт очмоор байна.

-Уухай. Олны төлөө хүсэлт гэдэг чухам энэ чинь мөн дөө гэж Эрлэгийн элч намайг магтав. 

Би ширүүн дарга харахаараа бялдуучилдаг дарангуйллаас олсон бааштай ч зөөлөн дарга харахаараа эх оронч үзэл бадруулдаг ардчилагч болсон тул,

-Эх орныхоо нефтийн ордуудыг олборлож, боловсруулах үйлдвэр байгуулж, шатахууныхаа хэрэгцээг хангаж, хараат байдлаас гармаар байна гэв.

-Хараат байдлаасаа гараач дээ. Хэн та нарыг хорьсон юм бэ?

-Оросоос үхэтлээ айдаг сэтгэцийн удамшсан архаг эмгэгтэй манай удирдагч нар эрчим хүч, төмөр замаа хойд хөршийн зангаагаар янз бүрийн худал арга саам хэрэглэн зогсоож, эх орноо хорлодог гэж Эрлэгийн элчид олив.

-Та нар “орос орос” гэх шалтаг тоочиж суухаар авилгад шүлэнгэтэж, иргэдээ хоосолдог шуналын тулам эрх баригчдаа дэглээч.

-Яг үнэн. Татвар төлөгчдийн мөнгө, газрын баялгаас хумсалсан олигархиуд илэрч хэвлэлээр шуугидаг. Тэдний хулгай луйвар нотлогдож, нийтэд ил дол болж, шүүхэд шилждэг ч том “гар”-уудын дохио зангаагаар замхардаг. Хулгайчид шоронд орох байтугай шүүхээр хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй учраас буруутан биш гээд УИХ-ын гишүүн, сайд, ерөнхий сайд, бүр ерөнхийлөгчөөр сонгогдоно. Сонгож байгаа, сонгогдож байгаа бүгд ёс зүйгээр ялзарчээ. Хяналтаас хальсан ялзрал дэвэрч залуусын нялх тархийг гэмтээв. Энэ бол сүйрэл. Төр ялзрах, тархи ялзарч буй гамшиг. Төр засаг монгол жудгийн оргил байхыг бид хүсдэг. Манай шүүх хулгайчдыг танай Эрлэг номун хаан шиг хараат бусаар шийтгэж, ядуусыг хохиролгүй болгохыг үзэж баярлаад үхье гэлээ. Эрлэгийн менежер,

-Яасан даварцан хүсэлтэй гар вэ чи гэж хошигноод, -Үхэхийн өмнө эцсийн удаа хүсэж буй юм байна гэж хүндэтгээд чамайг тэвчээртэй сонслоо. Нэрлэсэн төслүүд чинь бүгд геополитикоор гацсаныг чи мэдэж байна уу хэмээн нүд нь нөгөө ертөнцийн гэлтэй сайхан ухаажив. Би ч зүрх орж шулуудлаа: 

-Даварсан авилга луйвар хулгайд бузартсан эх орноо ариусахыг үзэхгүй бол миний гол тасрахгүй нь. Том хулгайчдыг хойд насанд нь танай Эрлэг шударгаар шүүх нь мэдээж. Эрлэгт тэд хэрхэн шүүгдэхийг энэ насныхан мэдэх боломжгүй учраас тэдгээр хулгайчдыг амьдад энэ ертөнцийн шүүх хэрхэн яллахыг харуулбал бусдад дохио болох сон. Задарсан хулгайч луйварчид ял яаж сонсохыг үзээд үхье гэсэн саваагүй зан надаас салахгүй байна. Та надад хүслээ биелэхийг үзэх хувь заяа хайрлаач. Шударга ёс, шударга бусыг дийлдэг журам Монголд тогтохыг хараад Эрлэгт очиж сайн муугаа шүүлгэе гэв.

Эрлэгийн менежер хэсэг бодсоноо, 

-За яахав та хүсэлтээ биелүүлээд үх. Таны хүсэлт Монголд биелтэл дор хаяж 70 жил энүүхэнд. Та ч мөнхөрчээ гэж дооглонгуй мушийгаад нэг мэдэхнээ нөгөө элч зурагтын дэлгэц солигдох мэт алга болсон байлаа.

