Сошиал халдвар
...Харин өнөө үе бол эргэлзэхийн аргагүй ИНТЕРНЭТИЙН ҮЕ. Ердөө л сайн дурын бяцхан идэвхи гаргахад бүх дэлхий даалуу шиг ханарч мэдэх тэр потенциалыг өөртөө агуулах ХАЛДВАРТ ЦАГ ҮЕ.
Yosemitebear гэгдэх нэгэн болхи эр, онгон байгалийн дээгүүр нэлийтэл татсан давхар солонгыг хараад уулга алдсан бололтой. Сэтгэл нь хөдөлсөндөө ч юм уу, бичлэг хийгээд авав. Тэгснээ, хөөрсөн сэтгэлээ бусадтай хуваалцъя гэж бодсных уу, түүнийгээ Youtube дээр тавьжээ.
Харамсалтай нь байнгын чичрэлттэй мэргэжлийн бус бичлэг дээр нь "Oh, my God. Oh, my God! Wooo! Ohhhh, wowwww!" гэхээс өөр юу ч гарахгүй.
Мэдээж энэ бичлэгийн хандалт гэвэл зуны цас шиг ховорхон тул, хандалтын график нь хааяадаа ганц 1 тэй баахан 0 үүдийн цуваа үүсгэв. Анхнаасаа ч уулын болхи эрд хандалтын тоо цуглуулах сонирхол ч байгаагүй биз.
Тэгтэл түүнээс хойш, төсөөлөшгүй өрнөл...
Газар мөлхөж байсан хандалтын графикийн зураас гэнэт сэрсэн луу шиг тэнгэр лүү цойлоод өгөх нь тэр. Үр дүнд нь тухайн жилийнх нь хандалтын тоо даруй 23 сая хол давав.
Хандалтын огцом өсөлт чухам юунаас болсон юм бол? Тэнд гарцаагүй хэн нэг нь гал тавьснаас зайлахгүй.
Тэр нь үнэндээ ганц мөр tweet (жиргээ)–ээс эхтэй.
– Манай найз Tod энийг "Дэлхийн хамгийн тэнэг бичлэг" гэнээ. Би ч бас санал нэг байна.
Америкийн ABC телевизийн Live Talk нэвтрүүлгийн хөтлөгч Jimmy Kimmel–ийн тийн жиргэснээр, yosemitebear–ийн "Солонгын гайхамшиг" бүх дэлхийгээр цацагдав...
Уулын эртэй адилаар, Rebecca Black–ийн "Баасан гариг" гэдэг бичлэгийг бас гайхамшиг дайрав.
Түүний бичлэг нэгэн блог дээр тавигдаж, тэр нь цаашаагаа Twitter дээр ам дамжигдаж явсаар, жилийн хандалт нь 200 сая давсан аж. Тэгээд, баасан гариг болох тоолонд хандалтын график нь хирсний эвэр шиг овс овс хийн овойдог болов.
Түүнээс хойш сайн дурынхны "Баасан гариг"–ийг элэглэсэн хувилбарууд (parody) болон бусад гаригуудын хувилбарууд гэх зэрэг өч дөчнөөн бичлэгүүд БҮҮМ болон дэлгэрчээ.
Элэглэл бичлэг ярих юм бол "Nyan Cat"–ийг дурдалгүй өнгөрч болохгүй.
Энэ бол, солонго татуулан нисэх муур, дахин давтагдах хөгжимийн хэмнэлд зурагдсан пянз шиг хөвөрсөн, агуулга гэхээр юмгүй anime бичлэг юм.
Зөвхөн энэ бичлэгийг үзсэн төдийгөөр, яагаад хандалтын тоо нь 90 сая давсныг ойлгох гэвэл толгой өвдөх биз. Тэр ч бүү хэл, түүний уртсагасан хувилбар болох 10 цагийн бичлэг нь л гэхэд 20 сая илүү хандалттай гэж байгаа (оргинал хувилбарын 3 минут ч хангалттай залхмаар урт атал шүү).
Зөвхөн Nyan Cat бичлэг дангаараа бол төдийлөн хол явахгүй ч байсан байж болох юм. Харин түүний алтернатив хувилбарууд болох орон орны, өнгө өнгийн Nyan Cat–уудын ачаар түүний ХИТ хаанчлал хязгааргүйд тун ойрхон байна.
Nyan Cat бичлэг ХИТ болсон юм бол, "Nyan Cat–ийг үзэж байгаа муурны бичлэг" ч, "Nyan Cat–ийг үзэж байгаа муурыг үзэж байгаа тэр муурны бичлэг" ч ХИТ болсон нь тодорхой (хахаха).
Уулын эрийн солонго, Баасан гариг, Nyan Cat...
Хэрэв цаг үе өөр байсан бол, эдгээр бичлэгүүд магад хэзээ ч нар үзэхгүй байсан биз.
Уулын эр бичлэг авсан төдийгөөр өндөрлөж, Nyan Cat хувь хүний компьютер дотор үүрд эргэлдсээр амар сайхандаа жаргах ч байсан байж мэднэ.
Харин өнөө үе бол эргэлзэхийн аргагүй ИНТЕРНЭТИЙН ҮЕ. Ердөө л сайн дурын бяцхан идэвхи гаргахад бүх дэлхий даалуу шиг ханарч мэдэх тэр потенциалыг өөртөө агуулах ХАЛДВАРТ ЦАГ ҮЕ.
Урьдын аварга том мэдээллийн сувгуудын эрин үед, бүх зүйлс зохиогчийн эрхийн чанд хатуу зохицуулалтан дор өрнөдөг байж. Харин өнөөгийн Social Media тархалт бол түүний чанх эсрэг замаар өрнөж байна уу гэлтэй. Хэн бүхэнд нээлттэй хувь хүний бяцхан санаа, дараагийн хүн дараагийн хүнээр дамжин тархсаар гинжин урвал шиг халдварлан дэлгэрдэг учраас тэр.
– Ийм хачин юмсыг ер нь хэн бодож олдог байна аа? "Баасан гариг", "Nyan Cat" шиг этгээд сонин зүйлсийг урлаж байхдаа, тэд чухам юу болно гэж төсөөлж байсан бол???
Youtube–ийн тренд менежер Kevin Allocca ийн хүүрнэж байна.
– Эдгээрийн тухай бодох үед нэг том эргэлзээ төрдөг юм. Эдгээрт ер нь ямар учир утга байна вэ???
Яг "утга" гэсэн үгийн утганд дүйцэхүйц тийм утга байгаа эсэхийг, магадгүй хэн ч мэдэхгүй биз. Зөвхөн урагшаа чиглэн алхах хүмүүсийн хувьд, утга ярих нь өөрөө утгагүй яриа ч байж мэднэ.
Бид чинь тийм ч дүүрчихсэн тэнэг загаснууд биш шүү дээ. Илэрхий улаан цайм өгөөшийг хараад, үнэндээ хэн ч тоож үмхэхгүй.
Харин "төсөөлөхийн аргагүй", "учир битүүлэг"–ийн цаанаас л ирээдүйн тухай жинхэнэ совинг олж мэдэрдэг юм даа.
Хаос
Зочин
onom