ШИНЭ ҮЕ - ШИНЭ ҮЗЭГДЭЛ
УИХ-д цөөнх нь дотоодын хагарлаасаа болж олигтой дуугарахаа больсон энэ цаг үед цөөнхийн дуу хоолойг орлох дуу хоолой болж чадлаа. Тайван жагсаалыг улс төрийн зорилгоор үймүүлэх, элдвээр өдөөн турхирах, согтуу хүмүүс оруулах элдэв явцуу сонирхлууд цухалзаад далд орлоо.Энэ удаад органикаа хиймэл нь дийлсэнгүй.
Жагсаалын тухай хэн юу хэлэв
Төв талбайд залуус жагсав. Барьсан лоозон, эмх цэгц, тавьсан шаардлага, илэрхийлэл өөлөх юмгүй, өөрсдөө тэд өнгөлөг бөгөөд, жавхаалаг. Цагаан морь жил жагсаж явсан Да.Ганболд “Залуусын жагсаал Монголд шинэ либерал үзэл гарч ирж байгааг харууллаа” гэв. Цөөн хэсэг нь хэн нэгэн зохион байгуулчихав уу гэж хардлаа. Үзэл бодлоо илэрхийлэх гэж жагссан залуусыг бүгдийг хэн нэгэн зохион байгуулчихаагүй. Магадгүй зохион байгуулалттай эхэлсэн байлаа гэхэд оролцогчийн ихэнх нь органикаар оролцсон гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Тэдний энэ илэрхийлэл залуус ухаантай болсныг, үзэл бодлоо илэрхийлэх зоригтой болсныг харууллаа. Нэг нам дангаар шахуу эрх барьж байгаа энэ үед цөөнхийн дуу хоолой яалт ч үгүй дутаж байна. ХҮН-ын дарга, Т.Доржханд гишүүн чуулганы танхимд бараг сөрөг хүчин аятай үг хэлж суух юм. Өдий болтол дараа үедээ зайгаа тавихгүй Ардчилсан намын талцал цэглэгдээгүй байна.
УИХ-д цөөнх нь дотоодын хагарлаасаа болж олигтой дуугарахаа больсон энэ цаг үед цөөнхийн дуу хоолойг орлох дуу хоолой болж чадлаа. Тайван жагсаалыг улс төрийн зорилгоор үймүүлэх, элдвээр өдөөн турхирах, согтуу хүмүүс оруулах элдэв явцуу сонирхлууд цухалзаад далд орлоо.Энэ удаад органикаа хиймэл нь дийлсэнгүй.
Залуусын жагсаал шинэ үзэгдэл байв. Залуучуудын тайван жагсаал дээр ирсэн зарим хүнийг хөөж байна. Угтаа жагсах, үг хэлэх эрх чөлөө нь хөөгдсөн хүмүүст ч бий.Гэвч зөвтгөл нь зорилготой, захиалгатай жагсдаг хүмүүсээс болгоомжилсынх биз ээ. Э.Бат-Үүл баатрын хэлснээр Монголын ардчилал гайхагдлаа, залуус гарч ирлээ гэсэн юм. Тэрээр саяхан Х.Баттулгад хандан “Х.Баттулгаа одоо боль, залуучуудад зай тавьж өг. Чи бид хоёр өөрчилж чадахгүй” хэмээн хэлсэн. Эрх барьж байгаа нам үе солигдоод наяад оныхон гарч ирсэн. Ардчилсан намд далаад оныхон нь цухуйж чадаагүй байгаа энэ үед Үүл баатрын хэлсэн үг үе тэнгийнхэндээ зориулсан хатуу сануулга.
Тэрээр “Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд нар ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстойг үзүүллээ. Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ? Монголын ардчиллын шинэ үе иржээ” гэж хэлсэн Э.Бат-Үүлийн байр суурь бол үнэлгээ юм. Буурал толгойт хэн нэгэнд тал засах хүн биш. Үнэт зүйлийнхээ үнэнч манаач Э.Бат-Үүлийн үгэнд хачир байдаггүй. Энэ жагсаалын үр дүнд бид нэг л юм ойлголоо. Цаг нь иржээ. Аль ч цаг үед дараа үеийнхэн гарч ирдэг. Өмнөх нь үеийнхэн тэднийг ойлгохгүй, хүлээж авахгүй байх нь ч бий. Хүссэн ч, эс хүссэн ч цагийн жамаар шинэ үеийнхэн гарч ирдэг. Тухайн цаг үедээ хүчтэй байсан, хүлээн зөвшөөрөгдөж байсан хүмүүс зайгаа тавьж өгөх дургүй байдаг. Өнө мөнхийн энэ тулаан цаашид ч байсаар байх болно. Шинэ үеийн залуусыг дуун алдан хүлээж авч байгаа Ардчилсан намын хуучин лидерүүд өөрийн намынхаа залуу үед Э.Бат-Үүлийн хэлсэн шиг боломж олгох хэрэгтэй.Шахагдсан дараа үеийнхэн чинь та нартай хамт өтөлж байна.
