Эгэх хариуцлага
Зочдын маань үг болгон нь үнэтэй сонирхолтой нэвтрүүлэг хийлээ. Нийгмийн өөрчлөлтийг хэн, яаж, ямар зорилгоор хийдэг вэ, иргэн хүн зорилготой, зоригтой, нийгмийн идэвхтэй байхын утга учир юунд байдаг бол, эгэх биш эргэх хариуцлага биш үү, төр тунгалаг бөгөөд иргэддээ нээлттэй байх зайлшгүй шалтгаан нь юу юм бол зэрэг асуултын хариуг та энэхүү нэвтрүүлгээс авах болно. Нэвтрүүлгийн зочдоор Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн А.Долгион, Дэлхийн Банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан, “Бүх Нийт Боловсролын Төлөө” үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг нар оролцлоо. Синдикат ярилцлагын 44 дэх дугаарыг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзнэ үү!
В.Ганзориг: Хэд хоногийн өмнө Нью Йорк хотод НҮБ-ын ерөнхий ассамблей болж өнгөрлөө. Энэ үеэр Швед охин Грета Монголчууд төдийгүй дэлхийг талцуулсан үг хэлж шуугиуллаа. Яг юу болоод өнгөрчихөв өө?
Б.Болорсайхан: Миний үг ямар нэг байгууллагын байр суурийг энд илэрхийлэхгүй. Иргэний нийгэмд 10 гаруй жил ажилласан туршлага, Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэний хувиар санал бодлоо хуваалцмаар байна. Иргэний нүдээр харвал Грета охин мундаг харагдсан. 16 настай охин Монголд ингэж дуугарсан бол үгийг нь сонсох бүү хэл ямар их цор цор хийдэг хүүхэд вэ, дэлхий дахины асуудлыг ярьдаг хэн бэ, улс орны хөгжлийг чи ярих болоогүй гэх байсан болов уу. Тэр утгаараа энэ охин мундаг байсан. Үйл явцын өрнөлийг нь харвал иргэд зохион байгуулалтад орж чадавхижсан байна. Асуудлаа судлан гаргаад хот дотроо дуу хоолойгоо илэрхийлж, үүнийг нь улс нь дэмжээд нийтээрээ хөдөлсөн. Улмаар дэлхийн бүх улс цугладаг том хурал дээр өөрийн дуу хоолойгоор хүргэж чадаж байна гэдэг нь маш сайн зүйл. Дэлхийд дуу хоолойгоо хүргэж чадаж буй нь эгэх хариуцлагын нэг том үзүүлэлт.
Энэ охин үгээ хэлэхийн тулд ямар нэг мэдээлэлтэй байх ёстой болно. Мэдээлэл авахын тулд асуудлаа судлан боловсруулна. Энэ зуураа гэр бүл, хамт олон, судлаачдын дэмжлэгийг авна. Гретагаас гадна Герман, Энэтхэг зэрэг таван улсыг хүүхдийн эрхийг эдлүүлж чадахгүй байна гээд эдгээр улсын 10 гаруй хүүхдүүд нийлээд НҮБ-д мэдээлэл хүргүүлсэн. Энэ мэтээр хүүхдүүд төр засагт үгээ хүргэж, өөрсдийн судалж мэдсэн зүйлийнхээ талаар байр сууриа илэрхийлж, хоорондоо зохион байгуулалтад орж, төрийн тэргүүнүүдтэй мөр зэрэгцэн сууж дуугарч чадаж байна. Иймээс төрийн үйл хэрэгт оролцож чадсан гэдэг утгаараа би Грета охиныг мундаг гэж хэлнэ. Харин Болорсайхан 16 настайдаа хаана, юу хийж байсан нь асуудал болж байна!
А.Долгион: Грета охины үйлдэл нийгмийн эгэх хариуцлагын үндсэн дөрвөн хэв шинжийг агуулсан тухай Болорсайхан хэллээ. Би бас Грета охины талд байна. Учир нь энэ охин дэлхий нийтийн асуудлыг хурцаар гаргаж тавьж чадсан. Монгол гэдэг ялгаа, бидний онцгой түүх бий хэдий ч даяаршиж буй ертөнцөд та бид бүгд хүссэн хүсээгүй энэ дэлхийн иргэн (Global citizen). Тэр хүүхэд дэлхийн иргэний хувьд нийгмийн эгэх хариуцлагын зарчмыг хэрхэн гаргаж ирж буй дээр нь онцолж харах ёстой. Энэ охины кэйс дээр хоёр тал болон хуваагдсан хүмүүсийг харахаар эсэргүүцэж буй хүмүүс нь дэмжиж буй хүмүүсээ өөрсдийн амьдралаа яая гэж байж юун дэлхийн дулаарал вэ гэх хандлага хүчтэй ажиглагдсан. Эдгээр хүмүүсийн ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл дутуу байгаа нь харагдсан. Иймээс ярьж буй зүйлээ сайн судалж, бүрэн ойлголттой болсон хойноо шүүмжлэх хэрэгтэй.
В.Ганзориг: Та дэлхийн иргэн гэдэг ойлголтыг хөндлөө. Үүнийг жаахан тодруулна уу. Манай нутгийн зөвлөл гэдгээс арай өөр ойлголт бололтой юм. Зөв үү?
