“Солиорсон цифр”-үүдээс “галзуу шийдвэр” гардаг
Төрийн бодлогын “түүхий эд”-ийг статистикчид үйлдвэрлэдэг
Төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтэд статистик мэдээллийн үүрэг, ач холбогдол хэчнээн чухал болохыг нөхцөл байдал харуулсаар байна. Наад зах нь хүн амын эрүүл мэнд, насжилт, өвчлөлт, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, энэ нь нийлүүлэлтээс шалтгаалж байгаа тохиолдол чухам хаана, ямар шалтгаанаар хомсдол эсвэл илүүдэл үүсэж, үнийн гэнэтийн өсөлтийн шалтгаан юунд байгаагаас эхлээд үнийн хөөрөгдөлт, үгсэн хуйвалдах аргаар хэсэг бүлэг хүмүүс ашиг хонжоо олж буй эсэхийг зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн “илрүүлж”, сөрөг арга хэмжээ авч болдог.
Цаашилбал, автозамын түгжрэлийн талаар авах арга хэмжээ, хавдраар өвчлөгсдийн насжилт, шалтгаан гээд нийгэм улс төрийн бүх салбарын бодлого, шийдвэрийг гаргахад статистик мэдээлэл гол “түүхий эд” нь болж байдаг. Товчхондоо, статистик мэдээлэл нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбар, зах зээлийн үйл ажиллагаа зэрэг эдийн засгийн төлөв байдлыг бүхэлд нь дүрслэх, тодорхойлох хэмжүүр юм. Тийм ч учраас дэлхий нийтийн хэмжээнд статистик мэдээллийн чанарын асуудал хамгийн чухлаар тавигддаг.
Аливаа статистикийн чанар хангах гэдэгт тухайн мэдээллийг үнэн зөв олон улсын стандартын дагуу гаргах, цаг хугацааны хувьд аль болох боломжит хугацаанд боловсруулах, статистик гаргахад шаардлагатай нэгжээс мэдээллийг бүрэн авч, хамруулах, хэрхэн олон нийтэд тархааж буй байдал зэрэг шалгуур зэргийг авч үздэг. Чухам үүнд л статистик мэдээллийн үнэн бодит чанар, статистикийн байгуулллагын үнэ цэн оршдог.
Статистикийн тухай хуульд зааснаар ҮСХ төр, иргэн, хувийн хэвшлийнхэнд тэгш үйлчлэх ёстой. Юугаар вэ гэвэл үнэн бодит тоон мэдээллээр! Хамгийн баян хүн гэж мэдээлэлтэй хүнийг хэлдэг гэдэг. Тэгвэл хамгийн бодитой, хамгийн нарийн тооцоолууртай тоон мэдээллээр цэнэглэсэн хувь хүн, бизнес эрхлэгч, албан байгууллага хамгийн зөв үйл ажиллагаатай, тэр тусмаа ашигтай ажиллаж чадна. Хамгийн энгийн хэрэглээний статистикийн ач холбогдол эндээс эхэлдэг. Тиймээс ч “Солиорсон цифр”-үүдээс “галзуу шийдвэр” гардаг. Үнэн бодит нотолгоотой мэдээлэл бол зөв шийдвэр, зөв бодлого, үр дүнтэй хэрэгжилтийн суурь үндэс бөгөөд зөвхөн хөдөлшгүй үнэн бодит “шидэт” цифрүүдээс бүрддэг юм.
Өнөөдрийн нийгмийн засаж ядан байгаа хуримтлагдсан асуудлууд, гарцаа хайж буй гажуудал бүхэн статистик тоон мэдээлэл ашиглаагүй гаргасан шийдвэрүүдээс үүдэлтэй. Жишээ нь нийслэлд газар олгохдоо, явган хүний болон автозам тавихдаа тухайн үеийн тоон мэдээлэл, ирээдүйд тодорхой хугацааны дараа өсөн нэмэгдэх тооцоолуурыг бодлого шийдвэр бүртээ ашиглаж төлөвлөсөн бол өнөөдрийн хүндрэлтэй учрахгүй байж болох байсан. Тиймээс ч “Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй” гэдэг уриан дор “Төрийн их өгөгдөл” төсөл хэрэгжиж эхэлсэн биз ээ. Иймд орчин цагийн статистикийн онцлог цоо шинэ цаг тооллыг эхлүүлэх нь гэсэн хүлээлт нэгэнт үүсээд байна. Өөрөөр хэлбэл нотолгоонд суурилсан цогц ухаалаг шийдвэр гаргах үндсийг “Төрийн их өгөгдөл” төсөл бүрдүүлэх юм. Хатуухан хэлэхэд бид нэгэн зууны дараа статистикийн ач холбогдол, үнэ цэнийг улс орны хэмжээний төлөвлөлтөд, хяналт тавих системд ашиглах хожимдсон ухаарал эндээс эхэлж байна.
Магадгүй явцын дунд, төслийн төгсгөлд бид өнгөрсөн хугацаан дахь алдаагаа засаж, улс орны хөгжлийн тун боломжийн бодитой бодлого шийдвэрүүдийг харах биз ээ. Үүнд анхаарал татаад байгаа нэг зүйл нь “Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ”-ний тухай ярьж эхэлсэн. Салбар хоорондын хамаарлыг бодолцож судлаагүйгээс, шаардлагатай тоон үзүүлэлтийг орхигдуулснаас “доголон” шийдвэрүүдээр бөмбөгдөж түүнийгээ биелүүлэх гэж хүчлэн хөөцөлдсөөр бид өнөөдрийн “проблем дүүрэн” нийгмийг бүтээсэн юм шүү дээ. Одоо тэр алдаагаа засаж, улс орны хөгжлийн бодлогыг үр дүнтэй байлгахын тулд салбар хоорондын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангаар төгөлдөржүүлж үүнийгээ “Төрийн их өгөгдөл” гэдэг төсөл болгон хэрэгжүүлэх юм. Энэ нь төрийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гарган хэрэгжүүлэхэд нийгмийн эд, эс болсон тухайн иргэн, өрх, ААН тус бүрийн эрх ашиг, онцлог тусгагдаж, нэг ёсондоо “бүрэн бүтэн, цул” болж моодорхож яриад байдаг шигээ “том зургаараа” бүгдийг нь харах болно.
