Тамхинд дуртай хэн байхав
Ийм их мөнгөний бизнест улс төр, нийгмийн томоохон лобби бүлэглэл байхыг үгүйсгэх аргагүй.
Тамхи том бизнес
2021 онд дэлхий даяарын нийт нүүрсний орлого 790 тэрбум ам.доллар байхад нийт янжуур тамхины орлого үүнээс ч илүү буюу 850 тэрбум ам.доллар байж /statistica.com/. Хятад улс тамхи “шатаахдаа” нүүрс шатаахаасаа илүү мөнгө зардаг. Дэлхийн дунджаар нэг “пальчик” янжуур тамхи нэг тонн коксжсон нүүрстэй ойролцоо үнэтэй бөгөөд тээвэрлэлт, хадгалалт хялбар, ямар ч эдийн засгийн хямралд өртдөггүй, чимээгүйхэн урсаж маш их мөнгө эргэлддэг хорхой хүргэм бизнес. 20-р зууны эхээр тамхийг зөвхөн биеэ үнэлэгч хүүхнүүд татдаг гэсэн хатуу хэвшсэн /taboo/ ойлголт ноёлж, эмэгтэйчүүд янжуурын тухай бодохыг ч хүсдэггүй бузар эд гэж үзнэ. Манай соц үеийн кинонуудаас “Нүгэл Буян”-ы Тоо Хуар л тамхи татдаг. 1929 оны их хямралын үед тамхины компаниуд “эмэгтэйчүүд ч бас эрчүүдтэй ижил тэгш эрхтэй”, “тамхи бол эмэгтэй хүний эрх чөлөөний бамбар /torches of freedom/” гэсэн малгайтай аян өрнүүлж, эмэгтэйчүүдийн тамхидалт фэминизмийн нэг илэрхийлэл болж, Холливудын кинонд эмэгтэйчүүд янжуур уушиглаж эхэлцгээв. Хэдхэн жилийн дотор “янханууд л тамхи татдаг” гэсэн хөшүүн ойлголт бүрэн эвдэгдэж, тамхины компаниудын орлого суга өссөн тухай пиарын түүхэн домог бий. Тамхины лобби дэлхийд хүчтэй. Монголд ч бас чимээгүйхэн мөртлөө 610 гаран тэрбум төгрөгийн зах зээл /200 сая ам.доллар/ янжуур тамхинд эргэлдэж байгаа нь манай ноос, ноолуурын нийт экспорттой дүйхүүц тоо. Гурил, будаа, сүүн тарагны зах зээлийг хэд нугална. Ийм том бизнесийн нийт 85 хувийг импортлогч хоёрхон компаний гуравхан бүтээгдэхүүн одоогоор ноёлдог гэх. Ийм их мөнгөний бизнест улс төр, нийгмийн томоохон лобби бүлэглэл байхыг үгүйсгэх аргагүй.
Моод Монголоор дуусдаг
2010 -аад оноос чип микросхем, хагас дамжуулагчтай зэрэгцэж огцом цойлсон баттерэйны хөгжил өнөөгийн энэ бүх ухаалаг, цахилгаан төхөөрөмж хөгжих нэг том суурь нь юм. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ч гэдэг. Чухамхүү баттерэй цэнэгээ удаан барьж, илүү хөнгөн жинтэй болж чадсан учраас л дроны жин хөнгөрч, нисэлтийн хугацаа уртсаж, олимпын нээлт, кино зураг авалтаас эхлээд бүс нутгийн дайн тулаанд ч голлох үүрэг гүйцэтгэж эхлэв. Гэр ахуйн бараанаас хамгийн их цахилгааны чадал шаарддаг нь тоос сорогч. Баттерэй сайжирсанаар утасгүй, автомат тоос сорогчууд хүртэл гэнэт олноороо хэрэглээнд нэвтрэв. Эдгээр гоё ухаалаг төхөөрөмжтэй зэрэгцээд хүмүүсийн болгоомжилсон нэг бүтээгдэхүүн шинээр төрөн гарсан нь электрон тамхи юм. Уг нь тийм шинэ зүйл, шинэ төрлийн химийн урвал биш л дээ, баттерэйны хөгжлөө хүлээж байсан хэрэг. Европ, Япон, Солонгос, зүүн азийн зарим орнуудад 2017-2018 оны үед койны халууралтай яг зэрэгцээд цахилгаан тамхины халуурал эхэлж, нийгэм даяар хэлэлцүүлэг өрнөж, тохирох хууль, татвар нь батлагдсан юм. Электрон тамхи нь ковидын вакцин шиг “гүйцэт судлагдаагүй” бүтээгдэхүүн гэж хүмүүс болгоомжилдог. Зорилготой ба зорилгогүй вакцин эсэргүүцдэг бүлэглэл байдаг шиг электрон тамхи эсэргүүцдэг хүчтэй бүлэглэл дэлхий даяар бий. Манайд ч бас байх шиг бололтой сүүлийн үед электрон тамхийг гадуурхаж эсэргүүцсэн илт зорилготой пост, мэдээлэл, “тролл” хаягууд идэвхжив. Гэхдээ жаахан нягталж харвал одоо манай цахим орчинд сэвж буй “электрон тамхинд хордогч”-ийн нүд хальтирам зураг, электрон тамхи эсэргүүцсэн “судлаач эрдэмтдийн дүгнэлт” зэрэг нь бүгдээрээ 2015-2017 онд гадаад улс орнуудад яваад өнгөрсөн зорилготой ухуулга мэдээлэл, тэр үед гадаадын цахим орчинд “сэвсэн” пост, зурагнуудын маруухан орчуулга байдаг юм. “Моод Монголоор дуусдаг” гэдэг шиг аль 4-5 жилийн өмнө дэлхийд яваад өнгөрсөн койн, электрон тамхины давалгаа одоо л манайд шинэ үзэгдэлболчихоод буй хэрэг.
