ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ

АЛЬ АЛЬ ТАЛ ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ

Оюутолгойн далд уурхай ашиглалтанд орлоо. Арай гэж! Уг нь төлөвлөсөн ёсоор 2018 онд ашиглалтад орох байсан юм. 5 жил хоцорсон ч, яахав оргүйд орвол охинтой. Гэхдээ энэ алдагдсан жилүүдэд бид ямар их бололцоо мөнгө төгрөг алдсаныг бодохоор хүрэл зүрх ч хайлмаар. Ямарчиг байсан амжаад нэлээд ядуураад авсан. Үндэсний нийт бүтээгдэхүүн ухраагүй юм гэхэд таг зогссон. ОТ-ын нийт баялагийн 80 хувь нь газар дороо ч, сүүлийн хэдэн жил ердөө 20 хувь нь байдаг ил уурхайгаа ашиглаад улсын төсвийн гуравны нэгийг хангаад явлаа. Монголыг тэжээдэг ганц саалийн үнээ гэж өхөөрддөг Эрдэнэтийн уурхайгаас давсан их баялагийг энэ ил хэсгээс гарган борлуулжээ. 

Олон жил маргасны эцэст 2009 онд ОТ-г ашиглахаар болж билээ. Дөнгөж ашиглаад эхэлтэл хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан нь 2012 он. Дахиж битгий эргэж ирээрэй гэдэг хуулийг ч амжиж хийсэн. Орлогогүй болоод ирэнгүүт нь эргээд сэргээ гэдэг тушаал УИХ өгдөг нь 2015 он. Тэр дагуу нь далд уурхайг сэргээх төлөвлөгөө хийж хэлэлцсэн Засгийн газрыг ард түмнээрээ буруутган жигшсэн нь 2016 он. Тэднийг ална хядна гэж нийтээр дайрсаар шоронд хийж бахаа хангасан нь 1918 он байхаа? Сэргээсэн нь байтугай ерөөсөө ОТ-г ашиглахаар гадны хөрөнгө оруулагчидтай тохиролцсон хуучин Засгийн газрынхан комоороо шорон явдаг байгаа!?

ОТ-г эргээд ашиглалт орсноор улс орон дахиад 2012 оныхоо төвшинд очих гэрэлт ирээдэй тодорсонд нам засгийн тэргүүнүүд машид баярлан, далд уурхайг нээх ёслолд үг хэлж энэ том бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийллээ. Сайхан үйл явдал!

Гэхдээ энэ “сайхан үйл явдлыг” эхлүүлсэн хөгжүүлснийхээ төлөө буруутаж шорон гянданд суусан хүмүүсийг цагаатгаж, төрийн нэрийн өмнөөс уучлал хүсэх юм биш үү? 1996 онд Ардчилсан хүчин сонгуульд ялан төр төлөөлөх эрхтэй болуутаа 1937-38 оны их хядлагын бузар хар мөрийн төлөө Монгол төрийн нэрийн өмнөөс нийт ард түмнийхөө өмнө уучлал хүссэн төдийгүй хохирогсодын үр удамд нөхөн төлбөр олгон ард түмнийхээ магнайг хагартал баярлуулж байсан. Ердөө зургаахан жилийн өмнө шинээр байгуулагдсан Ардчилсан хүчин тэрхүү бузар явдалд буруугүй ч инстүүцийн хувьд Монголын төр буруутай тул чингэсэн хэрэг. Иймээс л энэ нь шударга зарчим байсан юм. Дэлхийн дайн өдөөж олон сая хүний аминд хүрсэн тухайн үеийн Японы милитарист төр, Германы нацист төрийн бузар үйлдлийн хариуцлагыг 80 жил өнгөрөөд байхад өнөөгийн Япон, Германы төр хүлээж, гомдол барагдуулсаар. Төрийн залгамж чанар, шударга зарчим гэж энэ буюу. Төрийн залгамж чанар ба түүний төлөө хариуцлага хүлээх зарчим Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш бий болсон болохоор арай ч Чингисийн байлдан дагуулалтын үр уршгийн төлөө өнөөгийн Монгол төр хариуцлага хүлээхгүй байх л даа. Гэхдээ л одоо ч инквизитийн төлөө Ватикан, боолчлолын төлөө АНУ-ын төр хариуцлага хүлээн гэм буруугаа хүлээсээр явна. Гадаадын хөрөнгө татан оролцуулсан нь буруу биш харин ч зөв байсан гэж өнөөгийн төр үзэж байгаа юм бол үүний төлөө гүтгэгдэн шийтгүүлсэн хүмүүсээс уучлал хүсэх байтугай хохирлыг нь нөхөн төлөх ёстой. Ингэж байж ийм бузар явдал давтагдахгүй баталгаа болох төдийгүй шударга зарчим цаашид ч мөрдлөг болох учиртай. Хэн буруутай гэж эзнийг илрүүлэхдээ гол нь биш, төр алдсан байна, төрийн нэрийн өмнөөс шийдвэр гарсан байна, тиймээс төр бол мөнхийн залгамж чанартай учир алдаагаа засаж тэрнийхээ төлөө хариуцлага хүлээх нь шударга үйлс.

