Өлссөн атаа: Хүний зөвхөн ходоод өлсдөггүй бас цаана нь өлсдөг юм байна. Тэр өлсдөг эд нь юу вэ гэвэл, дотор зарс хийлгэсэн айдас харах гэсэн муу ёрын нууц хүсэл. Мөн өөдтэй яваа нөхдөө балрахыг үзэх гэсэн ад мөрийн дон. Ийм хүн ховор л доо. Гэвч бий. Муу мэдээнд донтуулдаг дэв өлсөмтгий агаад эзнээ амраахгүй ямагт өддөг. Хүн гэгч амьтанд нуугддаг базаахгүй авирыг өөртөө орших бий гэж биеэ хянах илүүдэхгүй. Үүнийг хүн бүр мэддэг ч мууд дурлагч ор тас арилахгүй юм. 

Гудамжинд осол гарч зам дээр хүмүүс бөөгнөрч шавахад бид яаснаа ч мэдэлгүй тэр зүг ухаангүй гүйдэг. Таваргаж очоод ямар нэг ашигтай юмнаас хоцорчих вий гэсэн аятай хүмүүсийн суган доогуур шургаж, урдахь хүмүүсээ ууртайгаар хоёр тийш ярж, хэрэв өмнөө таглачихаад буй этгээд хөшиж гөжвөл түүнтэй үзэлцэж, улаан сармайгаа хуваалцахад биеэ бэлтгэн урагш зүтгэсээр бөөгнөрсөн шавааны төв дунд бяцхан зайд ачааны лужир машины аварга дугуйнд толгойгоо бяц дайруулсан үхдэл түрүүлж харахаар горьдон горьдсоор амьсгал даран өлмий дээрээ өндийгөөд хэрэв тийм нүд хальтрам сэг байхгүй, ер юу болсон нь тодорхойгүй байвал дотроо “Өө чааваас, юу ч болоогүй юм шив дээ. Дэмий гүйлээ” гээд харамсангүй шүүрс алдах нь бий.

Энэ маань ямар шинж вэ? Бөөгнөрсөн улсын зүг ухаангүй харайлгаж очихдоо “Хэн нэгэн хөөрхий тэнд сүйд болчихов уу? Түргэн очиж тус болъё. Бүлэг нь таарвал цусаа өгье” гэж яарч очоогүй зөвхөн бусдаас түрүүлж хачин аймаар гамшиг үзээд, цааш нь олонд тараая гэсэн өөдгүй нуугдмал хүсэлтэй золигнууд цөөнгүй. “Эвий хөөрхий тэгээ юү? Тийм юм болоо юу? Санаанд багтахгүй байна. Арай үхчихээгүй биз дээ” гээд л хуурамч царайлан хошуу дэвсээд байдаг. Мууд дурласан өөдгүй зангийн мухарт “Үхчихээ биз. Алчихаа байлгүй. Харин яаж алсан бол? Яаж тамласан бол? Киночид бодож олоогүй тийм хэрцгий аллагаар хөнөөж үү?” гэсэн овонд дурласан булчирхай хүчтэй шүүрэл ялгаруулдаг. Жолоодохгүй аваас бие мах бодио гэж, ай халаг. Ийм олиггүй зангийн үр хөврөл хэнд маань ч төрсөн байх нигуртай. Үүнээс ичих хэрэггүй засах хэрэгтэй. 