Ялгарал би ижилсэн
Никотин бол херойн, кокайны дараа орох топ гурван донтуулагчийн нэг. Хүн архинаас гарч чаддаг ч тамхинаас тэр бүр гарч чаддаггүй нь никотинтой холбоотой. “Тамхийг хаясан хүнд бүү итгэ, тамхийг хаяж чадсан юм чинь чамайг ч хаяж чадна” гэсэн хөнгөн ёжлол угтаа тийм ч хөнгөн утгатай биш юм. Цахилгаан ба утаат тамхи аль аль нь никотинд донтуулна. Англи хэлэнд “vaping” гэж шинэ үйл үг нэмэгдэж, түүнийгээ ч хууль журамд тодорхой зохицуулж оруулжээ. Учир нь “vaping”, “smoking” хоёр ялгаатай ойлголт. “Smoke” буюу утаа, “vapor” буюу “уур”, “униар” гэсэн утгаас гаралтай. Vapor гэж үгийг толь бичгээс харвал тогтсон монгол орчуулга алга. Ингэж ялгаж салгадаг нь зарчмын хэдэн учир шалтгаантай. Юуны өмнө утаат тамхи эргэн тойрондох хүмүүсээ давхар хордуулдаг бол электрон тамхи нь зөвхөн өөрийгөө л хордуулдаг “шударга” бүтээгдэхүүн. Тамхины утаа амьсгалах нь тамхи татсантай ижилхэн хорддог гэж бид насаараа цээжилж тогтоож авсан даа. Дараагийн том ялгаа нь шаталтаас үүсдэг нэг төрлийн давирхай буюу тамхины бохь электрон тамхинд байдаггүй. Тамхины бохь бол никотиноос ч хортой, хамаг хорт хавдрын үүсгэгч золиг. Дэлхий дээр нэг тэрбум хүн тамхи татаж, эдгээрээс найман хүн тутмын нэг нь тамхинаас гарах оролдлого жилдээ дор хаяж нэг удаа хийдэг. Манайд ч тиймэрхүү хувь процент гарч ирэхболов уу. Гэхдээ никотины донтолт маш хүчтэй учир хүншууд гарчихаж чаддаггүй, бага багаар багасгаж аажимхан гардаг зарчимтай. Анх тамхины бохь гэдэг хамгийн хортой хэсгийг нь бүр салгаж хаях, никотины хэмжээг аажимхан бууруулах үндсэн зорилгоор “vape” төрлийн бүтээгдэхүүнүүд нийгмийн хариуцлага маягаар бүтээгдсэн түүхтэй. Вэйпээр дамжуулж тамхинаас гарсан хүмүүс олон бий. Харин вэйпээс гарахын тулд утаат янжуур татна гэж байхгүй. Анхандаа янжуур үйлдвэрлэгчид шоолж байсан ч сүүлдээ vape бүтээгдэхүүн хөгжөөд, янжуурын борлуулалтанд шууд сөрөг нөлөөлж эхлэнгүүт сандарч эсрэг “үзэл суртал” хийж байснаа яваандаа өөрсдөө энэ бизнес үрүү оролцож эхэлсэн байна. Phillip Morris арван жилийн дотор үйлдвэрлэлийн бараг тал хувийг vape үрүү шилжүүлнэ гэх.