Залуу хүн гал барих, галаар наадах зоригтой. Өмнөх 30 жилийн мууг илчилж, муухайг засахгүй юм бол шинэ 30 жил эхлэхгүй. Сайныг нь авч, мууг нь гээх зориг шинэ үеийнхэнд байна.
Тэд чухам юу хүсч жагсав
Залуучуудын жагсаал том утгаараа бол өнгөрсөн 32 жил болохгүй байна, өөрчилсөн шиг өөрчил, мууг нь нураасан шиг нураа гэсэн шинэ үеийн шаардлага. Уг сууриар нь нураах хуучин муу зүйлс МАНАН, хууль шүүхийн хонгил, авлига, цагаан захтнуудын толгойг илсэн хууль, дабль стандартыг үндэс хөрсөөр нь эргүүлж байж шинэ өөрчлөлт гарна. Хогийн ургамлыг үндсээр нь таслахгүй бол мөчрийг нь хайчлаад зүлэг цэцэг ургадаггүйтэй адил.
Тэдний шаардлагыг мөн л янз бүрээр хүлээж авлаа. “Ажлаа хий”гэдэг нь илүү сайн ажилла, дутуу дулимаг ажиллаж байна гэж анхааруулж, сануулсан хэрэг. Гэвч зарим хүмүүс тэднийг “огцор” гэж шаардсангүй хэмээн шүүмжиллээ.Ямартай ч энэ шаардлагын үр дүн наяад оны улстөрчдийг ордны гадаа гарч ирэхэд хүргэв.
Ерөнхий сайд “Жагсагчдын тавьсан шаардлагаасөөрөөсөө хамаарах 11-ийг нь ЗГ-аа ээлжит бусаар хуралдуулж, улс төрд өмнө нь гарч байгаагүй “дуунаас хурдан”-аар шийдчихээд, ирэх 7 хоногт нь УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар зөвшилцөж чадсанаа олон нийтэд зарласан. Энэ ч бас шинэ үзэгдэл байсан.
Магадгүй 16 настай хүүхэд Ерөнхий сайдыг чихэр, пирожкины үнэ буулгаач ээ гээд инээд алдах, Монгол Улс парламентын засаглалтай улсбайхад өнөөхЕрөнхий сайдыг ид шидийн саваатайгаар төсөөлөх, чөлөөт ардчилсан нийгмийнхээ уг суурийн эсрэг бүх зүйлд төрийн хяналт тогтоох гэх мэт “коммунист” шаардлага тавих, улс төр гэхээсээ гоё охидтой танилцах зорилго өвөрлөн ирэх, найзуудтайгаа зугаатай цагийг өнгөрүүлэх гэх мэт зүйлс цөөн тохиолдолд байсан биз. Залуу хүмүүст байх л зүйл. Хамгийн гол нь залуу үе дуугарч байгаа нь чухал байна.
Улс төрд шинэ үе, шинэ цаг ирж байна. Ардчилсан намын эртээ цагийн лидерүүд залуу үедээ зай тавьж өгсөнгүй.Ардын намд хэдэн үе солигдлоо. Энэ тухай арав гаруй жилийн өмнө бичиж байсан ч өнөөдөрАН-ын хувьд яг тэр зогссон цэгтээ л гацчихсан мэт. Бүүр нэмээд ах нар нь намаа хагалан бутаргаад хоёр хэсэг хуваачихлаа. Гэтэл МАН-ыг хар. 1980 оны залуу Ерөнхий сайд болчихсон намаа удирдаж, намын гал тогоогоо 1980 оны залуу барьж байна.