Нүүрсний хулгай мандлаа. Шинэ ч юм биш, архагшитлаа олон жил хөвөрсөн хулгай. Нарийн ярьвал ердийн хулгай биш, эх орноо тонож баялагийг нь гадагшаа зөөсөн дээрэм. Ганц энэ ч биш, салбар бүрт дэлгэрсэн “бизнис”! Улс орноор нэг цэцэглэн хөгжсөн энэ гэмт хэргийн эсрэг Монголын төр анх удаа сөрөг довтолгоонд орон тэмцэж эхэлсэн нь талархуулштай шударга үйлс. Гэтэл гадны орны мэдэлд байсан стратегийн том үйлдвэрийг салгаад эх орондоо авчирсны төлөө есөн шидээрээ хэлүүлж бараг л цаазын ял сонссон банкны удирдлагыг юу гэж тайлбарлах вэ? 

Худалдаа их хийдэг оронтой биш, стратегийн болон дэд бүтцийн объектууд нь хараат орноос хамааралтай бол үүнийг барьцаанд орсон газар гэж үздэг. Монгол улс өнөөдөр ложистик, эрчим хүч, шатахууны хувьд нэг орноос бүрэн хамааралтай. Манай хамгийн том үйлдвэрлэл Эрдэнэт ч үүнд хамаарна. Монголчууд тэрийг салгаад аваад ирлээ. Эрдэнэт тэр чигээрээ Монголын өмч болов. Онц шаардлагагүй гадаад дахь өмчөө бөөнөөр нь зарсан Путин тэр жагсаалтад Эрдэнэт багтсаныг хожим нь мэдээд ихэд ууралсан гэдэг. Монголыг барьцаанд байлгах нэг чухал объект санаандгүй алдагджээ.

Харин Монголын хамгийн том үйлдвэр өмчийн болон мэдлийн хувьд Монголынх болсон нь бараг иргэний дайн үүсгэх шахав. Нямдоржийн хатуу шахалт, чин сэтгэлийн хүчирхэг хүсэлтээр гаднаас авчирсан Эрдэнэтийн хагасыг төрийн мэдэлд булаан авав. Хувийнх нь хонзон юм билээ л дээ, чааваас. Төрийн банкинд үүссэн “бэрхшээлээр” дүйцүүлье гэсэн юм билээ. Эрдэнэтийн хагасыг аваад ирэхээр нь хураадгаа мөнгөө дотоодын зах зээл дээр зээл, барьцаалангаар босгосон гэдгээр шантаажилсан. Бүх нийтээр үзэн ядах цуглаан уралдаан ч зохион байгуулсан. Эзнийг нь шоронд ч хийсэн, аргагүйдэж авчирсан “бараанаасаа” татгалзаж өрөө төлж дуусгажээ. Гэтэл эрдэнэтээ өгчих гэнгүүт за май гээд өгчихөөгүй байлгүй. Бидэнтэйгээ ихэр авилгажсан нийгэм шүү дээ. Тэрийг салгах гэж хичнээн оросын гар хөлийг цайруулж, хэдтэй нь хичнээн шөнө архидан долигонож чамгүй зардал гаргаа байлгүй дээ, энчдоо, айн? Одоо ядахнаа төр гаднаас хараат байсан том үйлдвэрийг Монголдоо аваад ирснийх нь төлөө талархал илэрхийлчихмээр юм? Өнөөгийн дайны үед дайн өдөөсөн зэрлэг үйлдлийнхээ төлөө буланд шахагдчихаад байгаа цаад эзэд Эрдэнэтээр барьцаалж бидэнд сүрхий дарамт үзүүлэх л байсан даа. Ложистик боон хаагдуулж боломжит орлогыг нойлолсон гавъяаныхаа төлөө Ерөнхийлөгч болж болдог юм байж?! Эрчим хүчээр биеэ даах гэхээр гадныхантай нийлж хаан боогдуулж, олон улсын байгууллагад худал хов зөөсөн хүн төрөөс ямар ч зэмлэл хүлээлгүй биеэ өмгөөлөн хэрүүл хийгээд гүйх аж. Харьцуулаад үз дээ, хэн нь буян, хэн нь нүгэл хийсэн байна?

