Энэхүү “Санхүү хариуцсан захирлын ширээний ном”-ын хоёр дахь хэвлэлд Санхүү хариуцсан захирал компанид ямар байр суурь эзлэх талаарх бүрэн хэмжээний тойм, мөн санхүү, татвар болон мэдээллийн технологитой холбогдсон стратегийн шийдвэрийг хэрхэн гаргаж хэрэгжүүлэх тухай тусгасан юм. Дараах асуултын хариуг 1-4 дүгээр бүлгээс харж болно. Үүнд:

  • Ажилд орсны дараах эхний өдрүүдэд юу хийх вэ?
  • Ямар тодорхой үүрэг хариуцлагатай байх вэ?
  • Гадаад валютын эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
  • Компанийн актив хөрөнгийн өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
  • Хөрвөх үнэт цаасыг хэдийд гаргавал ашигтай вэ?
  • Нэмэлт зардлын талаарх шийдвэр гаргахад ямар хүчин зүйлсийг авч үзэх ёстой вэ?
  • Тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох аргыг хэдийд хэрэглэвэл зохистой вэ?
  • Чухам ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс хасахаа хэрхэн шийдэх вэ?
  • Орлогын татварын хэмжээг бууруулах зорилгод компанийн шилжүүлэх үнийг хэрхэн ашиглах вэ?
  • Бага зардалтай үйлдвэрлэх эсвэл бүтээгдэхүүн шинээр шуурхай санаачлах зэрэг бизнесийн тодорхой чиглэлд зориулж мэдээллийн ямар өвөрмөц технологийг нэвтрүүлэх вэ?

Санхүү хариуцсан захирал нь мөн санхүүгийн хянан шалгагчийн хариуцдаг гүйлгээний түвшний дэлгэрэнгүй асуудлаас бусад нягтлан бодох бүртгэлийн төрөл бүрийн сэдвүүдэд оролцох ёстой. Анхаарал хандуулах гол асуудал нь үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүд болон хяналтын системийг боловсруулж хэрэгжүүлэх явдал юм. Санхүү хариуцсан захирал мөн дотоодын болон хөндлөнгийн аудиторуудтай харьцахын зэрэгцээ компани нь хувьцаат компани бол Үнэт цаас, арилжааны хороо (ҮЦАХ/SEC)-нд тайлан тогтмол хүргүүлж байх шаардлагатай. Энэ номын 5-8 дугаар бүлэгт эдгээр асуудлыг тусгасан бөгөөд дараах асуултад төдийгүй өөр олон зүйлд хариулт өгөх болно. Үүнд:

  • Үр дүнг хэмжих системийг хэрхэн тогтоох вэ?
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн төрөл бүрийн асуудлыг тодорхойлоход үр дүнг хэмжих хяналтын хамгийн сайн ямар үзүүлэлт байх вэ?
  • Залилан мэхлэх ямар төрөл байж болох, тэдгээрийн гарч болох магадлалыг бууруулахад хяналтын ямар систем тохиромжтой вэ?
  • Хяналтын ямар үндсэн аргуудыг нэвтрүүлэх вэ?
  • Шаардлагагүй хяналтыг хэрхэн тодорхойлж, тэдгээрээс татгалзах вэ?
  • Сарбанис-Окслигийн хууль манай компанид ямар нөлөө үзүүлэх вэ?
  • Аудитын хороонд хэн ажиллах ёстой вэ? Түүний гүйцэтгэх үүрэг роль ямар байх вэ?
  • Дотоодын болон хөндлөнгийн аудиторуудтай хэрхэн, яаж ажиллах вэ?
  • Үнэт цаас, арилжааны хороонд ямар тайлан гаргах болон ямар мэдээлэл тусгах ёстой вэ?