Залуу улс төрчид залуучуудаа сонсох, шинэ үетэйгээ нэг тал байх, үнэнтэй нүүр тулах зоригтой байна. Залуучууд л Монголд хувьсгал хийж, залуучууд л эх орноо хамгаалж, залуучууд бүтээн байгуулж, залуучууд шинэ соёл, шинэ хандлагыг авчирч байсан. 1990 онд ардчиллынхан ч бас залуу явсан. Зоригтой явсан.
Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрвэл залуусын дэмжлэгийг авна. Удирдагч жагсаалын өмнө нь явдгийг санан залуус нэгдвэл ямар хүчтэйг ойлгосон биз ээ. Төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт байдаг, төрийн уг эх үүсвэр ньард түмэн байдаг. Ардчиллын үнэт зүйлийг үл хүндэтгэвэл цаашид Ерөнхий сайд улс төрийн үхдэл болно гэсэн үг.
Ардын намын их хурлын амлалтууд шийдэгдэх үү
Өнөөдөр Ардын намд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршил тоглолт явж байна. Залуус ид сэлэм эргүүлдэг дээрээ л байна. Засгийн газрын өөрийнх нь дэлгэсэн Хөгжлийн банкны 1,8 их наядын их өр, эх орон, эзэн хааныхаа нэр төрийг барьцаалсан Чингис, Самурай зэрэг бондыг хэн яаж хэрхэн үрснийг илчилж, хариуцлага тооцно гэдэг нь хүний өөрийн ах нартайгаа, өөрийн намын 1960, 1970-аад оны дээд үеийн хэсэг бүлэгтэй ч тулна гэсэн үг.
Хөгжлийн банкыг тоносон, бондуудын мөнгийг цусалсан, шоронд биш ордонд сааралтдаг МАНАН, түүний ХОНГИЛ-ыг нураах визээ тэр талбай дээрээс авчихлаа. “Ордонд хүч дутвал олон түмэндээ хандана. Залуучуудаа хамтдаа тэмцэнэ гэдэгт итгэж байна” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Одоо харж л байя. Дахин хэлэхэд хүний өөрийн “дайсан”-тай байлдахаас гадна түүний үүрэг бол энэ улсыг улсын дайтай авч юм шүү.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг баривчилжээ. Нарийн ширийн нь шүүхээр шийдэгдэх биз ээ. Ямартай ч Монголын нүүрсийг хилийн цаана нугалж зардаг, тэр нь хэсэг бүлэгт ашигтай болохоос улс оронд унацаа өгөх нь бага байдагнь хачин. Монголын эдийн засагтай тэнцсэн том хар захыг зад цохих нийгмийн уур амьсгал нэгэнт бий болсон.
Шинэ сэргэлтийн бодлогыг шинэ улс төр, шинэ улстөрчид, шинэ үе ажил болгох юм ярьсан. Ярих яах вэ, одоо хийх цаг нь болсон. Гол нь элгээрээ хэвтэх гээд байгаа эдийн засагтаа дорвитой алхамууд хиймээр байна. Үнийн өсөлтөнд ч олон улсын нөхцөл байдал, дайн тулаан, ковид, боомтын хүчин чадлаас гадна авлига төлбөр нэмж байгаа нь тодорхой. Авлига чөлөөт өрсөлдөөнийг боодог учраас эрэлт, нийлүүлэлтийн хууль, далд гар Монголд үйлчлэх чадварыг сулруулдаг.
МАН 30 дугаар их хурлаараа Авлига албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцох, улс төрийн нэр төрийн капиталгүй, гишгэх газаргүй болгох хүнд хэцүү сорилтой тулгарах том зорилго дэвшүүлсэн. Авлига Монголын хөгжлийг хорлож, Авлига Монголын ирээдүйг хулгайлж, Авлига Монголд зарагдаж байгаа бүх эд бараа, үйлчилгээнд үнэ нэмж байгаа. Орон сууцны үнэд газрын наймаа, тендерийн дүнд авлигын хувь гэх мэт.
