-фельетон-

Ард түмэн эсэргүүцэж байна.

-Шинэ барилга барина гэнэ үү, тэр буруу. Тэгсэнд орвол хуучин барилгаа нураагаад эргүүлж барихыг шаардаж байна. Хуучнаасаа салах нь шинэчлэлийн үндэс гэдэг сургаалыг санацгаая.

-Цалин нэмэх гэж байгаа нь буруу. Энэ буруу үйлдлийг даруйхан зогсоогоод, түүнийхээ оронд ажлын хөлсийг нэмэгдүүлэх ёстой.

-Хуучин барилгаа нурааж байна гэсэн үү? Ард түмээн, түүхийн дурсгалаа хамтдаа хамгаалцгаая. Дэлхийн хөгжингүй орнуудад хуучин барилгаа нураахын оронд шинэ барилга барьдаг. Дэлхийн жишгээр хөгжихийг хатуу сануулж байна.

-Төрийн албаны орон тоог цөөрүүлэх нь буруу. Манай төр дандаа буруу юм хийх гээд байгаа нь харамсалтай. Тэгсэнд орвол төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөх ёстой. Эсвэл улсын төсвөөс цалинждаг ажлын байруудыг багасгасан ч болно.

-Гүүр барих гэж байгаа нь тодорхой боллоо. Гүүр барихыг бол эрс эсэргүүцнэ. Тэрний оронд гүүр тавих ёстой.

-Уул уурхай ашиглахыг хатуу эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол баялгаа ухсан нь хамаагүй дээр.

-Гадаадын зээл тусламж хэмээх шившигт явдлыг зогсоохыг шаардана. Тэгсэнд орвол баян орнуудаас мөнгө гуйсан нь хамаагүй дээр.

-Хулгайчийн гарыг тасалдаг хуулийг сэргээхийг шаардаж байна. “Үзүүрийг таслахаар үндсийг тасалдаг төртэй байхыг хүснэ”. Гар байгаа учраас л халаасны хулгай гардаг гэсэн судалгаа байна. Хулгайчийн гарыг таслаад иргэдийн халаасыг оёчихвол хамаг асуудал үндсээрээ шийдэгдэнэ.

-Согтуу хүмүүсийг эрүүлжүүлж байгааг төрөөс зогсоох ёстой. Хүн өөрийн санаачилгаараа эрүүл бус болж байхад чинь. Эргүүлээд эрүүлжүүлдэг нь юү гэсэн үг вэ? Хүний эрх зөрчин эрүүлжүүлсэн иргэдээ эргүүлж согтоонхуучин хэвд нь оруулж байхыг шаардая.

-АТГ луйварчдыг барьж байна гэнэ үү? Тэр буруу. Даргыг нь солих хэрэгтэй. Авилгачдыг барих биштавих ёстой. Хэд сайн тавиад өгөхөөр хулхи нь буухгүй хаачдаг юм бэ, муусайн авилгачид. 

-Дэлгүүрт “Хүүхдийн сүү” зарж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдийг саах нь муухай. Тэгсэнд орвол “Насанд хүрсэн хүний сүү” зарах нь хамаагүй хүмүүнлэг. Бодвоос, том хүнээс их ч сүү гарна.

-Машиныг дугаараар явуулна гэнэ үү? Эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол дугуйгаар нь явуулбал хамаагүй хямд тусна.

-Хятадууд орж ирж байгааг эргүүцэж байна. Монголын төр хятадуудыг ирүүлэхгүй оруулах арга бодож олох ёстой. Тэгж чадахгүй бол ядахнаатэднийг оруулахгүйгээр ирүүлэхийг шаардаж байна. 

-Машины дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж байгаа нь тэнэг үйлдэл. Тэгсэнд орвол нэг өдөр нь тэгш тооны машиныг хөдөлгөөнд оролцуулаад , маргааш нь хотод явж байгаа машины нийлбэр сондгой тоотой байхаар зохицуулбал хамаагүй хямд тусна.

-Тэр “Жорлонгоо өөрчилье” гэнэ үү? Тэрийг сайн ойлгоогүй ч гэсэн эсэргүүцэж байна. Ер нь ойлгож ядаад байх юмгүй, буруу л байж таарна. Жорлонгоо өөрчилсөнд орвол бие засалтаа өөрчлөх нь,бие засалтаа өөрчилсөнд орвол идэхээ өөрчилсөн нь хамаагүй дээр.

-Бас тэр “Хөрсний бохирдол” яриад байгаа хүмүүст “Хөрсний бохирдолтой тэмцсэнд орвол агаарын бохирдолтой тэмцсэн нь хамаагүй дээр” гэдгийг сануулъя. Харин “Агаарын бохирдолтой тэмцэх хороо”-ныхонд “Хөрсний бохирдол их байхад та нарын наад хийж байгаа чинь ямаар ч нэмэргүй” гэдгийг сануулах юун.

-Цөөн хэдэн хүнтөрийн өмчийг хулгайлж байгааг эсэргүүцэж байна. Олонхи нь тэгээд яах болж байна.

-Ерөнхийлөгч “авилгачидтай тэмцэнэ” гэж байна. Тэдэнтэй нийлж оогт болохгүй. Тэмцэх гэж байгаа бол авилгачидтайбиш, бидэнтэй хамт тэмцэх хэрэгтэй. “Ленин бидэнтэй”, “Нам ард түмэнтэй”...мэднэ ээ?

МИАТ-ыг хувьчилна гэнэ үү? Тэр болохгүй. МИАТ-ыг хувьчилж идэх гэж байгаа юм. МИАТ-ыг идэж болохгүй, тэгсэнд орвол уусан нь хамаагүй дээр. 

Эрдэнэтийг яана гэнэв, тэр ёстой буруу. Яасанд орвол яасан нь хамаагүй зөв.

-Ард түмэн жагсах гээд төв талбай дээр ирэхээр тэнд нь ард түмэн жагсаж байдаг энэ замбараагүй байдлыг эцэслэхийг бас шаардаж байна.

-Эцэст нь, эсэргүүцмээр юм ч олдохоо байсныг эсэргүүцэж байна.