Дэлхий нийтийн хэмжээнд Монголын статистикийн байгууллага чансаагаараа хаахна явдаг юм бол? Олон улсын статистикийн мэдээллийн нээлттэй ил тод байдал, чанарыг үнэлдэг байгууллагын үнэлгээгээр 2020 оны байдлаар Монгол Улс дэлхийд 9-рт, Зүүн Өмнөд Азийн орнууд дундаа 1-рт орсон байдаг. Ерөнхийдөө уламжлал, мэргэжил арга зүйн хувьд Монголын статистикийн байгууллага чамлахааргүй үнэлэгддэг төдийгүй ялангуяа Азийн бүсдээ тэргүүлэх үнэлэмж, байр суурьтай, жишээ болохуйц статистик мэдээлэлтэй улс гэж үнэлэгддэг. Гэхдээ цаашид анхаарах шаардлагатай зүйл нь хүний нөөцийн маш сайн бодлого, тогтвортой ажиллах хүн хүч хэрэгтэй гэж дүгнэгддэг. Энэ нь үнэн хэрэгтээ статистикийн байгууллагын үүрэг, ач холбогдол хэчнээн нэмэгдэж буй ч салбарын тухай ерөнхий ойлголтыг олон нийтэд ойлгуулан таниулах талаасаа учир дутагдалтай учраас тус салбарт ажиллагсдын цалингийн дундаж хэмжээг чамлалттай гэж үздэг.
ҮСХ-оос улсын хэмжээний дундаж цалинг 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.5 сая төгрөг гэж зарласан хэрнээ статистикчдын маань дундаж цалин улсын хэмжээний дунджаас бага байдаг нь даажинтай, ёстой л “Загасчны морь усгүй” гэдгийг санагдуулна. Сонирхолтой нь энэ дунджийг яаж тогтоодог аргачлал бас анхаарал татав. Үүн дээр статистикчид маань НДЕГ-аас мэдээлэл авдаг юм байна. Нийгмийн даатгал төлж байгаа 742 мянга гаруй хүн бий. Тэдний цалингийн дүнг цалин авагчийн тоонд хувааж дундажлахаар 1.5 сая гэсэн хэмжээ гарч ирдэг аж. Гэхдээ олон нийт “дундаж” гэдэг үгийг зөв ойлгох шаардлагатай санагдана. Өндөр, бага гээд бүх түвшний цалинтай хүмүүсийг дундажлахаар дээрх тоо гараад байгаа хэрэг. Гэтэл нийгмийн даатгал төлөгч нийт хүмүүсийн маань 60-70 хувь нь 1.5 сая төгрөгөөс бага цалин авдаг байх юм. Даатгал төлөгч 742.5 мянган хүнийхээ цалинг хамгийн багаас нь хамгийн их рүү нь жагсаагаад тэг голынх нь хүний цалин хэд вэ гэдгийг харж зарладаг байна.
Ингээд харахаар 1.1 сая гэсэн тоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл голч цалин ийм байна гэсэн үг. Энэ мэтчилэн цаг үе, шинэ нөхцөл байдал бүхэн статистикчдад шинэ зүйлийг “зааж сургаж” байдаг. Тиймээс нийгмийн манлайлагчид гэж хэлж ч болохоор, мөн тэр хэрээрээ ажлын ачааллыг нь нэмж байдаг. Бараг жил бүр цоо шинэ зүйлд сургаж, мөн яаралтайгаар үнэн бодитой дүн шинжилгээ бэлтгэж өгөхийг шахаж шаардаж байна. Жишээ нь цар тахлын нөлөөгөөр бүх насныхыг маш нарийн тооцож төрд өгөгдөл болгон гаргаж өгөхийг, улмаар түүнээсээ салбарлан цар тахлын нөлөөгөөр хувиараа бизнес эрхлэгчдийн орлогод ямар нөлөө үзүүлэв, хүндрэлийг нь хэрхэн тооцож томьёолж болох вэ гэдэг нь сүүлийн жилийн тооллого, статистик өгөгдлүүдийн гол онцлог байлаа.
Энэ мэтчлэн аж ахуйн нэгжүүдийн тооллого, татварын бүртгэл мэдээллийн ялгааг тодотгож төрд одоогоор байхгүй шинэ мэдээлэл судалгаа бүхэн тухайн салбартаа шинэ, зөв, үр дүнтэй бодлого боловсруулах, шийдвэр гаргаж үр дүнтэй хэрэгжүүлэхэд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол статистик юм. Иймд нийт статистикчдадаа нэгэн зууны түүхэн ойн мэндийг дэвшүүлж “Төрийн их өгөгдөл”-ийг тодорхойлж, Төрийн бодлого шийдвэрийн “түүхий эд”-ийг бэлтгэн нийлүүлэх чухал ач холбогдолтой, далд, даруухан “фронтын” төгсөшгүй үргэлжлэх их ажилд нь ажлын өндөр амжилт, мөнхийн хөгжил дэвшлийг хүсэн ерөөж байна.