А.Долгион: 1980-аад оноос даяаршилын тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэнтэй зэрэгцэн энэ ойлголт гарч ирсэн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн саяхан манай улсад айлчилсан. Энэ хүн дэлхийн иргэний тухай ойлголтыг нэлээд ярьдаг юм. Бид яах аргагүй нэг агаараар амьсгалж, нэг оронд болж буй үйл явдал нөгөө оронд нөлөөлдөг орчилд амьдарч байна. Бид нарын хийж буй үйлдэл хүссэн хүсээгүй дэлхийн үйл явдалтай холбогддог. Бид үүнийгээ эхлээд сайн ойлгох ёстой. Ойлгосны дараа үйлдэл хийх хэрэгтэй болдог. Энэ ухамсрыг дэлхийн иргэн гэж хэлдэг.
Д.Тунгалаг: Иргэний боловсролын гол үр дүн нь иргэд идэвхтэй болохын хэрээр ямар нэг үйлдэл хийж эхлэхэд чиглэдэг. Орон нутагт гарсан асуудлыг судлаад иргэн хүний хувьд юу хийх ёстой вэ гэдгээ мэдэж суралцах ёстой. Активизм буюу иргэдийн хөдөлгөөн, оролцооны талаар манай боловсролын хөтөлбөрт оруулан зааж байгаа эсэхийг ЮНЕСКО судлахад энэ талын үнэт зүйл, хандлага олгох талаар юу ч заадаггүй гэсэн дүгнэлт гарсан. Боловсролын салбарт ажилладаг хүний хувьд Грета охиныг дэлхийн иргэн, чанартай боловсролын үр дүн юм болов уу гэж хувьдаа харж байгаа. Сурсан, мэдсэн зүйлээ ажил хэрэг болгож буй нь энэхүү боловсролын үр дүн гарч байгаа хэрэг юм. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө идэвхтэй тэмцдэг иргэн бэлдсэн байгаа нь тухайн улсын боловсролын чанар, үр дүнг харуулж байна гэсэн үг. Энэ охин баасан гараг бүр сургууль, хичээлээ хаяж эсэргүүцэл илэрхийлж байсан нь олон хот, улсад давалгаалаад эхэлсэн. Энэ бол хүүхдүүдийн ухамсаргүйгээр бие биенээ дуурайж буй үйлдэл биш. Энэ бол боловсролын чиг хандлагыг харуулж байгаа бодит кэйс яах аргагүй мөн. Энэ давалгааны сураг Монголд харин байхгүй байгаа.
Д.Амарбаясгалан: Манай улсын түүх, соёл багагүй нөлөөлдөг. Тухайлбал, төрийн төлөө оготно боож үхлээ юу гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэг дээр өөрчлөлт хийхийн тулд оготно боож үхэх шаардлагатай болчихоод байна. Грета охин дуу хоолойгоо дэлхийд гаргаж буй нь хариуцлага нэхэж, өөрчлөлт авч ирэхийг уриалж буйн илрэл юм. Эгэх хариуцлага гэдэгт иргэд мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, хариуцлага хүлээх, хяналт тавих, хамгийн гол нь хариу үйлдэл үзүүлэх процесс ордог. Ийм учраас эгэх хариуцлага гэж нэрлэдэг. Эгэх биш эргэх юм биш үү гэж олон хүмүүс асуудаг.Accountability гэдэг үгийг өмнө нь нийгмийн хариуцлага, иргэдийн хяналт, тайлагнал гэх зэргээр орчуулан ойлгож явж байсан. Эдгээр ойлголтыг нэг нэг өнцгөөс нь ярьдаг байсан болохоос биш цогцоор ойлгож тайлбарлаж байгаагүй. Аль нэг ойлголт нь дангаараа хариуцлага эсвэл хяналт болж чаддаггүй. 2015 онд бид санаачлан Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг судлаачдаас зөвлөгөө авсны үндсэн дээр Accountability гэдэг үгийг Responsibility гэдэг үгнээс ялгаж, төдийлөн хэрэглэхээ болиод байсан Эгэхгэдэг үйл үгийг ашигласан. Дор хаяж хоёр талын харилцаа байгаа нөхцөлд эгэх хариуцлага яригдана гэсэн үг.
А.Долгион: Зарим хүмүүс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг Монголд хамаагүй мэтээр ярьдаг. Гэтэл бид орон нутагт судалгаа хийгээд явж байхад малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хамгийн ихээр санаа зовоодог асуудал нь уур амьсгалын өөрчлөлт гэж гардаг. Гол, горхи нь ширгэж, ган, зудын давтамж нэмэгдлээ гээд манай иргэдийн санаа зовсон асуудал мөн байдаг. Гэвч нэгт, манай төр засаг энэ асуудлыг нь бодитоор олж харж чадахгүй байна. Хоёрт, тэдгээр иргэд хамтын зохион байгуулалтад орж, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломж нь хомс байна. Малчдын дийлэнх нь твиттерт байхгүй шүү дээ. Иймээс олон нийтэд дуу хоолойгоо хүргэж чадаж байгаа, харьцангүй амьдралын боломжтой, уур амьсгалын өөрчлөлт болоход, эсвэл өвлийн утаа гарах үеэр мөнгөө төлөөд Монголоос гараад явчих чадалтай хэсэг нь энэ асуудлыг эсэргүүцдэг. Энэ нь нийгмийн тэгш буй байдлыг харуулсан сонирхолтой жишээнд тооцогдоно.
В.Ганзориг: Эгэх хариуцлага төр, хувийн хэвшлийн түншлэлээс юугаараа ялгагдах вэ?
А.Долгион: Эгэх хариуцлага нь илүү өргөн хүрээнд засаглах гэдэг суурьтай. Иймээс энэ бол зөвхөн иргэн, төр хоёрын хоорондын асуудал биш. Нэмээд мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшил, бусад оролцогч талууд бүгд хамрагдана гэсэн үг.