“Зоригийг Бат-Үүл алаагүй л юм байх даа” хэмээн гунигтайхан санаа алдаад л, “Засгийн газар онхолдохгүй нь ээ. Их хурлыг тараах сан” гэж битүүхэн шаналаад л, “Оюу толгойгоос Рио Тинтог хөөж дөнгөх нь үү” гэж сэртэгнээд л, “27-хон настай бацаан 400 сая доллар босгосон гэдэг мэдээж том хулгай. Төр засаг нусгайн хулгайг нотлох гэж жижгэрснээс дээр үеийн хувьсгалч дайчин өндөр шаардлагаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэндээ өглөө гээд алхаа шууд цохь. 27-той би шар тайлах мөнгөгүй үхэж хэвтэхэд тэр муу Пүрэвтүвшин Сингапурт далайн эрэгт биеэ шараад тарвалзах нь. 28 давхар шилэн цамхаг нь нурж бүгдийг дарж алаад, 49 хувийн горыг амсаасай. Баяр Сайханбилэг Баярцогт Бямбасайхан нар суллагдвал эх орондоо хайртай миний тархинд цус яг харвана. Цаазын ялгүй улс гуриа юм. ТВ-4 телевиз байгаагүй бол ард түмэн бүтэж үхсэн”.

Өглөө сэрүүт “За өнөөдөр чинь олигтойхон шиг ямар хулгай, дээрэм, луйвар, алаан, осол сонсох бол” гэж горьдонгуй суниагаад л зэвүүн. Мууд дурласан нисванис ямагт өлсөж байдаг. Харин сүүлийн үед интернетэд өлссөн атаархлынхаа цангааг дураараа гаргадаг болж. Нэр хаяг шаардлагагүй сүлжээнд эр зориг галзуурдаг ажээ. Хамгийн зэвүүн нь тэд энэ муухай өлссөн атаархлаа ард түмнээ хайрласан эх орончийн шаналал гэж хэнэг ч үгүй биеэ магтана. Атаа жөтөөгөө номхруулъя гэвэл ад дэв нөхөцсөн сэтгэлээ ариусгаж, гэгээрлийн зам мөрийг дагацгаа гэж Будда олон мянган жилийн өмнө зөвөлжээ.

Хятад харшил: Хятад харшил байна уу гэвэл байна. Зарим эх орончид бүр хурц хэлбэртэй, эмчилгээгүй шатандаа хүндэрчээ гэмээр. “Монгол ялна” ч гэх шиг. Их Хятадыг арай ялна гээгүй байгаа даа бурхан минь. Ядаж эрлийзүүдийг, тэднийг дөнгөхгүй бол хурлийзуудыг нударна гэсэн байгаа даа. “Түншилнэ” гэлгүй “Ялна” гэж хөөрцөглөх бахтай ч ялаа ч билүү, ялагдаа ч билүү, ямартай ч энэ хийрхэл өчүүхэн Монголыг дэлхийд гутааж буй гол факт. Энэ тэнэглэлдээ одоо цэг тавья. 

Өнгөрсөн зуунд даргын суудлын төлөө ил далд өрсөлдөж амьдарсныг нуултгүй. Дэвшвэл цалин хангамж нэмэгдэнэ. Амьдралаа өөд татах ондоо бизнес байсангүй. Дэвшихийн тулд юуны өмнө хувьсгалын тогоонд чанагдсан жинхэнэ коммунист болохоо харуулах ёстой. Эхний босго-орос ах нартаа үнэнчээ батлах. Тушаал горилогч орос ахаа нартай зүйрлэвэл өрсөлдөгч нь нарыг орос ахтайгаа зүйрлээд ялах жишээтэй. Дийлдэхгүй бол хятадын эрлийз гэж олиход ямар ч хүчтэй өрсөлдөгч өнхрөөд л өгдөг байв. Оросыг магтаж, хятадыг харааж тушаал дэвшдэг ч дотроо бол аль ч үндэстэнд хүнлэг ёсоор тэгш ханддаг монгол мөс жудгаа нандигнан нууж яваа гэж би цайруулж явлаа. Гэтэл тийм биш байжээ. Эдүгээ хөгшчүүд төдийгүй залуус шившигтэй алаг үзэл цухалзуулсаар. Говь нутаг хятад малчдаар дүүрлээ гэж байсан бол сая хэнтийхнийг хятад цусаар сэлбэж эхлэв гэж донгосов. Бялдууч атлаа дээрэлхүү хоёр ааштан зэвүүн. Үүнд гутарсан өвгөн би нийт олны оюуны ариусалд хурд нэмэхээр уухайлдаг.

