Сонгууль бол сонгогчид нь бооцоогоо тавьдаг уралдаан биш
Нэг ёсондоо уралдааны моринд бооцоо тавиад хүлээж байгаа юм шигээр сонгуульд ханддаг. Өөрт нь юу чухал байгаа нь тийм ч чухал биш, харин хэн ялах магадлалтай байна, түүнд бооцоо тавьж оролцох талтай. Нэг ёсондоо ялагчийг дэмждэг гэх үү дээ. Нэг тийм барлаг гэхүү, зусар зантай. Нийтээрээ биш л дээ, нэлээд хэсэг нь.
Тун удахгүй Монгол Улсын зургаа дах Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Уг сонгуулиас болоод улс төрийн намууд “орондоо орох завгүй” болж эхэлж байна. МАН-ын нэр дэвшигч лав /Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөх хүртэл нь МАН дотор түүнтэй өрсөлдөх хүнгүй байв/ засгаа нурааж орхиод сонгуулийнхаа бэлтгэл ажилд орж байх шиг.
АН-ынхан ч гэсэн дотоодын зөрчлөө даван туулж, сонгуулийнхаа бэлтгэлийг хангая гэлцэж байна. Ирэх сард багтаан намынхаа Их хурлыг хуралдуулж, намын даргаа сонгох бололтой. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ч бас намын шинэ дүрмийн дагуу Их хурлаасаа гарах юм шиг байна. УИХ-д анх удаа суудал авсан ХҮНам, ганц суудалтай МАХН-ын хувьд МАН, АН-ын аль нэгийг дэмжиж ажиллах биз. Хэрвээ сонгуулийг хоёр шаттай явуулахыг хүсээгүй л бол.
Гэвч ирэх сонгуулийн өрсөлдөөний нөгөө тал нь сонгогчид буюу иргэд. Өнгөрөгч 2017 оны хувьд сонгуулиар 100 орчим мянган сонгогч цагаан хуудсаар /нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй/ санал өгч оролцсон байдаг. Дахиад 10 мянган хүн цагаан хуудсыг дэмжсэн бол сонгууль хүчингүй болж, намууд нэр дэвшигчдээ солихоос аргагүйд хүрэх байлаа.
Тэгэхээр сонгуульд оролцож буй намууд, нэр дэвшигчдээс илүү сонгогчдын санал сонгуулийн үр дүнг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн сонгогч ямар шалгуураар сонголтоо хийж байна вэ гэдгээс сонгуулийн үр дүн хамаардаг.
Хэдийгээр намууд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй ч сонгогчдын хувьд өөр өөрийн “сонголтыг хийгээд” эхэлчихсэн байна. Өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн хүнээр “ачаа татуулж болохгүй” ч гэдэг юм уу.
АН-ын хувьд намаасаа нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөнө гэдгээ өрсөж зарласан Ц.Оюунгэрэл ажиглагчдын анхаарлын төвд хэвээр байна. Хамгийн их эсэргүүцэж, сэвж байгаа сэдэв нь “гадаад нөхөртэй” гэдэг яриа. Х.Баттулга орос эхнэртэй байх нь сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй юм бол Ц.Оюунгэрэлд яагаад сул тал болох ёстой гэж.
Энд монголчуудын хүйсийн ялгаварлал гол хүчин зүйл болж байна гэсэн үг. Ерөнхийдөө эмэгтэй хүн баганаас доош байрыг эзлэх ёстой гэдэг уламжлалт, хоцрогдсон сэтгэлгээтэй нь холбоотой. Хэрвээ нөхөр нь гадаад байгаагүй бол өөр ямар нэг зүйл олж хэлэх л байсан байх.
Ингээд “хэнийг сонгох ёстой вэ?” гэдэг сэдвээсээ хазайгаад “хэнийг сонгож болохгүй вэ?” гэдэг уралдаан луу яваад орчихдог. “Худалч, хулгайч л байж болохгүй юм шүү” гэж өнгөн дээрээ ярих атлаа цаагуураа хамгийн их худлаа ярьдаг, хулгай хийдэг хүнийг дэмжих төлөв байдалтай.
“Уг нь гараад ирвэл гоё доо, даанч гарахгүй л дээ” гэж ярьж байгаа нь өөрийнх нь сонголт биш, өөр хэн нэгний шалгуураар шүүж байгаа юм шиг сонсогддог. Өөрөөр хэлбэл, өөрөө юу хүсч байгаагаа биш, хүмүүст хэр их таалагдах вэ гэдэгт ач холбогдол өгч, сонголтоо хийдэг гэхүү дээ.
Нэг ёсондоо уралдааны моринд бооцоо тавиад хүлээж байгаа юм шигээр сонгуульд ханддаг. Өөрт нь юу чухал байгаа нь тийм ч чухал биш, харин хэн ялах магадлалтай байна, түүнд бооцоо тавьж оролцох талтай. Нэг ёсондоо ялагчийг дэмждэг гэх үү дээ. Нэг тийм барлаг гэхүү, зусар зантай. Нийтээрээ биш л дээ, нэлээд хэсэг нь.
Одоо соошл дээр явж байгаа сэдвүүд, ойр зууртаа ярьж байгаа зүйлүүд нь ихэнхдээ тийм агуулгатай. Тэр хүн тийм тийм үнэт чанартай учраас би дэмжиж байна, би сонгож байна гэж ярьж байгаа хүн нь маш цөөхөн хувь. Олонхи нь “тэр тийм дутагдалтай учраас гарахгүй, болохгүй” л гэх.
Нүүрэн дээрээ хамгийн боловсролтой, хамгийн ёс суртахуунтай, үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй хүн л улс төрд орох ёстой гэх атлаа цаагуураа илүү хүчтэйг /хүчтэй гэдэг ихэнхдээ мөнгөтэй, чадалтай буюу тулаанд ялах магадлалтай/ нь дэмжих талтай. Хийж байгаа сонголт нь дандаа өөрийнх нь эсрэг буюу бусдын эрх ашгийн үүднээс хийсэн сонголт байдаг. Зарчим ярихаасаа илүү хүн ярина. Үзэл бодол, үнэт зүйл, бодлого, үйл ажиллагааг чухалчлахаасаа илүү "ялагч хэн бэ" гэдэгт хамаг анхаарлаа тавьж, ач холбогдол өгдөг.
Энд л бидний сонголтын гол алдаа байх шиг. Гэтэл сонгууль гэдэг маань хэн ялах, хэнийг ялуулах тухай өрсөлдөөн, бооцоот тоглоом биш шүү дээ. Ядаж сонгогчийн байр сууринаас тийм харахад байж болохгүй /улс төрийн намуудад бол мэдээж өөр л дөө/. Өөрөө өөрийнхөө төлөө, ядаж ирээдүй хойчийнхоо төлөө, хэрэв өнөөдөр чинь таалагдахгүй байгаа бол өөрчлөлтийн хийж байгаа ухамсартай сонголт байх ёстой шүү дээ.
Зочин
bat
zochin
Зочин
зочин
Tugs
Songuul' bol
Зочин
Зочин
Б