Б.Болорсайхан: Сурагчид хичээл хаяж байсан кэйс Монголд бий. 2017 оны 4 дүгээр сард 29 дүгээр сургуулийн ахлах ангийн хүүхдүүд өөрсдөө санаачлаад зохион байгуулалтад орж хичээлээ хаясан. Энэ хүүхдүүд сургууль чанартай боловсрол олгохгүй байна, бидэнд дохионы хэлээр хичээл заахгүй байна, багш нар бидэнтэй зүй ёсоор харилцахгүй байна, тэр бүү хэл сурагчаа дарамталсан янз бүрийн үйлдэл илэрч байна гээд хичээлээ хаясан. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ууд анхаарлаа хандуулж нийгмийн асуудал болгож чадсан. Тухайн сургуулийн захирал ажлаа өгсөн. Салбарын сайд нь солигдсон. Үүний өмнөх процессийг нарийн анзаарвал эгэх хариуцлагыг олж харах боломжтой. Responsibility нь би ийм зүйл хийх ёстой, түүнийгээ хийж чадаж буйг харуулдаг. Иргэн хүний үүрэг, хариуцлага гэсэн үг.
29 дүгээр сургуулийн хувьд тэр бүх болохгүй зүйлсийн талаар хүүхдүүд ахлах ангийн ах, эгч нараасаа сонсдог байсан. Тэд сургуулиа төгсч яваад асуудал хэвээр үлддэг байв. Харин тэр төгсөлтийн хүүхдүүд энэ асуудлаар бид дуугарах ёстой гээд хоёр жилийн өмнөөс дуу хоолойгоо гаргаж эхэлсэн байдаг. Үүнийг зарим багш нар нь дэмжиж, зарим нь дэмжээгүй. Нийгмийн ажилтан нь асуудлыг нь сонссон ч хариу арга хэмжээ аваагүй. Төрийн байгууллагад хандсан ч тэд эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ зохион байгуулж асуудлыг нь шийдэж өгөөгүй. Үүний дараа багш нарын зүй бус үйлдэл нь давтагдаж эхэлсэн. Хүүхдүүдийн томчуудаас хамааралгүй өөрсдийгөө илэрхийлдэг ганц боломж болох сагсан бөмбөгийн тэмцээнийг нь онцгой байдлын албанаас тасалдуулах үеэр тэд тэсэрсэн байдаг. Үүнээс өмнө “Хүүхдээ сонсъё” аянг Нийслэлээс зохион байгуулсан байсан. Энэ аянд тус сургуулийн захирал, нийгмийн ажилтан оролцоогүй. Иймээс үүргээ биелүүлээгүй, хариуцсан ажлаа хийгээгүй этгээдүүдийн олон асуудал бугларсаар байгаад тэнд хүүхдүүд хичээл хаяхад хүргэсэн.
Шведийн Грета охин ба 29 дүгээр сургуулийн сурагчид хооронд адил зүйл бий. Тэр нь хүүхдийг хийх ёстой ажлаа хийхгүй болохоор нь томчууд анзаарч харж эхэлдэг. Сургуульд явах ёстой үүргээ биелүүлэхгүй болмогц юу болов гээд насанд хүрэгчид бүгд гайхаж харсан. Гретаг дэлхий харсан бол Алтансүх хүүг Монголчууд харсан. Энэ хүүгийн амьдрал одоогоор сайнгүй байгаа. Эдгээр хүүхдүүдийн асуудалд төр нь анхаарлаа хандуулахгүй байсныг энэ хүү хичээл хаях замаар өөрчилж чадсан. Төр үүргээ биелүүлээгүй учраас энэ хүүхдийн зүгээс хариу үйлдэл гарсан. Улмаар 2019-2020 оны хичээлийн жилд сайдын тушаал дээр нь хүүхдийн ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийг харгалзан сурах орчин нөхцөлд нь анхаарал хандуулах тухай үг, өгүүлбэр орж ирсэн. Энэ бол Алтансүх хүүгийн эгэх хариуцлагын илрэл юм. Гэхдээ нийгмийн эгэх хариуцлагыг бүх асуудлыг шийдэх жор гэж ойлгож болохгүй. Энэ бол төрийн төвшинд гацаад байгаа асуудлыг олон талыг оролцуулж, хүмүүсийн хариу үйлдэл дээр тулгуурлан аль аль талдаа харилцан ашигтайгаар засч залруулах тухай юм.
Д.Тунгалаг: Иргэдийн оролцоо гэж бид олон жил ярьсан. Хийсвэр байсан. Иргэний нийгмийн бид оролцож байна гээд хөөрөөд нэг хуралд суугаад бүртгэлийн хуудсанд нэрээ оруулснаа оролцоо гэж боддог байв. Төрийн ордонд тэр хурал нь болбол бөөн баяр болж, оролцооны сайн хэлбэр шахуу болдог байлаа. Үүнийг бодит хөрсөн дээр буулгасан зүйл бол нийгмийн эгэх хариуцлага юм. Хуралд оролцон нэрээ бичүүлж, даргын хэлсэн үгэнд алга таших нь нийгмийн оролцоо биш. Засаглалын үйл явцад оролцож байж иргэний оролцоо бодит болдог. Шийдвэр гаргах процесст нөлөөлж чадахгүй бол энэ бодитой оролцоо биш. Иргэдийн нэг удаагийн оролцоо, лобби үргэлж хангалтгүй байдаг. Байнгын бөгөөд бүтээлч хамтын оролцоо маш чухал зүйл. Сум, орон нутаг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын засаглал, шийдвэр гаргалт, үйлчилгээний чанар, төсвийг байнга хянаж үнэлж байх нь иргэний нийгмийн байгууллагын эгэх хариуцлага юм.