Манай Үндсэн хуулиар төр, хувь иргэн аль алин нь хууль шүүхийн өмнө яг тэгш эрхтэй. Төрийн шийдвэр болохоор л дандаа зөв байгаад байдаг юм биш. Ер нь Үндсэн хуулийн гол санаа нь иргэн хүнийг төрөөс хамгаалах хэрэгслэл юм, учир нь төр бол нийгмийн ямар ч байгуулал бай цаад натураасаа дарангуйлагч, харгислагч, дээрэлхэгч байдаг. Тэр дундаа төрийн шийдвэр гэдгийг явж явж ямар нэг тодорхой бие хүн, бүлэглэл гаргадаг учир ихэнх тохиолдолд төрийн шийдвэр буруу байх нь элбэг.

Уул уурхайн арваад компанийн орд газрыг төр хураан авчээ. Стратегийн гэдэг утгаар. Компаниуд тэнд хэдийнээ хөрөнгө оруулчихсан байсан аж. Иргэний эзэмшиж буй ашиглалт явуулж буй ордыг төр хураан авбал (аргагүйн эрхэнд?) оронд нь нөхөн олговор олгох ёстой гэсэн хууль байдаг юм байна. Хуулийн дагуу тэдэнд орноос нь өөр орд хуваарилж өгсөн байх юм. Ерөнхий сайд асан нэгэн хуулийг биелүүлж нэг компанид газар заагаад өгчихсөн чинь шууд шоронд ачигдваа. Гэхдээ үнэндээ хууль дагасан хэргээр биш, тодорхой хүнд арын хаалгаар давуу эрх олгосон гэсэн шалтгаанаар шүүхэд очсон юм билээ. Үнэхээр тэгсэн ч юм уу, тэрийг мэдэхгүй юм байна. Бас нэгнийх нь хувийн өширхөл ч байж магадгүй. 

Ерөнхий сайд нөхөн олговор өгөөд хэрэгт орсон гэдэг үг хариуцсан яаманд сайхан далим болов. Хуулийн дагуу олгогдсон газрыг нь өгдөггүй ээ. Бодвол унац л хараа биз дээ, чааваас, өөр яав л гэж. Гэтэл нэгэнт газраа авч бүртгүүлсэн учир түрээсээ төлөхгүй бол хурааж авлаа гэж Ашигт малтмалын газар сүрдүүлнэ. Авснаа алдчихгүйн тулд төлсөөр. Гэхдээ ашиглалт таг зогссон ч гэсэн. Ингээд шүүхэджээ. Шүүх тэднийг хуулийн дагуу явсан байна гэж зөвтгөж. Шүүхийн шийдвэр бол эцсийнх. Үгүйдээ хуулинд тэгэж заасан байгаа. Харин хариуцсан яам болохоор эрхийрүүгээ нулимж нулимж долоовор дунд хурууныхаа завсар шургуулаад хармайлж орхив. Сонгон шалгаруулалт хийнэ гээд салаавчаа бүр улам лавшруулав. Хууль нь байгаа юм чинь өгчихөөч дээ. Өөр юманд санаархаж байгаа бол нэг л мэдэхэд нүүрсчин болж ачигдана шүү дээ, айн?

Нийгмээ шударгажуулах, архагшсан хүнд өвчнөө эмнэхээр нийтээр шийдэж байгаа нь сайн хэрэг, амжилт хүсье. Гэхдээ энэ үйлсэд оролцогч талууд аль алин нь шударга байх хэрэгтэй. Өрөөсөн талын “шударга” хэзээ ч үнэн мөнд хүрч чадахгүй. Алив тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй эргэлзвэл зарчмаа л баримтал.

2023.3.26