Шинэ сорилт
“Vape” хэрэглээг дагасан нэг асуудал ганц манайд ч биш дэлхий даяар байдаг нь хүүхдүүдийн хэрэглээ байж таарав. Утаатай тамхи үнэртэй, арай заваан учир хүүхдүүд ойртоод байдаггүй, харин вэйп тамхи цэвэрхэн, үнэргүй учир хүүхдүүд их татаж байна гэж буруутгадаг. Ортой л доо. Их гоё зэвүүн, “күүл” харагддаг, зарим вэйп нь гэрэл асдаг, шөнө гоё харагддаг г.м. Гэхдээ цэвэрхэн, үнэргүй байсныхаа төлөө буруутаж байгаа энэ бүтээгдэхүүнийг хүүхдүүдээс хэрхэн хол байлгах вэ гэдэг нь ганц манай асуудал биш, дэлхий дээрхи шинэ сорилт болж янз бүрийн санал шийдэл хэлэлцэж буй. Хурууны хээгээр таньдаг, хүүхэд сорж болдоггүй ухаалаг vapeтөсөл ч хөгжүүлж буй юм билээ, удахгүй манайд орж ирэх биз. Гэхдээ ер нь нийгмийн асуудал бүрийг хуулиар зохицуулж чаддагсан бол амьдрал хэтэрхий амархан байх байсан биз. 21-р зуунд хүүхдүүд утсанд донтож байна, хийжүүлсэн ундаанд донтож байна, чипсэнд донтож байна, цахим тоглоомд донтож байна. Зарим нь хуулийн гэхээсээ нийгмийн, хувь хүний хариуцлагын асуудал. Биднээс түрүүлж хэлэлцээд, мэтгэлцээд асуудалтай тулаад явчихсан улсуудын жишгийг ерөнхийдөө дагах нь зөв байх. Сүүлд байнгын хорооны хурал дээр тамхины хуулийн асуудал хэлэлцэж буй УИХ гишүүд юу ярихаатодорхой мэдэхгүй, бүтээгдэхүүнээ сайн судлаагүй бололтой, “ЭМЯ иргэдээ сайн ухуулж сурталчлаагүй учраас тамхинд донтож байна” г.м. жижүүрийн бөөрөнхий, дүлэгнэсэн үг унагасаар таарах шиг харагдсан. Тамхи өөрөө “эвгүй” сэдэв учир улс төрч нар сул үг унагаж, хий гаргахгүй гэж боддог ч байх. Амьдралд буусан ямар ч бодитой зүйл хэлэлцэхгүй, сүүлдээ гишүүд бүгд тамхинд хэчнээн дургүй, ард түмэн тамхинд орж буйд хэчнээн харамсдагаа илэрхийлж “бөөрөнхий поп” үг ярьсаар хурлаа дуусгаж байна билээ. Тамхины хорын талаар одоо мэддэггүй тэнэг хүн гэж байхгүй, заавал УИХ гишүүдээр заалгаад байхгүй. Заавал ЭМЯ хор хөнөөлийг нь сурталчилж таниулаад байх шаардлагагүй. Харин өдөр тутам амьдралд тохиолддог асуудал болох ТҮЦ-ээр янжуур тамхи шагладаг тухай, үүнийг хэрхэн зохицуулах талаар ярилцмаар санагдсан. Ер нь Улаанбаатар хотод ийм олон ТҮЦ ундаа, чихэр зараад ашигтай ажиллана гэж байхгүй л дээ. Янжуур тамхины далд бизнес л ТҮЦ болж өргөжөөд байна гэж хувьдаа харддаг юм. Шалгадаг газрууд нь нэг цэгцлэх цаг болсон байх.
Төгсгөл
Дэлхий дээрхи хамгийн хямдхан тамхийг Монгол улс хэрэглэдэг. Тамхины үнэ өссөн гэж хэн ч гомдоллодоггүй мөртлөө бас хэрэглээ нь буурдаггүй өвөрмөц бизнес. Энэ бизнес ямар сүлжээгээр, яаж өрнөдөг, ямар нууц ноёд байдаг нь тийм ч ил тодорхой бус. Харин электрон тамхи орж ирсэнээр утаат янжуурын бизнест гарцаагүй нөлөөлж, янз бүрийн лобби хийж, чимээгүйхэн байсан улсууд сэрж буй мэт сүүлийн үед анзаарагдаж байна. Vapeуг нь утаат янжуурыг бодоход харьцангуй үнэтэй бүтээгдэхүүн. Бас ширхэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Цэнэглэдэг под нь 15-30 мянга, төхөөрөмж нь 40-80 мянга г.м. Өмнө нь хувь хүмүүс янз бүр аргаар гаалиар мэдүүлэхгүй оруулж электрон тамхи оруулж ирдэг байсан нь 2021 оноос албажиж, тоо нь огцом өссөн харагдаж байгаа бололтой юм. Зөвхөн электрон тамхины ОАТ-ыг нэмээд, янжуур тамхины зохицуулалтыг хуучин хэвээр орхичихвол янжуурынхны лобби амжилттай хэрэгжлээ гэж шууд хардаж болохоор. Ер нь Монголд хууль байхгүй дээ биш хууль хэрэгжихгүй дээ л хамгийн гол асуудлууд явдаг юм. Шийдвэр гаргах түвшиний улсууд маань эрхбиш нэгийг тунгаана биз. Бас хүн дурлаж биш донтож тамхи хэрэглэдэг, тамхины муухайг бүгд мэддэг. Татдаг нь гарахыг хүсдэг, татдаггүй нь харахыг ч хүсдэггүй. Тамхинд дуртай хэн байхав.