Д.Амарбаясгалан: Эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд уг нь заавал хичээл хаях зэргээр хурц үйлдэл гаргах албагүй. Нийгмийн талууд бие биенийхээ хүсэл, шаардлагыг сонсоод үүргээ хүлээгээд, дор бүр нь хариу арга хэмжээ авдаг байсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй. Иймээс төрийн хувьд иргэдээ аль болох их мэдээллээр хангаж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах ёстой. Монгол Улсын дөрвөн хууль тутмын нэг дээр л иргэдийн оролцоог баталгаажуулсан байдаг. Төр эргэж хариу үйлдэл үзүүлэх тал дээр манай хамгийн том асуудал нь байгаа. Ийм ч учраас Дэлхийн банк нийгмийн эгэх хариуцлагын төслүүдийг хүчтэй дэмждэг. Учир нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хөгжиж буй улсуудад багагүй зээл, тусламжийг олгосон байдаг. Гэтэл эдгээр тусламж нь тухайн улсуудын нийгэмд эерэг өөрчлөлт хангалттай авч ирсэнгүй. Иймээс сайн засаглалыг бий болгох нь хөгжиж буй орнуудад тавигдах тэргүүн шаардлага болсон. Нэмээд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх хэрэгцээ байгаа.
Монголчууд аливаа зүйлд түрүүлж хөдлөх дургүй, бусдыг харзнах маягтай хүмүүс. Гэхдээ орон нутагт хэрэгжүүлж байгаа төслүүдээ харахаар Монголчуудыгаа зөв зохион байгуулж чадвал нийгэмдээ идэвхтэй, өөрчлөлт хийхийг хүсдэг, үүнийхээ төлөө сэтгэл гарган ажиллаж чаддаг ард түмэн гэдэг нь мэдрэгддэг. Харин үүнийг өргөн хэмжээнд бид хараахан хийж амжаагүй байна. Иргэдийн хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, хооронд нь ойлголцуулж, нэгдсэн зорилго руу чиглүүлж чадвал бидний өмнө олон сайхан боломж нээлттэй байгаа.
В.Ганзориг: Тэгвэл иргэдийг хэрхэн байнгын идэвхтэй оролцоотой байлгах вэ? Болорсайхан жишээ нь та яагаад хүний эрхийн төлөө тэмцээд явдаг юм бэ? Хувийн ашиг сонирхол байдаг уу?
Б.Болорсайхан: Улс төрийн, олон танигдах, эсвэл нэр дэвших ямар ч зорилго байхгүй. Манай ээж хүртэл чи чимээгүй байж болдоггүй юм уу гэж асуудаг. Мэргэжлээрээ ажиллаад, өмнөхөө хийгээд, ойр дотны хүмүүстээ цагаа зарцуулаад явах нь мэдээж сайхан. Гэхдээ манай нийгэмд олон асуудал байна. Сүүлдээ эдгээр асуудал манай нийгэмд байх ёстой асуудал мэт болчихлоо. Энэ байдлыг өөрчлөх ёстой гэж боддог. Төрийг үр өгөөжтэй, үр дүнтэй ажилладаг болгодог иргэдийн тасралтгүй оролцоог бий болгохын тулд дөрвөн зүйл байх ёстой гэж би хувьдаа хардаг. Нэгт, ямар ч газар хөгжил яригддаг. Хөгжлийг санаачлан төлөвлөдөг. Хоёрт, сайхан төлөвлөсөн ажлын төсвийг хийх ёстой. Мөнгө яригдахаар зардал, өртөг яригдана. Гуравт, төсвийг мөшгих асуудал гардаг. Дөрөвт, төлөвлөгөө, төсвийн дагуу хийсэн ажлаа зорьсон үр дүндээ хүрсэн эсэхийг хардаг. Энэ дөрвөн нөхцлийг бүрдүүлж чадвал үргүй зардал, авилга, хээл хахууль, төрийн чирэгдэл, хүнд суртал үгүй болно. Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол аймгуудын угтах, үдэх хаалга. Сумын сургуулийн урсгал болон дотуур байрны засварын үндсэн зардалд 150 сая төгрөг хэрэгтэй байхад л аймгийн иргэдийн хурал 300 сая төгрөгөөр хаалга барих шийдвэр гаргадаг. Энэ бол иргэдийн оролцоогүй, дур зоргоороо аашилж буйн бодит жишээ. Төрийн нэр хүндийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд дээр дурдсан дөрвөн зүйлийг хэрэгжүүлэх замаар иргэдийн оролцоог хангахаас өөр арга байхгүй.
