Төмөрбаатарын Аюурсайхан. “Аста Пресс” компанийн ерөнхий захирал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх. Чингэлтэй дүүргийн Засаг дарга. МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга. ШӨХТГ-ын дарга. УИХ-ын гишүүн. Байнгын хорооны дарга. УИХ-ын дэд дарга Аюурсайхан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. Яллагдагч Аюурсайхан. “Ард түмний хайртай хүү” гэсэн тодотгол нь ч түүнийх...

Энэ бол Т.Аюурсайханы 2000 оноос эхлэн Монголын улс төрд 23 жилийн хугацаанд бүрдүүлсэн имиж, зурсан замнал, албан ёсны намтрынх нь жин дарах үзүүлэлт. Нам, засгийн албан тушаалд үргэлж дээш өгссөнөөрөө МАН дотроо, үеийнхэн дундаа чамлахаар, байдаг л жирийн нэгэн, жижиг хэмжээний улстөрч биш гэсэн үг. М.Энхболдыг МАН-ын даргаар хоёр дахь удаагаа ирэхэд Шинэчлэлийн хороог байгуулж, намынхаа “Цагаан ордон”-ы үүдэнд гэр бариад тэмцсэн тэрбээр эмхэлсэн Засгийн газрынх нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсгийг УИХ-ын гишүүний хувиар цуглуулж ноцож л явлаа.

Удалгүй М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах дэглэлттэй “МАНАН”-гийн эсрэг гэх жагсаалыг Төв талбайд зохион байгуулж, түүгээрээ “Ард түмний хайртай хүү” тодотголыг хүртэж байлаа. Ерөөс улстөрч М.Энхболд, Т.Аюурсайхан нарын хооронд эрх ашгийн ямар зөрчил, хагарал байдгийг хэлж мэдэхгүй. М.Энхболдыг ирэхээр л эсэргүүцэж, эсрэг урвал үзүүлдэг нь Т.Аюурсайханы намдаа ч, нийгэмдээ ч дархалсан бас нэг дүр нь. Сонирхолтой нь, энэ бүхэн нь ардаа ямар нэгэн шан харамж, албан тушаалын энтэй байж ирсэн нь өөр нэгэн үнэн.

Шинэчлэлийн хороог байгуулаад удалгүй МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, улмаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ШӨХТГ-ын даргаар тохоон томилогдсон нь маргашгүй үнэн. Намтрынх нь нэгээхэн “чимэг”. УИХ-ын гишүүн болсных нь дараа Шинэчлэлийн хорооны даргын сэнтийг “өвлөсөн” журмын нөхөр Б.Ганхуяг нь "Эрдэнэс Тавантолгой"-н Тэргүүн дэдээс гүйцэтгэх захирал болтлоо дэвшиж амжсан л юм. Магадгүй тэр ямар ч зорилгогүй тэмцдэггүй, харин ч үргэлж өөрт ашигтай байрлалаас давхар нүүж ирснийг эндээс харж болохоор. Улстөрч хүний л араншин юм.

Гагцхүү улс төрд үргэлж өгсөх хувьтай явсан Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанд очоод хагас жил ч хүрэхгүй хугацааны дараа буух нь. Үндэслэл нь нийгмийн нүдний гэм болсон нүүрсний хулгайн хэргээр. Авлигатай тэмцэх газрын комиссаруудын хэлснээр түүнд Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Санаж байгаа бол оны өмнөхөн АТГ-гаас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүнийг анх олон нийтэд зарласан. Тэнд нэр дурдагдсан УИХ-ын долоон гишүүний нэг болох Ш.Раднаасэд “Би Б.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Тэр чинь Т.Аюурсайханы л хүн. Т.Аюурсайханы туслахууд бүгд хоригдсон байгаа” гээд Авлигатай тэмцэх газрын үүднээс мэдэгдэл хийж байв. Нэг намаас нэр дэвшиж, нэг танхимд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг элээж буй Ш.Раднаасэд Т.Аюурсайханыхаа төлөөний хүмүүсийг хаана ямар албатай явдгийг эрхбиш мэдэх л учиртай. Нэг үгээр Т.Аюурсайханд холбогдох хэргийн үзүүрээс атгасан хуулийнхны үндэслэл тийм ч оргүй юм биш байжээ.

Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компаниас шанага нүүрс ч аваагүй хэмээн мэдэгдсэнээсээ хойш гурван сарын дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Т.Аюурсайханы асуудлыг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахаар Засгийн газраас албан бичиг хүргүүлжээ. Албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг парламентад оруулж ирснээр Ерөнхий сайд захирамж гаргана гэсэн үг. 

Ийнхүү М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан дөрөв, улс төрөөс явуулсан гурав дахь жилийн өнгөн дээр түүнээс хамгийн их “харшил”-тай Т.Аюурсайхан АТГ-ын тогтоолтой яллагдагчаар татагдлаа. Ингэхэд Т.Аюурсайханы жинхэнэ төрх яг аль нь вэ? Тэр тэмцэгч үү? эсвэл зохион байгуулалттай гэмт хэргийн автор уу? Эсрэгээрээ “Ард түмний хайртай хүү” болтлоо өргөмжлөлийг хүртэх эрхтэй шударга нэгэн үү?. Энэ бүхнийг цаг хугацаа л харуулна, тохирох хариултыг өгч таарах нь.

UZEG.INFO