Өвөр монгол аялгуугаар ярилаа гээд хүргэнээ буудаж алсан нэг эрийн мунхаглал мөн л зөвлөлтөд долигонодог өвчнөөс угшилтай байж магад гэх сэжиг дагуулсан. Аймаар юм. Хятадаар бус өвөр монгол аялгуугаар ярилаа гээд буудаж алсныг бодоход Лэгдэн хааны удам угсаа цэвэр монгол цусны өвөрлөгч ах дүүсээ хятад гэж үзэн яддаг аж. Зорилго нь хятадыг үзэн яддагаа рекламдаж буй царай нь тэр. Энэ баатарлаг гавъяаг Оросын мэдэлд байх үедээ үйлдсэн бол тэр этгээд далдуур ч болохноо нэг юманд хүрсэн биз. Жоохон хожимдож. Жигшим тэнэглэлд манайхан тэгтлээ цочирдоогүй. Хятадад яснаасаа дургүйн улмаас өвөр монгол аялгуугаар ярилаа гээд орь залуу хүргэнээ хорвоогоос тонилгосныг бодохоос дотор аягүй оргидог. Тэр бээр бас эрлийз хүнтэй гар барьж насандаа үзээгүй гэж шоронгоос сонинд өгсөн ээлжит ярилцлагадаа биеэ магтжээ. Эрлийз хүнтэй гар барихгүй явна гэдэг эх оронч үзэл гэнэ. Тэгвэл Ю.Цэдэнбалын хүүтэй гар барих бол уу яах бол? 

Хөршөө ингэтлээ үзэн ядах араншин үр хүүхдэд минь сайныг авчрахгүй. Үүнийг бодохоос айхын хажууд ой гутаж, монгол хүн болж төрсөндөө ичих юм. Намайг эрлийз хурлийз гэж дайрна биз. Зуун жилийн ухуулгад нэвт гэмтсэн уураг тархийг доргитол түншиж, цочтол өдөхгүй аваас тэдний гавал гэгээ нэвтрэх сүвгүй чулуужжээ. Бидний бишрэл дэндээд тахин шүтэх сурталд чулуужсны нөгөө талд бидний хардалт хэтрээд мөнхийн хонзон уугиулав. Энэ хоёр өвчин хоёул эдгэрвэл дундаас нь эрүүл оюунтай шинэ монгол иргэд бүрэлдэх сэн. Хоёр хөршдөө эрүүл ухаанаар соёлтой хандаж сурахыг би хойч үедээ захиж байна. Бид хичнээн муулаад аварга луу нохой хуцсан чинээ тоодоггүй. Харшил төрөлхийн бус олдмол эмгэг тул яваандаа илааршна гэдэг биз тэд. Үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их хөршөө зүхсэн Монгол соёлт ертөнцийн доог болох вий гэж би эмзэглэдэг. Энэ сэдвээр олонтаа яншдаг минь Хятадад тал зассандаа бус өөрсдөө гэгээрэх гэсэн оролдлого шүү. Хятадын аюулаас айдаг массыг манай улстөрчид сонгуульд санал бөөндөх гэж нөөцөлдөг. Харанхуй массыг юунаас ч сольшгүй үнэт капитал хэмээн тэд тооцож ялалтад хүрдэг. Би үүний эсрэг. Хоёр хөрш маань хун ч биш, хэрээ ч биш. Сайн муугаас бүтсэн шаазгай шиг хорвоогийн алаг бодьгал. Хоёр хөрштэйгөө хуулиараа, адил тэгш, харилцан ашигтай айлсах шинэ эрин эхэлсэнд итгэж, тийм харилцаанд хуучин нийгмийн хоцрогдсон өвгөн би бээр суралцахаар өтөлсөн болохоос үхсэн биш гээд биеэ бэлдэж явна.

2018-10-03