А.Долгион: Бусад оронтой харьцуулбал уг нь энэ тал дээр хууль эрх зүйн орчин нь Монголд харьцангүй сайн байдаг. Харин энэ хуулиуд яагаад амьдрал дээр хэрэгжихгүй байна вэ гээд судлахаар шалтгаан нь манай нийгмийн суурь асуудал болчихсон байдаг. Энэ нь итгэлцлийн асуудал. Төр нь иргэндээ итгэдэггүй. Үүнээс үүдээд хүнд суртал үүсдэг. Иргэний үнэмлэхээ хувилаад заавал нотариатаар батлуулж авч ирэхийг шаарддаг. Нөгөө талаас иргэн нь төрдөө итгэдэггүй. Яг миний дуу хоолойг сонсоно гэж итгэдэггүй. Бид энэ талаар олон судалгаа хийж байсан. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр очоод үгээ хэлж буй эсэхийг судлахаар очдоггүй. Яагаад вэ гэхээр тэнд очоод үгээ хэлээд ч нэмэргүй ээ гэж хариулдаг. Ямар ч итгэлцэл байхгүй болсон. Дээрээс нь иргэд хоорондоо итгэлцэхээ больжээ. Нэг нь санаачилга гаргавал нөгөө нь шууд харддаг. Нийгмийн суурь болсон итгэлцэл, хамтын ажиллагааны схем ажиллахгүй болсон. Зөвхөн Монголд ийм байна уу гээд судлахаар бас үгүй. Хуучин пост коммунист улсуудад яг ижил дүр зураг ажиглагддаг.
Д.Амарбаясгалан: Говьсүмбэрт гурван жилийн өмнө эрүүл мэндийн үйлчилгээн дээрээ санал авахаар иргэдээ дуудаад ирдэггүй байсан. Уг нь бид энэ хүмүүсийн төлөө ажиллаж, дуу хоолойг нь сонсох гээд байхад ирдэггүй гээд төрийн байгууллагын хүмүүс гомдсон явдаг байсан. Харин одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол дан ганц аймгийн нэгдсэн эмнэлгийн асуудал биш юм байна. Иргэн бид эрүүл байхын тулд өөрсдөө саналаа хэлж, шийдвэр гаргах процесст оролцох ёстой юм байна гэдгээ ярьдаг болсон байгаа. Төрийн байгууллага нь орон нутгийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдээ цуглуулж, оролцоог нь идэвхжүүлдэг болсон. Ийм сайн жишээнүүдийг бид боломжоороо бүх талаас нь дэмжих хэрэгтэй байна. Өнөөдөр нөхцөл байдал онцгүй байж болно. Гэхдээ үүнээс гарах боломж бидэнд байгаа. Мөнгө, төсөв асуудлыг шийддэггүй. Хүнээс л бүх зүйл хамаардаг. Хөгжил хүмүүсээс л хамаарна.
Д.Тунгалаг: Хүмүүс гэдэг бол иргэд. Иргэдээ бид идэвхигүй, мэдлэггүй, чадваргүй, өөрсдөө оролцдоггүй гэж ярьдаг. Үүнийг би эрх мэдлийн асуудал гэж хардаг. Сумын сургуулийн захирал хүн тухайн сумын хамгийн том ажил олгогч байдаг. Нэмээд сургууль хамгийн том төсвийн байгууллага нь болдог. Сургуулийн багш нар дан дээд боловсролтой хүмүүс байдаг. Харин сумын сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийг харвал ажилгүй, бичиг үсэггүй, сумын төвдөө ч бараг ирдэггүй хязгаар нутгийн малчид байдаг. Энд эрх мэдлийн асар том ангал үүссэн байдаг. Учир нь иргэд нь айгаад, сүрдээд оролцож чаддаггүй. Сургууль дотор орж чаддаггүй, орсон ч багшаас хариуцлага нэхэх боломжгүй. Сумын сургуулийн захиралтай муудалцвал хамаатнуудаас нь эхлээд ажилгүй болох шинжтэй болдог. Эрх мэдлийг тэнцүүлэхээс нааш иргэдийг нийгэмд оролцуулах нь тийм ч амар ажил биш. Эс бөгөөс эгэх хариуцлага ажилладаггүй юм байна гэдгийг бид газар дээр нь ажилласны хувьд ойлгосон.
В.Ганзориг: Итгэлцэлийг хэрхэн бий болгох вэ?
Д.Тунгалаг: Манай байгууллага БСШУСЯ-ны итгэлийг олохын тулд есөн жилийг зарцуулсан. Есөн жил шургуу, тэвчээртэй ажиллаж, зургаан сайдын нүүр үзэж байж манай байгууллага аль нэг улс төрийн байгууллагаас хараат биш юм байна гэдэг итгэлийг төрөөс хүлээсэн.
А.Долгион: Иргэд нь өөрсдийгөө нийгмийн гишүүн гэдгээ мэдэрдэг, бие биедээ, төр засаг, бусад байгууллагуудад итгэдэг, нийгмийн асуудалд оролцдог, хоорондоо хамтардаг болох ёстой. Үүнийг нийгмийн нийцэл гэдэг. Гурван үндсэн шалтгаан нийгмийн нийцэлд шууд нөлөөлдөг. Нэгт, тэгш бус байдал бага байх ёстой. Орлогын ялгаа ихсэх тусам бие биедээ итгэх битгий хэл үзэн ядаж эхэлдэг. Улмаар нийгмийн суурь ганхаж эхэлдэг. Хоёрт, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний боломжтой байх. Нийгэмдээ оролцож, жишээ нь төрийн байгууллагын төсвийг хянахын тулд дор хаяж бичиг үсэгтэй байхаас эхлүүлээд суурь нөхцлүүдийг хангасан байх ёстой болдог. Үүнд улсын эдийн засгийн нөхцөл байдал шууд хамаатай. Гуравт, тогтолцоо. Аль болох нээлттэй, ардчилсан байх тусам иргэдийн оролцоо, итгэл өндөр байдаг. Энэ гурван үзүүлэлтээр Монголоо үнэлэхээр сайжрахаас илүү муудах тал руугаа явж байна. Гэхдээ энэ нөхцөл байдал үүрд үргэлжлэхгүй. Ялангуяа тэгш бус байдлын асуудлыг бид мартаж болохгүй.