Гэнэгүй сууж байгаад ийнхүү 70 жилээр шагнуулав. Сайхан санагдсангүй. Монгол минь төөрөгдөл, сэтгэцийн эмгэг, луйвар хулгай, авилга хээл хахууль, хуулиа нулимах, залхаг заваанаас хагацахад дор хаяж 70 жил болох гэнэ. Яасан харамсалтай вэ. Би зөндөөн уйллаа. Насанд дарагдсан буурайн нулимс сул асгардаг юмсан хойно. Төсвөөс төрсөн тэрбумтнуудаас салах хугацааг наашлуулах гэж уйлж буй минь тэр. Луйвар хулгайд идэгдсэн ийм завхарсан оронд нэмж 70 жилийг яаж элээх вэ гэж уйлж буй минь тэр. Төр Засгийг жанжилсан урвагч хулгайч луйварчдыг өнөө маргаашгүй цэвэрлэвэл би шууд тайвширч зовлонгүй нүд аних янзтай. Цаашид миний хэдэн жил амьд явах хугацаа Монгол цэвэрших хурдаас хамаарах нь. Монголчууд минь хогоо ангилж суръя. Би мөнх бусыг үзмээр байна. Хагас зуун жил улигласан хаягдал боловсруулах үйлдвэрээ бариач. Эцсийн эцэст тийм үйлдвэр үзэж амармаар байна. Эрхэм шүүгчид ээ, дээр өгүүлсэн хэдэн олигархийн хулгайг даруй шийдээд аль. Би яарч байна. Урвагчдыг хашраавал зам шуудрах сан. Өөрөө өөрийгөө тагнаад засгийн эрх хууль бусаар авсан шившигт үйлдлийг масс “шударга үнэний ялалт” гэж уухайлсаар. Ядуусыг дундчууд болгох гуравхан хувь хүүтэй зээлийг томчууд булаачихав. Ёс суртахуунаар ингэтлээ ялзарсан төр засагт ой гутаад дээж өргөх сүжиг унтрав. Зохиолч уншигч нартаа төрөө дээдлэхийг уриалдаг. Миний мэргэжил төрийн ялзралд бусдаас эмзэг ажээ.

“Орох орон оочих аяга, хоногийн хоолтой бол дээдсийн ёс суртахуун ялзрах яамай” гэх хэнэггүй үхээнц зан, идэвхтэй зарчмаар солигдоосой гэж залбиръя. Эрх баригч-хулгайчдын доромжлолыг хүлцдэг уужуу ардууд минь өөрийгөө боддоггүй юм гэхэд хойч үеэ хайрлаач. Өвгөн би төрөө ариусгах номнолоо орхихгүй бичсээр байх болно. Намайг ад үзэх нь үзэг. Хүн ам ялангуяа залуу үе ийм булай төр засгаас ямар дууриал авч, яаж дээдлэх вэ. Ариун дагшин оронд хулгай луйвар амьдрах чадвараа алддаг. Хөгжил-ариусал. Хэрэг нь эцэслэн шийдэгддэггүй дархан хуйлгайчдаас сүйтгэлээ нүдний өмнө тоо ёсоор төлүүлээд миний шагналын 70 жилийг хүчингүй болгоод өгөөч. Бүгдээрээ хүч хавсарч хөгжлийн хурдаа нэмээд, намайг 70 жил дахин зоволгүй жамаараа тонилоход туслаач. Хөгжил түргэсэж, эх орон цус сорогчгүй цэвэршээд, хойч үеийн зовлон нимгэрвэл насанд дарагдсан би бээр дуртайяа Эрлэгт шүүлгэмээр байна. Энэ насандаа үйлдсэн нүгэл буянаа тунгааж дэнслээд тонилох эр зориг минь бадарлаа. Намайг азтай хувь тавилан тосоод авна гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн үйлс Монголд үнэ орсон цагт шаналлаасаа хагацахыг Эрлэгийн элч зөвшөөрсөн. Шаналлаасаа хагацаж амар амгаланд шингэхийг яарнам. Монголоо ариусахыг тэсэж ядан хүлээнэм. Насан туршийн төөрөгдөлд битүүрсэн хөөрхий монгол толгойд шинжлэх ухааны гэгээ нэвтрэх сүв нээгдэхийг ерөөе. (2018)

Description: 20220426_143033.jpg