Санхүү хариуцсан захирлын нэн тэргүүний үүрэг бол санхүүгийн өргөн хүрээтэй асуудлаар шинжилгээ хийж, удирдлагын багаас авах арга хэмжээнд зөвлөмж өгөхөд оршино. Энэ номын 9-11 дүгээр бүлэгт капитал хөрөнгийн өртөг ба төлөвлөлт, эрсдэлийн дүн шинжилгээ, хүчин чадлын ашиглалт болон зардал нөхөх буюу хугарлын цэгийн талаар өгүүлнэ. Эдгээр бүлэгтэй танилцсанаар дараах асуултад хариулт өгч чаддаг болно. Үүнд:

  • Компанийн капитал хөрөнгийн өртгийг хэрхэн тооцоолох вэ?
  • Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс капитал хөрөнгийн өртгийг хэрхэн өөрчилж болох вэ?
  • Санал болгож буй хөрөнгө оруулалтын төслүүдийн үнэ цэнийг тодорхойлох төрөл бүрийн ямар аргачлал байдаг вэ?
  • Өнөөгийн цэвэр үнэ цэнэ, дотоод өгөөж болон эргэн төлөх хугацааг хэрхэн тооцох вэ?
  • Судалгаа, хөгжлийн төслүүдэд санхүүжилтыг хэрхэн хуваарилах вэ?
  • Хүчин чадлын ашиглалтыг хэрхэн тодорхойлж, уг мэдээллийг ашиглан ямар шийдвэр гаргах вэ? 
  • Ашигт ажиллагааг илүү оновчтой байлгахад зардал нөхөх цэгийн дүн шинжилгээг хэрхэн ашиглаж болох вэ?

Зарим тохиолдолд санхүүжилтын эх үүсвэр олох нь Санхүү хариуцсан захирлын гол үүрэг болж бусад бүх ажлыг санхүүгийн хянан шалгагч болон хөрөнгө зохицуулагчид хариуцуулдаг. Энэ үүрэг хариуцлагын хүрээнд Санхүү хариуцсан захирал нь мөнгөн урсгалыг хэрхэн удирдах, илүүдэл мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтанд яаж ашиглах, зээлийн болон өөрийн хөрөнгийн санхүүжилт авах, нийтэд анх удаа хувьцаа санал болгох (IPO), мөн компанийг хувьчлах зэрэг асуудлыг сайтар судалж мэдсэн байх шаардлагатай. Эдгээр асуудлыг 12-17 дугаар бүлэгт тусгасан бөгөөд дараах бүх асуултад хариулт өгөх болно. Үүнд:

  • Мөнгөн хөрөнгийн төсөөллийн загварыг хэрхэн боловсруулж, түүний зөв эсэхийг яаж хэмжих вэ?
  • Мөнгөн урсгалыг хэрхэн хянах вэ?
  • Валютын ердийн хэджийг яаж хийх вэ?
  • Хөрөнгө оруулалтын ямар хязгаарлалтыг Төлөөлөн удирдах зөвлөлд зөвлөмж болгох вэ?
  • Богино хугацааны хөрөнгө оруулалтын ямар хувилбарууд ашигтай вэ?
  • Зээлжилтийн үнэлгээний агентлагууд ямар үүрэг рольтой вэ?
  • Зээлийн санхүүжилтын ямар төрлүүд байдаг вэ?
  • Хаалттай хэлбэрийн хувьцаа гаргах асуудлыг хэрхэн зохицуулж гүйцэтгэх вэ?
  • Санал болгож буй санамж бичигт ямар мэдээлэл орох ёстой вэ?
  • Төрийн өмчтэй аж ахуйн нэгжид хувийн хөрөнгө оруулалт хэрхэн хийх вэ?
  • Санал болгох хураангуй тайланд ямар мэдээлэл тусгах вэ ? 
  • Санал болгож буй хувьцааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ?
  • Нийтэд анх удаа хувьцаа санал болгох (IPO) ажлыг гүйцэтгэж дуусгахын тулд ямар үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай вэ?
  • Компанийн сөрөг нэгтгэлийг хэрхэн хийх вэ? 
  • Компаниуд ямар учраас Хөрөнгө оруулалтын альтернатив зах зээлийг өөрсдийн хөрөнгийн биржээр сонгож ашигладаг вэ? 
  • Компанийг хувьчлахын тулд Үнэт цаас, арилжааны хороонд ямар баримт материал бүрдүүлэх ёстой вэ?