В.Ганзориг: Активист ба сайн дурынхан хоёрын ялгаа нь юу вэ?
Б.Болорсайхан: Манай нийгмийн салбарын шинжлэх ухаан Франц, Германаас эх авсан сургаалийг Оросоор дамжуулаад өөрийн болгосон. Үүнээс улбаалаад орчуулгын нэр томъёо харилцан адилгүй буудаг. Volunteerism–ийг сайн дурын үйл хэрэг гэж явж байгаа. Сайн дураараа өөрийн цаг хугацаа, эрч хүчийг бусдын төлөө зориулж буй нэгнийг сайн дурын ажилтан гэнэ. Тогтолцооны шинжтэй зүйлийг өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар өөрчлөхийн төлөө замнаж буй хүнийг активист гэж хэлнэ. Сайн дурын ажилтан заавал тогтолцооны шинжтэй асуудалтай нүүр тулах албагүй гэсэн үг.
В.Ганзориг: Грета охины илтгэл шиг НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгыг эсэргүүцсэн нийгмийн хэсэг бүлэг байдаг. Энэ яадаг зорилго билээ, яагаад зарим хүмүүс учиргүй шүүмжлээд байдаг юм бол?
Б.Болорсайхан: 1945-1965 он буюу дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орнуудын дайнд нурсан хот балгасыг босгохын тулд улс орны хөгжлийг ядаж эдийн засгийн өсөлтөөр нь баримжаалъя гээд явж ирсэн. 1965 онд хүн ам ба эдийн засгийн өсөлт шууд хамааралтай гэдэгт эргэлзэж эхэлсэн. Улмаар ДНБ, ҮНБ-ээр улс орны хөгжлийг харах нь өрөөсгөл юм байна гээд 1980-аад онд судлаачид нэг зүйл дээр тохирсон. Энэ нь нийгмийн төвд мөнгө, эдийн засаг, цөмийн цэнэгтэй хошуу, газар нутгийн хэмжээ биш харин хүн байх ёстой гэдэг ойлголт. 1986 онд НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Хөгжих эрхийн тунхаглал” гэдэг баримт бичиг гаргаж, хөгжил гэдгийг тодорхойлсон. Хөгжил гэдэг нь хүний эдэлбэл зохих эрх. Гэхдээ хүн энэ эрх, эрх чөлөөг эдлэхийн тулд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулж, үр дүнг нь хүртэх буй эдийн засаг, улс төр, соёлын үйл явц юм. Харин нэг цэгээс нөгөө цэгт хүрэх нь хөгжил биш гэж тодорхойлсон.
1987 онд тухайн үеийн хүрээлэн буй орчин хариуцсан комиссоос “Бидний нийтлэг ирээдүй” гээд тайлан гаргасан. Энэ тайланд тогтвортой хөгжил гэдгийг анх томъёолсон. Үүнийг маш товчоор хэлбэл өнөөдөр амьдарч буй хүмүүс дараа үедээ гай болохгүйгээр нөөцийг ариг гамтай ашиглан шилжүүлэхийг тогтвортой хөгжил гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, 1986 оны тунхаглалаар хөгжлийн төвд хүн байх ёстойг, 1987 оны тайлангаар хүнээс гадна нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны байдлыг харахгүйгээр хөгжлийн тухай ярьж болохгүй юм байна гэдэг үзэл санаа бий болсон. Энэ үзэл санаа манай 1992 оны үндсэн хуулинд сууж өгсөн байдаг. Улмаар цогц байдлаар улс төрийн амлалт болж дэлхийн хэмжээнд өргөжсөн нь 2000-2015 он буюу “Мянганы хөгжлийн зорилт” юм. Энэ зорилтын гол алдаа нь хөгжиж буй улсууд хөгжилтэй улсуудаас дэмжлэг авах буюу дээрээс доошоо хандлагатай байсан. Мөн жендерийн асуудал дээр бусад улс орнууд хоорондоо харилцан ярилцаж чадаагүй байсан. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд найман зорилгыг барьж авч төвлөрөөд хамтраад ажиллахад маш том үр дүн гарсан. Үүнээс санаа аваад “Мянганы хөгжлийн зорилт”-оо үргэлжлүүлээд улс орны хөгжлийн төвшингөөс үл хамаарч хүн бүрд хөгжилд хувь нэмэр оруулах ёстой, төр энэ ажлыг манлайлахын зэрэгцээ иргэний нийгэм, хувийн хэвшил дэмжиж орох ёстой, хэнийг ч ардаа үлдээлгүй мөр зэрэгцэн хамтдаа алхах ёстой гэдэг санаа гарч ирсэн.