Улс төрийн нам хуучин нийгэм шиг хүн барьж хорих, цөлөх, гэсгээх эрхгүй ч улс төрийн хариуцлага тооцно. Улс төрийн нам хоргодох байр, амь хамгаалах хантааз болохгүй. Яллагдагчаар татагдсан бол түдгэлзэх, шүүхээр гэм буруу нь тогтоогдсон бол намаас хасах шийтгэлүүд улс төрийн капиталыг нь нураана.Бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй, бүх шатны сонгуульт албанд томилогдохгүй гэх мэт. Ардын нам авлигачдад хаалгаа хааж эхэллээ, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон нэр бүхий хүмүүсийг хөөж эхэллээ, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг түдгэлзүүлж эхэллээ. Улс төрийн нам гэдэг сум үл нэвтрэх хантаазаа тайлж нүцгэрсэн улс төрчийг шалгах хууль, хяналтынханд ч амар. Ерөнхий сайд залуусын жагсаал дээр гэмт хэрэгт шалгуулахад УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, давуу байдлаа ашигладаг, дабль стандартыг цуцлуулах талаар санаачлага гаргаж буйгаа зарласан. Жишээ нь, УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь л гардахгүй бол нэгжих эрхгүй. Би яг одоо хэрэг хийж байна гэж дуудлага өгсөн гишүүн 32 жилд нэг ч гараагүй. Гэмт хэрэг хийх дархан эрхгүй болсноор гишүүн бол дарга биш ард түмний төлөөлөгч байх шинэ үе эхэлнэ.
Ардын намаас хөөгдөөд аль нэг намд очиж хоргодох орон зай байна уу? гэвэл байна. МАН-ын дүрэмдээ оруулж, хуульчилсан энэ шаардлагын талаар ХҮН-аас бусад нь дуугарахгүй байгаа. Бусад нам дуугарвал сайнсан. МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийг дээдэлсэн дэвшилтэт бодлого баримтлахаа зарласан. Хэлэх, хийх хоёр өөр.Залуусын шаардсанаар ажлаа хий л гэж хэлье.
Хүний эрхийг зөрчсөн 800 гаруй хуулийн заалтыг өөрчлөх зэрэг зорилтуудаас хамгийн хэцүү нь хүний эрхийн мэдлэгийг түгээх гэж тооцож байсан. Залуучуудын жагсаал, залуу Ерөнхий сайдын алхам мэдрэмж, соёлыг түгээх нь цаг үе, тохироо нь бүрдсэн. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан эрдэмтдийн өргөн баг бүрдүүлэн, хүчин төгөлдөр бүх хуулийг заалт нэг бүрээр нь судалж, хүний эрхийг хамгаалах хөтөлбөр гаргасан. Судалгаа тооцоотой, тодорхой зорилго дэвшүүлээд зоригтойхөдөлбөл нийтийн дэмжлэг авна. Бас үр дүнгээ үзүүлнэ.Давшгүй даваа гэж байхгүй талаар хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу гуай нэгэнтээ хэлж байсан.Сүртэй зарласан бодлогоос чинь үр дүн хүлээж байна. Шинэ үеийнхэн юу хийж чадах нь уу, харж байя.
Эцэст нь хэлэхэд МАН 1980-аад оныхноор удирдуулж байхад АН-д 1970-аад оныхон цухуйж амжихгүй явна. МАН-ыг 1980 аад оныхон удирдаж байхад АН-ыг 1960-аад оныхон булаалдаж байна.
МАН одоо АН-тай өрсөлдөхгүй байна. 1980-аад оны залуучуудаар удирдуулсан МАН авлига, хүний эрхийн зөрчилтэй барилдахгүй бол АН ноцолдох сөхөө ч үгүй байна.Бүх нам авлига, албан тушаалын хэрэгтэнд хар тамга дарах, хаалгаа барих, орохыг хориглох тэмдэг байрлуулахгүй бол гишгэх газар, хоргодох байр тэдэнд олдоно. Намууд ч бас үүн дээр сөхөөтэй, сэхээтэй байж энэ улсын төлөө заримдаа ч гэсэн нэг зүг рүү харах хэрэгтэй юм. Жам ёсоороо л шинэ үе, шинэ цаг ирлээ. Монгол хүн амны билгээр гэдэгсэн. Бүх зүйл сайхан болоосой. Эрх барьж байгаа МАН яахав, их хурлаа хийж, баахан бодлого гаргачихлаа. Эрх баригчдаас, эрх барьж байгаа намын даргаасталбай дээр очсон залуус гэхээсээ Ардчилсан нам, цөөнхажлаа хийхийг шаардаж суух ёстой байлаа. Болохгүй, бүтэхгүйг нь анхааруулж, буруу үед загнаж суух ёстойсон. Шинэ үеийн залуус өмнөөс чинь дуугарсан шүү, уймарсан цөөнхүүд минь.