Санхүү хариуцсан захирал нь компанийн хөрөнгийн урсгалыг зохистойгоор зохицуулан түүнд ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ үйл ажиллагааг нь сайжруулж чадавхижуулах удирдлагын олон асуудлыг шийдвэрлэдэг. Эдгээр асуудлыг 18-22 дугаар бүлэгт тусгасан бөгөөд эрсдэлийн удирдлага, ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, үйл ажиллагааны шилдэг практик туршлага, компанийг нэгтгэх болон худалдан авах, цахим арилжаа зэргийг дээрх бүлгүүдээс олж судалснаар дараах асуултад хариулт авна. Үүнд:

  • Эрсдэлийн төлөвлөлтөд би хэрхэн оролцох вэ?
  • Эрсдэлийг бууруулах үүднээс компанийн хэмжээнд дотоод ямар бодлого, дүрэм журам нэвтрүүлэх вэ?
  • Даатгалын компанид хэрхэн үнэлгээ хийх вэ?
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн янз бүрийн үүрэг функцийг гэрээгээр гүйцэтгүүлсний ямар давуу болон сул талууд байдаг болох. Мөн гэрээний ба шилжүүлгийн ямар асуудлыг мэдэж байх хэрэгтэй вэ?
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн үүрэг функцийн үр ашгийг дээшлүүлэхэд шилдэг ямар практик туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
  • Худалдаж авахаар зорьж буй компанийг хэрхэн үнэлэх вэ?
  • Худалдаж авахаар зорьж буй компанийн үнэ цэнийг хэрхэн тогтоох вэ? 
  • Худалдан авалтын дараа бий болох нэгтгэлийн ирээдүйн өгөөжийг хэрхэн үнэлэх вэ?
  • Цахим арилжааны бизнесийн загвар хэрхэн ажилладаг болох, тэдгээрийг тусгах үүднээс бизнесээ хэрхэн өөрчлөн зохион байгуулах вэ?

Дээрхийн зэрэгцээ Санхүү хариуцсан захирлаас мэдлэг, туршлага шаардсан зарим асуудал үе үе гардаг. Эдгээрийн нэг нь ажиллагсдын урамшууллын асуудал бөгөөд энэ тухай 23 дугаар бүлэгт тусгасан болно. Энд хойшлуулсан урамшуулал, амь насны даатгал, хувьцааны үнийн өсөлттэй холбоотой эрх, хувьцаа авах эрх болон гүйцэтгэлийн үр дүнтэй уялдуулсан урамшуулал зэргийг мөн хамруулсан. Санхүү хариуцсан захирал 24 дүгээр бүлэгт тусгагдсан дампуурлын асуудалтай тулгарахгүй байхыг хүсэх нь мэдээж хэрэг. Энэ бүлэгт дампуурлын нийтлэг явц, үе шат, дампуурлын талаарх тусгай журам, нэн тэргүүнд хийгдэх төлбөр болон уг үйл явцад оролцох талуудыг тодорхойлж, Дампуурлын тухай хуулийн үзүүлэх нөлөөллийн талаар өгүүлнэ.

Санхүү хариуцсан захирлын ажил үүргээ гүйцэтгэх зарим чиглэлд хяналтын хуудас шаардагдаж болзошгүй. Санхүү хариуцсан захирлын албан тушаалд томилогдсоны дараа ажилтайгаа танилцах эхний өдрүүдэд нэн тэргүүнд авах шаардлагатай арга хэмжээний жагсаалтыг тусгасан хяналтын хуудсыг Хавсралт А-д харуулсан болно. Үр дүнгийн хэмжүүрийн системийг боловсруулж буй Санхүү хариуцсан захирал лавлагаа болгон ашиглаж болох үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүдийг нэгтгэсэн жагсаалтыг Хавсралт Б-д харуулсан. Эцэст нь, худалдан авахаар санал болгож буй компанийн үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийх хяналтын дэлгэрэнгүй хуудас чухал тул үүнийг Хавсралт В-д тусгав.

Ерөнхийдөө, энэ ном нь компанийн стратеги, хэмжүүр үзүүлэлтийн болон хяналтын систем, санхүүгийн шинжилгээний арга хэрэгсэл, санхүүжилтын эх үүсвэр болон удирдлагыг боловсронгуй болгох арга замын талаарх тойм, дүгнэлт хийх Санхүү хариуцсан захиралд зориулагдсан дэлгэрэнгүй гарын авлага юм. Танд талархлаа илэрхийлье.


Стивен М.Брагг