Тогтвортой хөгжлийн зорилго бол хүн төрөлхтний өв, бидний бүтээл. Энэ бол олон хүний цус, нулимс, үхлээр олж авсан сургамж. 1945 оноос хойш улс орнууд яаж хөгжиж ёстой вэ гэж туулж буй сургамж болохоос биш ямар нэг баруунтан эсвэл зүүнтний дуу хоолойны илрэл биш. Хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засаг гурвын уялдаа холбоон дээр хүний амьдралын чанарыг харах нь тогтвортой хөгжлийн суурь. Хүрээлэн буй орчинг талхилж, байгалийн нөөцийг ашгийн төлөө сувдаглах нь нэг механизмд тооцогдоно. Үүнийг нь боль, нөөцийг ирээдүйдээ ариг гамтай хүлээлгэж өг гэхээр энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс эсэргүүцэж, ашиг сонирхлын мөргөлдөөн үүсгэдэг. Зүй нь хүрээлэн буй орчны суурин дээр нийгмийн ололт амжилтаа бэхжүүлж, эдийн засгийн харилцаан дээрээ тулгуурлан хүмүүс сайн сайхан, амар амгалан, айх айдасгүй, гачигдах зовлонгүй, чөлөөтэй, өөрсдийн итгэл үнэмшилтэй ажиллаж амьдрах орон зайг тогтвортой хөгжлийн зорилгын үр дүнд бий болгох ёстой. Энэ бол миний үг биш. 1948 онд дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтөн юу хүсч байгаа вэ гэдгийг тодорхойлсон энэхүү үг өгүүлбэр өнөөдрийг хүртэл явж байгаа юм.
А.Долгион: Тогтвортой хөгжлийн зорилго дээр хүмүүсийн буруу ойлгодог нэг зүйл байдаг. Тэрхүү 17 зорилгыг бүх орон яг ижил хэмжээгээр, адил загвараар хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Гэтэл улс орнууд хөгжлийн загвараа хүн төрөлхтний энэхүү алсын хараан дээр суурилан өөрсдөө тодорхойлох боломжтой. Гол нь энэ процесст иргэдээ оролцуулах ёстой. Манай улс үүнийг тодорхой хэмжээнд буулган бичиг баримт боловсруулсан. Эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулна гэж бид ярьж бичиж ирсэн. Одоо энэ нь 17 зорилгыг нэг нь болсон. Эдийн засгийн үүрэг нь ингэж бүдгэрэхээр үүнийг зүүнтнүүдийн хийж буй ажил гэж хэсэг хүмүүс мушгидаг. Энэ бол тогтвортой хөгжлийн тухай маш сул ойлголттой хүний хэлдэг үг.
Д.Тунгалаг: Энэ зорилгод буруу байхгүй. Юу байвал та сайхан амьдрах вэ гээд энэ зорилгыг боловсруулах судалгаанд бид оролцсон. Гэвч Монголд энэ зорилгыг боловсруулахдаа яг хуучнаараа хийчихсэн. Хамгийн харамсалтай нь энэ ажилдаа биднийг оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зорилго дээрээ бүх анхаарлаа тавиад 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн зорилгоо томъёолсон. Хүнтэй холбоотой эрүүл мэнд, жендер, эрх тэгш байдал, боловсрол зэрэг асуудлууд зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа биш зарчим дотор нь орсон. Энэ бол НҮБ, АХБ-ны хамтарсан үнэлгээ юм шүү. Ийм ажил хийчихээд дэлхийн хэмжээний том зорилтыг шүүмжлэх нь утгагүй л дээ.
В.Ганзориг: Ийм байдалд хүргэсэн нь иргэний нийгэм, олон улсын байгуулага, судлаач та бүхний буруу биш үү? Яг тэр үед та бүгд нэгдээд төрийг шахаад зөв шийдэл гаргахад нь оролцохгүй яасан юм бэ?
Д.Тунгалаг: Үнэн. Гэхдээ нийгмийн эгэх хариуцлагын нэг том элемент энэ нөхцөлд яригдана. Тэр нь төрийн тунгалаг, засгийн газрын ил тод байдал юм. Ямар шийдвэр гаргаж, ямар бодлого боловсруулах гэж буй нь ил тод байвал бид очоод оролцоно шүү дээ. Гэтэл тэнд чимээгүй байж байгаад Ерөнхий сайд тушаал гарган ажлын хэсэг байгуулсан. Бид огт мэдээгүй явж байгаад батлагдаж гарсан хойно нь мэдээлэл авч байх жишээний. Энэ бол нэг талаас иргэний нийгмийн байгууллагуудын алдаа, нөгөө талаас нийгмийн эгэх хариуцлагын нэг механизм ажиллаагүйтэй холбоотой.
В.Ганзориг: Энэ алдааг давтахгүйн тулд хэн, юу хийх ёстой вэ?
А.Долгион: Иргэнийг төртэй, эдийн засагтай холбодог зүйл нь байгууллага байдаг. Иймээс бид эдгээр институтиудаа бэхжүүлэх шаардлагатай. Судалгааны байгууллага нь үнэхээр мэргэжлийн судалгааны байгууллага шигээ, иргэний нийгэм нь иргэдийн хүсэл зоригийг чин шударгаар, ёс зүйтэй хамгаалдаг шигээ төрөлжин мэргэших хэрэгтэй. Иргэд хичээхээс гадна мэргэжлийн болон олон нийтийн байгууллагууд, төр бас давхар хичээх ёстой. Дараагийн 15 жилд хэдхэн мундаг хүмүүс дээр дулдуйдах биш хүчирхэг байгууллагууд, мэргэжлийн институтиуд дээр суурилсан Монголыг бүтээх ёстой болж байна.
Д.Амарбаясгалан: Аль аль талдаа бид хүлээлтийг зөв удирдаж сурах ёстой. Төр иргэдэдбиелэх боломжгүй, худал зүйлс амлаж болохгүй. Ийм амлалтад орохгүйн тулд иргэд өөрсдөө маш сайн мэдээлэлтэй байж, бодит хүлээлт, хүсэл зорилгоо мэддэг байх ёстой. Ингэж байж бид өөрчлөлт хийж чадна. Ингэж чадахгүй хоорондоо хөлөө жийлцээд байвал 20 жилийн дараа бидний дараагийн үе энэ сэдвээр ярьсан хэвээр л сууж байна. Яг юу хүсч байгаагаа бодитоор тодорхойлж, энэхүү нэгдсэн зорилгын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид нэгдэн, энэ зорилгыг биелүүлэхийн төлөө бас яг юу хийж чадахаа бодитоор тодорхойлох хэрэгтэй байна. Тэрнээс биш хэн нэгэн хүчтэй хүн гарч ирээд өөрчлөлт хийнэ гэдэгт би итгэдэггүй. Хөгжил дотроосоо л явагддаг.
Д.Тунгалаг: Ашиг хийж буй хувийн хэвшил чухал. Төр бол эрх мэдэл. Бидний алдаа бол иргэний нийгмийн хэт доогуур үнэлж ирсэн явдал. Бид үүнийхээ горыг одоо амсч байна. Иргэний нийгмээ хүчирхэгжүүлж чадвал нийгмийн суурь асуудлууд руу хувийн хэвшил, төрийг чиглүүлж, популизм, тэгш бус байдлыг багасгаж чадна. Иргэний нийгэм өнгөрсөн жилүүдэд тэмцэж ирсэн боловч одоо илүү бэхжсэн, улам суурьтай, илүү тууштай явах ёстой болж байна. Манай байгууллага жишээ нь боловсролын тэгш бус байдлыг халахаар нэлээд их ажил хийж байгаа. Энэ нь төрийн зарим байгууллагын хувь огт ойлгодоггүй, цоо шинэ асуудал байдаг. Хэрвээ судалгааны институциуд бэхжвэл бид өөрсдөө дата мэдээлэл цуглуулах гэж цаг алдах хэрэггүй болно. Эдгээр бэхжин хүчирхэг нөлөөтэй болсон институциуд хоорондоо холбогдон ажилладаг болбол хувийн хэвшил, төрийг холбон итгэлцэл дээр суурилсан нийгмийн нийцлийг бий болгох боломжтой. Энэ өөрчлөлтийг бид нар л хийнэ. Өөр хэн ч хийхгүй. Алдаж оноод ч болтугай өөрсдөө оролдож үзэх ёстой.
В.Ганзориг: Амжилт олсон иргэний нийгмийн байгууллага нь улс төрийн нам, тэмцэгч нь улс төрч болдог “гажиг” тогтолцоо манайд байна уу, үгүй юу?
Д.Тунгалаг: Иргэний нийгмийн хөгжлийг судлаад үзэхээр янз бүр байдаг. Энэ бол хөгжлийн л процесс. Бид гол нь дотооддоо ёс зүйгээ сайн ярих ёстой.
Б.Болорсайхан: Амраг хос муудалцаад хэн нэгнийгээ залгахыг хүлээгээд тунирхдаг. Үүнтэй жишвэл, төр бид нар руу эхэлж залгах ёстой. 10 жилийн дараа тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг бид нараас асуувал дараах дөрвөн зүйлийг хараасай гэж бид хүснэ. Хэрэв төр уучлаарай, хоёулаа эргээд үерхье гэж эхлээд залгавал нийгмийн эгэх хариуцлага, хүний эрхтэй холбоотой дөрвөн эрхийг хэлнэ. Тэр нь иргэдийн үг хэлэх, мэдээлэлтэй байх, эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох эрх. Энэ дөрвөн эрхийг 2019 онд төр чамд эдлүүлж чадаагүй юм байна. Харин 2030 гэхэд би үүнийг бүрэн дүүрэн эдлүүлэх болно оо гэж над руу залгаач гэж би төрөөс хүснэ.
Зохион байгуулалтад орсон атлаа юу хийхээ мэдэхгүй, юу хийхээ мэддэг мөртлөө зохион байгуулалтад орж чаддаггүй иргэдийн аль аль нь нийгэмд нэмэргүй байдаг. Иймээс зохион байгуулалтад орсон, чадавхитай иргэд маш чухал. Мөн хариу үйлдэл үзүүлдэг төр, төрийн байгууллага чухал. Хариу үйлдэл үзүүлдэг, зохион байгуулалтад орсон чадавхитай иргэд нийлээд эхлэхээд төр тэд нартай муудалцахыг хүсдэггүй. Улмаар төр иргэдэд хэрэгцээтэй, чухал мэдээллийг боломжит бүх сувгаар дамжуулан өгч, нээлттэй болдог. Сонсголгүй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль дээр эх хэл нь дохионы хэл байдаг. Дараагийн хэл нь улсын хэл, дараа нь гадаад хэл сурдаг. Эдгээр хүмүүсийн эх хэлэнд нь тулгуурлаж, түүгээр нь дамжуулж мэдээлэл, мэдлэг түгээх замаар нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлнэ.
В.Ганзориг: Үг болгон тань миний хувьд үнэтэй байлаа. Нэвтрүүлгээ дүгнэе. Эгэх хариуцлагыг ажил хэрэг болгон, нийгмээ өөрчлөхийн тулд иргэд маань өөрсдөө идэвхтэй оролцоотой, зорилготой, зоригтой байх ёстой юм байна. Институциуд чадавхжих шаардлагатайг онцолж байна. Эцэст нь төр тунгалаг бөгөөд иргэддээ нээлттэй байх зайлшгүй шалтгаан байдаг юм байна шүү эрхэм үзэгчид минь ээ! Эдгээрийг анхаарч ойлгон тал талаасаа хамтран ажиллаж нийгэмдээ эерэг өөрчлөлт авч ирье ээ залуус аа!
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
Зочин